Нүүдэлчин амьдралын хэв маягийг хадгалж үлдсэн дэлхийн цорын ганц улс бол Монгол. Төв Азийн сүүлчийн нүүдэлчид болох монгол малчдын амьдрал материаллаг болон оюуны соёл, аж төрөх ёс, нийгмийн харилцаа нь хүртэл мал аж ахуйд үндэслэн бүрэлдэн хөгжсөн байдаг. Орчин цагийн малчдын амьдралыг аль ч талаас нь авч үзсэн яв цав мэргэшсэн, техник технологийн өргөн мэдлэгтэй оюунлаг малчид болж төлөвшсөн нь анзаарагддаг. Төв Азийн нүүдэлчдийн хувьд байгаль орчин, хүн, мал, түүх, зан заншил, уламжлал, сэтгэхүй зэрэг нь өөр хоорондоо үл тайлагдахаар зангилагдсан. Тиймээс нүүдэлчдийн амьдралд таван хошуу мал шийдвэрлэх байр суурьтай. Хөдөө хээрийн хатуу ширүүн нөхцөлд эртнээс уламжлагдаж ирсэн мал аж ахуй эрхлэн амьдарч буй 250 мянга орчим малчин хаврын хүйтэн хавсарга, намрын нойтон шамарга, үргэлжилсэн хүйтэн бороо, монгол гэрийн дээвэр хуулчих шахам нүдэх цасан шуурга дундуур уламжлалт өв, ахуй соёлоо хадгалан тээсээр явна. Бодоход л дотор хүйт оргим байгалийн түмэн бэрхшээл нүүдэлч малчдын саяхны зовлон. Таван хошуу мал нь дөрвөн улиралдаа өвс ургамлын гарцаас хамаарч тарга тэвээрэг авдаг тул бэлчээр сэлгэж, зогсолтгүй нүүдэллэх хэрэгцээ зайлшгүй байсаар байгаа юм. Нүүдлийн мал аж ахуйн шаардлага хэрэгцээнд монгол гэр цаг үеэсээ шалтгаалан хэдэн мянган жилийн турш төгс зохицсоор ирсэн гэдэгтэй маргах хүн байхгүй. Цаг үеэсээ шалтгаалаад гэдэг үг анзаарагдаж байгаа биз. Ямар ч зүйл цагийн эрхээр хувьсан өөрчлөгдөж хүний ая тухыг хангах арга, хэлбэр рүү зогсолтгүй урагшилсаар байдаг нь жам. Орчин цагийн дэлхий ертөнцийн үсрэнгүй хөгжлийн хаялга, мэдээллийн технологиор дамжин мөн л монгол малчдын амьдралд нэвтэрснээр ахуйн соёл, тав тух бидний бага балчир үетэй харьцуулшгүй болсон. Өвөлжөөндөө хоёр давхар хаус дүнхийлгэж, сансрын антенаар 100 орчим суваг үзэж, үүрэн телефоноор аймаг алгасаж, сум сунган панз өрнүүлэх шинэ цагийн монгол малчдын эрин ирсэн. Монгол Улсын Засгийн газраас гаргасан Шинэ сэргэлтийн бодлогод тусгасан “Хөдөөгийн сэргэлтийн бодлого”-оор хот, хөдөөгийн ялгааг арилгаж, хөдөө гэдэг ойлголтод шинэчлэл хийх нь гол зорилтын нэг болжээ. “Цахилгаанжуулалт дээр НЭП-ийг нэмбэл коммунизм” гэж Америкийн сэтгүүлч Г.Уэллст хэлсэн байдагчлан мэдээллийн үсрэнгүй хөгжил дээр малчдын тав тухыг хангасан технологи нэмбэл бидний хөдөө ахуй цоо шинээр сэргэн хөгжих нь лавтай. Тэгвэл малчдын тав тухыг хангасан технологи хаана байна вэ. Гаднаас хайх шаардлагагүй юм. Яагаад гэвэл бидний өв соёлыг, амьдрал ахуйг биднээс илүү хэн мэднэ гэж. Тийм ч учраас орчин цагийн малчдын тав тух, аятай тааваар амьдрах нөхцөлийг хангах технологийн шийдлийг монгол залуус олж бизнес болгосон жишээ олон.
“Бүтээлч Монгол”-ын эрэлд
Хаврын дунд сарын тэнгэр хуйсганан, цас хаялж, цэхэлзэн хүйтрээд эхлэв. Нийслэлээс томилолт өвөрлөн үүрийн харанхуйгаар Өндөрхааны нутгийг зорин гарсан хэвлэл, мэдээллийн баг япон фургоны дулаахан, тухлаг суудалд шигдэн дор бүрнээ бодолд автаж, зүүрмэглэх нь зүүрмэглэн газар хорооно. Монгол орны өнцөг булан бүрээс шинэ санаа, бүтээлч сэтгэхүйг эрэн сурвалжилж, хөхиүлэн дэмжих зорилгоор сурвалжлан түгээж байдаг “Бүтээлч Монгол” сурвалжилга оролцогчтойгоо уулзахаар явж буй нь энэ. “Монголын үнэн” сонины “Бүтээлч Монгол” төслийн зочноор Чингис хотод үйл ажиллагаа явуулдаг “Малчин сууц”-ыг онцоллоо.
Тракторын чиргүүл дээр байшин барих санаа
Би Чингис хотын гудамжинд япон фургоноор тонгочуулж явна. Боддог, сэтгэдэг, элдэвтэй, хөдөлмөрч залууг “Малчин сууц” компанийн захирал Нарангэрэлийн Ариунбаяр гэдэг. Бүтээлч залуутай уулзаж санаагаа хэрхэн олж хөгжүүлсэн талаар нь яриулахаар явж байна.
Өндөрхааны тоост гудамж, өргөн Хэрлэнгийн зүлэг ногоон эрэгт дэгдэж явсан хүү өсөн ухаажихын хэрээр юм, юманд эв дүйтэй, оролдохгүй, чадахгүй юмгүй элдэвтэй нэгэн болов. Түүнийг төрөхөд Монгол Улс ардчилсан тогтолцоот нийгэмд орсон шилжилтийн үе таарсан юм билээ. Бодож сэтгэдэг, бодсон сэдсэнээ ажил болгож чаддаг хөдөлмөрч нэгэнд хүссэнээрээ амьдарч болохуйц нийгэм. Тэрбээр “Малчин сууц” хийх санаагаа тракторын чиргүүл дээр суурилуулсан төмөр амбаар хараад олсон гэдэг. Тракторын чиргүүл дээр суурилуулсан төмөр амбаарт аяллын явдал даахуйц эвдэрч хэмхрэхгүй зүйлс л чихэж болохоос тав тухтай амьдрах тухай бүү хэл гал тогоо ч байрлуулах боломжгүй гэдгийг хэн эс андах вэ. Бодлоо ажил хэрэг болгохдоо анхныхаа туршилтыг тракторын чиргүүл дээр хийж үзжээ. Мэдээж ачааны зориулалттай тул нум нь хатуудаад, машинаар чирэхэд хурд нь гүйцэхгүй булны шаариг нь нураад олигтой болсонгүй. Генри Форд дотоод шаталтын хөдөлгүүр зохиохдоо хэдэн мянган удаа туршсан гэдэг билээ дээ. Шинэ зүйл хийхээр зориглож, хүрэх цэгээ харсан хүн ухарч шантрахыг үл мэдэн ажиллах нь баараггүй. Хийж, алдаж, онож явсаар анхныхаа “Малчин сууц”-ыг 2013 онд амжилттай борлуулав. Тэрбээр энэ тухай дурсахдаа “Жаахан бүдүүлэгдүү л юм болсон, гэхдээ чанарын хувьд ярих юмгүй сайн. 10 жил өнгөрсөн ч анхны тэр загвар засварт эргэж ирээгүй” гээд инээж байна билээ.
“Малчин сууц” миний нүдээр
10 жилийн турш загвар бүрд сайжруулалт хийж, нэмэлт тоног хийснээр гаднаасаа ч, дотроосоо ч хүний нүд, сэтгэл булаах сууц болжээ. “Малчин сууц” үүдэндээ хоёр эвхэгддэг шаттай, гол хүрээ нь гурван тэнхлэг, даацын зургаан дугуйн дээр суурилсан байх аж. Том өргөн, вакум цонхоор орчноо чөлөөтэй харж болох бөгөөд 10 сантиметрийн хөөсөн дулаалга, модон доторлогоо тав тухтай, дулаахан орчныг бүрдүүлнэ. Хэрэглэгч, захиалагчийн хүсэлтээр сууцны урт, өргөнийг тохируулахаас гадна дотор заслыг хүртэл захиалагчийн хүслээр шийднэ. Эвхдэг төмөр шатаар өгсөж хаалгаар ороход хувцасны өлгүүр, гутлын тавиуртай үүдний пингээр нэвтрэв. Ороод гайхан дуу алдахаас аргагүй. Хуучин цагт худаг усны бригад, геологи шинжилгээний ангийнхан чирж явдаг байсан хүнд ногоон вагончик гэнэт санаанд оров. За тэр вагончик ч бүтэхгүй эдээ. Хоймор хэсэгтээ авдрын зориулалтаар ашиглаж болох багтаамжтай гурван ч ханын шүүгээ тойруулж байрлуулсан телевизорын тавиур, шүтээнээ залж болохуйц тавиуртай юм. Эсрэг талдаа хийн зуух байрлуулах галын хамгаалалттай тавцан байх ба хэрэглэгч хүсвэл гал түлэх нөхцөлийг бүрдүүлж өгнө гэнэ. Угаалтуур, хөргөгч тавих зориулалттай шүүгээний хойно байрлах аж. Захиалагчийн хүслээр л энэ бүхнийг шийднэ. Таны хүсэл сонголтыг шингээж өгсөн “Малчин сууц” үйлдвэрлэлээс гарахдаа зөвхөн хөнжил гудсаа аваад ороход л болохоор шийдэгдээ юу даа гэж надад бодогдож байлаа.
Хэрэглээ, боломж хязгааргүй
2023 оныг Засгийн газраас “Монголд зочлох жил” гэж зарласантай холбогдуулан “Малчин сууц” компани аяллын бага оврын чиргүүл сууц хийж хэрэглээнд оруулах гэж байна. Энэ тухай Н.Ариунбаяр захирал ярихдаа “Монголчууд яаж аж төрж, хэрхэн амьдарч байгаа нь барууныханд тааварлашгүй сонин. Жишээлбэл, таван ханатай гэрт таван ам бүл яаж амьдраад байгаа нь, мал сүргээ даган байгалийн бэрхшээлийг сөрөн нүүдэллэж амьдардаг ахуй нь тэдэнд сонин. Энэ бол бидний ялгарал. Нүүдэлчин ахуй чинь тэр хүмүүсийн хувьд шал өөр ертөнц” гэж өгүүлээд цааш нь “Дан онгон дагшин байгаль хангалтгүй, нэмэх нь хүн байх ёстой юм байна. Аялагчид Монголд орж ирээд нэг майхан худалдаж аваад зутарч, зүдэрч явахын оронд нэг машин түрээслэж унаад, чиргүүл сууц чирж дуртай газраа, нэг толгойн оройд тавьчихаад аялж явбал сууц худалдаж авсан ам.доллар Монголд үлдэж тав тухаас үүдэлтэйгээр тэдний аяллын хугацаа ч сунах боломжтой шүү дээ” гэж ярилаа. Үнэхээр бодууштай санаа. Монголд зочлох жилийг үр дүнтэй болгоё гэвэл аяллын компаниудаас гадна аяллын зориулалттай бүтээгдэхүүн үйлдвэрлэл эрхэлдэг “Малчин сууц” зэрэг үндэсний үйлдвэрлэгч компанийг Монгол Улсын Засгийн газар анхааралдаа авмаар даа гэж бодогдсоноо нуух юун. Мэдээж малчдад ийм чиргүүл сууц хүсэн хүлээсэн бүтээгдэхүүн нь мөн. Хөдөөгийн хүн ам сийрэгжиж бүл чадалтай залуус хот газар бараадах болсныг хэлэх үү, олон дахин нүүж, суух гэдэг малчдын хувьд тун чиг бэрх даваануудын нэг болсныг би мэдэх юм. Хүн бүл багатайгаасаа болоод орон гэрээ ахин, дахин буулгаж барихаас төвөгшөөн нэг л шандаа бараадан дөрвөн улирлын турш нутаглах айл олширсныг надаар хэлүүлэлтгүй мэднэ. Өнөөгийн малчид амьдрал ахуй нь сайжраад, анхдагч хэрэгцээгээ төвөггүй хангаад байдаг болсон. Тав тух, ая тааваар амьдрах сэтгэл ханамж худалдан авахад гар татахаа больсон юм билээ. “Малчин сууц”-ны бас нэг хэрэглэгч бол уяачид. Зуны дэлгэр цагт хэдэн морьдоо ачиж бөөцийлөхөөс өөр юм мэдэхгүй шахам түмнийг цэнгүүлж явдаг хэдэн “бор” уяач онгож гандсан даавуун майхнаасаа гарч, салхи бороо нэвтрэхгүй тохилог сууц бараадах цаг нь ирсэн. Нэг аймгаас нөгөө аймаг руу хэдэн зуу, мянган километр аялахаас буцдаггүй тэдний хэрэгцээнд чиргүүл сууц орж ирвэл наадмын талбай ч хэчнээн цэгцтэй байх бол гэж би төсөөлж суулаа. Наадмын талбай гэснээс явуулын гуанз эрхлэх сонирхолтой хүмүүс “Малчин сууц”-ыг сонирхох болсон гэнэ. Хамгийн сүүлчийн захиалга нь Өмнөговь аймагт явуулын гуанз эрхлэх хүсэлтэй худалдан авагч байсан гэж ярьсан. Хэнтий аймагт үйл ажиллагаа явуулдаг учраас зүүн бүсийн гурван аймгийн малчдын хэрэгцээ, захиалгыг гүйцэтгэснээс ийм холоос захиалга авч хүргэж өгсөн удаагүй юм билээ. Саяхнаас л Монголд хөгжих янз орж эхлээд байгаа “street food” эрхлэхийг хүсвэл зориулалтаар нь тоноглоод өгөх боломжтой.
Өргөжин тэлэх хүсэл, өөр ч олон төсөл
Үйлдвэрлэл эрхэлж буй ажлын байранд нь хэдэн жорлонгийн төмөр хүрээ зангидаад тавьчихсан харагдана. Юун загвар болохыг нь тодруулбал “Манай компани аймгаас зарласан төслүүдэд аль болох оролцохыг хичээж ирсэн. Саяхан эко “00” хийх төсөлд шалгарсан болохоор гүйцэтгэхээр ажилдаа шамдан орчихоод байна даа” гэв. Өөр олон ч бодсон санасан зүйл байгаа гэнэ. Хэдийгээр үйл ажиллагаа эхлээд 10 жил болсон ч төсөв хөрөнгө дутах асуудал гардаг тул Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас 50 сая төгрөгийн зээл хүсээд 100 саяын барьцаа хөрөнгөгүй тул зээлд хамрагдаж чадаагүй гэнэ. Гэхдээ тав, зургаан жилийн өмнө болсон явдал юм билээ. “Одоо зээл авах боломж бүрдвэл сууц хийхэд ордог бараа материалаа БНХАУ-аас татна. Энэ нь эцсийн дүндээ хэрэглэгчдийн гарт “Малчин сууц”-ны үнэ хямдарч очих нөхцөл боломжийг бүрдүүлэх арга хайж байгаа хэрэг шүү дээ” гэж Н.Ариунбаяр захирал учирлан хэлснээр бидний яриа сурвалжилга өндөрлөв.
“Бүтээлч Монгол” сурвалжилга ийнхүү нутгийн зүг хүлгийн жолоо сунгав. Монгол малчдын ая тухтай тааваар амьдрах эрх чөлөөний төлөө “Малчин сууц” компани хөдөлмөрлөсөөр үлдэв.
Трамп Төмөрөө
Эх сурвалж: Монголын үнэн сонин №014/24545/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна