Халаа сэлгээ, томилгоо үргэлжилсэн долоо хоног


 

Засгийн газрын “шүүр” хөдөлж, төрийн албан хаагч, өндөр дээд албан тушаалтан, эрх бүхий дарга нарт ширүүн байна. Өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга “Шүүр” ажиллагааны хүрээнд төрийн 6000-8000 албан хаагчийн асуудлыг хөндөж байгаа гэж мэдэгдсэн. Тэгвэл үүн дээр тэтгэвэр авдаг хэрнээ ажиллаж давхар цалинждаг хүмүүсийг ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг гаргажээ. Өнөөдрийн байдлаар 6161 төрийн албан хаагч тэтгэвэр авдаг мөртлөө төсвөөс цалинжиж байна. Мөн Төрийн тусгай албан хаагч 156 хүн цэргийн насны тэтгэвэрт гарсан хэрнээ цалингаа авч байгааг тогтоосон учир тэднийг ажлаас чөлөөлөхөөр болжээ. Өөрөөр хэлбэл, тэтгэвэр, цалин авдаг 6300 гаруй хүнийг чөлөөлж оронд нь ажилгүй байгаа 6300 гаруй залуусыг төрийн албанд ажилд авна гэсэн үг. Нэг хэсэгт нь боломж, нөгөө хэсэгт нь гомдол бухимдал дагуулсан энэ мэдээллийн хажуугаар Ерөнхийлөгч асан Н.Багабандийг Оюутолгойн ТУЗ-өөс, Х.Бадамсүрэнг "Зэс, металлын групп"-ийн даргын ажлаас чөлөөллөө. Гэхдээ Монгол Улсын Ерөнхийлөгчөөр хоёр удаа сонгогдон, Улсын Их Хурлын анхны даргаар 1992 онд томилогдож байсан Н.Багабанди Засгийн газрын бодлогыг дэмжиж, гүнийн уурхайн олборлолтын ажил дууссан тул цаашид ажиллах шаардлагагүй гэж үзэн өөрийн хүсэлтээр ажлаа өгч байна. Нэг хэсэг нь ажлаа өгч байхад нөгөө нь шинэ ажил хүлээж авав. Тодруулбал, Боомтын сайдаар ажиллаж байсан Х.Булгантуяаг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар, Х.Булгантуяагийн оронд Монгол ардын намын нарийн бичгийн дарга Б.Тулгыг Боомт хариуцсан сайдаар томилох шийдвэрийг гаргаснаар шинэ сайд нар тангаргаа өргөв. 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам төсөв мөнгө ихтэй, бас асуудал ч олонтой, байнга хэл аманд өртөж байдаг яам. Тиймээс Сангийн дэд сайд болон УИХ, Засгийн газрын гишүүнээр ажиллаж байсан туршлагатай Х.Булгантуяад хариуцуулах шийдвэрийг Ерөнхий сайд гаргажээ. Үүнээс гадна шинэ сайдтай болсон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны төрийн нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр Завхан аймаг дахь МАН-ын даргын ажилд сонгогдож, өөрийн хүсэлтээр ажлаа өгч байгаагаа мэдэгдлээ. 

Энэ долоо хоногт Засгийн газар хуралдаж, хөрөнгө мөнгө, төсөл хөтөлбөртэй холбоо­той томоохон шийдвэрийг гарга­лаа. Тухайлбал, түгжрэлийг буу­руулахад нөлөө үзүүлэх авто зам, замын байгууламжийг барьж байгуулахад нэн шаардлагатай 187 тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэхээр болжээ. Уг нь түгжрэлийг бууруулахад нөлөө үзүүлэх 11 байршилд 16.45 км гол болон туслах гудамж зам, 963.7 метр урт гүүрийн барилгын ажлыг төлөвлөж дөрвөн байршилд нийт 4.36 км авто зам, замын байгууламжийн ажлыг барьж дуусган, бүтээн байгуулалтын ажилд шаардлагатай 454 нэгж талбарын газрыг чөлөөлөөд байна. Гэвч он дамнан үргэлжилж буй энэ ажлын хөрөнгө мөнгө тасалдсанаас зогсонги байдалд орсон тул Засгийн газар яаралтай арга хэмжээ авч 187 тэрбум төгрөг гаргаж өгөхийг Сангийн сайдад үүрэг болгожээ. 

Засгийн газраас 2022 оны арав­дугаар сарын 26-ны өдөр “Эрдэнэс Тавантолгой” ХК-д зургаан сарын хугацаатай онцгой дэглэм тогтоож, бүрэн эрхт төлөөлөгч томилон ажиллуулсан. Өнгөрсөн хугацаанд тус компанид томоохон өөрчлөлт шинэчлэлт гарч, ЭТТ компанийн нүүрс олборлолтын хэмжээ өмнөх үеэс 2.5 дахин нэмэгдэн борлуулалтын орлого нь 3.5 дахин өссөн үзүүлэлттэй гарчээ. Тиймээс тус компанид томилсон бүрэн эрхт төлөөлөгчийн хугацааг дахин сунгах шийдвэр гаргасан байна. 

Иргэд эмнэлэгт хэвтэж эмчлүү­лэхийн тулд А13 маягт авах гэж эмч нарын хаалга бараадаж, зарим нь ая тал засаж бөөн явдал чирэгдэл болдог. Зөвхөн 2022 онд л гэхэд А13 тоот маягтыг 317 736 хүн авч, эмнэлгийн үйлчилгээ авчээ. Тэгвэл энэ жилээс эхлэн А13 маягтыг цахимаар олгох шийдвэр гарч, Эрүүл мэндийн салбарын цахим шилжилтийн эрчимжүүлэх чиглэлээр Эрүүл мэндийн сайд, Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын хамтарсан тушаалаар ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Мөн төрийн албан хаагчдад дуулгах нэг сайхан мэдээтэй. Засгийн газар Төрийн албаны цалингийн тогтолцоог шинэчлэн сайжруулах ажлын хэсэг бай­гуулжээ. Энэ ажлын хэсэг эхний ээлжид төрийн албаны тогтолцоог сайжруулах, улс төрийн шийдвэр гаргахгүйгээр инфляцтай уялдуулан цалин нэмэгдүүлдэг болох зэрэг ажлуудыг хийхээр судалж байгаа аж. Сонгуулийн хуулинд нэмэлт, өөрчлөлт оруулахаар улс төрийн намууд ид бужигнаж байгаа энэ үед хуулийн дагуу аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын нөхөн сонгуулийг ирэх зургадугаар сард явуулахаа Сонгуулийн ерөнхий хорооноос мэ­дэгдлээ. Нас барсан, тухайн орон нутгаас шилжин явсан, гэмт хэрэг зөрчилд холбогдсон гэсэн шалт­гаанаар эзэнгүйдээд байгаа 46 ман­датад нөхөн сонгуулийг орон даяар зохион байгуулахаар болоод байна. 

Өнгөрч буй долоо хоногийн хам­гийн харамсалтай мэдээллийг Онц­гой комиссоос өглөө. Дорнод аймгийн Халх гол, Матад суманд асаж байгаа түймэр цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан тар­хац нэмэгдэн байгалийн аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч, олон тооны мал, зэрлэг амьтад түймэрт өртжээ. Түймрийн улмаас 15 айлын гэр шатжээ. Тиймээс улсын Онцгой комиссоос дээрх айлуудад гэр, тусламжийн бараа олгохоор болов. Улаанбаатарт цас бороо ээлжлэн орж байгаа ч улсын хэмжээнд гандуу, нийт нутгийн 80 хувьд бэлчээрийн ургамал цухуйгаагүй байна. Оч үсэрвэл л түймэр гарахад бэлэн байдаг хаврын улиралд болгоомж, сэрэмжтэй байхыг Онцгой байдлын Ерөнхий газраас иргэддээ сануулж байна.

Тэгвэл энэ долоо хоногийн хамгийн таатай мэдээг дахиад л Монгол банкнаас өгөв. Яг сарын өмнө ам.доллар 3528.05 төгрөгтэй тэнцэж байсан бол ханш суларч 3501.68 төгрөгтэй тэнцжээ.

 Б.Нүүдэл

Эх сурвалж: Монголын үнэн сонин №014/24545/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ Улс тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль х… 23 цагийн өмнө
Монголоор дүүрэн малчинтай “Монгол философич” Өчигдөр
​ Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэхгүй Өчигдөр
Томуу, томуу төст өвчний оргил үе эхэллээ Өчигдөр
Үнэт бүтээлүүд өргөөндөө заларч, дахин “амиллаа” Өчигдөр
Ертөнцийн мисс жилийн 250 мянган ам.долларын цалинтай Өчигдөр
SDY Calling you... Өчигдөр
Нийслэлийн ИТХ-ын Зөвлөл, Хороодыг байгуулан, Засаг даргын мөрийн хөт… Өчигдөр
Т.Гантигмаа: Монголчууд брэнд бүтээлээрээ дэлхийд гарах боломжтой Өчигдөр
Хөгжлийг чөдөрлөх санаачилга Өчигдөр
“Хөх чононууд” Хятадын шигшээ багийг эх орондоо хүлээн авна Өчигдөр
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22