Монгол Улсын Их хурлын дарга Г.Занданшатар манай сонинд дэлгэрэнгүй ярилцлага өглөө.
-Ойрын өдрүүдэд УИХ Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Төрийн алба ямагт нийгмийн анхаарлын төвд байдаг. УИХ, Засгийн газраас гарч байгаа хууль тогтоомж, түүний хэрэгжилтийг хангаж ажилладаг учраас нийгмийн шүүмжлэлд өртөх нь их. Авлига, хүнд суртал, дарамт гэх мэт яригдахгүй сэдэв ч байдаггүй. Хуулийг хэлэлцэх бодит нөхцөл, шалтгаан юу байсан гэж бодож байна вэ?
-Монгол Улсын нийт хүн амын долоо хүрэхгүй буюу 6.68 хувь нь төрийн албан хаагчид байдаг. Төрийн алба, тэнд ажиллагсад нийтийн анхаарлын төвд байдаг нь үнэн. Угаасаа хуулиар үйл ажиллагаа нь ил тод, нээлттэй, ёс зүйтэй, хариуцлагатай, хөнгөн шуурхай байх ёстой. Энэ зарчмыг сахиж мөрдөх хүрээнд асуудлууд гардаг. Хууль батлах шаардлагын тухайд гэвэл Ази, дорно дахины ард түмний төрт ёсны үзэл хандлага Англи-Саксоны, Ром-Германы буюу эх газрын эрх зүйгээс өөр. Тэр тусмаа, монголчуудад. “Төрийн минь сүлд өршөө” гэж сүүгээ өргөдөг ард түмэн биднээс өөр байхгүй байх. Энэ бол залбирал, бишрэл гэхээс илүүтэй итгэл найдвар юм. “Төр төвшин байвал түмэн олон амгалан байна” гэдэг философиос үүдэлтэй үг. Ер нь төр, ард түмний хэлхээ холбоо, төрдөө хандах хандлагын илэрхийлэл болсон маш олон хэлц үг монгол хэлэнд байдаг. Энэ бол нэн өвөрмөц, бас зайлшгүй бодож тунгаах учиртай соёл, хандлага, ухаан юм.
Харамсалтай нь, 1990-ээд онд хуучин нийгмийн тогтолцоо задрахтай зэрэгцээд ёс зүйн хэм хэмжээ төр, нийгмийн харилцаанаас эхлээд гэр бүл, хүмүүс хоорондын хүртэлх бүх түвшинд задарсан. Өмнөх үеийн бүхнийг үгүйсгэх үгүйсгэл буюу хэт туйлшрах үзэгдэл цөөнгүй алдаанд хүргэсний нэг нь энэ. Хүний эрх нэрийн дор юуг ч, яаж ч болно гэсэн буруу ойлголт газар авсан.
Уг нь давж болохгүй “улаан шугам” гэж нэг юм байдаг даа. Улаан будгаар хаа нэгтээ зураад, тэмдэглэчихдэг гэсэн үг биш л дээ. Үүнээс цааш давж гишгэж болохгүй шүү гэсэн хатуу итгэл үнэмшил, ойлголт, хандлага нь ёс зүйн бичигдээгүй хэм хэмжээг бий болгож байж.
Монгол хүний эрхэмлэдэг хүн чанар, ёс жудаг, улмаар төрт ёсоо дээдлэх, хууль дүрмийг дагаж мөрдөх нэг ёсны зан заншлын ёс зүй чухамхүү тэнд тогтож, бэхжиж байсан гэж хэлж болно. Энэ хэм хэмжээ алдарсан нь олон алдаанд хүргэсний нэг нь төрийн албан хаагчдын ёс зүй, сахилга хариуцлага суларсан явдал юм. Үүний улмаас монголчуудын төрдөө итгэх итгэл алдагдсаар байгаа.
-Тэгэхээр төрийн чадавх суларч, төрдөө итгэх иргэдийн итгэл алдарсны буруутан хэн бэ гэсэн асуулт гарч таарна аа даа?
-Монгол ёсонд нүгэл гэсэн нэг ойлголт байдаг даа. Голын усанд бохир оруулбал нүгэл, ургаа модны мөчир хугалбал нүгэл, бусдын юмыг хэлэхгүй авбал нүгэл, хүн хуурч, худлаа хэлбэл нүгэл гэх мэт. Бүр “Нүгэл нүдээрээ гарна” гэсэн айхавтар хэлц ч бий. Энэ бүхэн бол ёсыг зөрчиж болохгүй гэсэн зан заншлын хууль юм. Мөн бусадтай мэндлэхээс эхлээд ах захаа хүндлэх, төрийн ёсоо дээдлэх, хууль дүрмийг дагах хүртэл олон чухал ёс бидэнд байсан. Энэ ёс бол зан заншлын түвшинд очсон хууль гэж хэлж болно.
Яг үүн шиг хуулийг ёс болгож, монголчуудын үнэт өв болсон ёсыг сэргээх хэрэгтэй байгаа юм. Хууль нь ёс болж тогтсон цагт ардчилал, төрт ёс бэхэжнэ. Ёс зүйтэй, шударга төр оршин байгаа цагт хууль гаргахгүй байсан ч ард иргэд төрөө, төрийн ёсоо дагана гэсэн үг бас бий. Төр түшмэдийнхээ чадвар, ёс зүй дээр оршин тогтноно гэсэн өөр нэг философи бол дорнынх. “Хан төрийн долоон эрдэнэ” гэсэн ойлголт байдгийг та мэдэх байх. Тэдгээрийн нэг нь түшмэл эрдэнэ байдаг шүү дээ. Сайн түшээд бол шударга, иргэндээ ээлтэй төр оршихуйн бат багана нь юм.
Төр хэрвээ сул байгаа бол түшмэдээсээ л болсон гэсэн үг. Ёс зүйгүй түшээдтэй бол мянган хууль гаргасан ч ард нийт түүнийг дагаж мөрдөхгүй. Ёс зүй бол хуулийн амин сүнс, хууль хэрэгжихийн баталгаа юм. Ер нь хамгийн энгийнээр хэлэхэд ёс зүйтэй хүн хэзээ ч хууль зөрчихгүй ээ. Тийм ч учраас төрийн албан хаагчдын ёс зүй, сахилга хариуцлагын асуудлыг хуульчлах шаардлага гарсан. Энэ бол төрийн түшээд, төрд алба хаагчдыг нүд үзүүрлэж, буланд шахаж байгаа хэрэг биш. Төрд нэгэнт бий болсон буруу хазгайг засъя, ёс зүйтэй, мэдлэг чадвартай албан хаагчдаа дэмжье, төрд дархлаа тогтооё гэсэн үзэл баримтлал юм. Төрдөө итгэх иргэдийн итгэлийг эгүүлэн олж авахгүй бол Монгол төрийн оршихуйн дархлаа алдрах эрсдэлтэй.
-Төрийн албан хаагчийн нэр хүнд маш муу байгаа. Цүнх баригчид төрийн албанд очдог, ах дүүс, хамаатан садан төрийн албыг дүүргэсэн гэх мэт. Тэгвэл хуультай болсноор энэ нөхцөл байдал өөрчлөгдөнө гэж та үзэж байна уу?
-Монгол төрийн албан хаагчдын олонх нь ажил албандаа эзэн болж, олныхоо хүндэтгэлийг хүлээж, туршлага чадвар, эрдэм мэдлэгээрээ хүлээн зөвшөөрөгдөж байгаа. Цөөн, зарим хүнээс болж төрийн, төрийн албан хаагчдын нэр хүнд унадаг. “Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино” гэсэн үг бий.
Нэг хүний буруу үйлдэл, хууль зөрчсөн үйл ажиллагаа нийт төрийн албыг муухай харагдуулдаг. Тиймээс ялангуяа төрийн өндөр алба хашигчид, удирдах албан тушаалтнуудын ёс зүй, сахилга хариуцлагад онцгой анхаарал хандуулахаас өөр аргагүй. Ёс зүйн, хариуцлагын шалгуур дээрээсээ мөрдөгдөж, хэрэгжиж байх нь шударга ёсонд нийцнэ. Үүнийг үндэслэн УИХ-ын гишүүдийн Ёс зүйн дүрмийг 2021 онд батлан мөрдүүлж байна. Төрийн албан хаагчийн ёс зүйн асуудал олон жил яригдсан.
Дүрэм журам баталж, Ёс зүйн зөвлөл төрийн байгууллага бүхэнд байгуулагдсан. Төрийн албан хаагчийн улсын нэгдсэн тоо бүртгэлийн 2022 оны тайлангаар Монгол Улсад төрийн 4232 байгууллага байгаа. Түүнээс 25 ба түүнээс дээш албан хаагчтай нь 2397 байна. Журамд заасны дагуу 25 ба түүнээс дээш албан хаагчтай төрийн байгууллагын дэргэд Ёс зүйн зөвлөл ажиллаж байгаа. Харин 25-аас доош албан хаагчтай, заавал Ёс зүйн зөвлөл байгуулах шаардлагагүй ч өөрийн санаачилгаар байгуулсан төрийн 567 байгууллагыг нэмээд, нийт 2961 байгууллагын дэргэд Ёс зүйн зөвлөл байна. Гэхдээ мэдэгдэхүйц буюу хүсэн хүлээсэн өөрчлөлт гарахгүй байна. Тиймээс тусгайлсан хуультай болох нь зүйтэй гэсэн дүгнэлтэд хүрсэн юм. Ийм бие даасан хуультай, эсвэл тусгай зохицуулалтуудыг бусад хуульдаа тусгаж мөрддөг улс орон олон бий. Жишээ нь, Япон улс төрийн албаны ёс зүйн тухай бие даасан хуультай. Энэ улсын төрийн албанд ёс зүйн шалгуур ямар хүчтэй байдгийг та бид мэднэ. Төрийн албан хаагч хүн бүр ёс зүй, хариуцлагыг өдөр тутмын, ердийн хэм хэмжээ болгон сахидаг, үндсэндээ зан заншлын түвшинд очсон байдаг. Хуультай болсноор өөрчлөлт гарна гэдэгт итгэлтэй байна. Өөрчлөлт гараасай гэж иргэд ч хүсэн хүлээж байгаа. Таны хэлсэн цүнх баригчид, төрийн албыг төрлийн алба болгодог гэх мэт асуудлуудын хувьд гэвэл Монгол төрийн босго өндөр, шалгуур хатуу байх ёстой. Гэхдээ хэт туйлширч болохгүй. Мэдлэг, ур чадвар, туршлага, ёс зүйн шударга шалгуур л хэлбэрэлтгүй үйлчилж байх нь зөв гэж боддог.
БУРУУГҮЙ БОЛ, ХЭЛМЭГДЭЖ ХОХИРСОН БОЛ ХУУЛЬ, ТӨР ХОЁР АЛБАНн ХААГЧАА ХАМГААЛАХ ЁСТОЙ
-“Монголын төр зүтгэсэн хүндээ халтай” гэсэн үг байдаг. “Шүүр” , “Шүгэл” ажиллагаа гэх мэт Засгийн газраас санаачилсан ажлууд төрийн албан хаагчдад тун халгаатай, их бага хэмжээний эрсдэл дагуулж байх шиг байна. Хууль тогтоох байгууллагыг тэргүүлж байгаа хүний хувьд та энэ асуудалд ямар бодолтой байна вэ?
-“Төр зүтгэсэн хүндээ халтай” гэдэг үгийн утгыг би “зүтгэсэн нь хохирдог” гэдэг утгаар ойлгодоггүй ээ. Төрийн төлөө чин сэтгэлийг барин зүтгэсэн хүн асар том үүрэг хариуцлага хүлээж, ачааны хүндийг үүрдэг, энэ нь тодорхой хэмжээний эрсдэл дагуулж байдаг гэсэн л утгатай болов уу. Хамгийн наад зах нь амин хувийн эрх ашигтаа алба тушаал, эрх мэдлээ ашиглах учиргүй, бүр энэ талаар бодож ч болохгүй л болно шүү дээ. Нөгөө талаар ийм ойлголт бий болгож, Монгол төрийг хүчгүйдүүлэх гэсэн гаднын, тухайлбал Манж-Хятадын оролдлого, санаархал, зориудаар явуулсан бодлого ч байж болох талтай. Тодорхой түүхэн цаг үед, улс төрийн гадаад, дотоод орчин, ашиг сонирхлын золиос болж, амь насаа хүртэл өргөсөн төрийн зүтгэлтнүүдийн түүх байдаг. Тухайлбал, энэ үгийг Агданбуугийн Амар сайд Оросын шоронд хоригдож байхдаа, хилс хэрэгт хэлмэгдэн цаазлуулахынхаа өмнө хэлсэн гэдэг юм. Тэр хүнд ингэж хэлэхээс өөр аргагүй нөхцөл байдал үүссэн байдаг. Одоо бол өөр өө. Гагцхүү хууль засаглаж байх учиртай. Буруу, зөрүүг хийсэн бол, ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн бол хуулийн дагуу хариуцлага хүлээнэ. Харин буруугүй бол, хэлмэгдэж хохирсон бол хууль, төр хоёр албан хаагчаа хамгаалах ёстой. Засгийн газрын “Шүгэл”, “Шүүр” ажиллагааг би төрийн албан хаагчдад халтай арга хэмжээ гэж бодохгүй байна. Хэрвээ хууль зөрчөөгүй бол айж эмээх зүйл байхгүй шүү дээ.
Нөгөө талаар Монголд шударга ёс, хуулийн засаглал хэрэгтэй байна. Хууль зөрчсөн бол, бусдын боломжийг хулгайлсан бол, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн бол, авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон бол шүүрдүүлэх ч багадна шүү дээ.
-Хуулийн төслөөс харж байхад төрийн албаны байгууллагууд дэргэдээ Ёс зүйн зөвлөл ажиллуулах юм байна. Төрийн албаны зөвлөл Ёс зүйн зөвлөлтэй байхад, байгууллагуудад дахиад ийм Зөвлөлтэй болох нь нөгөө л давхардлыг бий болгох юм биш үү?
-Давхардал үүснэ гэж бодохгүй байна. Хуулийн төсөлд Ёс зүйн хороо, Дэд хороо гэсэн хоёр нэгжийн тухай ойлголт байгаа. Ёс зүйн хороо нь төрийн албаны төв байгууллагын дэргэд, Дэд хороо нь холбогдох төрийн байгууллагын дэргэд ажиллахаар тусгагдсан байгаа.
Гэхдээ тус тусдаа өөрийн үүрэгтэй. Ёс зүйн хороо нь төрийн өндөр болон адилтгах албан тушаалтны ёс зүйн асуудлыг авч үзнэ. Дэд хороо нь өөрийн байгууллагын албан хаагчийн болон харьяалах доод шатны байгууллагын томилох эрх бүхий албан тушаалтны ёс зүйн асуудлыг, Засгийн газар нь шүүгч, прокуророос бусад яам, агентлаг, аймаг, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах болон эрх бүхий албан тушаалтны ёс зүйн асуудлыг хамаарна. Ёс зүйн хороо нь Төрийн албаны зөвлөлийн орон тооны таван гишүүн дээр орон тооны бус дөрвөн гишүүнийг нэмж, нийт есөн гишүүний бүрэлдэхүүнтэй байх юм. Орон тооны бус гишүүдийг УИХ-ын Ёс зүйн асуудал эрхэлсэн Байнгын хороо томилно. Дэд хороо нь тухайн байгууллагын нийт албан хаагчдын тооноос хамаарч 3-5 гишүүнтэй байна. Ийм зохицуулалттай болсноор төрийн байгууллагын Ёс зүйн зөвлөлийн үйл ажиллагаанд хяналт тавих, нэгдсэн удирдлагаар хангах нэгдмэл тогтолцоо бүрдэнэ. Тэдгээрийн ажиллах, гомдол, мэдээлэл хянан шийдвэрлэх, төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлийг нийтэд мэдээлэх, зөрчлийн нэгдсэн бүртгэлийг хөтлөх зэрэг асуудал тодорхой болж, үр дүнтэй ажиллах боломж бүрдэх юм.
-Ёс зүйн зөрчлийг хэн хэрхэн илрүүлж, мэдээлж, түүнийг нь ямар байдлаар эцэслэн шийдвэрлэх бол?
-Зөрчлийг хэн ч мэдээлж болно. Мэдээллээ Ёс зүйн хороо болон тухайн харьяалсан Дэд хороонд ирүүлнэ. Хороод гомдол мэдээллийг хүлээн авснаас хойш 3-5 хоногийн дотор тухайн асуудалд холбогдсон албан тушаалтнаас тайлбар авна. Шаардлагатай бол шинжээч томилно. Үүний дараа дүгнэлт гаргаж, гомдол гаргасан хүн, тухайн төрийн албан хаагч, томилох эрх бүхий этгээдэд хүргүүлнэ. Дүгнэлтийг үндэслэн харьяалах байгууллага буюу томилох эрх бүхий этгээд хариуцлага ногдуулна.
-Тэгэхээр үндэслэлтэй, үндэслэлгүй гомдол мэдээлэл ирдэг, төрийн албан хаагчид байнга шалгагддаг нөхцөл үүсэх юм биш биз?
-Гомдол мэдээлэлд зөрчлийн нөхцөл байдлын тухай тодорхой дурдсан, нотлох баримтыг хавсаргасан байх ёстой. Нэргүй мэдээллийг мэдээж хүлээн авахгүй. Мэдээлэл нотлогдохгүй бол шалгах, дүгнэлт гаргахаас татгалзаж болно. Түүнчлэн холбогдох төрийн албан хаагч хэрэг зөрчлөө сайн дураараа хүлээж болно. Ёс зүйн зөрчил гаргасан нь тогтоогдсон бол нийтэд мэдээлнэ. Тэрчлэн эсрэгээрээ тогтоогдоогүй бол мөн адил нийтэд мэдээлэх ёстой.
-Ёс зүйн зөрчил гаргасан нь тогтоогдоод, дүгнэлт гаргаж, нийтэд мэдээлсэн бол ямар хариуцлага, шийтгэл ногдуулах вэ?
-Төсөлд туссанаар бол эхлээд гомдол гаргасан хүн, эсвэл олон нийтийн өмнө уучлалт гуйхыг үүрэг болгоно. Мөн өөрт нь ганцаарчлан сануулах, тухайн байгууллагын албан хаагчдын өмнө сануулах, төрийн албанаас чөлөөлөх гэсэн шат дараалсан сахилгын шийтгэлтэй. Албан тушаал, үүрэгт ажлаас нь огцруулах, эгүүлэн татах нөхцөл үүсвэл тухайн хуулиар зохицуулаад явна.
-Өөрт нь ганцаарчлан сануулах гэдэг чинь шийтгэл мөн үү?
-Мөн байлгүй яах вэ. Хөдөлмөрийн хуульд ч энэ заалт бий. Хэрэг зөрчлийн нөхцөл байдал, учруулсан хохирол, шалтгаан үр дагаврыг харгалзаад, хөнгөн төрлийнх гэж үзвэл ийм арга хэмжээ авч болно. Бас ажилладаг байгууллагынхаа албан хаагчдын өмнө буруугаа дуудуулаад зогсож байх ч тийм амархан хэрэг биш байлгүй дээ. Түүнчлэн төрийн албан хаагчийн ажлын гүйцэтгэлийг үнэлэх, дэвшүүлэх, урамшуулахдаа ёс зүйн хариуцлага хүлээсэн эсэхийг харгалзана.
Ёс зүйн зөрчлийг бүртгэх мэдээллийн нэгдсэн сантай байна. Тэнд тухайн хүний мэдээлэл байх учраас өөр ажил, албан тушаалд очихоор боллоо гэж бодоход энэ хүн ёс зүйн зөрчил гаргаж байжээ гэдэг нь ил байна гэсэн үг. Ёс зүйн зөрчлийн улмаас төрийн албанаас халагдсан бол өөр байгууллагын хаалгыг татахад амаргүй болох нь ээ дээ. Шийтгэл нэг жилийн хугацаанд хүчинтэй байна. Тухайн жилд ахиж зөрчил гаргаагүй бол албан хаагчийг ёс зүйн зөрчилгүйд тооцно.
-Ёс зүйн зөрчил гаргах нь тухайн албан хаагчид нэлээд халгаатай үр дагавар авчирна гэж ойлголоо. Ингэхэд ямар үйлдлээсээ болоод ёс зүйн зөрчил гаргасанд тооцогдох вэ?
-Төрийн албан хаагчийн ёс зүйн зарчим, нийтлэг хэм хэмжээ, шаардлага гэсэн ойлголт хуульд тусаж байгаа. Тухайлбал, төрийн албан хаагч нь ард түмэндээ чин сэтгэлээсээ үйлчлэх, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэх, үг, үйлдлээрээ хүний эрх, эрх чөлөө, нэр төр, алдар хүнд, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх, хувийн ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх, албан үүргээ гүйцэтгэхдээ бусдад аливаа хэлбэрээр дарамт үзүүлэхгүй, ялгаварлан гадуурхахгүй байх зэрэг нийтлэг хэм хэмжээг сахин мөрдөх ёстой.
Мөн иргэний хүсэлтэд анхааралтай хандаж, хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд заавал хариу өгөх, бусдын бие эрхтний онцлогийг зохисгүй үг, үйлдлээр илэрхийлэхийг цээрлэх, хөгжлийн бэрхшээлтэй хүний өөрийгөө илэрхийлэх үйлдлийг даган дуурайхгүй, ёс бус үг, хэллэг хэрэглэхгүй байх, бусдын ажил хэргийн санаа бодлыг үл хүндэтгэх, мушгин гуйвуулах, худал мэдээллийг тараахгүй байх, албаны нэрийг хувийн зорилгодоо ашиглахгүй байх гэх мэт нэлээд олон нийтлэг шаардлагыг дагаж мөрдөнө гэж хуулийн төсөлд тусгасан.
-Энэ хэм хэмжээ, шаардлагууд зөвхөн төрийн захиргааны албан хаагчдад үйлчлэх үү, эсвэл нийтэд хамаатай юу?
-Төрийн албаны тухай хуульд заасан төрийн улс төрийн, захиргааны, тусгай, үйлчилгээний гээд бүх албан хаагчид нийтлэг үйлчилнэ. Энэ ташрамд нэг зүйлийг зориуд сануулахад, та бид хоёрын ярьж байгаа эдгээр хуулийн зохицуулалт төслийн түвшинд байгаа шүү. Хэлэлцүүлгийн явцад ямар ч байдлаар өөрчлөгдөж болно. Ерөнхий үзэл баримтлал, агуулга, зарчмыг ойлгуулах үүднээс төслөөс эш татаж ярилаа. Төсөл “D-parliament” цахим системд бүрэн эхээрээ байгаа. Хүссэн хэн ч танилцаж, санал бодлоо илэрхийлэх бүрэн боломжтой.
ЦАЛИНГИЙН АСУУДЛААР ЗАСГИЙН ГАЗАР ХОЛБОГДОХ СУДАЛГАА, ШИНЖИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА
-Өмнөх УИХ, Засгийн газрыг бодвол одоогийн УИХ, Засгийн газар төрийн албаны ёс зүй, мэдээллийн ил тод байдал, цахим систем гэх мэт олон ажлыг санаачлан хэрэгжүүлж байна. Ажлын явц, хурд, үр дүн ямар байгаа гэж та бодож байна вэ?
-Урьдынхаараа байж болохгүй нөхцөл байдал зөвхөн Монголыг биш, дэлхий нийтийг хамран өрнөж байна. Нөгөө талаар ардчилсан сонголт хийж, түүгээр замнасан өнгөрсөн 30 жилийнхээ алдаа оноог дүгнэж, туршлага сургамжийг дэнслэх зайлшгүй шаардлага үүссэн. Бидэнд оносон зүйл олон ч, алдсан зүйл багагүй байна гэдгийг нийт нийгэм даяар мэдэрч, шүүн хэлэлцэж байна. Шударга ёс алдагдсан, хууль дээдлэх ёс үнэгүйдсэн, тэгш бус байдал улам гүнзгийрсэн, төрийн албаны чадавх суларсан, баялгийн хуваарилалт цөөнхийн мэдэлд очсон, авлига, албан тушаалын гэмт хэрэг газар авсан гээд засаж өөрчлөхгүйгээр цааш явж болохгүй, ужгирсан асуудлууд олон байна. Тиймээс иргэнээ дээдэлсэн төр, эрүүл нийгэм, шударга ёсыг төвхнүүлэх эрмэлзэл тэмцэл өрнөсөн он жилүүд өнгөрч байна.
Ард түмний засаглах эрхийг хангах, ил тод байдал, хариуцлага, ёс зүйг төлөвшүүлэх зорилтыг хэрэгжүүлэх нэг чухал хөшүүрэг нь цахим шилжилт юм. Тиймээс үүнд төр, засгаас тусгайлан анхаарал хандуулж байна. Улсын Их Хурлын хувьд “D-parliament” цахим системийг хөгжүүлж, хууль тогтоох үйл ажиллагаанд олон нийтийн оролцоог хангаж байгаа. Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан. Товчхон хэлбэл, үр дүн муугүй байгаа. Гэхдээ үүндээ сэтгэл ханаж сууж болохгүй. Илүү хурдтай ажиллаж, цахим шилжилтийг нийт төрийн хэрэг болгох ёстой. Ингэж байж бид дэлхийтэй хөл нийлэн алхаж чадна.
-Төрийн албан хаагчдаас ёс зүй, шударга байдал гэх мэт асар их зүйл шаарддаг. Энэ нь ч зүй ёсных байх. Одоо хуультай болох нь. Гэхдээ төрийн албан хаагчид цаг наргүй ажилладаг. Гэтэл авдаг цалин нь хангалттай бус. Халамж үйлчилгээ, нийгмийн баталгаа тэдэнд алга. Ийм байхад төрийн албан хаагчдын цалинг нэмэх асуудлыг хэзээ шийдэх вэ?
-Нэг зүйлийг зориуд онцолж хэлэхэд төрийн албан хаагчдаа өмгөөлж хамгаалах, дархлааг нь сайжруулах нь энэ хуулийн бас нэг үндсэн үзэл баримтлал юм шүү. Хуулийн төсөлд туссан Ёс зүйн хороод нэг талаасаа төрийн албан хаагчдыг даргаас хамгаалах хамгаалалт болно. Хууль зөрчсөн үйлдэл хийхийг шаарддаг, ажлын байрны болон бэлгийн дарамт үзүүлдэг, ёс бус буруу зүйл рүү алба тушаалаараа далимдуулан татан оруулдаг байдал энэ хуулиар арилах учиртай. Ер нь чин шударга, ёс зүйтэй, зүтгэлтэй албан хаагчдаа хайрладаг, халамжилдаг, тэтгэн дэмждэг ёс эртнийх. Эзэн Чингис хаан төрийн үйл хэрэгт онц гарамгай зүтгэсэн, гавьяа байгуулсан эрхэм түшээдээ нийтийн өмнө магтан сайшаадаг, урамшуулан шагнадаг, гэмийг нь уучлан хэлтрүүлдэг байсныг бид түүхэн эх сурвалжаас сайн мэднэ.
Тэгэхээр төрийн албан хаагчдын хамгаалалт, дархлааны асуудал бол зөвхөн цалингийн асуудал биш. Мэдлэг боловсролыг нь дээшлүүлэх арга хэмжээг үе шаттай авдаг, ур чадварыг нь үнэлдэг, шатлан дэвшүүлдэг, шагнаж урамшуулдаг, тодорхой хөнгөлөлт, дэмжлэг үзүүлдэг байх нь зүйд нийцнэ. Цалингийн асуудлаар Засгийн газар холбогдох судалгаа, шинжилгээ хийж байгаа юм билээ. Олон шатлалтай, тэр нь нэлээд их зөрүүтэй гэх мэт тогтолцооны хүрээнд шийдэх асуудлууд байна гэж би хардаг. Нөгөө талаар төрийн албан хаагчдын цалинг үр дүнд суурилуулах шинэчлэл хийх ёстой гэж үздэг. Ер нь бол аль болох цөөн орон тоогоор илүү бүтээмжтэй ажиллах нь орчин үеийн шаардлага болж байна шүү дээ.
УЛС ТӨРИЙН НАМАА ЦЭГЦЭЛЖ, СОНГУУЛИЙН ТОГТОЛЦООГОО ЗӨВ БОЛГОЖ ЧАДвал ПАРЛАМЕНТ ИРГЭДИЙН ҮЗЭЛ БОДЛЫН НЭГДЭЛ БОЛЖ ЧАДНА
-УИХ-ын даргаас ярилцлага авч байгаа энэ цаг үед асуухгүй өнгөрч болохгүй хэдэн сэдэв байна. Жишээ нь, Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар УИХ, улс төрийн намууд, Засгийн газрын түвшинд яригдаж байна. УИХ-ын сонгуулийн тухай хууль, Улс төрийн намуудын тухай хуульд нэмэлт, өөрчлөлтүүд зайлшгүй хийх шаардлагатай гэж та үзэж байна уу?
-УИХ-ын сонгуулийн тухай, Улс төрийн намуудын тухай хуулийн хувьд “тийм” гэж хэлье. Энэ бол 2019 онд Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг хэрэгжүүлэх хүрээнд шинэчлэн буюу нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн жагсаалтад багтсан хуулиуд. Харин ч бид хугацаа алдаж байгаа. Хуулийн төслүүд УИХ-д өргөн баригдаад хэлэлцүүлгийн шатандаа явж байна.
Оны эхээр улс орны улс төр, нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлууд, шийдэл, гарцын талаар эрдэмтэн судлаачид, иргэдийн санал бодол, үнэлэлт дүгнэлтийг сонсох зөвшилцөх уулзалт, эрдэм шинжилгээний хурал зохион байгуулсан. Хоёр шаттай Зөвлөлдөх санал асуулга явуулсан. Зөвлөлдөх зөвлөлийг байгуулж, Зөвлөлдөх санал асуулгын үр дүнгээр зөвлөмж гаргасан. Зөвлөлдөх зөвлөлийн зөвлөмж үндсэндээ гурван багц чиглэлтэй байгаагийн нэг нь 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэрэгжүүлж, юуны өмнө Улс төрийн намуудын тухай, УИХ-ын болон Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай, Үндэсний баялгийн сангийн тухай зэрэг хуулийг яаралтай батлан гаргах шаардлагатай гэж үзсэн.
Парламентын засаглалаа бэхжүүлж, сонгуулийн тогтолцоогоо ард түмний хүсэл эрмэлзэл, сонголтын үр дүнг бүрэн илэрхийлэх зарчимд нийцүүлэх, мөнгөнөөс хараат бус сонгууль явуулдаг болох нь нэн чухал байна. Сонгуулийн тухай хуулийг нутаг дэвсгэрийн төлөөллийн зарчмыг сайтар хангаж, улс орны аюулгүй байдал, ардчилсан зарчим, үндэсний онцлог, геополитикийн нөхцөл байдлыг нухацтай бодолцож, хэлэлцэн батлах ёстой. Намуудын дотоод ардчиллыг бэхжүүлж, гишүүдийн оролцоотой шийдлийн нам болгох нь чухал. 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд намуудын дотоод зохион байгуулалт ардчилсан зарчимд нийцсэн, дотоод ардчилалтай, санхүүжилт нь ил тод, нээлттэй байх зарчмыг тусгасан. Сүүлийн үед явуулсан зарим судалгаанаас харахад иргэдийн 87 хувь нь улс төрийн намууд ард иргэдийн санал бодлыг илэрхийлж чадахгүй байна гэж үзсэн. Тэр бүү хэл иргэдийн 41.5 хувь нь улс төрийн намгүй, нэг хүчтэй удирдагчийн тогтолцоо байх нь зөв гэж үзсэн байсан шүү. Улс төрийн намууд авлига, албан тушаалын гэмт хэргийн эх үндэс болж байна гэсэн дүгнэлт зонхилж байна. “Эх нь булингартай бол адаг нь булингартай” гэсэн үг байдаг. Нэр дэвшүүлж байгаа гол институц бол улс төрийн нам. Тиймээс улс төрийн намаа цэгцэлж, сонгуулийн тогтолцоогоо зөв болгож чадах юм бол ард түмний төлөөллийн байгууллага болох парламент маань нийт иргэдийн үзэл бодлын нэгдэл болж чадна.
Тэгэхээр Улс төрийн намын тухай болон Сонгуулийн тухай хуулиудыг харилцан уялдаатай авч үзэж, хэлэлцэн батлах шаардлагатай. Улс төрийн намуудын тухай хуулийг Монгол Улсын Ерөнхийлөгч санаачилж, намуудын төлөөлөл, эрдэмтэн мэргэд, иргэдийн санал, байр суурийг сонсож, зөвшилцөж, үндсэндээ хоёр жил хэлэлцүүлсний үндсэн дээр боловсруулж, өргөн барьсныг УИХ-аар хэлэлцэж байна. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хувьд УИХ-д энэ асуудал яригдаагүй. Засгийн газрын төсөл УИХ-д өргөн баригдаагүй. Өргөн баригдаагүй хуулийн төслийн талаар байр сууриа илэрхийлэх нь зохимжгүй.
Гэхдээ таны асуулт болон нийт нийгмийн анхаарал гишүүдийн тоо, сонгуулийн тогтолцоонд чиглэж байгаа болохоор товч тайлбар хэлье.
2019 онд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах үед Монгол Улсын Ерөнхийлөгч ахалж, Ерөнхий сайд орлогчоор нь, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, нарийн бичгийн даргаар нь ажилласан Ажлын хэсэг дээр УИХ нэг танхимтай, 108 гишүүнтэй байна. Түүний 54 нь тойргийг төлөөлж, 54 нь хувь тэнцүүлсэн зарчмаар сонгогдоно гэсэн заалт тусгагдсан байсан. Гэвч Байнгын хорооны хуралдаанд дэмжигдсэн боловч нэгдсэн хуралдаанд дээр цөөн хүний саналаар унасан.
Мөн эрх баригч улс төрийн намууд сонгууль бүрийн өмнө өөрсдөдөө тохируулж Сонгуулийн хуулийг өөрчилдөг, энэ тогтворгүй байдал нь сонгогчдын боловсролд ч, улс төрийн намуудын төлөвшилд ч сөргөөр нөлөөлж байна гэж үзээд мөн л нэмэлт, өөрчлөлтийн төсөлд тусгасан боловч бас л унасан.
Сүүлийн жилүүдэд эдгээр асуудлыг олон талаас нь хэлэлцэж, зөвшилцсөний эцэст 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг гүйцээх асуудал хөндөгдөж байгаа юм.
За ярилцлагаа үүгээр өндөрлөх үү дээ.
-Тэгье ээ. Дэлгэрэнгүй ярилцлага өгсөн танд баярлалаа. Ажилд тань амжилт хүсье.
-Баярлалаа.
М.Үлэмж
Эх сурвалж: Монголын үнэн сонин №016/24547/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна