Топ хуулиуд боогдож, том хэрэг задрав


     

Энэ хавар УИХ олны анхаарлын төвд байна. Монголын улс төр, эдийн засаг, нийгмийн ирээдүйг тодорхойлох, цаашлаад парламентын чадамж, гүйцэтгэх засаглалын бие даасан байдалд нөлөөлөх, улс орны ардчилал, аюулгүй байдлыг хамгаалах “үүрэгтэй” дөрвөн ч том  хуулийн шинэчлэлийн асуудлыг УИХ-аар хэлэлцэж эхэлснээр бүгд энэ зүгт анхаарлаа хандуулаад байгаа юм. Өнгөрсөн баасан гаргаас эхлээд  УИХ-ын чуулганаар Сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэлсэн. Ажлын хэсэг нь нэг, хуулийн төсөл нь хоёр.  Нэг ажлын хэсгээс нэг өдөр УИХ-ын даргад өргөн барьсан Сонгуулийн тухай хуулийн хоёр төсөлд эрх баригчид болон сөрөг хүчин ирэх 2024 оны сонгуулийг пропорциональ тогтолцоогоор явуулахаар  санал нэгдэж, эсрэгээрээ жагсаалтын тоон дээр зарчмын зөрүүтэй саналтай байгаа.  МАН 38:38, АН 48:28 гэх саналыг дэвшүүлсэн. Гэхдээ жагсаалтын талаарх “зарчмын зөрүү”-гээ  тэд Улс төрийн намуудын тухай хуулийн шинэчлэл, ҮХНӨ-тэй уялдуулж, нэгтгэх нь тодорхой байна. Мөн Сонгуулийн хуулийг парламентаар хэлэлцэхтэй зэрэгцээд Ерөнхийлөгчийн зүгээс Улс төрийн намын тухай хуулийн төслийг өргөн барилаа. УИХ-ын босгыг 18 жилийн дараа давж орж ирээд байгаа энэ хуулийг улс төрийн 35 намын гишүүд тун ч анхааралтай ажиглаж байна. Намуудад үүрэг хариуцлага оногдуулсан энэ хууль батлагдвал эмх замбараа муутай, эв нэгдэл гэж мэддэггүй, жагсаал цуглаан хийж хөлждөг, мандат наймаалцаж мөнгөждөг “жижиг” гэх тодотголтой намууд эмх цэгцэндээ орно гэж зарим хүн харж байна. Үүнээс гадна Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх тухай асуудал, Төрийн албан хаагчийн ёс зүйн байдлын тухай гэх мэт том хуулиудын шинэчлэлийн асуудлыг ярьж байгаа юм.

Засгийн газрын https://mongolia.gov.mn сайтад “Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөл”-д энэ сарын 14-нөөс эхлэн санал авч эхэлжээ.  Засгийн газраас өргөн барьж байгаа нэмэлт, өөрчлөлт нь нэгдүгээрт, хүний эрхийн баталгааг хангах, хоёрдугаарт, ард түмнийг төлөөлөх парламентын чадавх, хариуцлагыг нэмэгдүүлэх, гуравдугаарт, төвлөрлийг сааруулах гэсэн үндсэн гурван асуудал байгаа. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар янз бүрийн л санал ирж байгаа бололтой. Одоо мөрдөгдөж байгаа Үндсэн хуульд “Төрийн эрх барих дээд байгууллагууд байгаа газрыг Монгол Улсын нийслэл гэнэ” гэж заасан учир яам, агентлагуудыг Хөшигийн хөндий юм уу, Төв аймаг бусад газарт  шилжүүлэх боломжгүй болоод байгаа. Үүнийг өөрчилж, “Төрийн дээд байгууллагуудыг улсын нийслэлд заавал байх зохицуулалтыг өөрчлөх тухай асуудалд иргэд саналаа өгч байна. Ийнхүү олны анхаарлыг татсан “топ” гэж хэлж болохоор хуулиуд боогдож эхэллээ. 

Засгийн газраас эхлүүлсэн 5Ш ажиллагааны хэрэгжилт сайн, үр дүнтэй байгаа талаар мэдээллүүд тогтмол  ирж байна. Жишээлбэл, хэдхэн хоногийн өмнө Хөдөө аж ахуйн сангийн мэдээллийг ил болгосон. Зарим зээлдэгч өөрсдийнхөө нэрийг хараад ичсэн бололтой. Ямартаа ч 95 иргэн хуулийн этгээд 232 сая 924 мянган төгрөгийн эргэн төлөлт хийжээ. Мөн “Шилэн” ажиллагааны хүрээнд  төрийн өмчит, төрийн болон төрийн өмчийн оролцоотой 58 байгууллагын ТУЗ-ийн 504 гишүүний нэр, тэдний авдаг  цалин, урамшууллын мэдээллийг ил тод болгов. Уг мэдээллээс харахад манай ТУЗ-ийн гишүүд 950-800 мянган төгрөгийн цалин авдаг, бас ч гэж хөөрхөн нэмэлт орлоготой байдаг нь харагдаж байна. 

Өнгөрсөн лхагва гарагт Засгийн газар хуралдаж хэд хэдэн шийдвэр гаргалаа. Энэ хуралдаанаар “Оюутолгой” ХХК-ийн Монголын талын ТУЗ-ийн гишүүнээр Жамбалдоржийн Тана хэмээх бүсгүйг томилжээ. Ерөнхийлөгч асан Н.Багабандийн оронд томилогдож байгаа Ж.Тана  1989 онд төрсөн, Харвардын их сургуульд бакалаврын зэргээ хамгаалсан анхны  монгол төгсөгч. Тэрбээр 2012-2013 онд Куинсландын их сургуульд “Байгалийн баялаг, байгаль орчны чиглэлээр диплом хамгаалсан. Дэлхийн уул уурхайн томоохон  компанид Технологи, инновацын хэлтэст бизнесийн шинжээч, “Нортпаркс” зэсийн гүний уурхайд бизнесийн шинжээч, “Оюутолгой” компанийн Нэгдсэн төлөвлөлт болон үйл ажиллагааны төслийн дунд болон урт хугацааны төлөвлөлтийн шинжээчээр тус тус ажиллаж байсан туршлагатай юм байна. Засгийн газраас хийсэн энэ томилгоо залуучуудад тун ч таалагдаж байгаа бололтой. “Залуучуудаа дэмжсэн, мэдлэг боловсролыг үнэлсэн томилгоо боллоо” гэж тэд ам сайтай байна.

Өнгөрсөн долоо хоногийн хамгийн дуулиан дагуулсан мэдэгдлийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар хийлээ. Нийслэлийн про­курорын газраас мөрдөгчийн ирүүлсэн саналыг үндэслэн Цагдаагийн ерөнхий газраас Т.Чимгээ, Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нарт холбогдуулан 830142 дугаартай эрүүгийн хэрэгт яллагдагчаар татсан тогтоолыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг тэрбээр олон нийтэд мэдээлсэн юм. Шүүхээс С.Зоригийн амь насанд халдсан хэргээр хоригдож, хилс хэрэгт гүтгэгдэж, 20 жилийн хорих ял сонссон Т.Чимгээ, Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нарыг цагаатгав. Ингэснээр С.Зоригийн хэрэг задарч, дахин мөрдөн байцаагчийн ширээ рүү шилжиж байгаа юм.

Саяхан л нүүрсний хэргийн талаар ярьж бичиж, жагсаж байсан иргэд маань сүүлийн үед энэ хэргийн талаар бараг л мартаж эхлээд байх шиг байна. Тэгвэл нийслэлийн Прокурорын газраас нүүрстэй холбоотой хэргийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Өнөөдрийн байдлаар нүүрсний гэх хэргийг шалгах ажлын хэсэгт Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газрын 48 мөрдөгч ажиллаж, 47 хэргийг мөрдөн шалгаж байна.  Нийт 127 хүнд эрүүгийн хэрэг үүсгэж,  227 обьектод  нэгжлэг хийн, 10 мянга орчим хүнээс гэрчийн мэдүүлэг авчээ. Мөн  97 эд хөрөнгийг битүүмжилж 630 сая төгрөгийг мөрдөн шалгах явцад хураажээ.

Сүүлийн хэдэн жил тамга тэмдгийн хэрүүл хийж, шуудайнд хийсэн үхрийн эвэр шиг зөрчилдсөн АН-ынхан одоо л нэг ая эвээ олох чигтэй байна. Сонгуулийн жил ойртсон энэ үед шинэ, хуучин дарга нар нь хүссэн хүсээгүй нэг ширээнд сууж, С.Эрдэнэ дарга аминаасаа илүү хайрлаж харамлаж явсан тамгаа Лу.Гантөмөрт өгөх болсноо мэдэгдлээ. Гэхдээ тэдний энэ эвлэрэл хэр урт настай байхыг Балхжав бид хоёр таашгүй. Өнгөрсөн долоо хоногийн хамгийн сайн мэдээ хүүхдийн мөнгөтэй холбоотой байлаа. Засгийн газарт төсөв мөнгө нимгэн учраас Хүүхдийн мөнгийг хасаж нийт хүүхдийн 91 хувьд олгох шийдвэр гаргасан. Олон иргэний бухимдлыг төрүүлж, “Засгийн газар хүүхдийн эрхийг зөрчиж, ялгаварлан гадуурхаж байна” гэдэг шүүмжлэлд дагуулсан энэ шийдвэрээ Засгийн газар эргэж харж байгаа бололтой. Засгийн газар ирэх тавдугаар сард улсын төсөвт тодотгол хийж, бүх хүүхдэд мөнгө олгохоор ярилцаж байгааг Сангийн сайд Б.Жавхлан мэдэгдлээ.   

   Б.Нүүдэл

Эх сурвалж: Монголын үнэн сонин №015/24546/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ Улс тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль х… 21 цагийн өмнө
Монголоор дүүрэн малчинтай “Монгол философич” Өчигдөр
​ Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэхгүй Өчигдөр
Томуу, томуу төст өвчний оргил үе эхэллээ Өчигдөр
Үнэт бүтээлүүд өргөөндөө заларч, дахин “амиллаа” Өчигдөр
Ертөнцийн мисс жилийн 250 мянган ам.долларын цалинтай Өчигдөр
SDY Calling you... Өчигдөр
Нийслэлийн ИТХ-ын Зөвлөл, Хороодыг байгуулан, Засаг даргын мөрийн хөт… Өчигдөр
Т.Гантигмаа: Монголчууд брэнд бүтээлээрээ дэлхийд гарах боломжтой Өчигдөр
Хөгжлийг чөдөрлөх санаачилга Өчигдөр
“Хөх чононууд” Хятадын шигшээ багийг эх орондоо хүлээн авна Өчигдөр
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22