Зоригт Увш ханы “Алагдаж болно, ялагдаж эс болох" хэмээн андгайлан, Монголын зүг хөдөлсөн торгууд түмний их нүүдэл өнөө ч түүхийн шаргал хуудаснаа алдаа, онооны дэнсэн дээгүүр хөвөрнө.
Өндөр өндөр ууландаа
Өнгийн будан татна
Өсөж төрсөн торгууд нутаг
минь
Өндөө мөндөл санагдана
даа хө
гэх дуун торгууд түмний нутгаа санах сэтгэл, тэмүүлэх хүслийн дээд илрэл билээ. Ерөөс торгуудын түүх их нүүдлийн шаргал тоосонд бичигдсэн мэт.
Вангийн торгууд нь Манжийн захиргааны үед “Вангийн чуулган тамгатай” таван суманд хуваагдан одоогийн Ховд аймгийн Булган суманд нутаглаж, чуулганыг Вангийн торгуудын найм дахь үеийн жүн ван Мишигдорж захирч байв. Харин Ардын хувьсгал ялахаас өмнө вангийн суманг Намжаа ван, Бээсийн суманг Магсар бээл, Тайжийн суманг Өлзий тайж, Хошууд засгийг Аюурсид нар тус тус захирч байсан гэдэг. Ардын хувьсгалын эхэн үед Намжаа ноён захирч байсан гурван сумын /ван , авж, багш/ ард иргэдийг дагуулан дүрвэж одоогийн БНХАУ-ын нутаг Өргөн хоо, Шоолонхүү, Саньтай, Жимсайр, Даачаан зэрэг газарт нутаглаж байлаа. Тэд Монголын Засгийн газраас явуулсан бодлогыг дагаж Булган нутагтаа эргэн ирж суурьшсан гэдэг. Торгууд түмний их нүүдлийн тоосон дунд тасарч унасан хуудас Мишигдорж вангийн отгон хөвгүүн Ёнгрундорж тайжийн ганц охин Ж.Лхамжав гүнжийн тухай, түүний амьдралын сонин содон түүхийг өгүүлэхүйн учир томоос том өмнөтгөл бичсэн нь энэ бүлгээ. Өдгөө 83 насыг зооглоод буй Ж.Лхамжав гуай Улаанбаатар хотноо бие тэнхлүүн, ухаан сийрэг, насаараа хөдөлмөрлөж ирсэн салбартаа ажиллаж, амьдарч байна.
Ёнгуу (Ёнгрундорж) тайжийн ганц охин түүнийг гурван настай байхад буюу 1944 оны мичин жил вангийн торгуудууд нутагтаа иржээ. Энэ тухай Ж.Лхамжав гуай дурсахдаа “Намайг гунтай(гуравтай) байсан гэдэг боловч би юу ч санадаггүй юм. Хойноос хасагууд хөөгөөд буу, шийдэм болж байсан тухай ярьдаг. Өргөсөн аавын ээж, миний ээж бид хоёрт данхтай бор цай, гамбир өгч байгаа бүдэг бадагхан дурсамж байдаг. Бид хоёр хасагуудаас нуугдаж байсан юм уу, тэр үеийн төр засгаас нууж байсан уу сайн мэддэггүй” хэмээлээ. Ёнгуу тайжийн тухай ээж нь “Манайх Саньтайд нутаглаж байхад чиний төрсөн эцэг Ёнгуу тайжийг цайллагад урьсан юм. Тайж дурамжхан байхыг хараад, “дургүй бол яваад яах юм бэ” гэтэл “очихгүй байсан ч ялгаагүй дээ” гэж хариулж билээ” гэж нэгэнтээ дурсжээ. Угаас Мишигдорж вангийн Сайхан ааг, Тайван ааг хатдаас төрсөн дөрвөн хөвүүн ойр, ойрхон хорлогдож үхсэн тухай торгуудын түүхийг судалсан доктор На.Сүхбаатар багш бичсэн байдаг. Түүхчийн бичсэнээс Мишигдорж ван хэдэн хатан, хүүхэдтэй байсан тухай дэлгэрэнгүй дурдсан зүйл би олж уншсангүй. Вангийн хүүхдийн тооны талаарх хувилбарууд зөрүүтэй. Ж.Лхамжав гуайн ярьснаар хоёр хатан тус бүр гурван хүү нэг охин төрүүлжээ. Энэ түүх миний сонирхлыг татсан учир зарим ном судрыг сөхөн лавшруулан үзлээ.
Гэтэл зарим сурвалжид дөрвөн хүү нэг охин төрүүлсэн зэргээр зөрүүтэй бичсэн байх. Ямартай ч монгол нутагтаа амьдарч буй торгуудын ганц гүнж (Гадаадад Лхамжав гуайн хэлснээр торгууд ясны гурван гүнж амьд сэрүүн байна) маань уугуул нутгаа зорьсон сүүлчийн нүүдлийн талаар иймэрхүү бүдэг бадагхан дурсамжтай аж. Арга ч үгүй биз, гуравхан настай байсан шүү дээ. 1944 оны бичин жил, дэлхийн хоёрдугаар дайны хар сүүдэр монгол орныг чангахан ширвэсэн нь лавтай. Лхамжав гуайн дурсамжийг сонсох зуур аавын минь ярьсан зүйлс бодогдож байлаа. Ард түмний амьдрал ч хүнд, идэх хоол өмсөх хувцас ч бэрхдүүхэн олддог байсан тухай аав минь хуучилдаг сан. Миний аав Алтай нутгийнх. Тэр зүгийнхэн адилхан л байсан болов уу гэж бодохоор өнчрөн үлдсэн ээж, охин хоёрыг өрөвдөх сэтгэл эрхгүй төрнө.
Ёнгуу тайжийн эцэг Мишигдорж ван тун чиг дэвшилтэт үзэлтэй хүн байсныг ном судраас уншихад илэрхий. Вангийн торгуудын ноён оюун билиг, мэдлэг ухаан төгс байхаас аргагүй биз ээ. Тэр харьяат ардынхаа хүүхдүүдээс шилэн сонгож тод, уйгаржин бичиг заах, залуучуудаар алим, жимс тариулж, цэцэрлэг үүсгэх, хурд сайтай жороо морьдын үүлдэр удмыг сайжруулах тэр ч бүү хэл хулан, тахийг гаршуулан үржүүлж байжээ. Төрийн шагналт, Ардын жүжигчин, эрдэмтэн зохиолч Э.Оюун Мишигдорж ванг XIX зууны эцэс XX зууны эхэн үед "Агсал Хулай баатар” дуулалт жүжгийн сургуультай байсан тухай судлан тэмдэглэсэн байдаг.
Урлаг судлаачид “Ховдын хязгаарт Мичин ван хэмээх Мижиддоржийн биелгээ бүжгийн сургууль, дуут бий биелгээ, жүжиглэсэн тоглолтууд нь театр урлагийн төрөл хэлбэрүүдийг агуулсан, хөгжим, дуу бүжиг, уран хэллэг, тайз, хувцас зэрэг бүхий л төрөл багтсан байдаг” гэж үздэг. Тухайн он цагт үнэхээр дэвшилт үзэлтэй язгууртан байжээ.
Торгуудын алдарт бийч М.Пүрэвжал, өөрийн хүү Жавын дуулж, биелэх унаган авьяасыг мэдэрч вангийн сургуульд арав орчим настай байхад нь оруулж, уран бичээч, гайхам бийч, дууч, туульч Дашийн шавь болгожээ. Чухам энэ үеэс л бяцхан хүүгийн авьяас задарч, ноёны бийчээр тодрон өргөмжлүүлж энд тэнд залагдан биелж, дуулж, хуурдах болсон гэдэг. Энэ бүхнийг өгүүлэхийн учир хожим П.Жав манай нийтлэлийн гол баатар Ж.Лхамжав гуайн ээжтэй дэр нэгтгэн охиныг өсгөж, хүмүүжүүлжээ. Хувь заяаны бэлэг гэлтэй. Лхамжав гуай дөрөвдүгээр ангид орох хүртлээ язгууртан удамтайгаа мэдээгүй явжээ. Хэдийгээр 1930-аад оны их хэлмэгдүүлэлт өнгөрөн холдсон ч нийгмийн тогтолцоо нь язгууртан угсааг таашаадаггүй учир эхнэр, охиныхоо гарлыг нуух гэж П.Жав гуай хэрэндээ л зүдэрсэн нь лавтай.
Давхар давхар ууландаа
Дангийн будан татна
Далай их торгууд нутаг минь
Дандаа манд л санагдана
даа хөө
Өдгөө 83 насыг зооглоод буй Ж.Лхамжав буурайтай ярилцаж суух нь ээ, мөнөөхөн торгууд түмний их нүүдлийн тоосонд дунд, түүхийн судраас гээгдэж хоцорсон ганц хуудас мэт сэтгэгдэл эрхгүй төрнө. Нутгаа зорьсон нүүдлийн үед гуравхан настай байсан торгууд гүнж тухайн үеийн нийгмийн чиг зорилтын хүчит механизмд ёстой л тархиа угаалгаж өссөнийг нь түүний хөгжилтэй мэт боловч гуниг, харамсал шингэсэн дурсамж ярианууд илтгэнэ. Одоо эргээд санахад нь хүмүүс түүний язгуур, гарлын тухай хэлэх гэсэн оролдлогуудыг аав нь тас цохидог байжээ хэмээн бодож суудгаа Лхамжав гуай нуусангүй.
Гүнжийг дөрөвдүгээр ангид байхад ангийнх нь дүрсгүй хүү олон хүүхдийн нүдэн дээр “Танай ээжийг ноёны эхнэр гэж манай ээж хэлсэн” гэж зарласан нь насан туршийн айдас болсныг хууч яриа нь илэрхийлнэ. Дүрсгүй хүүгийн үг, охины сэтгэлд хүндээр тусаж “Ноён бол феодал, нийгмийн дайсан гэсэн үг. Хэрвээ үнэн бол одоо яана. Манай ээж феодалын эхнэр гэж үү, тэгвэл аав минь юу болж таарах билээ” гэдэг түмэн янзын бодол, эргэлзээ тээсээр харьж, аавдаа алтан хошуу өргөв. Аав нь гайхсан царай гарган их л том харснаа “Хэн тэгж байна” гэхэд бяцхан охин “Манай ангийн нусгай Хөхөө тэгж байна” гэв. “Аан, Долгорсүрэн гэр орондоо дэмий юм ярьжээ. Аав нь Хөхөөгийн ээжтэй уулзана” гээд чимээгүй болов. П.Жав суманд хариуцлагатай алба хашдаг учир ямар нэгэн арга хэмжээ авах байх. Гэхдээ олон хүүхдийн нүдэнд ил, чихэнд ойр сонсогдохоор хэлсэн учир “охиныг минь шоолохгүй байгаа” гэж боджээ. Гэтэл ангийнхан нь юу ч сонсоогүй мэт нам гүм. Угаасаа мэддэгсэн үү, эсвэл нусгай Хөхөөгийн үгэнд итгээгүйнх үү бүү мэд. Эл ярианаас Булган сумынхан Ж.Лхамжав гуайг вангийн ач охин болохыг мэддэг байжээ гэдэг бодол төрж суув.
Лхамжав гуайн сэтгэлд багадаа сонссон язгуур угсааных нь тухай хэсэг бусаг яриа хадгалагдан үлджээ. Өсгөсөн өвөө М.Пүрэвжал бий биелэхээс гадна тун чиг гарын дүй, сэтгэлийн уртай нэгэн байв. Ач охиноо дэргэдээ суулгаад модон авдар, сандлаас эхлээд янз бүрийн эдлэл, урлангаа ярилцах дуртай байж. Нэгэн удаа авдар хээлж суухдаа нүдний шилээ аван, домботой цайнаас аягалаад, сахлаа имрэнгээ ач охиноо нухацтай хараад “Өвгөн ноёныхоо хишгийг бишгүй л хүртэж өдий хэр мөр бүтэн, гэдэс цатгалан явна даа” гэв.
Өвөөгөө ингэж хэлэхэд нь “Намын гишүүн хүн, феодал ноёны тухай ярьж болдог л юм байх даа” хэмээн шоолонгуй бодож, жуумалзан зогсжээ. Тухайн үед өвөө дотроо “Энэ хүүхэд угсаа гарлынхаа талаар мэдэж байгаа болов уу” гэж түншиж суужээ гэж хожмоо л бодсон гэдэг. Лхамжав гуай үргэлжлүүлэн “Миний том нагац нэг удаа жаахан халамцуу манайхаар ирлээ. Аав минь хэдэн төгрөгийн өглөгтэй байсан юмдаг. Би мод үүрээд дөнгөж орж иртэл том нагац аавыг маань жаахан доромж үгээр хэлэхийг сонсоод өмөөрч, үүрч ирсэн бургаснаасаа сугалж аваад шавхуурдаж орхив. Гэтэл нагац маань “Чи төрсөн нагацаа шавхуурддаг нь яаж байгаа юм. Жав чиний төрсөн эцэг биш” гэж загнадаг юм байна. Аав уурлаад “Согтуурхах мөрөөрөө согтуурсангүй, миний хүүхдийг юу гэж байгаа юм” гэтэл нагац гэмшсэн бололтой мордоод давхичихсан. Явсаных нь дараа аав минь уйлаад “Миний охин согтуу хүний үгэнд итгэх хэрэггүй. Чи миний л хүүхэд гээд тэврээд үнсэж билээ” хэмээн олон жилийн тэртээх хүүхэд насны явдлаа нэхэн дурслаа. Ж.Лхамжав гуай 1958 онд Ховд аймгийн Булган сумын долоон жилийн сургуулийг дүүргээд, Багшийн сургуулийн томилолт өвөртлөн Улаанбаатар хотын зүг амьдралын жолоо сунгав.
Нийслэлд ирээд сургуульдаа бүртгүүлж, аж ахуй яваад иртэл түүнийг цэцэрлэгийн багшийн сургуульд хуваарилжээ. Энэ тухайгаа “Ховд аймгийн намын хороонд байсан Дүрвээ гуайг хот руу шилжихэд нь гэр ачсан машины тэвшин дээр Дүрвээ гуайтай цуг ирсэн юм. Хотод таних мэдэх айлгүй учраас тэднийд сууж байлаа. Тэгээд “Аж ахуйгаас иртэл Багшийн сургуулийг цэцэрлэгийн багшийн сургуулиар сольчихож, цэцэрлэг гэж юу байдгийг мэдэхгүй. Нутгийн хүн таараад санхүүгийн сургуульд оруулж өгье гэх юм” гэтэл Дүрвээ гуай “Адилхан л багш. Чи багшийн сургуульд орно гэж ирсэн багшийн сургууль л байна. Байшин хэр бат бөх байх нь сууринаасаа шалтгаалдаг. Цэцэрлэгийн багш хүүхдийг хүн болох суурийг тавьдаг буянтай ажил. Хуваарилсан сургуульд нь ор” гэснээр миний ажил амьдралын суурь тавигдсан юм даа” гэж Ж.Лхамжав гуай хуучилж сууна. Тэрбээр боловсролын байгууллагад 1962-1992 онд 30 жил ажилласнаас 15 жилийг нь цэцэрлэгийн эрхлэгчийн алба хашжээ. Өдгөө гавьяаны амралтаа авсан ч зөвлөх багш, цэцэрлэгийн боловсролын удирдах ажилтны холбоонд ажиллаж байна. Боловсролын системд 61 жил ажиллаж буйгаараа бахархан ярих дуртай. Одоо гэрийнхээ ойролцоо “Элбэрэлт ээж” хувийн цэцэрлэг ажиллуулж дүүргийнхээ 60 хүүхдийг үнэ төлбөргүй сурган хүмүүжүүлж байна.
Лопантен “Хүн хувь заяаныхаа замыг олох гэж л хувь заяаныхаа замаас гардаг” гэж хэлсэн байдаг. Энэ үгийг жишээлэхийн учир нь эртний хаадын өргөөнд язгууртнуудын хүүхдийн боловсролд гүнж, хатдын оролцоо их байсныг сурвалж, түүхэнд онцлон дурддаг. Ингээд бодохоор Ж.Лхамжав гуайн хувь тавилан замаасаа нэг их гажаагүй юм байна. Шинжаан-Уйгарын Өөртөө засах орны нутагт амьдарч буй Мишигдорж вангийн удмын нэгэн гүнжид Бээжингийн Засгийн газар жил бүр 1500 юанийн тэтгэмж олгодог тухай уншиж байснаа гэнэт саналаа.
Ж.Лхамжав гүнжийн дээд өвөг торгуудын тайш Шэйрэн XVIII зууны дунд үед Манжийн цэрэг Зүүнгарын хаант улсыг байлдан эзлэхэд албат иргэдээ дагуулан Ижил мөрөн рүү зугтан очжээ. Тэнд 10 гаруй жил суусан байдаг. Гэвч хаант Оросын бодлого тэсвэрлэшгүйд хүрсэн тул 1771 онд торгуудын ноён Увш, Шэйрэн нар албат иргэдээ авч Алтайг тэмцэн эргэжээ. Орос, Хасаг, Хиргисийн морьт цэргийн хориглолт, дайралттай удаа дараа таарч чөмөг царцам байгалийн хүйтэн, гал ноцом халуунд өндөр уул, усгүй цөлийг үл ажран найман сарын туршид 6000 гаруй км газрыг туулсан аж. “Ийм хүний үр хойчис амьд сэрүүн байгаа нь түүхийн сургамж, хүн чанарын нэхүүл болох ба торгууд түмний хувьд том аз завшаан юм” гэж түүхийн ухааны доктор На.Сүхбаатар багшийн хэлсэн үгээр нийтлэлээ жаргаая. Эцэст нь хэлэхэд “Ноёнтой бол нутагтай” гэх хэлц үгийг торгууд түмэн эргэн санахад илүүдэх юун.
Давхар давхар ууландаа
Дангийн будан татна
Далай их торгууд нутаг минь
Дандаа манд л санагдана
даа хө
Хар хээр морь нь
Хазаар даран тэмүүлнээ
Ханагар их торгууд нутаг минь
Хавар намартаа санагдана
даа хө
Трамп Төмөрөө
Эх сурвалж: Монголын үнэн сонин №015/24546/
Сэтгэгдэл (1)