Нийслэлийн МАН-ын хорооны дарга асан Т.Билэгттэй ярилцлаа.
-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Манай сонины урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн танд баярлалаа.
-Та бүхэнд нийслэлийн МАН-ын хорооны 98 жилийн ойн баярын мэнд хүргэе. Аугаа их Л.Түдэв багшийнхаа эрхлэн гаргаж, монгол оронд ардчилал, хөгжил, шинэчлэлийн түүчээ болсон “Монголын үнэн” сонинд ярилцлага өгч байгаадаа баяртай байна. Л.Түдэв багшийнхаа бүрэн зохиолын 25 ботийг “Мобиком” корпорацын захирлаар ажиллаж байсан, доктор Р.Батмэндтэй хамт хэвлүүлж байсан гээд энэ сайхан өдөр дурсах зүйл олон байна. Монгол оронд анх удаа 25 боть хэвлүүлсэн хүн юм шүү дээ, Л.Түдэв эрхлэгч. Сүүлд нэмж хэвлүүлснээр 40 боть болсон байх.
Та намын үйл ажиллагаанд хэр оролцож байна вэ?
-Оролцох нь ховор. Гэхдээ намын үүрээрээ орно. Ахмадуудыг хүлээн авах, хурал зөвлөгөөн болоход очно гэх зэргээр л оролцдог.
-Нийслэлийн МАН-ын хороог үүсэн байгуулсаны 98 жилийн ой болж байна. Нийслэлийн намын хороотой ажил, амьдралаа холбож явсан хүний хувьд танд ямар сэтгэгдэл төрж байна вэ?
-МАН-ын 100 жилийн ойг 2021 онд өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүллээ. Нийслэлийн намын байгууллагын түүх нь МАН-ын үүсэл хөгжил, түүхтэй салшгүй холбоотой. МАН-ын хамгийн олон гишүүн, дэмжигч Улаанбаатар хотод ажиллаж, амьдарч ирсэн. Нийслэлийн МАН-ын байгууллагын түүх нь МАН-ын түүхийн нэг хэсэг. Энэ утгаараа шинэ Монгол Улсын 100 жилийн гайхамшигтай түүхийн салшгүй хэсэг юм.
2021 онд МАН-ын 100 жилийн ойд бэлтгэж, МАН-ын удирдлагаас олон сайхан ажил зохион байгуулсанд сэтгэл ханамжтай байна. Ялангуяа “МАН-ын түүх”-ийн ном жинтэй бүтээл болсон. МАН-ын түүх бол Монгол Улсын хөгжил, дэвшлийн түүх. МАН-ын түүхийг гишүүд, дэмжигчид, ялангуяа залуу үеийнхэнд сурталчлах олон талын ажил зохион байгуулах шаардлагатай. Учир нь улс орны 100 жилийн түүх байтугай 1990 оны амьдралыг мэдэхгүй залуу үе өнөөдөр хүн амын идэвхтэй хэсгийг бүрдүүлж байна. МАН-ын өнөөдрийн зөв үйл хэргийг үр дүнтэй, хүчтэй болгоход улс орны түүх, хөгжлийн замын алдаа, оноог сайтар ойлгох нь чухал гэж би боддог. Өөрт чинь хэлэхэд би нийслэлийн намын байгууллагыг 100 жилийн түүхтэй гэж боддог.
-Яагаад билээ, өнөөдөр 98 жилийн ой тохиож байна шүү дээ?
-Тийм ээ, гэхдээ би санаагаа тодруулъя. Эрх чөлөө, тусгаар тогтнолын хөдөлгөөний удирдагчид, МАН-ыг үүсгэн байгуулагч, удирдан манлайлагчид болох Хүрээний болон Консулын бүлгийнхэн Д.Сүхбаатар, Д.Бодоо, С.Данзан нар одоогийн Улаанбаатар хотод амьдарч байсан нийслэлийн иргэд. МАН-ыг үүсгэн байгуулагч эдгээр эх орончийг нийслэлийн намын байгууллагын тулгын чулууг тавилцсан анхдагчид гэж зүй ёсоор тооцох ёстой юм. Түүхэнд тэмдэглэснээр 1922 оны гуравдугаар сарын 15-нд яамдын дэргэд намын байгууллагуудыг Д.Сүхбаатар, Магсаржав /хурц/ нарын тухайн үеийн манлайлагчаар удирдуулан байгуулсныг нийслэлийн намын байгууллагын эх үүсвэр гэж түүхчид үздэг. Өнөөдөр 98 жилийн тухай ярьж байгаа нь 1925 оны гуравдугаар сард МАХН/МАН/-ын Төв хорооны тогтоолоор Улаанбаатар хотын намын хороог байгуулж, анхдугаар их хурлыг нь мөн оны долдугаар сард хуралдуулсан.
Энэ он тооллоор нийслэлийн намын байгууллагын байгуулагдсан оны сарыг тооцож байгаа ч МАН-ын төв байгууллагын товлож байсан нийслэлийн намын байгууллагын түүхэн он тоолол нь МАН-ыг байгуулсан онтой давхцах ёстой гэж боддог.
Мэдлэгтэй, сэтгэлтэй залуус дараа үеийг авч явна
-Та нийслэлийн МАН-ын хорооны даргаар ажиллаж байсан. Тухайн үеийн онцлогоос дурдахгүй юу?
-Өмнө нь ярьж байгаагүй нэг дурсамжаас эхэлье. 1990 онд би Налайхын МАН-ын хорооны нэгдүгээр нарийн бичгийн даргаар ажиллаж байлаа. Намын залуухан ажилтан байсан намайг Нийслэлийн намын хорооны даргад нэр дэвшүүлэхээр намын Удирдах зөвлөлийн хурлаар ярилцсан юм билээ. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, доктор Г.Очирбат гуай нэр дэвшигчдийн талаар нухацтай ярилцаад улс орны хөгжлийн онцгой, эгзэгтэй нөхцөл байдал болон нэр дэвшигчдийн улс төрийн туршлага зэрэг олон хүчин зүйлийг харгалзан эрдэмтэн, ухаалаг улстөрч Б.Даш-Ёндон багшийн нэрийг дэвшүүлсэн юм.
Б.Даш-Ёндон гуайг нийслэлийн МАН-ын даргаар сонгосон тэр хурлаас миний бие Нийслэлийн намын хорооны тэргүүлэгч гишүүнээр сонгогдсоноос хойш тасралтгүй 20 шахам жил Нийслэлийн намын хорооны удирдлагад сонгогдон ажилласан юм. Налайхын МАН-ын хорооны даргаар ажилласнаас хойших хугацаанд Б.Алтангэрэл, С.Мөнхжаргал, Л.Лантуу, Л.Энэбиш, Б.Даш-Ёндон, Ж.Ядамсүрэн нарын нэр хүндтэй улстөрчдийн удирдлага дор хамтран ажиллаж байснаа дурсахад таатай байна.
Мөн 1990 оноос өнөөдрийг хүртэл нийслэлийн МАН-ын хороог удирдаж ирсэн залуустай гар нийлж ажиллаж байсан. Эдгээр эрхэмтэй хамтран ажиллаж, нийслэл хотын нүсэр ачааг үүрэлцэж ирснээ яривал урт түүх болно байх.
-Гэхдээ таныг нийслэлийн МАН-ын хороог удирдаж байх үе бол өөрчлөлт, шинэчлэлтийн үе байсан?
-Би 2008, 2009 онд хуралдсан нийслэлийн МАН-ын XXX, XXXI бага хурлаас нийслэлийн МАН-ын хорооны даргаар сонгогдон ажилласан. Нийслэлийн намын байгууллагад эв нэгдэл, сахилга хариуцлагын асуудал онцгой шаардлагатай болсон үед нийслэлийн намын байгууллагыг удирдах үүрэг хүлээж, намын гишүүд, дэмжигчдийн хүчинд тулгуурлан үүргээ гүйцэтгэсэн. Ингэж ажиллахад 1990 оноос хойш намын төв байгууллагад тасралтгүй сонгогдон, үүрэг хүлээж, намын Удирдах зөвлөлд гурван удаа сонгогдож байсан улс төрийн туршлага, намын хамт олны дэмжлэг чухал нөлөө үзүүлсэн гэж боддог юм.
Намын анхан шатны байгууллагуудын ажиллах чадвар, арга барилыг дээшлүүлэхэд голлон анхаарч ажилласан. Нийслэлийн намын хорооны дарга нь намын дүрмээр нийслэлийн Засаг даргын ажлыг давхар хашдаг. Тийм болохоор ачаалал ихтэй байдаг. Нийслэлийн хамгийн бэрхшээлтэй, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх гол гогцоо нь гэр хорооллыг орон сууцжуулах гэж үзэж, энэ ажлыг эхлүүлсэн. Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 27 дугаар тогтоолоор “Нийслэл Улаанбаатар хотын гэр хорооллыг орон сууцны хороолол болгон хөгжүүлэх арга хэмжээг удирдан зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсэг”-ийг Ерөнхий сайд С.Баяраар ахлуулан байгуулсан. Энэ ажлын хэсгийн орлогчоор миний бие нийслэлийн Засаг даргын хувьд ажиллаж байлаа.
Энэ тогтоолыг хэрэгжүүлэх ажлыг шуурхай зохион байгуулснаар гэр хороолол байсан газарт эхний орон сууцуудыг барьж эхэлсэн юм. Энэ ажлын эрчийг сааруулж, будилуулахгүй, тууштай үргэлжлүүлсэн бол өнөөдөр тодорхой үр дүнд хүрсэн байх байлаа. Төрийн ажлын залгамж холбоо гэж чухал зүйл байх юм даа.
Нийслэлд хийсэн олон ажлыг дурдвал Засаг даргын ажлын тайлан шиг юм болох байх. Товч дурдвал, Нарны зам, Нарны гүүр, “Сити тойлет” төсөл, Замын хөдөлгөөний удирдлагын төв, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн зэрэг олон арван ажлыг нэрлэж болно. Мөн газрын харилцааг боловсронгуй болгохын тулд нийслэлд барилга, байшин барьж болохгүй зам, талбайн жагсаалт гаргах, хууль журам зөрчсөн олон тооны захирамжийг хүчингүй болгох, орон сууцны орчимд барилга барих болон газар эзэмшүүлэх СӨХ-ны үүрэг, оролцоог дээшлүүлэх зэрэг олон арга хэмжээг авсан.
-Намын хорооны даргын тухайд боловсон хүчнийг бэлтгэхэд хэр анхаарч байсан бол?
-Тийм ээ, нийслэлд боловсон хүчний сахилга хариуцлагыг дээшлүүлэхэд нэлээд анхаарсан. Монгол Улсын мэргэжилтэй боловсон хүчний олонх нь ажилладаг нийслэл хотын боловсон хүчнийг сонгох, дээшлүүлэн ажиллуулах, туршлагажуулах нь намын ажлын маш чухал хэсэг юм. Энэ зорилтын үүднээс 2008 оны сонгуульд нийслэл, дүүргийн ИТХ-д нэр дэвшүүлэх ажлыг зохион байгуулахдаа ирээдүйтэй залуусыг сонгон авснаар сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсан юм. Баянзүрх дүүрэгт гэхэд бүх шатанд 100 хувь МАН-ын гишүүд ялалт байгуулсан. Ийнхүү намын итгэл үзүүлж, нэр дэвшүүлэн, сонгогчдын итгэлийг хүлээж байсан залуус өнөөдөр Монгол Улсыг удирдан, шинэчлэлт, өөрчлөлтийг гардан зохион байгуулж, манлайлан ажиллаж байна. Мэдлэгтэй, санаачилгатай, тэмүүлэлтэй, шударга боловсон хүчин л бүх асуудлыг амжилттай шийдвэрлэнэ шүү дээ. Хүнтэй ажиллах нь намын байгууллагын үндсэн ажил нь юм.
-Нийслэлийн намын хорооны даргын гол үүрэг бол орон нутгийн сонгуульд амжилттай оролцож, бодлогоо үргэлжлүүлэх чухал. Сонгуульд намаа амжилттай оролцуулахад юу чухал вэ?
-Орон нутгийн сонгуульд ялалт байгуулах нь нийслэлийн МАН-ын хорооны хэнтэй ч хуваалцахгүй үүрэг. Мөн УИХ-ын болон Ерөнхийлөгчийн сонгуулиар намын хамгийн том байгууллагын хувьд адил үүрэг, хариуцлага хүлээж, хүчтэй оролцох шаардлагатай. Сонгуульд амжилттай оролцохын тулд намын дэргэдэх байгууллагыг бэхжүүлж, ажлын арга барилыг шинэчлэх, олон залуусыг үйл ажиллагаандаа идэвхтэй татан оролцуулах шаардлагатай. Ер нь мэдлэгтэй, сэтгэлтэй залуусыг авч ажиллуулах нь дараагийн үеийг аваад явах сайн талтай.
-Та залуустаа юу захиж байсан бэ?
-Би нийслэлийн МАН-ын хорооны удирдлагыг залуужуулах шаардлагатай гэж үзэж, чөлөөлөгдөх хүсэлтээ намын Удирдах зөвлөлд гаргаж, шийдвэрлүүлэсэн. Ингэснээр нийслэлийн МАН-ын Бага хурал 2009 оны зургадугаар сард хуралдан, Бэгзжавын Мөнхбаатарыг нийслэлийн МАН-ын хорооны даргаар сонгон ажиллуулсан. Тэр үед Б.Мөнхбаатар дарга дөнгөж 34 настай, залуухан удирдагч байлаа.
Засгийн газар анх удаа нийслэлийн асуудлыг зөв тодорхойлж, Хөдөөгийн сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлж байгаад баяртай байна
-Та өнөөдрийн нийслэлийн МАН-ын хороог хэр ажиллаж байна гэж хардаг вэ?
-Одоогийн нийслэлийн намын хороог сайн ажиллаж байна гэж хардаг. Намайг ажиллах байх үед үйлдвэр, аж ахуйн нэгжүүдэд байсан намын хороодыг татан буулгаж, намын ажилтнууд ажилгүй болж байлаа. Дээр нь орон нутагт намын үйл ажиллагаа явуулах туршлагагүй байсан. Өнөөдөр харин намын хороодын үйл ажиллагаа жигдэрсэн. Тухайн үед ажиллаж байсан намын удирдлагууд бүх хороогоороо явж, ажиллаж байлаа.
Мөн 2008 онд шинэчилсэн хуулиар төрийн албанд ажиллаж байсан хүмүүс намын гишүүнээсээ түдгэлзсэн. Ингээд 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар би Б.Баатарзориг даргатай л ганц хамтарч ажиллаж байлаа. Учир нь хотын орлогч дарга улс төрийн албан тушаалтан. Бусад газар, хэлтсийн дарга нь хуулиараа сонгуульд оролцож болохгүй байсан. Энэ нь эхний удаад бэрхшээл, сорилт байлаа, бидэнд.
-Хотын даргаар ажиллаж байсан хүний хувьд өнөөдрийн нийслэлийн удирдлагын үйл ажиллааг хэрхэн харж байна вэ?
-Нийслэлийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх талаарх санал, бодлоо жилийн өмнө “Өнөөдөр” сонинд “Нийслэлээ Орхоны хөндийд шинээр байгуулъя” нэртэй томоохон ярилцлага нийтлүүлсэн. Үүнийг минь тоож уншсан УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, доктор, профессор Ч.Даваадаш, нийслэлийн Засаг дарга асан Ц.Баасанжав нарын олон хүн дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Миний ярилцлагын гол санаа нь нийслэлийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх талаар явуулж байгаа өнөөгийн намын удирдлага, Засгийн газрын бодлогыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн юм.
-Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хот, хөдөөгийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэнэ гэж та харж байна уу?
-МАН-ын 30 дахь Их хурлаар Шинэ сэргэлтийн бодлогыг маш зөв тодорхойлсон. Үүнийг Засгийн газар тууштай хэрэгжүүлж байгаад баяртай байна. Хотыг удирдаж байсан хүний хувьд хөдөөгийн сэргэлт-тэнцвэртэй хөгжлийн бодлогыг тодорхойлсонд онцгой баяртай байна. Өнөөдөр нийслэл хотод өмнө нь байгаагүй хөрөнгө оруулалт хийж байна. Хүн амын талаас илүү хувь нь хотдоо төвлөрсөн. Хөдөөгөө хөгжүүлэхгүй орхисон байлаа. Гэтэл өнөөдөр хөдөөгийн сэргэлтийг хэрэгжүүлж, нийслэл хотод өмнө нь байгаагүй хөрөнгө төсөвлөж байгаад баяртай байна. Миний үед нийслэл 60 тэрбум төгрөгийн төсөвтэй. 30 тэрбумыг нь хүүхэд, ахмадын төсөвт, үлдсэн 30 тэрбумаар нь бусад асуудлыг зохицуулах гэж чардайдаг байлаа. Хий хоосон шүүмжилж сууснаас, хийж бүтээж, олон арван ажил санаачлан, хийж байгаа нь маш зөв хандлага гэж ахмад ажилтны хувьд дэмжиж байгаа юм. Нийслэлийн намын байгууллагын 98 жилийн ойн баярын мэндийг нийслэлийн иргэд, журмын нөхдөдөө, “Монголын үнэн” сонины уншигчдадаа хүргэж, сайн сайхныг хүсэн ерөөе.
-Ярилцлага өгсөн танд баярлалаа.
Н.Энхбат
Эх сурвалж: Монголын үнэн сонин №015/24546/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна