Дэлхийн тусгаар тогтносон 186 улсын парламентаас бүрдсэн Олон улсын парламентын холбоо хамгийн идэвхтэй ажилладаг топ 10 эмэгтэйг өнгөрсөн сард онцлон нэрлэв. Энэхүү жагсаалтад Монгол Улсаас УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга, СДМЭХ-ны дэд ерөнхийлөгч Б.Саранчимэг багтсан байна. Энэ талаарх мэдээллийг УИХ-ын дарга Г.Занданшатар өнгөрсөн баасан гаргийн чуулганы нэгдсэн хуралдааны үеэр онцлон тэмдэглээд түүнд баяр хүргэсэн юм. УИХ-ын гишүүн Б.Саранчимэгийн хувьд Олон улсын парламентын холбооны Ардчилал, хүний эрхийн хорооны дэд ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байгаа юм. Олон улсын парламентын холбооноос жендэрийн тэгш байдал, залуучуудын оролцоо, энх тайван, тогтвортой хөгжлийг дэмжих чиглэлээр идэвхтэй ажилладаг 10 эмэгтэйг ийнхүү онцолжээ.
Бусад есөн эмэгтэйг доор нэрлэж байна.
Египетийн Залуу парламентчдын форумын Удирдах зөвлөлийн ерөнхийлөгч Сахар Альбазар. Тус форум нь ардчилалд залуучуудын оролцоог нэмэгдүүлэх, тэдний дуу хоолойг сонсоход чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг. Тэрбээр Египетийн Төлөөлөгчдийн танхимын Гадаад харилцааны хорооны дэд даргаар мөн ажилладаг.
НҮБ дахь Олон улсын парламентын холбооны Байнгын хорооны гишүүн Синтия Лопез Кастро. Тэрбээр 2018 оноос хойш Мексикийн Төлөөлөгчдийн танхимын гишүүнээр ажиллаж байна. Синтия Лопез Кастро нь Олон улсын парламентын холбооны НҮБ-ын асуудал эрхэлсэн хорооны гишүүний хувьд төрийн албанд нэр дэвшигчдийн 25-аас доошгүй хувийг 29-өөс доош насныхан байлгахын төлөө ажилладаг. Мөн тэрбээр 2017 онд 30 настайдаа Мехико хотын шинэ Үндсэн хуулийн төслийг боловсруулахад гар бие оролцсон бөгөөд сонгуулийн хуульд залуучуудын квотыг тусгах гол төлөөлөгчдийн нэг байсан юм.
Олон улсын парламентын холбооны Энх тайван, олон улсын аюулгүй байдлын Байнгын хорооны дэд ерөнхийлөгч Хасмик Акопян /Армени улс/. Тус Байнгын хороо нь дэлхийн аюул заналхийлэлд үр дүнтэй хариу арга хэмжээ авах, дэлхийн энх тайван, аюулгүй байдлыг дэмжих улс төрийн тогтолцоогоор парламентыг хангадаг.
Олон улсын парламентын холбооны Гүйцэтгэх хорооны дэд ерөнхийлөгч Аджи Диарра Мергане Кануте. Тэрбээр Гүйцэтгэх хорооны дэд ерөнхийлөгчийн хувьд тус байгууллагад гол үүрэг гүйцэтгэдэг хүн юм. Тэрбээр байгууллагын удирдлагад хяналт тавьж, Удирдах зөвлөлд зөвлөмж гаргахад нь тусалдаг. Мөн Аджи Диарра Мергане Кануте нь Сенегалын Үндэсний Ассамблейн гишүүн.
Олон улсын парламентын холбооны Ойрхи Дорнодын асуудлаарх хорооны гишүүн Ннаники Вэлхемина Тебого Маквинжа. Ботсвана улсын парламентын гишүүн тэрбээр Палестины гишүүдийн хамт 12 хүний бүрэлдэхүүнтэйгээр хорооны нэг хэсэг болж ажилладаг.
Олон улсын парламентын холбооны Тогтвортой хөгжлийн байнгын хорооны ерөнхийлөгч Агнес Мулдер. Нидерландын парламентын гишүүн тэрбээр Тогтвортой хөгжлийн байнгын хорооны ерөнхийлөгчийн хувьд дэлхийн хүн ам, манай гаргийн амьдрал, сайн сайхан байдлыг сайжруулах, ядуурлыг арилгах, бүх нийтийн тогтвортой хөгжлийг хангах чиглэлээр ажилладаг. Мөн жендэрийн тэгш байдлыг дэмждэг бөгөөд Олон улсын парламентын холбооны 145 дугаар Ассамблейн чуулганы нэгдсэн хуралдаанд оролцож энэ талаар дуу хоолойгоо өргөж байв.
Олон улсын парламентын холбооны Хүний эрхийн хорооны дэд ерөнхийлөгч Милли Одхиамбо. Тэрбээр 2007 оноос хойш парламентын гишүүнээр ажиллаж байна. Албан тушаал хаших хугацаандаа тэр Кени улсын шинэ Үндсэн хуулийг батлахад гар бие оролцож, эмэгтэйчүүд, хүүхдийн эрхийг сайжруулах хууль тогтоомжийг нэвтрүүлсэн.
Олон улсын парламентын холбооны Ази, Номхон далайн бүсийн гишүүн Дебора О’Нил /Австрали/. Тэрбээр хүний эрх, шашны эрх чөлөөний төлөө тууштай ажилладаг. Ази, Номхон далайн бүсийн төлөөлөгчийн хувьд тэрбээр Женевийн конвенцуудыг дагаж мөрдөхөд хяналт тавихаас эхлээд харьяалалгүй байдлыг таслан зогсоох кампанит ажилд дэмжлэг үзүүлэх хүртэл чухал ажлыг удирдан чиглүүлдэг 12 хүний бүрэлдэхүүнтэй багийн нэг хэсэг юм.
Олон улсын парламентын холбооны Эмэгтэй парламентчдын товчооны ерөнхийлөгч Лесия Василенко. Хуульч, улстөрч мэргэжилтэй Лесия Василенко нь Украины Ардын депутат, парламентын гишүүн. Эмэгтэй парламентчдын товчоо нь жендэрийн асуудалд анхаарлаа хандуулж, эмэгтэйчүүдийн асуудлаар тогтвортой хөтөлбөр боловсруулж, эмэгтэй гишүүдийн удирдах албан тушаалд илүү их оролцоог бий болгоход чиглэсэн нэгж юм.
Эх сурвалж: INTER-PARLIAMENTARY UNION
Эх сурвалж: Монголын үнэн сонин №016/24547/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна