Я.Содбаатар: Сонгогчийн тоогоор төсвөөс санхүүжилт олгосноор улс төрийн намын тоо цөөрнө


Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатартай ярилцлаа.

-Монгол Улсын Ерөнхийлөг­чийн зүгээс Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн най­руулгын төслийг УИХ-д өргөн барилаа.  Энэ хуулийг шинэчлэх ямар үндэслэл, шаардлага байв гэдгээс ярилцлагаа эхэлье?

-Монгол Улс 1990 онд Үндсэн хуулийн нэмэлтийн тухай хуулиа  баталсан. Энэ үед Улс төрийн намын тухай хуулийг анх баталсан байдаг. Түүнээс 15 жилийн дараа буюу 2005 онд  одоогийн хүчин төгөлдөр мөрдөж буй Улс төрийн намын тухай хуулийг батлан гаргасан. Энэ хуулийг  18 жилийн дараа  парламентад дахин оруулж ирж байгаа нь энэ. Өнгөрсөн хугацаанд Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа өөрийн хуулийн зөвлөхөөр ахлуулсан Ажлын хэсэг гарган,  төсөл боловсруулж байсан. Тухайн үед УИХ-д оруулж ирсэн ч хэлэлцэх эсэхийг нь шийдэж чадаагүй, унасан. Дараа нь 2012-2016 онд АН засгийн эрх барьж байх үед  С.Баярцогт гишүүнээр ахлуулан, парламентад суудалтай намуудын төлөөллөөс бүрдсэн  Ажлын хэсэг гарч,  хуулийн төсөл боловсруулсан ч УИХ-ын босго даваагүй. Мөн 2017  онд С.Бямбацогт гишүүнээр ахлуулсан Ажлын хэсэг  байгуулж, Улс төрийн намын тухай хуулийг шинэчлэх асуудал яригдсан байдаг. Тухайн үед төслийн хэлбэрээр парламентад өргөн баригдаагүй  юм билээ. Үндсэндээ өнгөрсөн 18 жилийн хугацаанд Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн төслийг парламентад оруулж ирэхээр хэд хэдэн удаагийн оролдлого гарсан ч амжилтгүй болсон байдаг.

У.Хүрэлсүх Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдон гарч ирээд парламентад  суудалтай болон суудалгүй намуудын төлөөллийг хүлээн авч уулзаад “Улс төрийн намын тухай хуулиа шинэчлэх нь зүйтэй.  Улс төрийн намуудын төлөвшил, хөгжил нийгмийнхээ хөгжлөөс хоцорч байна. Тиймээс эрх зүйн орчныг нь боловсронгуй болгох ёстой” гэдэг байр сууриа илэрхийлсэн юм. Ингэхдээ улс төрийн намын удирдлагуудад “Улс төрийн намын тухай хуулиа шинэчлэх  асуудалд эхлээд өөрсдөө зарчмын  зөрүүгүй болох ёстой” гэдгийг тодотгосон. Тухайн үед улс төрийн намын  удирдлагуудын зүгээс 7-8 асуудалд зарчмын зөрүүтэй байсан. Тийм учраас  намуудыг зарчмын хувьд  зөрүүгүй болбол Монгол Улсын Ерөнхийлөгч улс төрийн  намаас хараат бус институтийн хувьд энэ хуулийг Үндсэн хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд УИХ-д өргөн барих бүрэн боломжтой гэдгээ илэрхийлсэн юм.  Үүний дагуу 2022 оны нэгдүгээр сард Ерөнхийлөгчийн 06 дугаар захирамж гарч, Тамгын газрын даргаар ахлуулсан Ажлын хэсгийг байгуулсан. Өнөөдөр парламентад суудалтай болон суудалгүй улс төрийн намын төлөөллөөс гадна Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, улс төр судлалаар тухайлан ажилладаг эрдэмтэн, судлаачдаас бүрдсэн томоохон Ажлын хэсэг гарч ажилласан. Дэд ажлын хэсгийн хүрээнд Монголд улс төр судлал болон эрх зүйн чиглэлээр голлон ажиллаж байгаа эрдэмтэн, докторууд ажилласан. Эндээс хэд хэдэн удаагийн хэлэлцүүлэг өрнүүлснээр эхний төслийг  өнгөрсөн оны тавдугаар сарын 4-нд  Улсын Дээд шүүхэд бүртгэлтэй 35 намаас санал авахаар хүргүүлсэн. Үүний дараа парламентад суудалтай ХҮН нам,  тухайн үед хоёр хуваагдаад байсан АН-ын хоёр тал болон парламентад суудалгүй намууд нэгдээд хэд хэдэн удаагийн хэлэлцүүлгийг зохион байгуулсан юм. Манай Тамгын  газраас ч олон улсын  бусад байгууллагатай хамтарсан хэлэлцүүлгийг нь зохион байгуулсан. Ингээд нийтдээ арав гаруй удаагийн  хэлэлцүүлгийг  зохион байгуулснаас гадна  Дээд шүүхэд бүртгэлтэй  улс төрийн  арав гаруй намаас бичгээр саналаа ирүүлсэн. АН-аас л гэхэд 50 гаруй хуудас санал ирүүлсэн байх жишээний. Парламентад суудалтай, суудалгүй намуудаас ирүүлсэн саналыг үндсэндээ хуулийн төсөлд тусгасан гэж ойлгож болно. Энэ хуулийн төсөл  долоон  бүлэг, 47 зүйлтэй. 

-Улс төрийн намуудыг төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэх заал­тыг ямар агуулгаар хуульд тус­гасан бэ. Тэдэнд  ингэж хуулийн хүрээнд дэмжлэг үзүүлэх нь эргээд ямар ач холбогдолтой вэ гэдэгт та ямар тайлбар өгөх вэ?

-Улс төрийн намуудыг төсвөөс санхүүжүүлж байгаа нь шинэ зүйл биш. 1990  оноос хойш улс төрийн намуудад улсын төсвөөс тодорхой хэмжээний санхүүгийн дэмжлэг үзүүлж ирсэн. Дэлхий нийтэд ч улс төрийн намуудаа улсын төсвөөс тодорхой хэмжээгээр дэмждэг жишигтэй. Тухайлбал,  улс төрийн намын санхүүжилт төсвийн санхүүжилтэд тулгуурладаг. Эргээд санхүүжилтээ дагаад улс төрийн намуудаа төрөөс хянадаг, хариуцлагажуулдаг нэг жишиг. Нөгөө  хувилбар нь илүү хувь хандивт түшиглэдэг. Үүнийгээ дагаад илүү нээлттэй байдаг. Гэхдээ сөрөг үр дагавар нь аль нэг мөнгөтэй бүлэглэлийн хараанд байх, захиалгад өртөх зэрэг сөрөг талтай байдаг. Энэ хоёр загвар хоёулаа л дэлхийд хөгжиж байна. Гэхдээ мэдээж сайн, муу хоёр талтайгаар шүү дээ. Манай улсын хувьд энэ хоёр  загварыг хоёуланг нь 1990 оноос хойш нээлттэй авч явсан.

Энэ удаад ч хувь иргэн болон аж ахуйн нэгжийн хандивын хязгаарлалтыг илүү нарийвчилсан. Товчхондоо, мөнгөтэй хүмүүс л улс төрд ордог, хандив нэрээр намуудад захиалга өгдөг байдлаас гаръя гэж байгаа юм. Сүүлдээ энэ байдал даамжраад нэг хүний,  намын, компанийн хүртэл нам байгуулагдаж байна шүү дээ. 

Гэтэл манайх шиг цөөн хүн амтай,  парламентын гишүүн цөөтэй, геополитикийн хувьд амаргүй орчинд байдаг улсад улс төр рүү мөнгө дагасан янз бүрийн хууль бус үйлдэл, шахалт   ирдэг. Тиймээс улс төр дэх мөнгөний хамаарлыг багасгах бодлогыг хуулийн хүрээнд баримталсан. Төсвийн дэмжлэгийн тухайд өнөөдрийн хүчин төгөлдөр мөрдөж буй хуулиар сүүлийн дөрвөн жилийн хугацаанд улс төрийн намд  төсвөөс ойролцоогоор 20 гаруй тэрбум төгрөгийн дэмжлэг үзүүлсэн байна. Түүнээс гадна аймаг, сумын ИТХ-д тодорхой хэмжээний мөнгөн дэмжлэг үзүүлдэг. Эдгээрийг нэгтгээд үзэхээр ийм дүн гарч байна. Энэ нь эргээд хуультай ч юм шиг, хуульгүй ч юм шиг байдлыг үүсгээд байдаг учраас бид хуульд нарийвчлан тусгасан. Улсын төсвөөс өгдөг санхүүжилтийг өгье. Гэхдээ одоогийнхоос илүү  ачаалал өгөхгүй буюу өөрчлөлт оруулахгүй гэсэн үг. Хамгийн гол нь санхүүжилтийн хэмжээг сонгогчдын саналтай уялдуулах нь зүйтэй гэж үзсэн. Зөвхөн парламентын сонгуульд авсан саналаар нь  санхүүгийн дэмжлэг үзүүлнэ. Сонгогчдоос дэмжлэг авахгүй, ард түмэнд таалахгүй бол ард түмний татварын мөнгө буюу төсвөөс дэмжлэг авахгүй л гэсэн үг. 


-Тэгэхээр хандивын хэм­жээнд ямар байдлаар өөрч­лөлт оруулсан бэ?

-Өнөөдрийн мөрдөж буй хуулиар улс төрийн намд хандив өгөх хязгаарлалт байхгүй. Сонгуулийн үеэр хуулийн этгээд 10 сая, хувь хүн 3-5 сая төгрөг. Сонгуулийн бус үед хязгаарлалт гэхээр заалт байдаггүй учраас хувь хүн болон хуулийн этгээдийн хандивын хэмжээг хатуу зааж өгсөн. Товчхондоо, жилд нэг удаа нийлбэр дүнгээр, эцсийн өмчлөгчөөр хандив өгдөг байхаар хуульд тусгасан. Ингэснээр аж ахуйн нэгжийн хувьд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 50 дахин үржүүлсэнтэй  тэнцэх хэмжээний  мөнгийг жилдээ нэг л удаа өгнө. Одоо бол эцсийн өмчлөгчөөр биш өөрийн охин компаниар, эсвэл хамаарал бүхий компаниараа дамжуулаад хуваагаад өгчихдөг. Одоогийн хуулийн өөрчлөлтөөр ийм боломжгүй болно. Хувь хүн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 12 дахин  үржүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу  зургаан сая гаруй төгрөгийг мөн л жилийн дүнгээр өгөх боломжтой. Ингэхдээ хүний өмнөөс өгч болохгүй. 

-Нийт сонгогчийн хоёроос дээш хувийн дэмжлэг авсан улс төрийн намд төсвөөс олгосон санхүүжилтийн ил тод байдал, зарцуулалтад хэрхэн хяналт тавих вэ?

-Төсвийн санхүүжилтийн зарцуулалт болон зориулалтыг хуульчилна. Өмнө нь хуульчилж өгөөгүй байсан.  Парламентын суудал, ИТХ-ын  төлөөлөгчийн тоогоор санхүүжилт олгоод орхидог байсан. Түүнийг хэрхэн зарцуулж байгаа тухайд аудитын шалгалт ордог байсан болохоос нарийвчлан зааж өгөөгүй буюу   задгай орхисон байлаа. Тиймээс  хуульд “Та төсвөөс авсан санхүүжилтийнхээ төчнөөн хувийг, ийм зүйлд зарцуулна шүү”  гэх зэргээр  нарийвчилсан. Тухайлбал,  төсвийн санхүү­жилтийн 15 хувийг хөгжлийн бодлого боловсруулан тодор­хойлоход, судалгаа хийхэд зарцуулна шүү.  Эсвэл 15 ху­вийг нь иргэдийн  улс төрийн боловсролыг дээшлүүлэхэд,   үнэт зүйл, үзэл баримтлалаа сурталчлахад зориулна.  Үлдсэн 15 хувиа улс төрд төлөөлөл нь бага эмэгтэйчүүдийн болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэгш эрхийг хангахад зарцуулна шүү  гэх мэтээр тухайлан зааж хуульчилж байгаа юм.  Ингээд жил бүр  төсвөөс санхүүжсэн улс төрийн намуудын  санхүүгийн тайланг аваад сонгуулийн төв байгууллага жил бүрийн дө­рөвдүгээр сард  парламентаар буюу ард түмэнд нээлттэйгээр хэлэлцүүлдэг болно.  Нэг ёсондоо аль нам, улсаас хэчнээн төгрөгийн санхүүжилт авсан бэ. Өөрсдөө хэчнээн төгрөгийн хандив босгов, энэ хөрөнгөө хэрхэн зарцуулсан бэ гэдгийг нээлттэйгээр мэ­дээлнэ. Түүнээс гадна энэ мөн­гөний зарцуулалтыг Шилэн дансны тухай хуулиар хянана. Тэгэхээр улс төрийн намуудын данс ил болно. Ингэхдээ  нэг данстай болохоос гадна  бүх орлого, зарлага бэлэн бус байх ёстой гэж хуульд тусгасан. Хэрвээ улс  төрийн намууд аливаа санхүүжилт,  хандивын зарцуулалтаа өөр дансаар эсвэл бэлнээр авсан байвал бүгдийг нь улсын орлого болгох,  торгох зэрэг арга хэмжээг авдаг болно. Энэ  удаагийн хуулийн нэг амин сүнс нь улс төрийн намуудын үйл ажиллагааг ил тод, нээлттэй болгох, хяналтыг сайжруулах тухайд шинэ орчин үүсгэж байна гэж ойлгож болно.

-Нийт сонгогчийн хоёроос дээш хувийн дэмжлэгээр  төсвөөс санхүүжилт авах  нам хэр олон байх бол. Өнөөдрийн нөхцөл байдлаас харахад хуу­лийн  шаардлага хангах бо­ломжтой хэчнээн нам байна вэ?

 -Энэ хуулийн амин сүнс нь улс төрийн намуудын хариуцлагыг дээшлүүлэх.  Улс төрийн нам  гэхэд хэцүү,  бодлогын институт болоогүй, бүр цүнхний нам ч байна. Нэг хүний халаасанд, тамга  тэмдэг төдий.  Гэсэн атлаа улс төрийн нам гэдэг нэрийн дор олон түмний өмнөөс ярьдаг, өөрийнхөө үзэл бодлыг тулгадаг, сонгууль дөхөхөөр амилдаг. Улс  төрийн янз бүрийн бохир үйл ажиллагаанд оролцдог байдал газар авсан.  Тэр бүү хэл, 30 жил хурлаа хийгээгүй нам ч байна. Хуулийг баталснаар энэ бүх  бохир зүйл  үгүй болно. Үүнийг дагаад улс төрийн намуудын тоо эрс цөөрнө. Нөгөө талаас ард түмний  дэмжлэг авахгүй бол улс төрийн нам үйл ажиллагаа явуулах боломжгүйд хүрнэ. Ерөөсөө улс төрийн нам  сайн дураараа эвлэлдэн нэгдсэн иргэдийн эрх ашгийг хамгаалахаас гадна төр барихад оролцдог институтийн хувьд хариуцлагатай байх ёстой л гэж байгаа юм. Хөгжлийн бодлогоороо уралддаг байх ёстой, санхүүжилтийн талаарх бүх мэдээлэл нээлттэй байх ёстой, дотоод ардчиллыг нь бэхжүүлэх зорилгоор тодорхой заалтуудыг оруулсан. Эдгээрийг мөрдөөд эхлэхээр төсвийн дэмжлэгийг өнөөдрийн 30 гаруй нам  бүгд авахгүй.  Сүүлийн  гурван удаа­гийн сонгуулийн дүнгээс харахад иргэдийн нэг хувийн дэмжлэгийг авсан нам гэхэд л 4-6 байх жишээтэй. 2012 онд гэхэд л дөрөвхөн субьект нэг хувийн  босго давсан. 2016 онд тав, 2020 онд  зургаан  субьект нэг хувийн босго давсан.   Хоёр хувийн босго давж байгаа нь дөрвөөс хэтрэхгүй. Тийм учраас улс төрийн олон нам төсвийн хөрөнгийг хуваагаад идэж уух мэтээр ойлгож болохгүй. Цаашид бид улс төрийн намуудыг хариуцлагатай болгож, төрөөс үзүүлж буй дэмжлэгийг тодорхой, ойлгомжтой  тайлбарладаг байх шаардлагыг л тавих юм.  Өмнө нь суудлын тоогоор төсвөөс дэмжлэг авдаг байсан бол  хуулийн өөрчлөлтөөр сонгогчийн тоогоор дэмжлэг олгох нь  байна шүү дээ.  Парламентад суудалгүй намд олгох дэмжлэгийн тухайд  төрөөс санхүүжилт болон шууд бус санхүүжилт олгохоор хуульчилсан.  Тодруулбал, сонгуулиар сонгогчийн нэг хувиас дээш санал авбал шууд бус төсвийн дэмжлэг авна. Улирал тутамд  МҮОНРТ-ээр намын хөтөлбөр,  үзэл баримтлалаа 30 минутын хугацаанд сурталчлах боломжтой. Төрийн болон төрийн өмчийн компанийн хурал, танхимын заалыг жилд нэг удаа үнэгүй ашиглах зэрэг дэмжлэг авахаар зааж өгсөн. Эцсийн дүндээ эдгээр дэмжлэгийн зорилго нь цаашид парламентад суудалтай нам болгон төлөвшүүлэхэд чиглэж байгаа юм.

-Улс төрийн намыг идэвхгүй байдалд шилжүүлэх заалтыг тусгасан байсан. Ямар тохиол­долд идэвхгүй гэж үзэх вэ. Идэвхгүй төлөвт шилжсэн намын гишүүд дэмжигчдийн сонгох, сонгогдох эрхийг хэрхэн хамгаалах вэ?

-Хуульд зааснаар гурван тохиолдолд улс төрийн намыг идэвхгүйд тооцно. Нэгдүгээрт, дүрэмдээ заасан хугацаанд хурлаа хийхийг шаардана. Энэ тухайд заасан хугацаандаа хурлаа хийж ирсэн ганцхан улс төрийн нам байгаа нь МАН. АН гэхэд л 8-9 жилээр Их хурлаа хийгээгүй байх жишээний. Тиймээс хугацаандаа хурлаа хийхийг эхлээд сануулна, нэг жилийн хугацаа олгоно. Хийхгүй бол тухайн намыг идэвхгүй байдалд шилжүүлнэ. Зөрчлөө арилгахгүй бол татан буулгана  гэж заасан. Улс төрийн намын тухай хуульд 2005 онд оруулсан өөрчлөлтөд хяналтын механизм, хариуцлага тооцох зэрэг заалт маш дутмаг. Гэтэл ийм хуулийг мөрдөөд даруй 20 жил болсон байна. Энэ удаагийн хуулиар аль болох маш тодорхой нарийвчлан зааж өгөх нь зүйтэй гэж үзсэн. Тухайлбал, санхүүгийн болон үйл ажиллагааны тайлангаа гаргаагүй бол идэвхгүй хэлбэрт шилжүүлнэ. Тухайн намын санхүүгийн тайланг парламентаар нээлттэй сонсоно.  Ингэснээр   олон нийтийн хяналтад оруулах нь байна. Үүнээс өөрөөр буюу хууль бусаар санхүүжилт авсан байвал  улсын орлого болгоод Зөрчлийн болон Эрүүгийн хуулиар хариуцлага тооцохоор зааж өгсөн. Нөгөөтэйгүүр Шилэн дансны тухай хуулийн дагуу намууд дансаа нээлттэй, ил тод болгоод, зарцуулалтаа тайлагнахгүй бол хариуцлага тооцдог болох юм.

-Улс төрийн намууд дүрмээ­рээ зохицуулах боломжтой зүйлийг заавал хуульд нарийвч­лах шаардлага  байсан уу. Жишээлбэл, намууд дэргэдээ Бодлогын судалгааны хү­рээ­лэнтэй байх эсэхийг  хууль­чилсан нь хэр зөв шийдэл вэ. Хэдийгээр улс төрийн на­муудыг хариуцлагажуулах нь зүй боловч эргээд хүний эрхийн, Үндсэн хуулийн зөрчил болохвий гэх болгоомжлолд та тайлбар өгнө үү?

-Энэ хуулиар улс төрийн намуудыг олон төрлийн хязгаар­лалтад оруулахаар тусгасан. Гэхдээ энэ нь эргээд улс төрийн намыг хариуцлагатай болгож, төлөвшүүлэхэд чиглэсэн алхам гэж ойлгох хэрэгтэй.  Ялангуяа парламентад суудалгүй улс төрийн намууд болон АН-ын зүгээс намын дотоод ардчилалтай холбоотой болон  бүтцийн талаар хуульчилж өгөөч гэдэг саналыг хүртэл гаргасан.  АН-аас л гэхэд төлөөллийн  болон гүйцэтгэх, хяналтын  байгууллагын нэршлийг хүртэл хуульчлах саналыг гаргасан. Тухайлбал, МАН гүйцэтгэх төв байгууллагаа Удирдах зөвлөл гэж нэрлэдэг бол АН Гүйцэтгэх хороо гэж нэрлэдэг. Гэтэл яг үүн шиг нэршлийг нь зааж өгөөч гэдэг саналтай байсан. Энэ бол харин намын асуудал руу хэт хутгалдсан болно гэж үзсэн учраас Гүйцэтгэх, Удирдах, Хяналтын байгууллагатай байхаар хуульд  зааж өг­сөн. Улс төрийн шинжлэх ухааны  дагуу улс төрийн намд байх ёстой бүтцээр ажилладаг нам одоогийн Дээд шүүхэд бүртгэлтэй 35 нам дотор хуруу дарам. Төлөөллийн төв байгууллага гэж байхгүй. Тэр бүү хэл, Хяналтын байгууллагадаа эхнэрээ тавьчихсан, өөрөө дарга нь, хадам аавыгаа Ахмадын холбооны  даргаар томилсон нам ч бий. Хүн төрөлхтөн улс төрийн намаар дамжуулж л төлөөллийн ардчиллыг хэрэгжүүлж байна. Тийм  л учраас улс  төрийн нам хариуцлагатай байх ёстой гэж үзээд байгаа юм.  Тулга тойрсон хэрүүл хийдэг биш бодлогоороо, үнэт зүйл, үзэл баримтлалаараа өрсөлддөг болсон цагт Монголын улс төр зөв болно.  Одоогийн хуулийн өөрчлөлтөд тэр чигтээ энэ агуулгад зангидаж байгаа юм. Энэ хууль хэрэг­жиж эхэлснээс хойш хоёр парламентын дараа гэхэд Монголд  маш цөөн улс төрийн хүчин үлдэнэ.

Гэхдээ  иргэдийн эвлэлдэн нэгдэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх нээлттэй учраас улс төрийн намыг байгуулах тухайд одоогийнхос ч хялбар байхаар хуульд тусгасан. Харин байгуулсны дараах хариуцлагатай хүчин байх  заалтыг л нэлээд хатуу зааж өгсөн. Энэ удаагийн хуулийн нэг томоохон дэвшил нь улс төрийн намуудыг бодлогын институт болгон төлөвшүүлэхэд оршиж байгаа юм. Энэ агуулгаар намууд дэргэдээ бодлогын судалгааны хүрээлэнтэй, сантай байх. Түүгээрээ дамжуулан  хөгж­лийн бодлгого, санал санаа­чилга гаргадаг байх ёстой. Эргээд энэ  бодлогоороо уралддаг байх үүднээс уг заалтыг оруулсан. Эргээд санхүүжилтийнхээ тодорхой хувийг энэ чиглэлд буюу Бодлогын судалгааны хүрээлэн, Бодлогын сандаа зарцуулаагүй бол санхүүгийн хариуцлага хүлээдэг болно.  Улс төрийн нам үйл ажиллагаа явуулж л байгаа бол  заавал бодлого боловсруулж, хөтөлбөр дэв­шүүлдэг, төсвөөс авч буй санхүүжилтийнхээ тодорхой хувийг түүндээ зарцуулдаг байхаар хуульчилсан. Ерөөсөө  цаашдаа Монголын улс төрийн орчныг зөв болгоход энэ хуулийн төслийн гол агуулга оршиж байгаа юм.

М.Өнөржаргал

Эх сурвалж: Монголын үнэн сонин №015/24546/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ Улс тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль х… 21 цагийн өмнө
Монголоор дүүрэн малчинтай “Монгол философич” Өчигдөр
​ Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэхгүй Өчигдөр
Томуу, томуу төст өвчний оргил үе эхэллээ Өчигдөр
Үнэт бүтээлүүд өргөөндөө заларч, дахин “амиллаа” Өчигдөр
Ертөнцийн мисс жилийн 250 мянган ам.долларын цалинтай Өчигдөр
SDY Calling you... Өчигдөр
Нийслэлийн ИТХ-ын Зөвлөл, Хороодыг байгуулан, Засаг даргын мөрийн хөт… Өчигдөр
Т.Гантигмаа: Монголчууд брэнд бүтээлээрээ дэлхийд гарах боломжтой Өчигдөр
Хөгжлийг чөдөрлөх санаачилга Өчигдөр
“Хөх чононууд” Хятадын шигшээ багийг эх орондоо хүлээн авна Өчигдөр
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22