МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан цаг үеийн асуудлаар сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.
-Засгийн газар Төрийн хэмнэлтийн хуулийг хэрэгжүүлэх зорилгоор ирэх онд шинээр хөрөнгө оруулалт хийхгүй байхаар улсын төсвийн төслийг боловсруулан хэлэлцүүлж байна. Төрийн хэмнэлтийн хуулийн хэрэгжилт ямар байна вэ?
-2023 оны улсын төсвийн төслийг УИХ хэлэлцэж байна. Бүх хэмнэж, тэвчиж болох зардлыг тэвчих зорилгыг агуулсан. Та бүхэн Ерөнхий сайдын хэлсэн үг, бусад сайд нарын мэдээллээс үүнийг харж байгаа байх. 2023 онд тойрог болгонд тавьдаг байсан хөрөнгө оруулалтаас татгалзсан. Цаашдаа үр ашгийн тооцоотой, ТЭЗҮ, зураг төсөл нь бэлэн болсон төслүүдийг Монголын төр татвар төлөгчдийн мөнгөнөөс санхүүжүүлж, хөрөнгө оруулалт хийнэ.
Засгийн газрын зүгээс төрийн албаны зүй бус хандлагыг өөрчлөхөөр ажиллаж байна. Төрийн үйл ажиллагааг шинэ түвшинд гаргах зорилгыг өндөр хэмжээнд анхаарч ажиллах ёстой. Бидний зүгээс тансаглах, үр ашиггүй зардал гаргаж асуудалд хандахгүй.
Төрийн хэмнэлтийн хууль гарсантай холбогдуулан улсын хэмжээнд 500 орчим автомашин хураахаар төлөвлөгөө гарган ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар 237 машиныг хураасан. Эдгээр машиныг хуулийн заалттай холбогдуулан хил хамгаалах газар, онцгой, цагдаа, эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагад хуваарилж өгөхөөр чиглэл гарган ажиллаж байна. Цаашдаа төр төсвийн хөрөнгө оруулалтаар автомашин худалдан авах, оффисын барилгын засвар хийх зэрэг үйл ажиллагаанд анхаарч ажиллах чиглэлийг Ерөнхий сайдын зүгээс өгсөн.
-Засгийн газрын ээлжит хуралдаанаар МХЕГ-ыг татан буулгах шийдвэр гаргалаа. Ингэснээр бизнес эрхлэгчдэд ирдэг хяналт, шалгалт, хүнд суртал буурах уу?
-Засгийн газар гүйцэтгэх засаглалын хариуцлагын тогтолцоог бэхжүүлэх чиглэлд анхаарч ажиллаж байна. Энэ хүрээнд МХЕГ-ыг татан буулгаж, хяналтын үйл ажиллагааг салбарын яамдад хариуцуулахаар боллоо. Салбарын яамдаар дамжуулан хүний эрүүл мэнд, амь настай холбогддог онцгой болон тусгай чиг үүргээс бусад хяналт шалгалтын үйл ажиллагааг хувийн хэвшил, төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх чиглэлийг барьж ажиллана. Төрийн хяналт шалгалтын үйл ажиллагааг хуулиар зохицуулах, хяналтын нэгдмэл тогтолцоог бий болгох зорилгоор Төрийн хяналт шалгалтын тухай хуулийг 2003 онд шинэчлэн баталж, салбарын сайд тус бүрийн дэргэд байсан улсын хяналтын 13 алба, нэгжийг нэгтгэн МХЕГ-ыг байгуулж ажилласан байдаг.
Одоо МХЕГ 1600 гаруй албан хаагчтай 21 аймаг, нийслэлд Мэргэжлийн хяналтын газар, дүүрэгт Мэргэжлийн хяналтын хэлтэстэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.Мэргэжлийн хяналтын байгууллага байгуулагдсанаас хойших 20 жилийн хугацаанд өөрийн зорилт, чиг үүргээ зохиох ёсоор хэрэгжүүлж ирсэн. Цаашдаа мэргэжлийн хяналтын байгууллагын тогтолцоог өөрчлөн байгуулах шаардлагатай гэж үзэж холбогдох хуулийн төслийг боловсруулан УИХ-д өргөн барьж хэлэлцүүлж байна. Өнгөрсөн хугацаанд 83 хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, гүйцэтгэх засаглалын дотоод хяналт шалгалтын хуулийг боловсруулж, Монгол Улсын 2023 оны төсвийг дагалдуулан өргөн барьсан.
Мэргэжлийн хяналтын байгууллага ерөнхий хяналтын 26 чиг үүргийг хэрэгжүүлдэг. Мэргэжлийн хяналтын байгууллага 1600 албан хаагчтай үйл ажиллагаа явуулахаас гадна мэргэжлийн яамдад давхардсан тоогоор 1400 байцаагч мэргэжлийн хяналтын үйл ажиллагааг явуулж байна гэсэн судалгаа гарсан. Энэ нь иргэд, хувийн хэвшлийн байгууллага, бизнес эрхлэгчдэд дарамт болдог.
Тэдний зүгээс гардаг “Төр давхардсан хяналт шалгалтаар бидний үйл ажиллагаанд ихээхэн хүндрэл учруулж байна” гэх гомдлын үндэслэл нь энэ юм. Мэргэжлийн хяналтын байгууллагын хуульд заасан зорилго 2012 оныг хүртэл тогтвортой хэрэгжиж ирсэн байдаг.
Харамсалтай нь 2012-2014 онд орсон хуулийн өөрчлөлтийн дагуу мэргэжлийн хяналтын үйл ажиллагаа салбарын яамдтай давхардах нөхцөл бий болсон. Жишээлбэл, санхүүгийн хяналт гэх мэт хэд хэдэн хяналтын үйл ажиллагааг яамдад шилжүүлснээр давхардлыг бий болгосон гэж ойлгож болно. ТЕГ татварын, НДЕГ нийгмийн даатгалын хяналт шалгалтын үйл ажиллагаа явуулж байхад МХЕГ мөн адил энэ үйл ажиллагааг явуулж байдаг. Эдгээр давхардал нь олон нийт, иргэдэд хүнд суртлыг үзүүлэх үндэслэл болжээ гэж бидний зүгээс үзэж байна.
-Засгийн газрын дотоод хяналт, шалгалтын агентлагийг байгуулснаар хариуцлагын тогтолцоо хэр сайжрах бол?
-Ерөнхий сайдын бүрэн эрхийн чиг үүргийн хүрээнд УИХ-ын хуулийн хэрэгжилтийг хангуулахаар шинээр Засгийн газрын дотоод хяналт шалгалтын агентлагийг бий болгоно. Ингэснээр хариуцлага эзэнтэй болох ёстой гэж үзэж байна. Төрийн түвшинд анхан болон дээд, дунд шатандаа хариуцлага эзэнгүйдсэн дүр төрх бий болжээ.
Төрийн жинхэнэ албанд 67 мянга, үйлчилгээний албанд 137 мянга орчим албан хаагч үйл ажиллагаагаа явуулдаг. Эдгээр албан хаагчийн өдөр тутам төрийг төлөөлж иргэнд үзүүлж байгаа үйлчилгээ чанартай, төрийн албан хаагчид чадвартай, мэдлэгтэй, хариуцлагатай, ёс зүйтэй байх нөхцөл, боломжийг бий болгох үүднээс Засгийн газрын дотоод хяналт шалгалтын агентлагийг бий болгон ажиллаж байна.
Өндөр хөгжилтэй орны жишээнээс харахад ийм агентлаг нь гүйцэтгэх засаглалын бүтээмжийг өндөржүүлж, хариуцлагыг, төрийн албан хаагчдын ёс зүйг дээшлүүлэх зэрэгт онцгойлон анхаарч ирсэн байдаг.
-МХЕГ-ыг татан буулгаснаар тэнд ажиллаж байсан боловсон хүчнийг хэрхэн хуваарилах вэ?
-МХЕГ-аас салбарын хяналт шалгалтын үйл ажиллагааг авч явах зорилгоор 800 орчим мэргэжлийн хяналтын байцаагч салбар салбарын яаманд хуваагдаж ажиллана. Ингэснээр орон тоо нэмэгдэхгүй. Харин 300 орчим орон тоог цомхотгоно.
-Яагаад ЗГХЭГ-т Засгийн газрын дотоод хяналт шалгалтын агентлагийг байгуулж байна вэ?
-Учир нь яам болон агентлаг, төрийн бусад бүтцэд хяналт тавих үүрэгтэй байгуулагдаж байна. Засгийн газрын тухай хуулиар ЗГХЭГ нь салбар хоорондын уялдаа холбоог хангуулах үүрэгтэй. Мөн салбарт хэрэгжиж байгаа төрийн ажлын үйл ажиллагаанд хяналт шалгалт, мониторинг хийх үндсэн чиг үүрэгтэй. Энэ чиг үүргээ хэрэгжүүлэх үүднээс агентлаг байгуулж байна. Төрийн албанд орохдоо хүн нэг удаа шалгалт өгч тэнцвэл насан туршдаа төрийн алба хаших эрхээ авдаг.
Тэгвэл гүйцэтгэх засаглал доторх хяналтын агентлаг төрийн албан хаагчдын чадвар мэдлэг, харилцаа, ёс суртахуун, бусад асуудлаар жил тутам тогтмол хяналт тавьж, аттестатчилал явуулдаг болно.
-“Өргөө” амаржих газартай холбоотой асуудал нийгмийг ихээхэн бухимдууллаа. Үүнээс улбаалан эрүүл мэндийн салбарын асуудал яригдаж байна. “Өргөө” амаржих газарт үүссэн асуудалтай холбоотой таны тушаалаар байгуулсан Ажлын хэсгийн шалгалтын явц ямар шатанд байна вэ?
-Монгол Улсын Засгийн газар эрүүл мэндийн салбарын дотоод үйл ажиллагаатай холбоотой асуудалд анхаарлаа хандуулж байна. Эрүүл мэндийн салбарт ерөнхий хяналт шалгалт хийх үүрэг чиглэлийг Засгийн газрын ээлжит хуралдаанаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үүрэг чиглэл болголоо.
Энэ салбарт олон нийтийг бухимдуулж байгаа тодорхой асуудлыг нэг мөр шийдэх, цаашлаад эрүүл мэндийн салбарын шинэчлэл, либералчлал хийх, үйл ажиллагааг бодлогын түвшинд авч хэрэгжүүлэх чиглэлд онцгой анхаарах үүрэг, чиглэлийг өгсөн.
Энэ хүрээнд “Өргөө” амаржих газрын асуудал олон нийтэд ил болж, захирал, ажилчдын хоорондын зөрчил салбарын асуудлыг хөндөх үндсэн шалтгаан болсон. “Өргөө” амаржих газарт үүссэн асуудалтай холбоотой ЗГХЭГ-ын даргын тушаалаар Ажлын хэсэг ажиллаж байна.
-Засгийн газар 11-11 төвд ирсэн иргэдийн санал, гомдлын дийлэнх эрүүл мэндийн салбартай холбоотой байдаг. Шийдвэрлэлт хэр байдаг бол?
-Эрүүл мэндийн салбартай холбоотой санал, гомдол Засгийн газрын түвшинд их ирдэг. Зөвхөн 2022 оны есдүгээр сарын 1-30-ны хооронд Ерөнхий сайдын Ажлын албаны дэргэдэх 11-11 төвөөр дамжиж нийт 341 иргэнээс гомдол санал иржээ. Засгийн газраас аравдугаар сарын 18-ны байдлаар 278 иргэний гомдлыг зарчмын дагуу шийдвэрлэсэн.
Энэ нь иргэдийн санал, гомдлыг шийдвэрлэх явц 81.5 хувьтай байна гэсэн үг. Нийт хандсан иргэдийн 53.2 хувь нь гомдол, 4.6 хувь нь санал, 7.9 хувь нь хүсэлт, 34.3 хувь нь талархал илэрхийлсэн байна гэсэн дүн мэдээтэй байна. Шийдвэрлэсэн байдлыг байгууллагаар нь харахад ЭМЯ-нд 19.8, ЭХЭМҮТ-д 14.8, Улсын нэгдүгээр төв эмнэлэгт 9.9, Улсын хоёрдугаар төв эмнэлэгт 8.2 хувь, Улсын гуравдугаар төв эмнэлэгт 8.3, ХӨСҮТ-д 5.5, ЭМХТ-д 5.5, ХСҮТ-д 3.8 тус тус эзэлжээ. Үүний дотроос зөвхөн есдүгээр сард “Өргөө” амаржих газартай холбоотой 3.3 хувь буюу 10 гомдол, санал ирсэн байна.
-Эрүүл мэндийн сайд С.Энхболдыг ажлаа хийж чадахгүй байна, ашиг сонирхлын зөрчилтэй гэсэн шүүмжлэл байна. МАН-ын зүгээс энэ асуудалд хариуцлага тооцох уу?
-Засгийн газрын зүгээс хэвлэл мэдээллээр явж байгаа мэдээллийг авсан. Нягталж үзэх зайлшгүй шаардлагатай. Хувийн ашиг сонирхлын зөрчил үүсгэсэн, ёс зүйн алдаа гаргасан, өөртөө болон хамаарал бүхий этгээдүүдэд давуу байдал бий болгосон зэрэг нь хууль, хяналтын байгууллагаар тогтоогдсон тохиолдолд Засгийн газрын шийдвэргүйгээр хариуцлага хүлээх нөхцөл нь тодорхой байдаг.
Нөгөө талаар Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын даргын хувьд Засгийн газрын гишүүдтэй хариуцлага, ёс зүйн гэрээг өндөр түвшинд хийсэн. МАН өмнөө тавьж байгаа зорилтоо хэрэгжүүлэх үүднээс улс төрийн өндөр ёс суртахуунтай, ёс зүйтэй, хариуцлагатай ажиллах үүрэг чиглэл өгдөг.
-Биеийн тамир, спортын хорооны даргатай холбоотой гомдлыг хэрхэн шийдвэрлэх вэ?
-Биеийн тамир, спортын хорооны даргатай холбоотой гомдлыг ажилчид ирүүлсэн. Ажилчидтайгаа зүй бус харилцдаг, ажлын байрны шаардлагыг бүрэн хангаж чаддаггүй зэрэг асуудал яригдаж байна. Ажилтан, албан хаагчдын эрх зөрчигдсөн талаар ч яригдсан. Энэ асуудлыг салбарын асуудал эрхэлсэн сайд Б.Бат-Эрдэнэ нягталж байна.
Засгийн газрын хуралдаан дээр энэ асуудлыг ярилцсан. Төрийн алба хариуцлагатай, ёс зүйтэй, Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөж байгаа хуулийг ягштал биелүүлдэг байх ёстой. Хуулийн болон ёс зүйн зөрчилтэй нь тогтоогдвол хариуцлага тооцно. Биеийн тамир, спортын хороотой холбоотой хяналт шалгалтын дүн гарахаар олон нийтэд мэдээлнэ. Үүгээр дамжуулж бид төрийн албаны хариуцлага, ёс зүйг дээшлүүлнэ.
Н.Энхлэн
Эх сурвалж: Монголын үнэн сонин №041 /24522/