Д.Амарбаясгалан: Холимог тогтолцоонд пропорциональ элементийг оруулж ирэх нь олон давуу талтай


 Үндсэн хуульд хамгийн сүүлд  буюу 2019 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр  ээлжит сонгуулийн санал авах өдрөөс жилийн өмнө  Сонгуулийн тухай хуулийг  шинээр батлах, өөрчлөхийг хориглоно гэж заасан. Үүний дагуу Сонгуулийн  тухай хуулийн төслийг боловсруулсан бөгөөд УИХ-д өргөн мэдүүлэхэд бэлэн болоод байгаа юм.  Түүнчлэн Улс төрийн намын тухай хуулийн төслийг энэ хаврын чуулганаар батлахаар төлөвлөсөн. Эдгээр хуульд оруулах гол өөрчлөлтийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаас дараах асуултад хариулт авлаа.

 

-Сонгуулийн тухай хуулийг Засгийн газраас боловсруулж дууссан гэсэн. Энэ хуульд оруулах гол өөрчлөлт юу байх вэ, тогтолцооны асуудлыг ямар байдлаар хөндөх вэ?

-Манай МАН-ын байр суурь бол парламентын тогтолцоогоо төгөлдөржүүлж,  дархлаагаа сайжруулах. 76 гишүүнтэй манай улсын парламентын улс  төрийн шийдвэр гаргалтыг  геополитикийн хувьд гаднын улсууд нэвт  шувт ойлгодог, мэддэг болчихсон. Бид ямар шийдвэр гаргах гэж байгааг гадаад зах зээл үндсэндээ мэддэг болчихсон энэ тогтолцоог өөрчлөх эсэх асуудал хөндөгдөж  байна. Нөгөө талдаа төлөөлөх чадварыг сайжруулах шаардлага бодитоор үүссэн үү гэдэг асуулт. Жишээлбэл, судлаачдын  зүгээс нэг тэрбумаас дээш төгрөг зарж, парламентын гишүүн болдог тогтолцоог өөрчилье гэж байна. Энэ нь одоогийн 76 гишүүнтэй, мажоритар тогтолцоог өөрчлөх тухай асуудал болчихож байгаа юм. Тэгэхээр тоог нэмж, тогтолцоонд холимог элементийг оруулснаар төр тогтвортой байх боломж бүрдэнэ. Энэ нь  нэг нам бус бодлого, шийдвэр тогтвортой байх тухай ойлголт л доо. Ингэж парламентын сонгодог хэлбэр рүү илүү явуулаач гэдэг саналыг олон талаас тавьж байна. Улс орны тусгаар тогтнол, аюулгүй байдлыг хангах чиглэлд  санаачилга гаргаач гэдэг байдлаар бидэнд их хандах болсон. Өнгөрсөн долоо хоногт л гэхэд олон улсын байгууллагууд болон улс төрийн намуудын хамтарсан уулзалт, хэлэлцүүлгийн үеэр дээрх асуудлын талаар хөндөж,  бидэнд санал тавьсан. Ингэхдээ пропорциональ болон мажоритар тогтолцоог ямар цаг хугацаанд хэрэглэх вэ. Эсвэл энэ хоёр тогтолцоог холимог байдлаар хэрэгжүүлж, улс орны тогтвортой байдлыг хангахаас гадна ардчилал, эрх чөлөөт нийгмээ хадгалж үлдэх цаашлаад тусгаар тогтнолыг баталгаажуулах чиглэлээр анхаарлаа хандуулах нь тогтолцооны өөрчлөлтийн асуудал. Хамгийн гол нь нэг нам ялахын тулд тогтолцоог өөрчилдөг байж болохгүй л гэдгийг бүх түвшинд ярьж байна. 2023 оны зургадугаар сарыг дуусталх хугацаанд Сонгуулийн тухай хуулийг өөрчлөх боломжтой гэсэн үг.

-Улс төрийн намын тухай хуулийг багагүй хугацаанд ярьсан, энэ төслийн ерөнхий концепцын талаар та мэдээлэл өгнө үү?

-Улс төрийн намын тухай хуульд нэмэлт, өөрчлөх оруулах асуудал явж байгаа. Та бүхэн ч бас энэ хуулийг  сайтар анхаарч авч үзэх хэрэгтэй. Улс төрийн намыг мөнгөний хамаарлаас гаргаж, улс төрийг  болон улс төрийн намуудыг хууль бус санхүүжилтээр хангадаг байдлаас татгалзах бодлогыг Улс төрийн намын хуулиар бий болгох гэж үзэж байна. Энэ бол Европын холбооны улсуудын түвшинд ялангуяа олон улсын санхүүгийн байгууллагуудаас “Улс төрийн намуудын дунд авлига, хүнд суртлын асуудал байна” гэдэг онош дүгнэлтийг хийсэнтэй холбоотой. Тийм ч учраас энэ хуулийн шинэчлэлийг хийх ёстой гэж үзсэн. Энэ ч утгаараа нэлээд дэвшилтэт хууль гарч ирнэ гэж ойлгож болно.  Энэ хууль гарч ирснээр улс төрийн нам хэд байх юм,  байгаа намууд нь ямар хэмжээний төлөвшилтэй болж хувирах вэ гэдэг  тодорхой болох юм.  Ерөөсөө улс төрийн намуудыг төлөвшүүлье гээд байгаа нь өөрөө бодлого гаргаж, бодлого тодорхойлох хэмжээнд өрсөлдөхүйц чадвартай нам болж чадах уу үгүй юү гэдэг асуудал энэ хуулийн хүрээнд яригдаж байгаагаараа онцлогтой.  Ер нь улс төрийн намуудыг төлөвшүүлэх бодлого гэдэг бол цаашдаа бид парламентын засаглалыг тогтвортой хадгалах, түүгээрээ дамжуулаад улс орныхоо тусгаар тогтнолыг баталгаатай байлгах бодлого гэж нэг талаас харах ёстой.

-Улс төрийн намаас нэр дэвшигчдэд тавих шалгуурын талаар яригдах уу.  Намдаа хандив тусламж өгсөн нь дэвших эрх авдаг байдал үргэлж маргаан дагуулдаг шүү дээ?

-Улс төрийн намууд 21 дүгээр зууны чиг, хандлагыг баримтлан ажиллаж чадах ёс суртахуунтай байх шаардлагатай болчихоод байгаа юм.  Тийм шийдвэр гаргаж чадах улс төрийн институц хэрэгтэй. Өмнөх сонгуулиудад гарч байсан алдаа дутагдлын нэг бол яалт ч үгүй таны асуусан асуудал мөн. Мөнгө өгөөд улс төрийн намаас нэр дэвшчихдэг.   Тэгвэл Улс төрийн намын тухай хуулиараа энэ байдлыг хаах ёстой. Мөнгийг нь аваад сонгуульд нэр дэвших эрх өгсөн улс төрийн нам улс төрийн үйл ажиллагаа явуулах эрхээ  хаалгадаг байх ёстой. Мөн хууль бусаар улс төрийн намд мөнгө өгөөд сонгуульд нэр дэвших эрх авчихаж байгаа бол  тухайн хүнийг цааш цаашид нь буюу насанд туршид нь сонгуульд нэр дэвшүүлдэггүй байх тэр механизмыг хуульдаа суулгаж өгөх шаардлагатай байгаа юм. Ийм боломж нь нээлттэй гэсэн үг шүү дээ.  Харин холимог тогтолцооны тухайд буюу жагсаалтаар нэр дэвшиж байгааг манай иргэд таатай бусаар хүлээж аваад байдаг. Учир нь, нэр дэвшээд тойрогт очиход  дэмжлэг авах боломжгүй хүмүүс жагсаалтад багтчихлаа гэдэг ойлголт авчихсан учраас холимог тогтолцоог сөргөөр хүлээж аваад байгаа юм. Гэтэл холимог тогтолцоо буюу пропорциональ элементийг оруулж ирсэн улсуудаас харахад маш олон давуу талтай нь харагддаг. Тухайлбал,  нэгдүгээрт  жендэрийн эрх тэгш байдлыг хангах бодлого хэрэгжүүлэх боломжтой болчихож байгаа юм. Гол зорилгын хувьд ийм байна. Хоёрдугаарт, нийгмийн бүлгүүдийн төлөөллийг  оруулах бодлого хэрэгжүүлчихэж байгаа юм. Жишээлбэл,  хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг оруулах боломж тэндээс гарна.  Манай улс шиг хот,  хөдөөгийн ялгаа асар их болчихсон ийм цаг үед  малчдын төлөөллийг ч оруулах боломжтой. Эсвэл гадаадад амьдарч байгаа монголчуудын төлөөлөл ч байж болно шүү дээ. Холимог тогтолцоо бол ерөөсөө л нийгмийн бүх төлөөллийг оруулж ирэх боломжийг олгодог хэлбэр. Жишээлбэл, Европын холбооны улсууд холимог тогтолцоог 1900-гаад оны үеэс хэрэгжүүлээд эхэлчихсэн байдаг. Яагаад хэрэгжүүлж эхлэв гэхээр мажоритар тогтолцоо нь өөрөө нэгдүгээрт төрийн тогтворгүй байдлыг бий болгодог юм байна. Хоёрдугаарт улс орны хэмжээнд нэгдсэн том бодлогыг хэрэгжүүлэхэд сул талтай байдаг юм байна. Тойргоос хамаарсан төсвийн бодлого яваад байдаг. Тиймээс үүнийг томсгосон буюу пропорциональ элементийг шингээсэн сонгуулийн тогтолцоонд шилжүүлж чадсаны дүнд өнөөдөр хөгжсөн улсууд бий болчихож байгаа юм. Тэгэхээр Монгол Улс хөгжлийнхөө хурдтай гараанд гарахын тулд холимог тогтолцоо ихээхэн нэмэр үзүүлэх юм байна гэж харах ёстой. Нөгөө талдаа залуу үеэ, шинэ улс төрийн зүтгэлтнүүдийг бэлтгэж соёлжуулж, ёс суртахуунтай улстөрчдийг бэлтгэн гаргаж ирэхэд хүртэл холимог тогтолцоо өндөр  хувь нэмэр оруулдгаараа онцлогтой.

-УИХ-ын гишүүдийн тоог нэмэх тухайд шинжлэх ухааны ямар аргачлал, үндэслэлийг  авч үзэж байна вэ?

-Судлаачдын дүгнэлтээс үзэхэд нэг гишүүн хэдэн сонгогчийг төлөөлж чадах вэ гэдэгт л ерөнхий дүгнэлт гардаг. Манайхтай ижил төстэй, хүн ам цөөтэй пост-коммунист орнуудын судалгааг авч үзсэн. Тэдгээр улсад нэг гишүүн хэдэн сонгогчийг төлөөлөх чадамжтай вэ гэдэг дүгнэлт бий. Тодруулбал, парламентын нэг гишүүн нийт сонгогчийн нэг хувийг төлөөлж чадсанаараа тойрогтоо эзэн болж, ард иргэдтэйгээ уялдаа холбоотой ажиллаж чаддаг гэж үздэг юм байна. Харин Монгол Улсын тухайд парламентын нэг гишүүн 1.3-1.4 хувийг төлөөлж байгаа. Ачаалал хэтийдсэн байна гэдэг нь нэг дэх үзүүлэлт.  Хоёр дахь нь, 1992 онд парламентын гишүүний тоог тогтооход олон янзын санал, олон ургалч үзэл өрнөж байсан. Эцсийн дүндээ куб язгуурын аргаар тогтож, тооцооллоо хийсэн байдаг. Хүн ам цөөтэй, парламентын тогтолцоотой улсад куб язгуурын аргаар гишүүдийнхээ тоог тогтоодог нь нийтлэг үзэгдэл. Тэгвэл өнөөдөр манай улс 3.4 сая хүн амтай болсон. Ирээдүйн 30 жилийн хүн амын өсөлтөөр таван сая болох статистик үзүүлэлттэй явж байгаа тохиолдолд өнөөдрөө бодох биш, өнөөдрөөс эхлээд шинэ 30 жилд хэрхэн хөгжилтэй улс орон болгох вэ гэдэг бодлого тооцоолол дээрээс  гишүүдийн тоо гарах ёстой.  Ирэх 30 жилд энэ улс  орон хэрхэн хөгжих юм бэ гэдэг дээр үндэслэж,   тоогоо гаргах учиртай. Түүнээс 76 хүнийг ажилтай болгох үүднээс хандаж байгаа зүйл огт биш.

М.Өнөржаргал

Эх сурвалж: Монголын үнэн сонин №011/24542/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ Улс тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль х… Өчигдөр
Монголоор дүүрэн малчинтай “Монгол философич” Өчигдөр
​ Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэхгүй Өчигдөр
Томуу, томуу төст өвчний оргил үе эхэллээ Өчигдөр
Үнэт бүтээлүүд өргөөндөө заларч, дахин “амиллаа” Өчигдөр
Ертөнцийн мисс жилийн 250 мянган ам.долларын цалинтай Өчигдөр
SDY Calling you... Өчигдөр
Нийслэлийн ИТХ-ын Зөвлөл, Хороодыг байгуулан, Засаг даргын мөрийн хөт… Өчигдөр
Т.Гантигмаа: Монголчууд брэнд бүтээлээрээ дэлхийд гарах боломжтой Өчигдөр
Хөгжлийг чөдөрлөх санаачилга Өчигдөр
“Хөх чононууд” Хятадын шигшээ багийг эх орондоо хүлээн авна Өчигдөр
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22