Барилгын цэргийн ахлагчаас Гавьяат барилгачин болсон нь


Булган  аймгийн  Гурванбулаг сум, Хөгнө хаан  уул,  Авзага хайрхан гэхэд уншигч танд танил санагдах  буй заа.  БНМАУ, ЗХУ-ын баатар, сансрын нисэгч Жүгдэрдэмидийн Гүррагчаагийн төрсөн нутаг. Чухам энэ л нутагт  төрж өссөн нэгэн эрхмийн тухай дор өгүүлэх болой.
 “Хөдөлмөр хүнийг хүмүүжүүлж хүн болгодог гэдэг. Би  багаасаа л хар бор ажил хийж сурсан минь  хожим ямар ч саад бэрхшээлд сөгдөхгүй хатуу бэрхийг давахад минь тус болсон юм”  хэмээн ярих энэ эрхэм бол  Монгол  Улсын Гавьяат барилгачин, тод манлай уяач, “Авзага трэйд”  ХХК-ийн ерөнхий захирал  Пүрвээгийн Мэндбаяр юм. Тэртээ 1958 онд  Авзага уулынхаа бэлд сумандаа  “улаан  коммунист” хэмээн алдаршсан Пүрвээгийн  ууган хүү болон мэндэлжээ. Эцэг Пүрвээ  нь   Улаанбаатарт  Намын  шинэ хүчний дээд сургууль төгсөөд  сумын нарийн бичгийн дарга,  намын  үүрийн  даргаар ажиллаж, нам засгийн бодлого шийдвэрийг сүрхий сайн ухуулж ярьдаг, тэр үеийнхээр бол  улаан гэрийн ухуулагч хүн байжээ. Мэндбаярыг 10 настай байхад ээж нь сумын эмчийн буруу эмчилгээнээс болж амь насаа алдсан нь хүнд цохилт болж,  100 жил ч харамсаад баршгүй харуусалд унагажээ. Араасаа  дөрвөн  дүү дагуулсан  Мэндбаяр ардын хүүхдүүдийн жишгээр  сумынхаа  дунд сургуульд орсон  ч  адуу малын  ажлаасаа  хөндийрөлгүй аав, дүү нартаа  тус дэм болж  16 нас хүрэхдээ ямар ч ажлыг нугалж  чадах  хэмжээнд хүрсэн байв. Цэрэгт явах хүртлээ сумандаа  шуудан хэвлэл зөөж  бас ч багагүй ухуулга хийж сурчээ. Буруу тариа хийж ээжийнх нь аминд хүрсэн эмчид гомдохын дээдээр гомдсон тэр үеэс л хүн ямар ч үед, ямар ч ажлыг халтуурдаж болохгүйг  яс махандаа шингэтэл ойлгосон нь хожим тус болсон гэлтэй.  Тухайн үед  Гурванбулаг суманд  баригдаж  байсан  дэлгүүр, халуун  усны  барилгын  ажил түүний сэтгэлд  хүрч,  барилгачин болохоор  Дарханы Барилгын ТМС-д сурахаар нутгаасаа анх зориглон  гарчээ.

П.Мэндбаяр Ж.Гүррагчаа баатарын хамт

Цэргийн алба, ялангуяа  барилгын цэргийн анги их  ажилд сургадаг
 
Дарханы Барилгын ТМС-д  сурч байгаад  18 настайдаа цэргийн  албанд татагдаж  нийслэлд  НАХЯ-ны  харьяа  барилгын  цэргийн  0119-р ангид гурван жил алба хаажээ.  Албаа  дуусгаад ангидаа  улиран  ахлагч цолтой  үлдсэнээр  тэр  ирээдүйн  шилдэг барилгачин болох  замаа нээжээ.  Социалист  нийгмийн хатуу шалгууртай  он жилүүдэд барилгын цэргийн ангиуд Монгол  Улсын  их бүтээн байгуулалтад  идэвхтэй  оролцдог  байсан.  Тухайн үед  НАХЯ харьяа  байгууллагуудынхаа  барилга, обьектыг  барилгын цэргийн  ангиудаараа  л гүйцэтгүүлдэг байж. П.Мэндбаяр  Говь-Алтайн  хилийн отрядоос  Халх гол, Буйр нуурын  хилийн застав  хүртэлх  хилийн отряд, заставын бүх  барилгууд, Сэлэнгэ, Дархан  болон  төвийн  бүсийн  аймгуудын  цагдаа, цэргийн ангиудын  олон  барилга,  обьектуудыг  барилцжээ. Ялангуяа  Халх гол,  Буйрын усан хилийн заставт 25 м өндөртэй  тоосгон  янданг  ганцаараа  шахуу  ямар ч  крангүйгээр  барьжээ.Тэрбээр НАХЯ-ны  хөдөлмөрийн аварга, Барилгын цэргийн  0119-р ангийн  хөдөлмөрийн  аваргаар олон жил шалгарч, барилгын  салбарынхан  ч  П.Мэндбаярыг  таньдаг болсон байна.  0119 дүгээр ангид  сургагч багшаар ажилласан 15 жилийн хугацаанд 1000 гаруй цэргийг барилгын  мэргэжилд сургаж  “Залуу үеийг халамжлан  хүмүүжүүлэгч  тэргүүний ажилтан”  болж хүндэт хилчин цолоор шагнагджээ.  
                        
Барилга  сайн чанартай баригдах нь  барилгын  зураг, төсөл сайн байхаас эхэлнэ

Монгол  Улс  төвлөрсөн  төлөвлөгөөт  зах зээлийн  нийгмээс татгалзаж  чөлөөт зах  зээлийн  нийгмийг сонгох үед  П.Мэндбаяр сурсан эрдэм, практиктаа  тулгуурлан  барилгын компани байгуулахаар зоригложээ. Энэ үе бол 1992 он байв.  Гэр бүл, найз нөхөд, он жавуудтайгаа  нэлээд зөвлөлдсөний эцэст  төрж  өссөн Авзага уулынхаа нэрийг оролцуулан  “Авзага  трэйд” барилгын компаниа байгуулжээ. “Авзага трэйд”  ХХК нь   Монгол Улсын  барилгын  ууган  компанийн  хувьд  орон сууц төдийгүй  иргэний зориулалттай  сургууль,  цэцэрлэг, зочид буудал, оффис, спортын ордон  зэрэг олон обьектыг  нийслэл,  орон нутагт барьсан байна. Тэрбээр  мэргэжлийн  хүний хувьд  барилгуудынхаа  чанарт онцгой анхаарч  бүрэн  цутгамал болон  сайн чанартай төмөр бетон  хийцийг сонгож барьдаг.  30-аад жилийн түүхтэй тус компани нь “Авзага орон сууц”  гэх  брэндийг бий болгож өөрийн  эзэмшлийн  карьер, бетон зуурмагийн үйлдвэр болон  машин, техник төхөөрөмжөөр  бүрэн  хангагдсан, боловсон хүчний бааз суурь сайтай болжээ. 
Түүнд  барилгын  арвин баялаг туршлага  байгаа ч  дэлхийн түвшнээс  хоцрохыг  хүсэлгүй  БНСУ, АНУ,  Герман, Хятад, Сингапур, Япон зэрэг  орны барилгын  салбарын  хөгжилтэй танилцсан байна. П.Мэндбаяр ОХУ-д  барилгын  инженерээр сурч төгссөн ба Герман, Америкт  21-45 хоногийн  барилгын курст сурсан байна.  Улмаар  ажилчдаа Шанхайд аялуулж  101 давхар барилгын  зохион байгуулалттай танилцуулсан байна.  Тэрбээр Эрдэнэт  хотын  35 жилийн ойн босгон дээр  зургаахан  сарын дотор  зургаагаас найман мянган  хүний суудалтай   цэнгэлдэх  хүрээлэнг  орчин үеийн стандартаар барьж  хүлээлгэн  өгсөн нь орхончуудад  таалагдаж   очих дуртай газар нь болжээ.   “Авзага трэйд”  ХХК өнгөрсөн  хугацаанд олон амжилтыг дагуулжээ. Компанийн архивын өрөөтэй танилцах үед “ТОП-100” шилдэг аж ахуйн нэгж,  Хэрэглэгчдийн найдвартай түнш байгууллага, Тэргүүний татвар төлөгч байгууллага, Хамгийн олон  ажил олгогч байгууллага, Хамгийн шилдэг менежменттэй байгууллага зэрэг олон цом, гэрчилгээ нүдэнд туссан. Түүнээс яагаад зарим  барилгын чанар  муу байдгийн учрыг асуухад  “Зарим нэг барилга шүүмжлэл дагуулаад байдгийн учир  барилгын  материалын  чанар, барилгачдын  ур чадвар, мөн  барилгын зураг, архитектураас  ихээхэн хамаарч байна.  Барилгын компаниуд мэргэшсэн  үндсэн ажилтантай байх хэрэгтэй. Мөн барилгын  сууриас эхлээд бүх шатанд  хяналт тавих ёстой” гэсэн юм.  Монгол Улсын  эдийн засаг, нийгмийн хөгжилд  “Авзага  трэйд”  ХХК-ийн  оруулсан  хувь нэмрийг үнэлж 2001 оны  гуравдугаар сарын  нэгэнд ерөнхий захирал П.Мэндбаярыг Монгол Улсын Гавьяат барилгачин цолоор шагнажээ. Харин  сонирхууштай  нь түүний төрсөн дүү  Мэндсайхан  ахыгаа гавьяатын  шагнал авахаас гурав хоногийн өмнө буюу 2001 оны хоёрдугаар сарын 27-нд  улсын сайн малчин цолоор шагнагдсан  түүхтэй аж. Үүнд  Мэндбаяр захирал их  бэлэгшээдэг юм билээ. 

“Авзага трэйд”  ХХК зээл бараг авч байгаагүй

“Авзага трэйд”  ХХК 1992 онд  байгуулагдсанаас хойш 16 жилийн турш зээл аваагүй явжээ. Гэтэл 2009 оноос  гэнэт  Худалдаа  хөгжлийн  банк  хамтын ажиллагааны хүрээнд  хөнгөлөлттэй  зээл олгоё гээд  гурван тэрбумын зээл өгчээ.  Хүүнд нь 1.7 тэрбум төгрөгийг төлөөд явж байтал  тус банкны зүгээс танайх найдвартай зээл төлөгч юм байна, нэмж  11 тэрбум  хүртэл зээл олгоё, барьцаагаа  нэмэгдүүл  гээд бүх  үл хөдлөх  хөрөнгө,  бүр барьж буй байшин барилгыг нь хүртэл  барьцаанд авчээ. Гэвч юун 11 тэрбум, дөнгөж  хоёр тэрбумыг л  нэмж  өгчээ.  Авсан зээл нь нийт таван тэрбум,  түүнийг нь хүүтэй хамт  ХХБ-нд   төлөөд  байтал  төлсөн  мөнгийг нь  банкны  зүгээс   буцаагаад  компанийн  дансанд  хийгээд байж.  Гайхаад асуутал  танайх оффисоо зарчих гэжээ. Тэрээр  “ХХБ  “Авзага  трэйд”-ийн  бүх  хөрөнгийг  зээл нэрээр ердөө таван тэрбумаар л авах сонирхолтой байсан юм билээ. Дээр доргүй шүүх  цагдаа болж  барьцаалагдсан  хөрөнгөө буцааж авсан.  Улсын Дээд шүүх  зөв, шударга  шийдвэр гаргасан. Энэ ташрамд  Улсын  Дээд шүүхэд  талархаж явдгаа танай сониноор дамжуулж хэлье гэж бодлоо.  Зарим банкуудын  боловсон луйвар  хэрхэн явагддагийг тэгж л  мэдсэн” гэлээ. 

Монголоос  олимпийн  аварга  дахин  төрөх эсэхэд эргэлздэг 

“Авзага  трэйд”  компанийн дэргэд  “Авзага”  дэвжээ ажилладаг.  Авзагын  дэвжээнээс  олон тамирчид төрсний нэг нь олимпийн аварга  Н.Түвшинбаяр юм.  2000-гаад оны үед  П.Мэндбаяр  түүнийг   Бат-Эрдэнэ аваргын  “Аварга” дээд сургуульд  суралцуулахаар Булганаас  авчирчээ. Тэрбээр “Түвшинбаяр бол маш их торгон  мэдрэмжтэй, самбаатай залуу. Ямар сайндаа Японы  мундаг том бөх түүнд  ялагдаад  дэвжээгээ шууд  орхиж байх вэ дээ. Мөн өөрөөсөө  хавьгүй  том  жинтэй  Хангай  зааныг  хоромхон  хугацаанд  ер бусын мэхээр  унагаж   чадсаныг  монголчууд тухайн  үедээ биширч  байсан, түүнийг өнөөдөр ийм байдалд  орсонд  ихэд харамсдаг.  Манай Авзагын дэвжээнээс олон бөхчүүд төрөн гарсан. Жишээ нь   нэг жилийн дотор хоёулаа заан, начин болсон  ах дүү хоёр болох  Ишдоржийн Доржсамбуу, Ёндонсамбуу хоёр,  мөн тус компанид ажиллаж буй  менежер Мандах юм гэлээ.

Манлай  уяачийн  уясан Хонгор морь  тасархай түрүүлж байжээ

Монгол  Улсын тод манлай уяач П.Мэндбаяр  дөрвөн настайгаасаа хүлэг морины зоонд дэрвэж өссөн болохоор моринд хайртай. Морь уралдуулах  хүсэл байсан  ч цаг үеийн ажлын шаардлагаар тэр бүр амждаггүй байсан  ч  2010 оноос хойш төрсөн нутаг Гурванбулагийнхаа  хурдан  удмын угшилтай  нэлээд  олон  морины  уяа сойлгыг тааруулан улс болон бүсийн  уралдаануудад  сойж  уралдуулж иржээ. Тэднээс  нь 2016 онд Дорноговь аймгийн Балхын талд зохиогдсон уралдаанд түүний сойсон  хонгор морь  алсад тасархай түрүүлж, тэнд хурсан олны мэлмийг чийгтүүлжээ. Үнэндээ  хурдан  морины  уралдааны  түүхэнд  ийм тохиолдол үгүй гэнэ. Тэрбээр тод манлай уяач Онон, Даваахүү нартай найз. Онон бол ясны уяач, маш торгон мэдрэмтэй хүн аж.  2019 онд “Макс”-ын Ганбаатарын  Америкт  уралдуулсан  хязаалан үрээг Онон  уяач  таньж зааж өгсөн гэнэ. 

“Авзага-орон сууц”  брэнд  Монголын төлөө, Булган нутагтаа хийж буй хөрөнгө оруулалт юм

Хамт олонтой байх сайхан гэж ярих түүний  он жав болох найз Гомбо, мөн улсын начин Мандах нар  нь өдгөө “Авзага трэйд”  ХХК-д  менежер болон  Харуул хамгаалалтын  албыг хашдаг. Насны нар нь хэвийж буй найзуудынхаа эрүүл мэнд, амьдрал ахуйд нь  “Авзагын нэрэмжит сан”-гаасаа  тусалж ирсний дээр “Авзага  брэнд”  орон сууцнаасаа  алдарт уяачид, бөхчүүд, нутгийнхандаа  дэмжлэг үзүүлнэ, ивээн тэтгэнэ. Тэрбээр хэлэхдээ: 
-Өнгөрсөн хугацаанд би Булган нутгийнхаа хөгжилд боломжоороо хөрөнгө оруулалт хийж ирсэн. Сумдад сургууль, эмнэлэг, спорт заал барьж сум бүрт машин олгож байсан. Удахгүй Булганд орчин үеийн стандартаар баригдсан шинэ зочид буудал ашиглалтад орно. Бас  1992 оноос  хойш Булганы  үе үеийн Засаг дарга нарт орон нутагтаа сайн ажиллахад нь “урам болог”  гэж бодож  компанийнхаа  “Авзага брэнд”  орон сууцнаас бэлэглэж  ирсэн. Хамгийн сүүлд  одоогийн  залуу  Засаг дарга  Ариун-Эрдэнэд тус бүр   хоёр  байр өгөөд байна. Мөн Монголын  уяачдын  холбооны үйл ажиллагаа, “Авзага” бөхийн дэвжээгээ өргөжүүлэх  зорилгоор  уяачид, бөхчүүд, бас орон сууц нэн шаардлагатай зарим иргэдэд  “Авзага брэнд”-ийн орон сууц  олгож ирлээ.  Уяачдын  холбоог 11 мянган дойч маркаар санхүүжүүлж Германд аялуулж туршлага судлуулсан. Энэ бүхэн  Монгол Улсынхаа төлөө, Булган аймгийнхаа хөгжлийн төлөө хийж буй хөрөнгө оруулалт юм.  Нөгөөтэйгүүр  компанийнхаа  ажилтнуудын  нийгмийн асуудлыг давхар шийдэж явдаг. Олон жил, тогтвортой ажиллаж буй ажилтнууддаа  “Авзага брэнд”  орон сууцнаасаа  үнэгүй өгдөг. Тэдний  ар гэр, амьдрал ахуйн онцгой тохиолдол бүрт дэмжлэг үзүүлдэг. Тухайлбал  харуул хамгаалалтын албаны дарга Мандахынхаа  охиныг  олон улсын тэмцээнд явахад зохих дэмжлэг үзүүлсэн. Ер нь ажилтнуудаа хайрлаж, хамгаалж, дэмжиж ажиллах нь амжилтын нэг үндэс шүү гэлээ.

Оюунбат бол маш шударга хүн

Булган аймгий Засаг даргаар ажиллаж байсан Оюунбат бол аймгийхаа төлөө зүрх сэтгэлтэй хүн. Засаг даргаар ажиллаж байх үед нь  нинжа нар Булганы хойд сумдын  зарим орд руу  хошуурах үед М.Оюунбат  тэдний  эсрэг зоригтой сөрж,  хойд сумдынхаа  газар нутгийг талхлуулаагүй. Тухайлбал  Тэшиг сумын  нутагт байх Тавтын алтны орд  гэх мэт. Мөн намайг Булганы  спортын  ордныг барьж байхад  зарим зардлыг нь өөрөөсөө хүртэл гаргаж байсан. Оюунбат одоо Булган аймгийн  хойд таван сум хариуцсан байгаль орчны  мэргэжилтнээр ажиллаж байгаа. МАН  түүний  нутаг орноо гэсэн мөн чанарыг  мэдэж  зөв хүнээ сонгож томилжээ гэж  ойлгож байгаа. Түүнийг Засаг даргаар  ажилласан 12 жилд  МАН   УИХ-д ч, Булган аймагт  орон нутгийн сонгуульд ч олонхи болж  мандаж байсныг  МАН  мартах  учиргүй болов уу  гэж  бодож явдаг гэлээ. 


УИХ-д  нэр дэвшиж сонгууль ямар болдгийг биеэр мэдэрсэн

Гэрээ засаад төрөө зас гэдэг үг бий.  Гэр бүл, хүүхдүүд нь  хүний  зэрэгт  хүрч  “Авзага трэйд” компани нь хөл дээрээ тогтож, хүүхдүүд нь  мэргэжлийг нь өвлөн  компаниа  авч явах хэмжээнд  ирэх үед  Мэндбаярт улс орноо хөгжүүлэх,  ард түмнийхээ амьдралыг сайжруулахад бие сэтгэлээ зориулъя гэсэн бодол төрж улмаар 2008 онд  Булган аймагтаа бие дааж  нэр дэвшжээ. Тэр үед  Булганы 16  сум тун ядруухан байхад нь сум бүрт шинэ микроавтобус бэлэглэжээ. Нэр дэвшээд  нутагтаа очиход нь булганчууд  халуун алга ташилтаар угтан авч байсан нь мартагддаггүй гэнэ. Сонгуулийн үед  нэр дэвшигчдийн  дунд  ямархан  хэмжээний өрсөлдөөн,  фактууд, тэсрэлтүүд  өрнөдгийг ч нүдээр харж, өөрөө ч түүнд нь оногдож үзжээ.  Тэрбээр хэлэхдээ:
-Булган аймгийн Сэлэнгэ сум бол аймгийн хойт талын сум.  Тийшээ очиход  Сэлэнгэ  мөрнийг бирваазаар гаталдаг байсан.  Сэлэнгэ сумынхантай уулзалт хийхээр товлосон байтал  сумын удирдлагууд  нь бирваазчиныг  хүчээр согтоож  байгаад  бирваазыг  хааж,  миний уулзалтуудыг тасалж  байсан. Зарим  нэр дэвшигчид нь  намайг  “нэрээ тат, та сонгуулиар яах юм” хэмээн дарамталж,  машинаар  элдэн хөөж байсан баримт ч бий. Өнөөдөр энэ бүхнийг хэлж буй нь   хойшид  сонгууль  зөв,  цэвэр, шударга болж байгаасай гэсэндээ хэлж буй юм. Юутай ч миний төлөө саналаа өгч байсан булганчууддаа талархаж явдгаа хэлье  гэлээ.

Хүүхдүүд нь аавынхаа мэргэжлийг өвлөж, компанидаа хувь нэмэр оруулж байна

П.Мэндбаяр долоон хүүхэдтэй, хориод ач зээтэй. Хүүхдүүд нь хүний зэрэгт хүрч,  гурван  ч хүүхэд нь аавынхаа мэргэжлийг өвлөн компанидаа ажиллаж байна. Бага хүү нь  өдгөө  БНХАУ-ын Гуанжу хотод болж буй олон улсын барилгын үзэсгэлэн яармагт оролцож  дэлхийн шилдэг брэнд барилгын компаниудыг судалж  яваад нь аав нь олзуурхаж буй. Тус компани  удахгүй  барилгын олон төслүүдийг хэрэгжүүлэхээр  бэлтгэл ажилдаа ороод байгаа.  Ийнхүү  30 жилийн тэртээ  Монголын барилгын салбарт анхлан үүдээ нээсэн “Авзага трэйд” компанийн ерөнхий захирал, Монгол Улсын Гавьяат барилгачин, тод манлай уяач Пүрвээгийн  Мэндбаярын  арвин туршлага, оруулсан хувь нэмэр өндөр гэдгийг  Монгол Улс мартахгүй нь лавтай. 

Ж.Намжил

Эх сурвалж: Монголын үнэн сонин №013/24544/


1
angry
0
care
0
haha
9
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 4 цагийн өмнө
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 7 цагийн өмнө
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 7 цагийн өмнө
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 7 цагийн өмнө
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 7 цагийн өмнө
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 8 цагийн өмнө
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 9 цагийн өмнө
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 9 цагийн өмнө
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 9 цагийн өмнө
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 9 цагийн өмнө
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 9 цагийн өмнө
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 9 цагийн өмнө
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 9 цагийн өмнө
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 9 цагийн өмнө
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 9 цагийн өмнө
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 9 цагийн өмнө
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 9 цагийн өмнө
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 10 цагийн өмнө
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 10 цагийн өмнө
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 10 цагийн өмнө