Улс төрийн намын тухай болон Сонгуулийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн нэгдсэн хэлэлцүүлэг боллоо. УИХ-аас зохион байгуулсан уг хэлэлцүүлэгт Улсын Дээд шүүхэд бүртгэлтэй намуудын удирдлагаас гадна эрдэмтэн судлаач, иргэдийн төлөөлөл оролцсон юм. УИХ-ын дарга Г.Занданшатар хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ 2022 оны сүүл, 2023 оны эхэнд зохион байгуулсан Зөвлөлдөх санал асуулгын талаар мэдээлэл хүргээд энэ хүрээнд гурван багц чиглэл өгснийг сануулсан. Тодруулбал, нэгдүгээрт 2019 онд Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг хэрэгжүүлж, шаардлагатай хуулиудыг даруй батлан мөрдүүлэх, хоёрдугаарт, Үндэсний баялгийн сангийн хуулийг баталж, үндэсний баялгийг ард иргэдэд болон ирээдүй үедээ тэгш, шударга, хүртээмжтэй болгох тогтолцоог бий болгох. Гуравдугаарт, Улс төрийн намын болон Сонгуулийн тухай хуулийг батлах, парламентын засаглалаа бэхжүүлэх, төлөөлөх чадавхыг сайжруулах, жинхэнэ ард түмний хүсэл эрмэлзлийг илэрхийлэх төлөөллийг бий болгож чадах тогтолцоог бүрдүүлэх чиглэлийг өгсөн гэдгийг онцолсон. Мөн тэрбээр “Улс төрийн намууд авлига, хээл хахууль зэрэг олон сөрөг асуудлын эх үндэс болж буйг дурдаад, эх нь булингартай бол адаг нь булингартай гэдэгчлэн нэр дэвшүүлж байгаа гол институц болох улс төрийн намуудаа цэгцэлж, ард түмний төлөөллийн байгууллагаа үзэл бодлын нэгдэл болгож төлөвшүүлэх ёстой. Монгол Улсын парламентын ардчиллыг бэхжүүлэх, эх орондоо хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэм байгуулах, ардчилсан засаглалаа улам бэхжүүлэхэд та бүхний хувь нэмэр чухал” хэмээн тодотгосон юм. Түүнчлэн хэлэлцэж буй хуулийн төслүүдийг боловсруулсан үйл явц, тусгасан зарчмын өөрчлөлт, онцлог, давуу талын талаар товч танилцуулж, улс төрийн намууд нийгмээ манлайлагч, соён гэгээрүүлэгч хүчин байх үүргээ ухамсарлахгүй байгааг анхааруулаад хэлэлцүүлэгт оролцож буй улс төрийн 36 намын төлөөлөл, эрдэмтэн, судлаачдад парламентын ардчиллыг бэхжүүлж, хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгмийн тогтолцоог төгөлдөржүүлэхэд хувь нэмрээ оруулахыг уриаллаа. Дараа нь УИХ-ын дэд дарга С.Одонтуяа 2021-2022 онд улс төрийн намуудын оролцоотой явуулсан хэд хэдэн удаагийн хэлэлцүүлгээс гарсан бүх саналыг Сонгуулийн тухай хуулийн төсөлд тусгасан гэдгийг онцолсон юм. Төсөлд сонгуулийн мажоритар системийг халж, холимог системийг хуульчлахаар тусгасныг тэрбээр онцлоод энэ нь улс төрийн тогтолцооны шинэчлэлийн түлхүүр шийдэл болохыг тэмдэглэв. Ингэснээр Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн танилцуулга, мэдээллийг өгсөн юм. Хуулийн төсөлд нэг намын саналын босго гурав, хоёр нам бүхий эвслийн босго тав, гурав болон түүнээс олон нам бүхий эвслийнх долоон хувь байх. Мөн жагсаалтаар болон тойрогт давхар нэр дэвшихгүй, намууд тойргийн мандатын 50-аас доошгүй хувьд нэр дэвшүүлэх, жагсаалтад нэр дэвшигчдийн нэрсийг 1:1 гэсэн дарааллаар бичих, сонгогчид жагсаалт дахь нэг нам, эвсэлд, эсхүл жагсаалтаар нэр дэвшигчээс нэгийг сонгож саналаа өгөх, нэр дэвшигчид өгсөн саналыг тухайн нам, эвслийн саналд тооцох, тойрогт нэр дэвшигч сонгогчдын 28 ба түүнээс дээш хувийн санал авах, жагсаалтаар нэр дэвшигчид гадаад улсад байгаа иргэдээс санал авах, сонгогчдын нэрийн жагсаалт ил тод байх. Сурталчилгааны хугацаа 17 хоног, нийслэл, аймгийн төвд 400, бусад газарт 200 хүртэлх сонгогч тутамд нэг ухуулагч ажиллах, нэр дэвшигчийн сонин, сэтгүүлийн хэмжээ хоёр хэвлэлийн хуудаснаас хэтрэхгүй, ухуулах хуудас нэг хэвлэлийн хуудас байх, аймаг, дүүргийн нэг хэсэгт тав, бусад газарт гурван зурагт самбар байрлуулах зэрэг зарчмын өөрчлөлтийг тусгасан талаар мэдээлсэн.
УИХ-ын сонгуульд дараалан оролцоогүй бол идэвхгүйд тооцно
Харин Улс төрийн намын тухай хуулийн төслийн талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар танилцуулгадаа хуулийн төсөлд улс төрийн намуудыг хариуцлагажуулах, бодлогын институт болгож төлөвшүүлэх, санхүүжилтийн болон намын ил тод, нээлттэй байдлыг хангах, тэгш оролцоог хангах, дотоод ардчиллыг бэхжүүлэхтэй холбоотой онцлог зохицуулалт оруулсныг тодотгосон. Ингэхдээ намуудыг хариуцлагажуулах чиглэлээр сонгуулийн төв байгууллага намын тайланг нягтлан шалгаж, УИХ-д тайлагнаж байх, УИХ-ын ээлжит сонгуульд хоёр удаа дараалан оролцоогүй, санхүүгийн тайлангаа хоёр жил дараалан тайлагнаагүй, намын удирдах дээд байгууллагыг таван жилийн хугацаанд хуралдуулаагүй тохиолдолд тухайн намыг идэвхгүйд тооцохорос гадна улс төрийн намын эрх, үүрэг, намын үйл ажиллагаанд хориглох зүйл, гишүүний эрх, үүрэг, баталгаа зэргийг тогтоож өгснийг дурдсан. Нийт сонгогчдын хоёроос дээш хувийн дэмжлэг авсан намд төрийн санхүүжилтийг хуваарилахаар, үүний 20-оос доошгүй хувийг эмэгтэй, ахмад, залуу, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн улс төрийн оролцоог дэмжихэд, 15-аас доошгүй хувийг олон нийтийн улс төрийн боловсролыг дээшлүүлэхэд, 15-аас доошгүй хувийг бодлогын судалгаа хийх, намын бодлого, хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлэх, дотоод ардчиллыг хөгжүүлэхэд зарцуулахаар заасан байна. Түүнчлэн, нам дэргэдээ бодлогын судалгааны байгууллагатай байх, намын үйл ажиллагаанд хүний эрх болон жендэрийн эрх тэгш байдлыг хангаж байгаа эсэхийг үнэлэх нэгж ажиллах, санхүүжилтийн тодорхой хувийг иргэдийн улс төрийн боловсролыг дээшлүүлэх, бодлогын судалгаа хийх, хөтөлбөр боловсруулахад зарцуулах. Намд хувь хүн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 12 дахин, хуулийн этгээд 50 дахин нэмэгдүүлсэн үнийн дүнгээр илүү хандив өгөхгүй байх, хандив болон аудитын дүгнэлтийг нээлттэй мэдээлэх зэрэг нарийвчилсан заалтуудыг тусгажээ. Тэгш оролцоог хангах үүднээс намын удирдах, гүйцэтгэх болон хяналтын бүтцүүдэд аль нэг хүйсийн төлөөлөл 40 хувиас доошгүй байх, сонгууль болон томилгоонд нэр дэвшүүлэх хүмүүсийн 30-аас доошгүй хувь нь аль нэг хүйсийн байх, квотоос илүү гаргаж нэр дэвшүүлсэн тохиолдолд урамшуулах, мөн нам гишүүн болон дэмжигч гишүүнтэй байх зохицуулалтуудыг оруулж, улс төрийн намыг шинээр бүртгүүлэхдээ Сонгуулийн төв байгууллагад нягтлан шалгуулах, тус байгууллага намын үйл ажиллагаанд хяналт тавихаар тусгасан гэдгийг танилцуулав. Хэлэлцүүлэгт ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан оролцож, дээрх төслүүдийн талаарх Засгийн газрын байр суурийг танилцуулсан юм. Тэрбээр Засгийн газар хуулийн төслүүдийг дэмжиж буйг илэрхийлээд, улс төрийн намын эрх зүйн орчныг бүрдүүлэхдээ олон намын тогтолцоо, парламентын ардчиллын үнэт зүйлсийг хадгалах ёстой гэсэн байр суурьтай байгааг тодотгоод Ерөнхийлөгчийн санаачлан, өргөн мэдүүлсэн төсөлд энэ бүхэн хадгалагдсаныг сайшаав. Тэрбээр иргэд, олон нийтээс тавьдаг намуудын үүрэг хариуцлагыг сайжруулах, чадамжтай байх, бодлогын түвшинд ажиллах чадавхтай болж институтчлэгдэх зэрэг шаардлагыг төсөлд бүрэн тусгасан байна гэж Засгийн газар үзсэнийг хэллээ. Өнөөдрийн нөхцөлд зөвхөн УИХ-д суудалтай намуудад төрөөс санхүүжилт олгож байгаа нь суудал авч чадаагүй ч иргэдийн дэмжлэгийг авдаг улс төрийн хүчний төлөвшил, бизнесийн бүлэглэлээс хараат бус байх асуудалд хүндрэл үүсгэдгийг тэрбээр онцолж, хуулийн төсөлд сонгогчдын хоёр хувийн дэмжлэг авсан нам УИХ-д суудал аваагүй ч санхүүгийн дэмжлэг хүртэх боломжийг нээж байгааг онцоллоо. Сонгуулийн мажоритар тогтолцоо үүргээ гүйцэтгэж чадахгүй байгаа нь олон жишээгээр нотлогдсоныг ЗГХЭГ-ын дарга танилцуулгадаа дурдаад, эрх баригч МАН сонгогчдын 45 орчим хувийн саналыг авсан хэрнээ парламентад 80 гаруй хувийн суудал авч байгаа нь иргэдийн санал маш их гээгдэж буйг харуулж буйг жишээлэн дурдсан. Цаашлаад, жижиг тойргоос хамаарсан 76 гишүүн, тэднээс хамаарсан төрийн бодлого хэрэгжиж буй нь учир дутагдалтайг хэлээд УИХ-д бүх талын төлөөллийг хангах үүднээс жагсаалтаар нэр дэвшигчдийн 50 хувь нь аль нэг хүйсийнх байх саналыг Засгийн газраас өгсөн гэдгийг дурдав. Мэдээллийн төгсгөлд Д.Амарбаясгалан дарга УИХ-ын 2022 оны 54 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд Засгийн газраас боловсруулсан Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар товч танилцуулга хийсэн юм. Ингэснээр хэлэлцүүлэгт оролцогчид Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын болон Сонгуулийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.
Дүрмээрээ зохицуулж болох зарим асуудлыг хуульчлахгүй байх санал гаргав
Иргэдийн оролцооны нэгдэл намын дарга Ц.Оюунгэрэл Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд баталгаатай хамгаалагдчихсан байсан улс төрийн намуудын аюулгүй байдлыг муутгасан, Сонгуулийн төв байгууллагаар дамжуулан мэдээллийн баазыг нь авах, намын үйл ажиллагааг түдгэлзүүлэх зэрэг зохицуулалт оруулсан нь буруу гээд намууд дотооддоо дүрмээрээ зохицуулж болох асуудлыг хуульчилсан байна гэдгийг хэлсэн бол Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намын дарга Ш.Төмөрсүх хоёр хуульд намын дотоод хэрэгт хэт их хутгалдсан байгааг хязгаарлах, намын бүртгэлийг олон дамжлагатай болгосныг залруулах зэрэг санал хэлсэн. Харин Бүгд найрамдах намын дарга Б.Жаргалсайхан цахим засаглалыг хөгжүүлэх хүрээнд улс төрийн намын бүртгэлийг хялбаршуулах, улстөрчид, бизнес эрхлэгчдийн нэр хүндийг хамгаалах, сонгогчдын үүргийг хуульчлах саналыг гаргахын зэрэгцээ УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлэх нь зүйтэй гэж үзэж буйгаа хэлсэн. Социал демократ намын дэд дарга Д.Энхзаяа иргэд улс төрийн намд сайн дураараа эвлэлдэн нэгдэх тухай Үндсэн хуулийн зарчимд нийцүүлэх, хяналтын тооллогыг сонгуулийн санал хураалт явуулсан өдрийн орой, нээлттэй тоолдог байх, тойргийн болон жагсаалтын нэр дэвшигчдийн саналын босгуудын үр дагавар тооцох шаардлагатай гэлээ. Үндсэн хууль тогтоогчдын нэг, Иргэн Д.Ламжав, улс төрийн нам ашгийн төлөө бус байх, намуудын бүртгэлийг Сонгуулийн ерөнхий хороо хийдэг байх, санхүүжилтийг хуваарилах зохицуулалтыг хялбаршуулах, саналыг хуудас цэгцтэй байхад анхаарах зэрэг санал хэллээ. Түүнчлэн ХҮН-ын Нарийн бичгийн дарга Д.Үүрцайх Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг шийдвэрлэсний дараа бусад хуулийг нийцүүлэн батлах шаардлагатайг дурдав. Энэ мэтчилэн МҮАН-ын Нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт, АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүн З.Нарантуяа, Ард түмний олонхын засаглал намын дарга А.Батдорж, Монголын хүний төлөө намын дарга Б.Амарсайхан, Эх орончдын нэгдсэн намын дарга Г.Ганбат, ШИНЭ намын дэд дарга Р.Ууганбаатар, ерөнхий нарийн бичгийн дарга Б.Мөнхжаргал, Бүгд найрамдах намын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Зоригоо, МАН-ын Нарийн бичгийн дарга А.Ариунзаяа, Бага хурлын гишүүн Б.Баярмагнай, Уламжлалын нэгдсэн намын ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өнөрбаяр, АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүн Б.Гарамгайбаатар нар үг хэлж, байр сууриа илэрхийллээ. Тэдний зүгээс намын гишүүнчлэл, бүртгэл, бүтэц, санхүүжилт, хяналт, үйл ажиллагааг түдгэлзүүлэх зохицуулалт болон намуудын төлөвшлийг дэмжих, мөн сонгуулийн сурталчилгаа, санал тоолох хар машин, саналын хуудас, босго, квоттой холбоотой асуудлаар санал хэлж, байр сууриа илэрхийллээ. Тэдний зарим нь саналаа бичгээр хүргүүлснийг Ажлын хэсгийнхэн хүлээн авсан. Хэлэлцүүлэгт оролцогчдын асуулт Сонгуулийн тухай Улс төрийн намын тухай хуулийн Ажлын хэсгийн ахлагч нар болон ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан нар хариулт өгч, тайлбар хийлээ. Хэлэлцүүлгийг хаахдаа Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд Монгол Улс төрийн байгуулалтын хувьд нэгдмэл гэдгийг онцлоод 2022 онд бүх нам цуглаж хэлэлцсэн хуулиудын концепц, үзэл баримтлалын асуудлаар тунхаг бичиг гаргаж, гарын үсэг зурсныг сануулсан юм. Мөн энэ удаагийн хэлэлцүүлэгт оролцогчдоос гаргасан саналуудыг бүлэглэж, томьёолон Ажлын хэсгээр ярьж, улмаар Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанд оруулна. Хамгийн их яригдсан асуудлаар шаардлагатай гэж үзвэл дахин хэлэлцүүлэг явуулах боломжтой гэдгийг тодотгов.
М.Өнөржаргал
Эх сурвалж: Монголын үнэн сонин №016/24547/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна