Г.Түвдэндорж: Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хуулийн хүрээнд Шинэ сэргэлтийн бодлогод тусгасан төслүүдийг эхэлж хэрэгжүүлнэ


Монгол Улс 2050 он хүртэлх хөгжлийн бодлогоо батлан гаргасан. Үүний хүрээнд Засгийн газраас Шинэ сэргэлтийн бодлого боловсруулан эдийн засаг, дэд бүтэц болон төрийн бүтээмжийг сайжруулахад чиглэсэн дунд хугацааны зорилтот хөтөлбөрийг хэрэгжүүлэхээ зарласан билээ. Дээрх томоохон зорилт, төлөвлөгөөг ажил хэрэг болгох үндсэн суурь нь Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль байх болно гэж бодлого боловсруулагчид үзсэн. Засгийн газраас өргөн барьсан уг хуулийн төслийн талаар БОАЖ-ын дэд сайд, Сангийн яамны Төсвийн хөрөнгө оруулалтын газрын дарга асан Г.Түвдэндоржтой ярилцлаа.

-Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийг УИХ-аар хэлэлцэж эхэллээ. Хуулийн төслийг боловсруу­лалцсан хүний хувьд та энэ хуулийн гол концеп­цыг хэрхэн тодорхойлох вэ?

-УИХ-аас баталсан Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хэд хэдэн хуулийн төслийг боловсруулах үүрэг чиглэлийг Засгийн газарт өгсөн. Тус жагсаалтад анхдагч, шинэ хуулийн төсөл болох Төр, хувийн хэвшлийн тухай хуулийн төсөл багтсан юм. Үүний дагуу өнгөрсөн онд хуулийн төслийг боловсруулах ажлыг Сангийн яам хариуцаж авсан. Ингээд бид хуулийн төслийн ажлын хэсэгт салбар яамд болон хувийн хэвшил, Дэлхийн банкны төлөөллийг оролцуулж боловсруулсан.

Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төсөл бол цоо шинэ, анхдагч хуулийн төсөл бөгөөд хуулийн үндсэн зорилго нь төр, хувийн хэвшилтэй түншилж, үр ашиг бүхий, нийтийн зориулалттай томоохон дэд бүтэц, нийгмийн салбарын төслүүдийг урт хугацаанд эрсдэлгүй, үр ашигтай хэрэгжүүлэхэд чиглэж байгаа юм. Мэдээж хувийн хэвшилтэй түншилнэ гэдэг нь төр дангаараа авч явдаг маш олон салбарын бүтээн байгуулалт, дэд бүтцийг хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж, ашиглалт, үйл ажиллагааг хувийн хэвшил авч явах, хувийн хэвшилд бизнесийн томоохон зах эээлийг нээж өгнө гэсэн үг. Мөн үүнийгээ дагаад тухайн салбаруудад шинэчлэл хийгдэнэ, цаашлаад төсвийн ачаалал урт хугацаандаа буурах зэрэг олон давуу талтай.

-Манай улс төр, хувийн хэвшлийн түншлэлийг хуульчлах үндсэн шаардлага нь юу байв. Төсөл боловсруулахын өмнө холбогдох тооцоо, судалгаа хийсэн байх?

-Сая хэлсэнчлэн анхдагч хуулийн төсөл, Монгол Улсын төсөв, санхүүгийн удирдлагад цоо шинэ зохицуулалт болж орж ирж байгаа юм. Хуульчлах үндсэн шаардлагын хувьд аливаа улс орон хувийн хэвшлийг дэмжих, төрөөс үзүүлэх дэмжлэгийн нэг бол хууль эрх зүйн сайн орчин байх учиртай. Өөрөөр хэлбэл, төр, хувийн хэвшилтэй түншилнэ, хамтарна.  Тэдний оролцоог нэмэгдүүлэх зорилго тавьж байгаа л бол олон улсын жишигт нийцсэн, тодорхой, ойлгомжтой, тогтвортой хууль, эрх зүйн орчин хамгийн чухал. Тийм ч учраас төр, хувийн хэвшлийн түншлэх харилцааг хуульчлах зайлшгүй шаардлагатай. Ингэж  байж хувийн хэвшил, хөрөнгө оруулагчид  итгэлтэйгээр орж ирнэ шүү дээ.

-Хуулийн гол давуу талыг та хэрхэн тодорхойлох вэ. Төрдөө ч, хувийн хэвшлийнхэнд ч харилцан ашигтай хууль болно гэж ойлгож байгаа?

-Энэ хуулийн төсөл хэд хэдэн давуу талтай. Тухайлбал, одоогийн Концессын хуулийн хэрэгжилтэд  үүссэн асуудлууд дахин давтагдахгүй байхад анхаарч зохицуулалтуудыг тусгасан.  Мөн НҮБ-аас гаргасан жишиг хуулийн төслийг баримталж ажилласан, дээрээс нь мэргэжлийн зөвлөхүүдийн төв байгуулах, төр, хувийн хэвшлийг хөгжүүлэх санг бий болгох, оролцогч байгууллагуудын чиг үүрэг, хариуцах ажлыг илүү тодорхой болгох.  Төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх төслүүдийг судалгаа, шинжилгээний үндсэн дээр Засгийн газарт танилцуулан батлуулах, төсөл бүрээр эрсдэлийн шинжилгээ хийх, төсвийн эрсдэлийг тооцох  зэрэг давуу  талтай.  Үүнээс гадна хамгийн чухал нь хувийн хэвшлийг хэрхэн хамгаалах вэ, хувийн хэвшилд төрөөс ямар дэмжлэг, баталгаа өгөх вэ гэдгийг хуулийн төсөлд тусгаж өгсөн нь энэ хуулийн гол онцлог болох юм.

-Иргэдэд үзүүлэх ач холбогдлын тухайд. Жишээлбэл,  иргэдэд төрөөс үзүүлдэг байсан зарим үйлчилгээг хувийн хэвшлийнхэн хийх нь байна шүү дээ?

-Төр, хувийн хэвшлийн түншлэлийн суурь  долоон  зарчим гэж байдаг.  Тэдгээрээс дурдвал олон нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, хангах, ил тод нээлттэй байдлыг нэмэгдүүлэх, оролцоог хангах асуудал юм. Энэ суурь зарчмыг хуулийн төсөлдөө тусгаж өгсөн. Энэ нь төр, хувийн хэвшилтэй түншлээд хэрэгжүүлж байгаа төсөл, үйлчилгээний бий болгох бүтээгдэхүүн үйлчилгээг хүртэх иргэд, олон нийтийн ашиг сонирхол алдагдах ёсгүй.  Түүнчлэн иргэд, олон нийт шаардлагатай мэдээллээ авдаг байх, мэдээллийн хүртээмжийн асуудал чухал. Бусад улс оронд төрийн үзүүлэх ёстой олон үйлчилгээг хувийн хэвшил үзүүлдэг туршлага аль хэдийнэ бий болсон.  Тухайлбал, нийтийн тээвэр, спортын үйлчилгээ, хог хаягдлын асуудал, тохижилт, гэрэлтүүлэг  зэрэг үйлчилгээг хувийн хэвшлийнхэн гүйцэтгэж байна. Тиймээс энэ жишгээр, хувийн хэвшил хийгээд аваад явчих боломжтой үйлчилгээ, үйл ажиллагааг заавал төр хийгээд байх шаардлагагүй.  Харин ч хувийн хэвшлээр гүйцэтгүүлснээр зардал багасна, өрсөлдөөн бий болно, олон талын  шинэчлэл бий болно гэсэн үг.

-Хуулийн хамрах хүрээ ямар байх вэ. Төрийн ажлыг хийж гүйцэтгэх хувийн хэвшлийнхэнд тодорхой шалгуур тавьж таарах болов уу?

-Хуулийн төслийн гуравдугаар зүйлд төр, хувийн хэвшлийн түншлэлийн хамрах хүрээг зааж өгсөн. Хуулийн төсөлд тусгаснаар батлан хамгаалах, үндэсний аюулгүй байдал, банк, санхүүгийн салбар болон уул уурхайн олборлох, хайх, ашиглахаас бусад бүх салбарын нийтийн зориулалттай дэд бүтэц, нийгмийн үйлчилгээний салбарт  хувийн хэвшлийнхэн орж ирэх  бүрэн боломжтой. Гэхдээ төсөл болгон төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжих боломжгүй, өөрөөр хэлбэл хуулийн төсөлд тусгасан төсөлд тавигдах шаардлагыг хангасан байх, цаашлаад төслүүд нь судалгаа, шинжилгээгээр хувийн хэвшил талдаа ашигтай, төсөв талдаа үр ашигтай байх тохиолдолд  тухайн  төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлнэ гэж ойлгох хэрэгтэй. Мэдээж урт хугацааны гэрээ, тогтвортой байдал, эрсдэл гээд олон асуудал яригдаж байгаа учраас төртэй түншлэх хувийн хэвшлийнхэнд шаардлага, шалгуур тавих нь гарцаагүй юм л даа.

-Нээлттэй байдлыг хэрхэн хангах вэ. Төрийн аливаа ажил, үйлчилгээ хаалттай, ойлгомжгүй байх тусмаа хардлага сэрдлэг дагуулдаг  шүү дээ. Тиймээс эргээд хяналт, үр дүнг ямар байдлаар тооцох вэ?

-Нээлттэй байдал бол төр, хувийн хэвшлийн  түншлэлийн тулгуур зарчмуудын нэг.   Хуулийн төслийн зарчмаас эхлээд бүр тусад нь бүлгээр ил тод, нээлттэй байдлыг зохицуулж өгсөн. Хаана, хэнтэй гэрээ хийсэн, ямар төсөл хэрэгжүүлэх гэж байгаа, ямар төсөл хэрэгжиж байгаа гэх мэт бүхий л үйл ажиллагаа,  харилцаа холбоо ил тод байх нь хамгийн чухал гэж үзэж байгаа юм.

-Эдийн засаг хүндхэн байгаа энэ цаг үед дээрх хуулийг хэрэгжүүлж эхэлснээр улсын төсвийн ачааллыг эрс бууруулна гэж тодорхойлоод байгаа. Тэгвэл төсвийн ачааллыг хэчнээн хувиар бууруулах тооцоололтой байна вэ. Тоон дүнгээр илэрхийлж болох уу?

-Таны хэлсэнтэй санал нэг байна. Төр, хувийн хэвшлийн түншэл бий болсноор төсвийн хөрөнгө оруулалтаар дангаараа авч явдаг олон төслийг хувийн хэвшлийн эх үүсвэрээр хэрэгжүүлнэ. Ингэснээр төсвийн ачаалал мэдээж буурна, түүнчлэн өсөн нэмэгдэж буй нийгмийн эрэлт хэрэгцээг дан ганц төсөв, гадаад зээл тусламжаар хэрэгжүүлэх боломжгүй байдаг. Нөгөө талдаа хөрөнгө оруулалтаар бий болсон барилга, байгууламжийг дагаад урсгал зардал нэмэгддэг. Тиймээс энэ төрлийн урсгал зардлын ачааллаа ч бууруулах боломж бүрдэнэ. Төсвийн ачааллыг бууруулах тоо, хувь хэмжээний хувьд бол төслүүдийг хэрэгжүүлж эхэлснээр бодит тооцоолол  гарах боломжтой.

-Эрх баригч намын зүгээс дэвшүүлсэн Шинэ сэргэлтийн бодлоготой энэ хууль хэрхэн уялдах вэ. Эдийн засгийн үр өгөөж бүхий 88 төслийн жагсаалтыг гаргасан. Уг жагсаалтад түшиглэх үү, эсвэл?

-УИХ-ын 2021 оны 106 дугаар тогтоолоор батлагдсан Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэх суурь зарчим нь төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын идэвхтэй түншлэлд тулгуурлан Монгол Улсын хөгжлийг хязгаарлаж буй зургаан багц асуудлыг шийдвэрлэнэ гэж тусгасан. Тиймээс Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хэрэгжүүлэх зургаан сэргэлтийн зорилтыг хангахад зайлшгүй хэрэгжүүлэх төслүүдээс дийлэнх нь төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжинэ гэж үзэж байна. Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хуулийн төслийг  баталснаар Шинэ сэргэлтийн бодлогын жагсаалтад тусгасан төслүүдийг хамгийн эхэнд  хэрэгжүүлнэ гэсэн хүлээлттэй байна.

-Төр, хувийн хэвшилтэйгээ хуулийн хүрээнд хамтран ажиллах гэж байгаа анхны тохиолдол учраас аливаа эрсдэлийг тооцоолсон байх. Хуулийг хэрэгжүүлж эхэлснээр  төрийн ажил үйлчилгээтэй холбоотой авлига, хүнд суртал, хээл хахуулийн асуудал буурах боломжтой юу?

-НҮБ-аас гаргасан жишиг хуулийг бид баримталж ажилласныг  дахин тодотгоё.  НҮБ-аас жишиг хуулийг ашиглахыг гишүүн орнууддаа уриалсан байдаг. Түүнчлэн аливаа улс орон  төр, хувийн хэвшлийн түншлэлийг нэвтрүүлснээр авлигын индекс буурна гэж үздэг. Тиймээс манай улсын хувьд ч тэр энэ үзүүлэлт бий болно. Өөрөөр хэлбэл, төр дангаараа авч явдаг үйлчилгээ, төслүүдийг хувийн хэвшил хэрэгжүүлснээр хүнд суртал арилна, ашиг сонирхолтой холбоотой аливаа асуудал эрс буурна гэж үзэж байгаа юм.

-Гадаад талдаа хэр ач холбогдолтой хууль болох вэ.  Хөрөнгө  оруулалт татах, хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээх чиглэлд түлхэц болж чадах уу, ямар мессеж хүргэх зорилготой байна вэ?

-Хөгжиж байгаа 69 орныг төр, хувийн хэвшлийн түншлэлийн асуудлаар нь үнэлгээ өгч, эрэмбэлдэг индекс байдаг. “Экономик” сэтгүүлээс 2019 онд гаргасан infrastructure index-ээр Монгол Улс 69 орноос “хөгжиж буй буюу хоёрдугаар түвшин”-д байгаа.  Тэгэхээр энэ үзүүлэлт, индекс бол гадаад зах зээл, хөрөнгө оруулагчдын хувьд маш чухал байдаг.  Тиймээс Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай  хуулийг  баталснаар энэ үнэлгээ сайжирна гэж ойлгож болно. Ингэснээр манай  улсын дотоодын хувийн хэвшил гаднаас хөрөнгө оруулалт татах нөхцөл бүрдэнэ. Мэдээж олон улсын байгууллагуудын дэмжлэг энэ чиглэлээр маш их нэмэгдэнэ. Үүнийг дагууд  төр, хувийн хэвшлийн түншлэлийн үндэсний чадавх бэхэжнэ.

М.ӨНӨРЖАРГАЛ



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
​ Улс тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль х… 1 цагийн өмнө
Монголоор дүүрэн малчинтай “Монгол философич” 4 цагийн өмнө
​ Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэхгүй 4 цагийн өмнө
Томуу, томуу төст өвчний оргил үе эхэллээ 4 цагийн өмнө
Үнэт бүтээлүүд өргөөндөө заларч, дахин “амиллаа” 4 цагийн өмнө
Ертөнцийн мисс жилийн 250 мянган ам.долларын цалинтай 4 цагийн өмнө
SDY Calling you... 5 цагийн өмнө
Нийслэлийн ИТХ-ын Зөвлөл, Хороодыг байгуулан, Засаг даргын мөрийн хөт… 5 цагийн өмнө
Т.Гантигмаа: Монголчууд брэнд бүтээлээрээ дэлхийд гарах боломжтой 5 цагийн өмнө
Хөгжлийг чөдөрлөх санаачилга 5 цагийн өмнө
“Хөх чононууд” Хятадын шигшээ багийг эх орондоо хүлээн авна 5 цагийн өмнө
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22