Хэнтий аймаг, Чингис хот, 2022 оны долдугаар сар. Жиргээч “Ардын намын Ариунаа”-тай анх удаа нүүр тулав. Нүүр тулах ч юу байх вэ, алсаас л харсан хэрэг. Ерөнхий сайдын Хэнтий аймгийн залуустай хийсэн уулзалт, ярилцлага өндөрлөж, залгаад хөнгөн хөгжим эгшиглэв. Залуус албархаг төрхөө орхиж нүүр нь гэрэлтээд ирлээ. Гэсэн ч бүжгийн “салхи хагалж” зүрхлэхгүй байгаа бололтой, бие биесээ ажиглана. Нэг хартал, “Ардын намын Ариунаа” босоод эвлэгхэн бүжиглэж байна. Тухайн үед тэр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байв. Сайд хүн түрүүлж босоод бүжиглэнэ гэж хүмүүс бодоогүй байлгүй. Улс төрийн товчоо, Сайд нарын зөвлөлийн гишүүдийг хүршгүй хол тэнгэрийн хүмүүс гэж бодож өссөн миний хувьд санаанд оромгүй үйлдэл байлаа. Орчин үеийн улстөрчид өөрсдийгөө дарга гэж бодохоос илүү нийгмийн манлайлагч гэдэг агуулгаар илэрхийлдэг болсныг анзаараагүй явснаа тэнд ухаарсан юм даа. Тэр цагаас хойш Аюушийн Ариунзаяа гэдэг бүсгүйн цахим хуудсыг дагадаг дэмжигчийн тоо нэгээр нэмэгдэв.
Загас шарах арга хийгээд Загас барих аргын хооронд...
Түүний цахим хуудсыг дагадаг болсноос хойш А.Ариунзаяаг манлайлагч гэдгээр нь хүлээж аваад, амьхандаа хөөрхөн дүгнэлт хийчихсэн, түүндээ ч итгэх маяг орчихсон тууж явтал мөнөөхөн дүгнэлтийг маань бут мөргөсөн зурагтай нийтлэл цахим хуудастаа тавьсныг нь олж харлаа. Тайлбар нь их хөөрхөн. “Намайг бух шиг авгай гээд бичсэн байх юм. Ядаж үнээ гэдэг байгаа даа. Би чинь эмэгтэй хүн биз дээ” гэсэн байв. Түүнийг уншаад үнэхээр инээдээ барьж чадсангүй. Улс төр, ажил албаа голдуу бичсэнийг нь харж байснаас түүний тийм эерэг, нээлттэй, хөгжилтэй талыг нь би анзаараагүй явж. Түүнээс хойш А.Ариунзаяа гэдэг хүнийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, “Ардын намын Ариунаа”, эс бөгөөс нүүр номын идэвхтэн гэдгээс арай өөрөөр харах болов. Ингэхэд А.Ариунзаяа гэж хэн бэ. Түүнийг төгссөн сургууль, хийсэн ажлаар нь дүгнэж болох ч тэр нь өнгөц тодорхойлолт болох юм байна гэдгийг ойлгов. Харин манлайлагчийн хувьд нийгмийн харилцаанд хэрхэн оролцож, ямар асуудалд ямар байр сууринаас хандаж байгааг анзаарах хэрэгтэй юм байна.
Шинэ үеийн манлайлагчид энгийн болон зарчимч байдлыг хослуулах ур чадвартай нь олон зүйлээс харагдаж байна. Өглөөхөн цахим сүлжээгээр загас шарах арга заагаад зогсож байсан хүн хэдэн цагийн дараа УИХ-ын танхимд хамгийн зарчимч, хатуу байр суурь баримтлаад сууж байхыг үгүйсгэхгүй. Тэд алсын хараатай, зохицох чадвартай, бусдад урам зориг өгч чаддаг, өндөр харизмтай байгаа нь анзаарагддаг. Ариунаа ийм манлайлагчдын нэг.
Бүргэдийн нислэгийн өндрөөс
Өнгөрсөн жилийн долдугаар сард хөгжмийн хэмнэлд бүжиж байгааг нь харсан А.Ариунзаяатай энэ жил албаны өрөөнд нь уулзах завшаан тохиов. МАН-ын Нарийн бичгийн дарга А.Ариунзаяа гэдэг хаягтай хаалгыг татахдаа айхгүй ч гэсэн аягүйцэх мэдрэмжээ өвөртлөөд орлоо. Хэлэх үгээ боддог, хийх үйлдлээ мэддэг, бусдыг сонсож чаддаг хүн юм гэсэн сэтгэгдэл уулзалтын эхнээс л төрөв. Эмэгтэй улстөрчийн ааш авир, гадаад үзэмж, ар гэр, үг үйлдлийг нь өлгөж авахдаа бид тун шалмаг. Эсрэгээр, эрэгтэйчүүдийг дүгнэхдээ тун дулимаг. Эрэгтэй улстөрчидтэй харьцуулахад эмэгтэйчүүд улс орны асуудлаас гадна нэмэлт ачаа үүрч, улс төрийн замаар зүтгэх хэрэгтэй болдог. Тэр ачаа нь эмэгтэйчүүдийг хайч бариад өөлөхөд бэлэн, шугам тавиад тайрахаас сийхгүй хүмүүсийн хандлага, нийгмийн хүлээлт юм. Түүнийг нэг удаа “Эзэн заяавал заяа хичээнэ” гэж хэлснийх нь төлөө нийгмийн сүлжээгээр хэд хоног шүүмжилж байсныг би санаж байна.
2005 онд ХБНГУ-ын Ханновэр их сургууль төгссөн, 25-тай, хийж бүтээхийн хүсэл дүүрэн, залуу бүсгүй Монголд ирэхэд өвөө нь, “Ариунаа, улс төр эмэгтэй хүнд тийм ч ээлтэй биш. Миний охин хувийн хэвшилд ажилла” гэж хэлсэн гэдэг. Түүний өвөө төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Ерөнхий сайд асан Пунцагийн Жасрай. Улс төрд ёстой л хөх шир шиг болтлоо чанагдсан өвөө нь тэр үед нийгмийн оюун санаа эмэгтэй улстөрчийг хүлээн зөвшөөрөх хэмжээнд гүйцэд төлөвшөөгүй гэдгийг мэдэж байсан хэрэг.
“Ямар ч ажилд чин сэтгэлээсээ хандах нь тухайн ажилдаа хурдан дадах, асуудлыг хөнгөхөн хэлбэрээр шийдэх боломжийг олгож байдаг юм. Намайг хүмүүс хөрвөх чадвартай гэдэг. Би ямар ч ажилд орсон аль хэдийнэ тэнд байсан хүн шиг уусаад, дунд нь ороод явчихдаг. 2013 онд Монгол ардын намын цоо шинэхэн гишүүн, сошиал хаягаа “Ардын намын Ариунаа” болгож өөрчлөөд намын бодлого, чиглэлийг таниулах ажил хийгээд л явчихаж байгаа юм. Дараа нь 2016 онд Үндэсний статистикийн хорооны даргаар очоод бас л тэнд урьд өмнө нь ажиллаж байсан мэт уусаад л ажилласан” гэж тэрбээр ярилаа.
Түүнд өвөөгийнх нь “Амьдралд нэг хаалга хаагдахад өөр олон хаалга нээгдэж байдаг. Асуудалд дандаа сүүдэртэй тал гэж байхгүй. Сүүдэр байгаа цагт гэрэл байдаг. Тийм болохоор асуудлыг бүргэдийн нислэгийн өндрөөс харж сураарай” гэсэн нь аливаад хөнгөхөн хандаж, аль болох эерэг талаас нь харж сурахад нөлөөлжээ.
“Хүнтэй санал зөрөлдөхөд асуудлыг нөгөө хүний өнцгөөс харахад арай өөрөөр харагдана. Ингээд сурчихвал сэтгэл санаа тайвшрахын зэрэгцээ өөрийнхөөрөө зүтгэх шазруун зан арилчихдаг” гэж тэрбээр хэлсэн.
Нийгмийг статистиктай танилцуулсан зууч
А.Ариунзаяа 2016 онд Үндэсний статистикийн хорооны даргаар томилогджээ. Статистик маш их ач холбогдолтой салбар боловч түүнийг хүмүүс тэр бүр мэддэггүй байв. Статистик гэдэг үгийг стандарт гэдэг үгтэй зарим хүн андуурах тохиолдол ч гарна. А.Ариунзаяа даргыг очсоноос хойш статистикийн тоонууд “амилж” эхэлсэн. “Статистик чинь ийм байна. Тоо баримт чинь энэ байна” гээд шургуулганаас гаргаж цэгцлээд ширээн дээр дэлгэж тавьсан. Улс орны бодлого гаргаж, хэрэгжүүлэхэд түлхүүр болох чухал тоонууд юм л даа. “Асуудлыг шийдье, өөрчилье, сайжруулъя гэвэл “тоо”-той сайн ажиллах учиртай. “Тоо”-нуудын цаана нөхцөл байдал, учир шалтгаан, гарц шийдэл байдаг” гэж тэр нэгэнтээ хэлж байсан.
Ардын нам 2020 оны УИХ-ын сонгуулийн дараа түүнд том итгэл хүлээлгэлээ. “Ширээн дээр гаргаж, цэгцэлж тавьсан тоогоо ашиглаад асуудал шийд” гэв. Түүнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарыг даатгалаа. Хэдий том салбар ч гэлээ залуу сайд ажлаа мэдэж байв. Учир нь, “тоо”-нууд нь түүнд юу хийх ёстойг хэлж байсан хэрэг. Нийгмийн даатгалын болон халамжийн бараг бүх үйлчилгээг цахим болголоо.
Нийгмийн даатгалын тогтолцооны шинэчлэлд ханцуй шамлан орлоо. Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг Засгийн газраар хэлэлцүүлээд УИХ-д өргөн барив. Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлууллаа. Салбарт байсан гажуудал, хууль бус зүйлсийг засаж, залруулж эхлэв. Жишээ нь, групп тогтоолт. Хөдөлмөрийн чадвартай олон мянган хүн группийн мөнгө аваад явж байсныг улс орон даяар шалгаж цэгцэллээ. Энэ мэт олон ажлыг хоёр жилийн хугацаанд амжуулжээ. Өвөө нь түүнд “Улс төрд битгий ороорой” гэж захиж байсан. Гэхдээ өвөөгийн үйл хэрэг үргэлжлэх учиртай байж. Өвөө одоо тэнгэрийн орноос охиноороо бахархаж байгаа нь гарцаагүй. Гэхдээ Засгийн газрын гишүүн болсонд нь биш. Ардын намынх нь том дарга болсонд ч бас биш. Аюушийн Ариунзаяа энгийн хэрнээ зарчимч, чанга хэрнээ уян хатан, хурдтай хэрнээ тогтуун, хүчтэй хэрнээ зөөлөн улстөрч болсонд бахархаж байгаа болов уу.
МАН-ын Нарийн бичгийн дарга А.Ариунзаяагийн өрөөнөөс ийм бодол өвөртлөн гарлаа.
Трамп Төмөрөө
Эх сурвалж: Монголын үнэн сонин №016/24547/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна