Манай улсад шинэ тутам хөгжиж буй онлайн худалдаа болон бэлэн хувцасны зах зээл нийслэлд төвлөрдөг. Орон нутгийн иргэд сонирхсон загварлаг хувцсаа захиалж, хүргүүлдэг жишигтэй. Тэгвэл алс Баян-Өлгий аймагт төвтэй нэгэн дэлгүүр фэйсбүүкт хандалт ихтэй байна. Хүрээний бүсгүйчүүдийн харааг булаасан бараатай “Ейфел шоп”-ыг үүсгэн байгуулсан О.Айымтай ярилцсан юм. Турк, Казахстаны харилцагчидтайгаа нүүр тулж уулзаагүй хэдий ч түүний цахим бизнес итгэлцэл дээр тогтдог аж.
-Манай улсын худалдааны салбарын нэг сул тал нь бүх бараагаа Улаанбаатарт авчраад дараа нь аймгуудад түгээдэг. Харин танайх энэ замналыг алгасаад бараагаа татаж нэмүү өртөг шингээлгүйгээр орон нутагтаа худалдаалдаг нь онцгой санагдлаа. Бэлэн хувцасны бизнес эрхлээд хэдэн жил болж байна вэ?
-Би Баян-Өлгий аймгийн Өлгий хотод амьдардаг. Бэлэн хувцасны бизнесээ 2021 оноос эрхэлж байна. Ууган хүү 2017 онд оюутан болж Казахстанд сурахаар боллоо. Их сургуулийн төлбөрийг төлөхийн тулд албан ажлынхаа зэрэгцээ бизнес хийж эхэлсэн. Туркийн “Ейфел” брэндийн үнэртэй усыг оруулж ирж худалдаалсан юм. Дэлгүүрээ “Ейфел шоп” гэж нэрлэсэн нь ийм учиртай. 2020 онд цар тахал гарч, хил гааль хаалттай, амьдралын хэв маяг цахимд шилжсэн нь бэлэн хувцасны худалдаа эрхлэхэд түлхэц болсон. Нөгөөтэйгүүр албан ажилтай учраас гадагшаа бараанд явах боломжгүй байлаа. Казахстан улсад зарагддаг хувцсыг инстаграмаар харсан юм. Тухайн үед Монгол Улс Казахстаны хооронд шууд нислэг байсан учраас захиалсан бараагаа онгоцоор авчруулж худалдаалснаар өнөөдрийн бизнес эхэлсэн.
-Танай дэлгүүрийн хувцаснууд үнэхээр загварлаг, трендлэг юм. Сонголт хийхдээ юунд анхаардаг вэ?
-Би загварт дуртай. Хувцас миний хобби. Сонголт хийхээсээ өмнө “Энэ хувцсыг өмссөн хүн яаж харагдах бол” гэж төсөөлөн боддог. Мэдээж харшил үүсгэдэггүй, будаг гардаггүй байх зэргээр барааныхаа чанарт анхаарна. Зах зээлд ямар загвар, өнгө эрэлттэй байгааг судалж, хүмүүсийн хандлагыг ажигладаг.
-Нийслэлийн бид танай дэлгүүрийн барааг фэйсбүүкээс хараад шохоорхдог. Бусад аймаг, хотоос захиалга ирдэг үү?
-Баярлалаа. Цахим хуудастаа зар оруулж, сурталчилгаа хийтэл бусад аймаг, хотоос захиалга ирэх болсон. Казахстан, Туркээс бэлэн хувцас нийлүүлдэг учраас худалдан авагчдад дахин давтагдашгүй, содон байдаг. Манай дэлгүүрийг сонгоод холоос захиалга өгсөн хүмүүсээ хүндэтгээд шуурхай үйлчлэхийг хичээдэг. Үйлчлүүлэгчид “Бараагаа хүлээж авлаа. Санаснаас илүү байж сэтгэлд бүрэн нийцлээ” гэдэг. Монгол шуудангийн илгээмжийн үйлчилгээ шуурхай, найдвартай санагдсан. Мөн Өлгийгөөс өдөр бүр явдаг хот хоорондын тээврийн унаанд захиалгаа дайдаг.
-Алтай таван богдыг үзэхээр Баян-Өлгийг зорьдог. Одоо хүүхнүүд “Ейфел шоп”-оор ороод гардаг байх даа?
-Өлгий хотын “Алтай таван богд центр” худалдааны төвд талбай түрээслэн үйл ажиллагаа явуулдаг. Өлгий хотын төвд учраас аймгийнхан болон жуулчдын хөл хөдөлгөөн ихтэй. Манай аймагт дотоодын жуулчин олноор ирдэг болсон. Фэйсбүүкийн найзууд “Амралтаараа очно” гэдэг. Тэгэхээр ирэх зун цахим худалдаа хийж байсан үйлчлүүлэгчидтэйгээ биечлэн уулзаад өдөр бүрийг завгүй өнгөрүүлэх байх.
-Гадаад худалдаа ялангуяа онлайн салбар итгэлцэлд тогтдог. Харилцагч газар, захиалагчдынхаа итгэлийг алдвал дахиад холбоо тогтооход хэцүү байдаг уу?
-Казахстаны харилцагчидтайгаа нүүр тулж улзаагүй. Инстаграмаар танилцан итгэлцлийн үр дүнд хамтран ажиллаж байна. Би таалагдсан хувцасныхаа зургийг, тэд бараагаа илгээдэг. Алматыд онлайн худалдаа, хүргэлтийн бизнес хөгжжээ. Худалдааны төв, бөөний цэгүүдтэй холбогдоход уриалгахан хүлээн авдаг. Турк улсын худалдаа эрхлэгчидтэй найдвартай түншүүд болсон.
-Орон нутагт бизнес эрхлэхэд ашигтай болон дутагдалтай тал нь юу байна?
-Ашиггүй бизнес эрхэлнэ гэж юу байх вэ. Орон нутаг, томоохон хотуудыг бодвол зах зээл жижиг. Манай аймгийн төвд 30 мянга гаруй хүн амьдардаг. Сумдаас захиалга их ирнэ. Цахим худалдаа шинэ тутам зүйл. Худалдааны салбар цахимжиж байна гэж хардаг. Интернэт, мобайл хөгжсөний өгөөж юм.
-Аймаг хотуудад салбар нээх үү?
-Улаанбаатар хотод бараагаа авчирч борлуулалт хийж байна. Өмнө нь Эрдэнэт хотод бараагаа хүргүүлсэн. Нийслэлд салбараа нээх санаа байна. Зах зээл, худалдан авах чадвараа харсан ч ашигтай. Миний сонголт улаанбаатарчуудад их таалагддаг. Захиалга ч их ирнэ. Зарим байнгын үйлчлүүлэгч салбараа нээхийг санал болгодог юм. Би бодоод л яваад байгаа.
-Бизнес эрхлэгч эмэгтэйчүүд бусадтай адилгүй түүхтэй байдаг. Та өөрийнхөө түүхээс хуваалцана уу?
-Хүүхдийнхээ сургалтын төлбөрийг яаж төлөх вэ гэсэн хэрэгцээ, шаардлагаас л бизнесийн түүх минь эхэлсэн. Би “Ейфел” брэндийн үнэртэй усыг худалдсандаа олзуурхдаг. Хэдийгээр хямдхан ч гоё үнэртэй, үнэрээ удаан хадгалдаг. “Коко Шанель”, “Лакосте”-гаас дутахгүй шүү.Үнэртэй уснуудаа одоо ч борлуулж байна. Хүн төрөлхтний хувьд хар бараан үйл явдал ч гэлээ Ковидын дам нөлөөгөөр онлайн худалдааны салбарт хөл тавилаа. Цаг үедээ дасан зохицдог хүний байгалийн чадвар байх. Технологийн дэвшил хурдтай өөрчлөгддөг гэдэг. Дэвшлийг бодитоор ашиглаад, цаг хугацаа хэмнэсэн бизнес хийж байгаадаа баяртай явдаг.
-Таны хэтийн төлөвлөгөө, зорилгоор ярилцлагаа дуусгах уу?
-Охид эмэгтэйчүүддээ загварлаг, трэндлэг бараагаар үйлчлэхийг зорьдог. Эрсдэл хийх чадвар, сөрж зогсох зориг байх ёстой. Яагаад орон нутагт чамин хувцас худалдаалж болохгүй гэж. Дэлгүүрээ өргөжүүлж, олон салбартай болохыг мөрөөддөг.
Х.Эрдэнэзаяа
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин №014/24545/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна