Нийслэлчүүд гал алдахгүй өвөлжинө


Хүйтний эрч өдрөөс өдөрт чангарсаар. Үүнтэй зэрэгцэн гэр хорооллын айл өрхийн галлагаа ч нэмэгддэг. Энэ хэрээр “Түлшний хомстол үүсэх нь”, “Нийслэлчүүд гал алдах нь” гэх ам дамжсан явган яриа ёс юм шиг дагадаг. Хотын утааг багасгах зорилгоор нийслэлчүүд сайжруулсан шахмал түлшийг хэрэглээндээ нэвтрүүлээд хэдийнэ дөрвөн жил болжээ. Энэ хугацаанд сайжруулсан шахмал түлштэй холбоотой асуудал, санал шүүмжлэлүүд урссаар ирсэн нь нууц биш. Энэ удаад ч уламжлал ёсоороо түлшний хомстолтой холбоотой мэдээлэл цацагдсан. Ингэхдээ “Тавантолгой түлш” компани нөөцгүй болж их хэмжээний хагас коксжуулсан түлшийг БНХАУ-аас оруулж ирж байна гэж сошиалд “Сэвсэн”. Эндээс “Тавантолгой түлш” ХХК-ийн түлшний үйлдвэрүүд нөөцөө бэлтгэж чадахгүй хэмжээнд хүрэв үү, нийслэлчүүд гал алдах уу зэрэг асуулт урган гарч буй юм. Тэгвэл бодит байдал дээр сайжруулсан шахмал түлшний үйлдвэрлэл хэвийн эсэх, агуулахуудад нөөц бий юү зэрэгт хариулт авахаар баруун бүсийн үйлдвэр болон агуулахаас нь сурвалжилга бэлтгэлээ. 

Улсын онцгой бүс учраас Дотоодын цэрэг, цагдаагаар хамгаалуулсан, хяналт, шалгалт өндөртэй газар аж. Орсон, гарсан бүх хүн бичиг баримтаа нарийн шалгуулах, зөвшөөрөл өгөх зэргээс үүднийх нь шалган нэвтрүүлэх дээр “хөөрхөн” цаг авна. Ингээд дотогш нэвтэрлээ. Биднийг очиход “Тавантолгой түлш” компанийн ерөнхий инженер Ц.Алтансүх, борлуулалтын хэлтсийн дарга Мөнхтулга нар угтав. Мөн Эрчим хүчний яамны Түлшний бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга И.Лувсанцэрэн, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын ахлах мэргэжилтэн Б.Угтахбаяр нар ч ирсэн байлаа. Сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэн Улаанбаатар хотын хэрэгцээг бүрэн хангаж, агаарын бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд Засгийн газрын шийдвэрээр “Тавантолгой түлш” ХХК-ийг 2018 онд байгуулсан.

Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Тавантолгой түлш” ХХК-ийн баруун үйлдвэр өнгөрсөн хугацаанд шахмал түлш үйлдвэрлэл, нийлүүлэлтийн гол ачааллыг үүрч ирсэн. Шахмал түлш­ний үйлдвэрлэл хэвийн ажиллаж байгааг албаны­хан онцлов. И.Лувсан­цэрэн дарга ярихдаа “БНХАУ-аас хагас коксжуулсан нүүрс оруулж ирэн, гэр хорооллын иргэдэд тарааж байна гэдэг нь ташаа мэдээлэл юм. Холбогдох байгуул­лагуудаас лавлахад лабо­раторийн туршилтад ашиглах зорил­гоор тодорхой хэмжээний хагас кокс­жуулсан шахмал түлшийг авчирсан гэх мэдээлэл өгсөн. Манай улсад хагас коксын үйлдвэр барих ажлын техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулж байгаа юм билээ. Хагас коксжуулсан шахмал түлш нь хүхрийн хэмжээ багатай, шаталт сайтай учир олон улс агаарын бохирдлыг бууруулахад ашигладаг. Хэрэглээнд нэвтэрсэн тохиолдолд агаарын бохирдлыг 80 орчим ху­виар бууруулах боломжтой” гэв. 

Эрчим хүчний яамны мэдээллээр БНХАУ-аас оруулж ирсэн гэх хагас коксжуулсан түлшийг тур­шилтад ашиглах зорилгоор оруулж ирсэн гэнэ. Тэгвэл туршил­тыг “Тавантолгой түлш” компанид хийсэн үү. Энэ талаар “Таван­толгой түлш” ХХК-ийн Ерөнхий инженер Ц.Алтансүх “Манай компанийн хувьд БНХАУ-аас түлш оруулж ирж туршсан тохиолдол байхгүй. БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороонд хагас коксжуулсан нүүрсийг зөвхөн лабораторид бага хэмжээний дээж оруулж ирж туршсан гэх тайлбарыг өгч байсан. Бидний хувьд эл ажлын талаар ямар нэгэн мэдээлэл байхгүй. Цаашид шахмал түлшийг хэрхэн хөгжүүлэх ёстой юм бэ гэдэгт Япон улсын инженерийн багтай хамтарсан судалгааг олон төрлийн түлш ашиглаж хийж байгаа юм билээ. Энэ шугамаар туршилтууд хийсэн байх. Түүнээс биш “Тавантолгой түлш” ХХК ямар нэгэн байдлаар хагас боловсруулсан нүүрсний туршилт хийсэн зүйлгүй” гэв.

Байгуулагдсан цагаасаа хойш энэ үйлдвэр зогсож байсан түүх үгүй. Яг өнөөдрийн байдлаар гэхэд гурван үйлдвэрт технологийн 14 шугам 24 цаг тасралтгүй ажиллаж байна. “Тавантолгой түлш” компани 3000 ажилтантайгаас 2200 нь үйлдвэрийн дамжлагуудад дөрвөн ээлжээр тасралтгүй ажиллаж байгаа аж. Улмаар хоногт 2500 тонн шахмал түлш үйлдвэрлэдэг. Борлуулалт ч энэ хэмжээнд бий гэдгийг албаныхан тайлбарлалаа. Гэхдээ өнгөрсөн ням гаргаас хүйтний эрч огцом чангарсан учраас өдөрт үйлдвэрлэх түлш­ний хэмжээг 3000 тонн болгож нэмэгдүүлсэн гэнэ. Ерөнхий инженерийн яриаг сонсвол “Бид Засгийн газраас өгсөн үүрэг даалгавар болон өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд нийт 200 мянган тонн шахмал түлш үйлдвэрлэх ёстойгоос 140 мянган тонныг үйлдвэрлэж, 110 мянган тонн шахмал түлшийг нөөцөлсөн” гэлээ. 

Нөөцийг 200 мянган тоннд хүргэж чадахгүй байгаа гол шалтгаан нь агуулах. Одоогоор нийслэлийн хэмжээнд их багтаамжийн 97 агуулахад 110 мянган тонн шахмал түлшний нөөц байгаа аж. Бүх агуулах дүүрсэн учраас нэмэх боломжгүй юм байна. Угтаа бол 110 мянган тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, нөөцөлнө гэдэг нь компани 2018 онд байгуулагдсанаас хойших хамгийн их нөөцтэйгөөр өвлийн сартай золгосон тохиолдол аж. Өнгөрсөн есдүгээр сарын 15-нд борлуулалт эхэлснээс хойш хугацаанд нөөцөлсөн 120 мянган тонноос 10 мянган тонныг нь хэрэглэсэн гэдгийг онцоллоо. Өдрийн үйлдвэрлэлээрээ тухайн өдрийн борлуулалтаа хангаад явдаг байна. Ирэх долоо хоногийн сүүлээр дахин хоёр шугам нэмж ажиллагаанд оруулна. Эндээс үзвэл нөөц хангалттай байна. Нийслэлчүүд гал алдахгүй гэдэгт итгэж болох нь ээ. Тэдний яриагаар бол үйлдвэрт ямар нэгэн доголдол гараагүй, хэвийн ажиллаж байгаа тохиолдолд гал алдахгүй гэдгийг амлалаа. 

Тэд утааг 50 хувиар бууруулж чадсанаа бардам хэлж байна. Цаашид түүнээс давсан үзүүлэлтийг гаргахын тулд одоо хэрэглэж буй сайжруулсан шахмал түлшээ хөгжүүлэх шаардлагатай. Энэ зорилтын хүрээнд хэд хэдэн туршилтын ажил эхлүүлсэн байна. Тухайлбал, Орчны бохирдлыг буу­руулах үндэсний хороонд агаарын бохирдлыг бууруулахтай холбоотой богино, урт, дунд хугацааны бодлого гаргажээ. Энэ хүрээнд хагас кокс­жуулсан түлшийг лабораторийн тур­шилтын журмаар тодорхой хэм­жээний тонныг оруулж ирээд судал­гааны ажил хийж байгаа ажээ. 


 1000 мкв талбайтай агуулахад 2115 тонн түлш нөөцөлжээ

 Нийслэлийн хэмжээнд 97 агуу­лах бий. Та дуртайгаа сонгоод очиж болно гэдгийг албаныхан хэллээ. Энэ дагуу Сонгинохайрхан дүүргийн XXXII хорооны нутаг дэвсгэрт орших Авто худалдааны цогцолборын ойролцоо байрлалтай “Баянхошуу” агуулахыг зорив. Агуулахын үүдийг онгойлгомогц зай завсаргүй хураа­сан сайжруулсан шахмал түлш байв. Агуулах 1000 мкв талбайтай бөгөөд 2115 тонн түлш нөөцлөн хадгалжээ. 

Уг агуулахын нөөцийг есдүгээр сарын 2-ноос эхлэн бүрдүүлсэн байна. Өнгөрсөн жил 50 агуулахад 70 мянган тонн түлшийг нөөцөлж байжээ. Харин энэ жил агуулахын тоо 50-аас 97 болж, нөөцийн хэмжээ 70 мянгаас 120 мянга болж нэмэгдсэн байна. “Хэрвээ агуулах байвал бид 200 мянган тонн шахмал түлш нөөцлөх чадалтай. Бидэнд боловсон хүчин, ажиллах хүч, технологи, түүхий эдийн нөөц нь хангалттай байна” гэж ам бардам ярихыг сонслоо. Хүйтэрснээс болж түлшний хэрэглээ нэмэгдэж, өдөрт 3200-3800 тонныг нийлүүлдэг учраас зөрүүг нь агуулахаас зөөвөрлөдөг. “Тавантолгой түлш”-ийн хамгийн том агуулах нь 14 мянган тонн түлш нөөцлөх хүчин чадалтай юм байна. 

Тэд өнгөрсөн тавдугаар сараас нөөцөө бэлтгэж эхэлснийг албаныхан ярилаа. Өвлийн оргил ачааллын үед Улаанбаатар хотын гэр хорооллын 203 мянган өрх айл 100-110 мянган тонн түлш хэрэглэдэг гэсэн судалгаа байдаг аж. Өнгөрсөн жил коронавирусийн цар тахлаас шалтгаалан шуудайны хомстолд орсон бол энэ онд хангалттай нөөцтэй учраас асуудалгүй гэнэ. Зөвхөн Хятадаас гэлтгүй дотоодын үйлдвэрлэгчдээс шуудайны нөөцийн бүрдүүлэлт хийж байна. Одоогийн байдлаар 5.3. сая шуудайны нөөцтэй бөгөөд 2022-2023 оны халаалтын улиралд 20.7 сая ширхэг шуудай хэрэглэнэ гэсэн тооцоо гарчээ. Агуулахуудыг метр квадратыг нь 7000 төгрөгөөр тооцон түрээсэлдэг бол санхүүжилтийг Нийслэлийн агаар, орчны бохирдолтой тэмцэх газраас олгодог байна. 

Сонгинохайрхан дүүрэгт 38 агуулахад 27644 тонн, Баянзүрх дүүргийн есөн агуулахад 11450 тонн, Чингэлтэй дүүргийн 12 агуулахад 13000 тонн, Сүхбаатар дүүргийн 16 агуулахад 8300 тонн, Хан-Уул дүүргийн 10 агуулахад 13685 тонн, Баянгол дүүргийн гурван агуулахад 19790 тонн, Налайх дүүргийн зургаан агуулахад 4379 тонн шахмал түлш нөөцөлсөн байна. 

 

Шахмал түлш чанартай юу

“Сайжруулсан” гэдэг үгийн утгыг уншигчид надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа биз. Мэдээж бидний өмнө хэрэглэж байсан хүрэн нүүрсээс илүү чанартай, хор нөлөө багатай байх ёстой. Тэгвэл хэдэн жилийн өмнө үүнд иргэд эргэлзэж байсан. Яагаад гэвэл нийслэлчүүд өдөрт хэдэн зуугаараа угаартсан, зарим нь амиа алдсан харамсалтай явдлыг мартаагүй. Харин үйлд­вэрийнхэн жилээс жилд чанартаа анхаардаг тухайгаа ярилаа. Мөн улам сайжруулах технологид ажиллаж байгаагаа ч дуулгасан. 

Яг өнөөдрийн хувьд утаа 50 хувиар багассан. Харин агаарт байх хүхэрлэг хий, азотын ислийг буу­руулахын тулд олон ажил эхлүүл­сэн байна. Үйлдвэрлэсэн түлшээ стандартын шаардлага хангасан агуу­лахад нөөцөлдгөө ч ярьж байна. Чанарын талаар Мэргэжлийн хянал­тын ерөнхий газрын Агаарын чанарын хэлтсийн ахлах байцаагч Б.Угтахбаяр “Бүтээг­дэхүүнээс долоо хоногт нэг удаа дээж авч шин­жилдэг. Ингэхдээ агуулах тус бүрд очиж дээжээс нь шинжилгээ авдаг юм. 

Өнгөрсөн хоёр сарын хугацаанд л гэхэд 26 удаа дээж авсан. Он гарснаас хойш 91 удаа дээж авч шинжиллээ. Бүгд хэвийн” гэлээ. Бүтээгдэхүүний чанарыг сайжруулах ажлын хүрээнд стандартыг шинэчлэн батлуулж, шохойлог чулуулгийн агууламжтай доломит хэмээх бүтээгдэхүүнээр түлшээ барьцалдуулж эхлээд байна. Улмаар шаталтаас үүсэх хүхэрлэг хийн агууламж стандартын хэмжээнээс гурваас дөрөв дахин буурах юм. Мөн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор Зүүн болон Дөрөвдүгээр үйлдвэрт техникийн шинэчлэл хийж, хүчин чадлыг нэмэгдүүлсэн байна.

 Б.Мөнхзул

Эх сурвалж: Монголын үнэн сонин №047/24528/

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 19 цагийн өмнө
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 22 цагийн өмнө
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 22 цагийн өмнө
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 22 цагийн өмнө
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 22 цагийн өмнө
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 23 цагийн өмнө
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 23 цагийн өмнө
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 23 цагийн өмнө
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав Өчигдөр
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… Өчигдөр
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… Өчигдөр
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа Өчигдөр
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… Өчигдөр
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… Өчигдөр
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… Өчигдөр
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… Өчигдөр
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа Өчигдөр
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа Өчигдөр
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн Өчигдөр
Улаанбаатарт 3 хэм дулаан байна Өчигдөр