Х.Нямбаатар: Сонгинохайрхан дүүргийн МАН-ын хороо мерит зарчим баримталдаг


Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн МАН-ын хороо 2022 онд аймаг, дүүргийн МАН-ын хороодыг тэргүүлж, “ Жендэрийн мэдрэмжтэй” намын хороогоор шалгарлаа. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд, Сонгинохайрхан дүүргийн МАН-ын хорооны дарга Х.Нямбаатартай уулзаж ярилцлаа.  

 

-Таны тэргүүлдэг Сонгинохайрхан дүүргийн намын хороо өнгөрсөн онд МАН-ын “Жендэрийн мэдрэмжтэй” намын хороогоор шалгарсан. Энэ тодот­гол нь танай хамт олныг “Хүйсийн тэнц­вэр хангаж ажилладаг” гэсэн ойлголтыг шууд өгч байна. Намын хороо­ныхоо онцлогийг та хэрхэн дүгнэх вэ?

-Сонгинохайрхан дүүргийн МАН-ын хороо 16 мянга гаруй гишүүнтэй том байгууллага. Би дүүргийн МАН-ын хорооны даргаар томилогдоод анхны хуралдаан дээрээ л гишүүддээ хандаж “Эв нэгдлийг эрхэмлэнэ. Бид дүүрэг, орон нутгийн хөгжлийг түргэтгэх том зорилго, том үзэл санаан дээр нэгдэж байна” гэдгээ хэлсэн. 

Манай дүүргийн МАН-ын хороо бусад намын хорооноос ялгаатай. Орон нутаг, нийслэлийн ИТХ болон УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хүйсийн харьцаа арай өөр байдаг. Сонгинохайрхан дүүргийн намын хороо сүүлийн хоёр улс төрийн сонгуульд 100 хувь амжилттай оролцсон. Орон нутгийн сонгуульд эмэгтэйчүүд давамгайлж нэр дэвшээд ялсан. Манай хорооны орон нутгийн сонгуульд өрсөлддөг улстөрчдийн дийлэнх нь хорооны Засаг даргаар ажилладаг, өдөр бүр иргэдтэйгээ тулж ажилладаг бүсгүйчүүд байдаг. Нийслэлийн ИТХ-д ч манай эмэгтэй нэр дэвшигчид 100 хувийн амжилт үзүүлсэн. УИХ-ын сонгуулийн таван тойргийн хоёрт нэр дэвшсэн бүсгүйчүүд мөн ялж, УИХ-ын гишүүнээр сонгогдсон. Шат шатны сонгуульд ингэж өндөр ялалт байгуулсан шалтгаан бол нэгдүгээрт, намын хорооны эв нэгдэл. Нөгөө талаар жендэрийн тэгш оролцоог хангах зарчим. 

Улс төрийн нам бол өөрөө цэвэр үзэл санааны нэгдэл шүү дээ. Тиймээс манай намын хороо зөвхөн Сонгинохайрхан дүүрэгт ажиллаж, амьдардаг хүмүүсийг мерит зарчмаар дэвшүүлэн томилж, ажиллуулах ёстой гэдэг зарчим баримталдаг. Өөр дүүрэгт ажиллаж, амьдардаг хүн ирээд шууд Засаг дарга, ИТХ-ын даргаар томилогддог үзэгдэл манайд байхгүй. Энэ бол намын гишүүдийн эв нэгдлийг эвддэг асуудал. Манай Сонгинохайрхан дүүргийн намын хороо сүүлийн сонгуулиудад олон түмний итгэлийг 100 хувь авч чадсаныхаа хариуг иргэд, сонгогчдодоо барих, тэднийхээ амьдрах орчныг сайжруулах, бүтээн байгуулалт, тохижилт хийх, төрийн үйлчилгээг шуурхай хүргэх талд гол анхаарлаа хандуулдаг. Улирал болгон бид хамт олноороо томилогдсон албан тушаалтны ажлыг хэлэлцэж, сонгуулийн мөрийн хөтөлбөртэй уялдуулан хэлэлцээд явдаг. 

-Сүүлийн гурван жилийн тухайд асууя. Дүүргийн хэмжээнд иргэдийн амьдралд нөлөөлөхүйц ямархуу өөрчлөлт гарсан бол. Төвлөрлийг сааруулах асуудал болон боловсрол, эрүүл мэндийн хүртээмж зэргийг тодотгож асууя?

-БСШУЯ-наас явуулсан боловсролын хүртээмжийн судалгаагаар манай дүүрэг нийслэлийн төвийн зургаан дүүргийг тэргүүлсэн. Бид 2016 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөхдөө иргэд сонгогчдод хамгийн түрүүнд сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлнэ гэж амласан. Өнөөдөр цэцэрлэгийн хүртээмж 90 орчим хувьд хүрсэн. Үндсэндээ ээж, аав, эмээ, өвөө нь хардаг, тогтмол цэцэрлэгт өгдөггүй хүүхдүүдээс бусад нь цэцэрлэгт хамрагдсан гэсэн үг. Есдүгээр сарын 1 болоход хүүхэд цэцэрлэгт хамруулж өгнө үү гэдэг бичиг их ирдэг байсан бол одоо ирэхээ больсон. ЕБС-ийн тухайд манай дүүрэгт сүүлийн жилүүдэд 20 гаруй сургууль шинээр баригдаж, өргөтгөл хийгдлээ. Эрүүл мэндийн хүртээмжийн тухайд Сонгинохайрхан дүүрэгт гурван том эмнэлэг ашиглалтад орлоо. Нэг нь, улсдаа бараг жишиг болохуйц Сонгинохайрхан дүүргийн Нэгдсэн эмнэлэг, нөгөө нь “Цамбагарав” үйлчилгээний төвийн ойролцоох Эрүүл мэндийн нэгдлийн өргөтгөлийн есөн давхар барилга. Гурав дахь нь Баянхошуунд ашиглалтад орсон Ахмадын эмнэлэг. Одоо бид дөрөв дэх эмнэлгийг байгуулахаар газар, хөрөнгө оруулалтын асуудлыг хөөцөлдөөд явж байна. 

Мөн Сонгинохайрхан дүүргийн МАН-ын хорооны шат, шатны сонгуульд нэр дэвшигчдийн амласан нэг зүйл бол дүүргийн гэрэлтүүлэг. Манай дүүрэг Баянгол дүүрэгтэй хиллэдэг. Шөнийн цагт хоёр дүүрэг өдөр, шөнө шиг ялгаатай харагддаг байсан. Хамгийн сүүлийн тоон мэдээгээр Сонгинохайрхан дүүргийн 23 мянган гудамж гэрэлтүүлэгтэй болсон байна. Энд мэдээж хэрэг УИХ-д сонгогдсон нийт гишүүдийн хүчин чармайлт нөлөөлсөн. Австрийн Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийг гэрэлтүүлэг тавихад ашиглаж чадсан. Өнгөрсөн долоон жилд бид гэр хорооллын дундуур 68 км автозам тавьсан. Энэ бол чамлахааргүй үзүүлэлт. Энэ жил Сонгинохайрхан дүүрэгт хоёр том замын ажил эхэлж байна. Тухайлбал, нэгдүгээр хорооллын араар тавьж буй хоёр урсгалтай, зургаан эгнээтэй, автозам. Энэ зам нийслэлийн түгжрэлийг шийдэлцэж өгнө. Бараг Улаанбаатар хотод анх удаа тавигдаж байгаа автозам. Өнөөдөр газар чөлөөлөлт 90 гаруй хувьтай явж байна. Нөгөө нь нэгдүгээр хорооллыг урагшаа Яармагтай холбосон томоохон автозамын бүтээн байгуулалт. Ажил нь ид өрнөж байна.

-Цаашид хийхээр төлөвлөсөн ямар ажлууд байна вэ? 

-Боловсрол, эрүүл мэндийн хүртээмжийг нэмэгдүүллээ, одоо дүүргийн дараагийн хөгжлийг “чанар”-т чиглүүлэхийг зорьж байна. Өнгөрсөн жил бид Сонгинохайрхан дүүргийн Баянхошуунд Кэмбрижийн хөтөлбөртэй сургууль байгуулсан. Одоо бол төрөлжсөн сургууль байгуулахаар төлөвлөж байна. Ирэх есдүгээр сарын 1-нд Толгойтод Орос дөрөвдүгээр дунд сургууль нээлтээ хийнэ. Манай БСШУЯ ОХУ-ын Гэгээрлийн яамтай гэрээгээ байгуулсан. Москвагаас багш нар ирж есдүгээр сарын 1-нээс хичээлээ заах бэлтгэлээ хангаж байна. Одоогоор багш нарыг байршуулах ажил л жаахан хүндрэлтэй байна. Үүнээс гадна нэгдүгээр дунд сургуулийн математикийн сонгоны нэг ангийг Толгойтын 42 дугаар сургуульд байгуулна. Мөн нэгдүгээр хорооллын ЕБС-иудаас нэгийг нь сонгоод нэг, 11 дүгээр дунд сургууль шиг математикийн гүнзгийрүүлсэн сургалттай ЕБС байгуулахаар дүүрэг, орон нутгийн удирдлагуудтай хэлэлцэн, төлөвлөгөө гаргаад ажиллаж байна. Төрөлжсөн сургуулиуд байгуулагдахын хэрээр сургалтын чанар өсдөг болохыг хүн бүхэн мэдэх байх. Цаашдаа англи хэлний гүнзгийрүүлсэн сургалттай ЕБС, бүлэг байгуулах амбицтай байгаа. 

Эрүүл мэндийн хувьд ч бид том ахиц гаргасан. Дүүрэгт байгуулагдсан шинэ эмнэлгүүд маань олон төрлийн мэс ажилбар хийж, иргэддээ үйлчилж эхэлсэн. Манайх хотын төвөөс зайтай, захын дүүрэг учраас хүмүүс очиж ажиллахад хүндрэлтэй байдаг. Үүнийг даван туулахын тулд эмнэлгүүд нарийн мэргэжлийнхний цалинг нийтлэг цалингаас өндөр байлгах зарчим бариад ерөнхийдөө ажлаа жигдэлсэн. Ирэх долдугаар сарын 24-нд Сонгинохайрхан дүүргийн эмнэлэгт БНСУ-ын нарийн мэргэжлийн эмч нарын баг 1.4 тэрбум орчим төгрөгийн өртөг бүхий эм, эмнэлгийн хэрэгсэлтэй ирж долоо хоног ажиллах гэж байна. Энэ эмч нар Монголд хийх боломжгүй, зарим мэс ажилбарыг газар дээр нь хийж, иргэдэд үнэ төлбөргүй үйлчлэх юм. Манай эмч нарт ч туршлага судлах, чадвараа нэмэгдүүлэх боломж гарна гэж харж байгаа. 

-Сонгинохайрхан дүүргийн МАН-ын хороо хүний хөгжил рүү чиглэсэн, сонгогчдыг соён гэгээрүүлэх ажлыг хэр зэрэг хийдэг вэ?

-Мэдээж хэрэг хүний хөгжлийн асуудлыг анхаарах ёстой. Ирэх тавдугаар сард бид хороо бүрээс залуу гэр бүл, 4600 эхнэр, нөхрийг сонгон сургалт зохион байгуулна. Гэр бүл төлөвлөлт гэж юу юм. Өрхийн орлогоо хэрхэн зөв төлөвлөх вэ, хуримтлал хэрхэн үүсгэх вэ, хүүхдийн боловсролд хэрхэн, яаж анхаарах вэ, хувь хүний хөгжилд яаж анхаарах вэ гэсэн сургалтын загвар гаргасан. Эндээс үр дүн гарвал цаашид хүний хөгжлийн томоохон сургалтуудыг үргэлжлүүлнэ.

-Танай дүүрэг гэр хороолол ихтэй. Хамгийн тулгамдсан гэмээр, шийдэхэд хүндрэл дагуулж буй ямар асуудал байдаг бол?

-Гэр хороололд шийдэхэд маш хүнд асуудал бол хөрсний бохирдол. Өөрөөр хэлбэл нүхэн жорлон. Зарим айлын хашаа дахин жорлонгийн нүх ухах аргагүйд хүрсэн. Бид дүүргийн хэмжээнд 10 мянган айлын жорлонг эко болгох зорилт тавиад одоо 5000 гаруйг нь хийгээд явж байна. Гэр хорооллын жорлонг соруулдаг болгох, хөрсний бохирдлоос сэргийлэх, зарим гэр хороолол дунд дундын дэд бүтэц шийдэх ажлуудыг хийгээд явж байна. Манайд хийж буй хамгийн том бүтээн байгуулалтын нэг бол “Толгойт” дэд төв. Ерөнхийдөө “Сэлбэ”, “Баянхошуу” дэд төв шиг гэр хорооллыг орон сууцжуулах эрүүл мэнд, боловсролын асуудлыг шийдэх, ажлын байрыг нэмэх дэд бүтцийг шийдсэн цогц төсөл юм. Тавдугаар сард газар чөлөөлөх ажил хийх гэж байна. 

“Баянхошуу” дэд төвийг дагаад автозам тавигдаж, цэвэр, бохир, дулааны шугамууд очсон. Бид “Толгойт” дэд төвийг хоёр жилийн дотор яг ийм байдлаар бүтээн байгуулж дуусгахаар төлөвлөж байна. Энэ бол цаашдаа хувийн хэвшил, ААН-үүд иргэдтэй ойлголцоод орон сууц барих боломжийг л бэлдэж өгч буй төсөл. Орон сууцжуулалтын хувьд энэ онд Сонгинохайрхан дүүргийн Баянголын аманд Солонгосын хөнгөлөлттэй зээлээр 2048 айлын орон сууцны барилга угсралтын ажил эхэлнэ. Мөн 24 дүгээр хороо буюу Баруун салаанд НОСК 1000 айлын орон сууц эхлүүлсэн. Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд хуучин ашиглалтын шаардлага хангахаа больсон дан байруудыг нурааж 768 айлын орон сууцны хотхон барих ажил өрнөж байна. Дүүргийн Төв стадион, Цэнгэлдэх хүрээлэнгийн ажлын бэлтгэл, Толгойтын зам дагуу газар чөлөөлөлт дуусаж байна. Зургадугаар сарын 1-нд Хүүхэд залуучуудын театр нээлтээ хийнэ. Гэрлэх ёслолын өргөөтэй болсон. Толгойт хөгжлийн төвд Ахмадуудыг чийрэгжүүлэх, залуучууд спорт заалаар үйлчлүүлэх төв ашиглалтад орсон гээд бүхий л чиглэлийн ажил хийж байна.

Д.Отгоо

Эх сурвалж: Монголын үнэн сонин №015/24546/


0
angry
1
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ Улс тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль х… 21 цагийн өмнө
Монголоор дүүрэн малчинтай “Монгол философич” Өчигдөр
​ Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэхгүй Өчигдөр
Томуу, томуу төст өвчний оргил үе эхэллээ Өчигдөр
Үнэт бүтээлүүд өргөөндөө заларч, дахин “амиллаа” Өчигдөр
Ертөнцийн мисс жилийн 250 мянган ам.долларын цалинтай Өчигдөр
SDY Calling you... Өчигдөр
Нийслэлийн ИТХ-ын Зөвлөл, Хороодыг байгуулан, Засаг даргын мөрийн хөт… Өчигдөр
Т.Гантигмаа: Монголчууд брэнд бүтээлээрээ дэлхийд гарах боломжтой Өчигдөр
Хөгжлийг чөдөрлөх санаачилга Өчигдөр
“Хөх чононууд” Хятадын шигшээ багийг эх орондоо хүлээн авна Өчигдөр
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22