Ц.Ган-Өлзий: Гаднын улсуудаар аялахаар эх орныхоо сайхныг илүү мэдэрч, нүд нээгддэг


Очсон газар орныхоо сонин содон, угсаатны онцлогийг харуулсан “Аяллын тойрог” нэвтрүүлгээрээ монголчуудын эчнээ танил болсон Ц.Ган-Өлзийтэй ярилцлаа. Тэрбээр 13 жил аяллын нэвтрүүлэг бэлтгэжээ. Түүнтэй аяллын сонин сайхан, адал явдал, нэвтрүүлгээ хэрхэн бэлтгэдэг тухай ярилцсан юм. Тэрбээр алдарт уртын дуучин Солийн Цоодолын хүү билээ. Монголын уртын дууны урлагт түүний аавын оруулсан хувь нэмэр, хэлмэгдэн нутаг заалгасан тухай дурсамжаас хуваалцлаа.

 

-Газар, орон үзээд ирэх, аяллын нэвтрүүлэг бэлтгэх ялгаатай. Та очсон газрынхаа тухай үзэгчдэд олон талаас нь хүргэхийг зорьдог байх. Нэвтрүүлгээ бэлтгэхдээ ямар зарчим баримталдаг вэ?

-Хүн бүрийн мэддэг зүйлийг биш онцгой сонин, гол цөмийг нэвтрүүлгээрээ гаргаж ирэхийг зорьдог.  Жишээлбэл, Францад очоод Эйфелийн цамхаг биш жирийн тосгоны амьдрал, иргэдийн уламжлалыг харуулахыг хичээдэг. Зарим хүн “Чи тийм газар орон үзсэн үү” гэж их асууна. Үзээгүй гэхээр “Өө, чи энийг үзээгүй юм уу” гэдэг. Дэлхий уудам. Нухацтай үзэх хэрэгтэй. Увс аймгаар 10 жил аялсан хүнд ч үзээгүй сайхан газар байгаа шүү дээ.  Шаолины сүмийг монголчууд мэднэ. Тэгвэл тулааны урлагийн онцлогийг яаж сонин содноор харуулахаа бодож, төлөвлөх хэрэгтэй. БНХАУ-ын Хэнань мужийн Дүнфэнь тосгонд кунфү үүсэхэд юу нөлөөлөв, газар орны онцлогийг судалсан. Заримдаа уншсан, судалсандаа нүд хууртагдах үе бий. Газар дээр нь очиход бодит байдалтайгаа зөрнө. Гэхдээ би бүхнийг мэддэг ухаантан биш, жирийн үзэгч. Тиймээс юунд нүд хууртагддаг, гайхширснаа нэвтрүүлгийн үеэр нуудаггүй. Сэтгэлийн хөдөлгөөнөө гаргаж бодитоор хандах нь нэвтрүүлгийг амьд болгодог. Мөн хэрхэн хэмнэлттэй зардлаар аялж болохыг үзэгчдэдээ зөвлөдөг. Зардлаа хэт хэмнээд эрсдэлд  орж болохгүй. Жин бангаа тааруулах хэрэгтэй. Мэдэмхийрэх амархан.  Номноос уншсанаа яривал зөвлөгөө биш. Бодитоор туулснаа хэлдэг.  Аяллыг зугаалга гэж хардаг хүмүүс байна. “Чамтай зугаалахсан” гэсэн хүмүүст  “Чи ганцаараа зугаалаад үзээрэй. Хамт аялбал, миний пянг даахгүй” гэдэг.  Зураг авалтад улайрвал хоол цайгаа ч мартан, нарны гэрэлтэй уралддаг. Хурд, харах өнцөг шаарддаг ажил.  Зураглаач, сэтгүүлчдийн ажлыг хоног хугацаагаар төлөвлөнө. Зугаалж яваа бол нэвтрүүлэг хийхгүй.  Эрсдэлтэй газар очсон бол хэр удаан зураг авахаа тооцоолно.

-Аялах сайхан ч эрсдэлтэй. Нүүр тулсан адал явдлуудаасаа хуваалцана уу?

-Болзошгүй аюулыг тооцоолж, зайлшгүй үед шилжилт хийх чадварыг аялагчид эзэмшсэн байдаг. Ширэнгэн дунд ч хар тамхи зарна, нутгийн иргэдтэй зөв зүйтэй харилцах шаардлагатай. Хамгийн сүүлд бид Багамын арлууд, Ямайка, Мексикээр аяллаа. Ямайкад аяллын турш хоёр хүн дагаад л байлаа. Бид Ямайкын уугуул хэлийг мэдэхгүй, тэд англиар муухан ярина. Гэтэл буцахын өмнө 100 ам.доллар нэхдэг юм байна. Нутгийн иргэдтэй шууд муудалцаж болохгүй. Эв зүйгээ олохоор аяллын газрын менежерийг дуудаж тэдэнд 50 ам.доллар төлөхөөр тохиролцсон. Аялал жуулчлалын газрын удирдлагад гомдол гаргалаа. Захирал нь Мексикийн жүжигчин, хар тамхины наймаачин, мафийн бүлэглэлийн толгойчийн дүр бүтээдэг Дэнни Трэхотой төстэй төрхтэй, айхавтар хүн байсан. Мөнгө нэхсэн хоёр хүнийг дуудуулж, уучлалт гуйлгаад бидний мөнгийг буцаалгахаар боллоо. Бид ч мөнгөө авахгүй гээд буцсан. Мөн Мьянмар явахын өмнө найзууд “Цэргийн дэглэмтэй, зураг авбал шоронд хорьдог. Дэмий юм биш үү” гэж сэрэмжлүүлж, цуцлахыг зөвлөсөн. Би хүний ярианд итгэдэггүй. Цахим орчноос авсан мэдээлэл бодит байдлын хооронд асар их зөрүү бий. Мьянмарыг хэцүү орон байх гэсэн төсөөлөлтэй очтол найрсаг иргэд угтсан. Шөнийн гудамжаар алхаж явахдаа дээрэм, зодоон нүдээнтэй таараагүй. Мьянмарын нэвтрүүлгийг үзсэн бол санах болов уу. Бид уул өөд дөрвөн километр өгсөж хүрхрээнд хүрдэг. Тэр зайнд  жуулчдыг  мотоциклоор 10 мянган төгрөгөөр зөөдөг юм билээ. Гэтэл 40 хэмийн халуунд бидний ядарсныг далимдуулаад 50 мянган төгрөгөөр хүргэхийг санал болгосон. Би “Хүний аманд багтахгүй” гэж шарлахаад  явган өгсөж гарсан. Мотоциклтой нутгийн иргэд надад баяр хүргэж билээ. Гэхдээ улс орон болгонд муугаас сайн хүн нь олон байдаг. Хятадын гүнээр аялж явахад нутгийн хүмүүс бидэнд тусалж, төлбөр мөнгө нэхэлгүй гэртээ хонуулж, цайлж, дайлаад газарчилж байсан. Алслагдсан хот суурингийн хятадууд англиар ойлгохгүй ч ханиадтай өвдсөн надад  эм тан авч өгч сэтгэлээрээ тусалж байсныг мартдаггүй.

-Улсын дунд сайнтай, муутай гэдэг. Бусдын тус дэмээр бэлтгэсэн сайхан нэвтрүүлэг олон бий юү?

-Гадаадын орнуудад гоё бичлэг хийж, чанартай нэвтрүүлэг бэлтгэхэд зардал ихтэй.  Миний ажил учраас хариуцлагатай ханддаг. Хэрвээ халтуурдаад байвал нэвтрүүлэг утгагүй болж,  хөгжихгүй. АНУ-аар аялахад Вашингтон, Чикагогийн монголчуудын холбоо биднийг тосож, унаа тэргээрээ үйлчилсэн. Тэднийхээ тус дэмээр олон сайхан дугаар бэлтгэсэн. АНУ-ын Кентаккид бурбон вискиний үйлдвэрийн цогцолбороос нэвтрүүлгээ бэлтгэхээр зорьж очсон юм. Тэр газарт турист аяллын зураг авахад 350 ам.доллар төлдөг журамтай. Биднийг Монголоос ирснийг сонсоод ямар ч төлбөр аваагүй. Миний цахим хаягаас “Аяллын тойрог” нэвтрүүлгийн зарим дугаарыг үзээд, тэдэнд таалагдсан учраас бичлэгийн дараа  хамгийн үнэтэй буюу блью лебл вискигээ бэлэглэсэн. Санкт-Петербургийн Дорно дахин судлалын хүрээлэнгийн захиралтай уулзахад Монголын түүхтэй холбоотой эрдэнэсийг бидэнд үзүүлсэн. Алт, мөнгөн үсгээр бичсэн Ганжуур, Данжуур судар, Алтан ордны үйсэн дээрх бичгийн эх хувь, Хүннүгийн үеийн дээл хувцсыг дэлгэн сонирхуулсан. Санкт-Петербургийн төвд дрон нисгэх хориотой байдаг. Оросын мэргэжлийн гэрэл зурагчин Коваленко бидэнд тусалж, тусгай зөвшөөрөлтэй дроноо ашиглуулсан. Хэрвээ тэр хүн сэтгэл гарган туслаагүй бол Оросын уран барилга, соёлын ансамбль болсон Санкт-Петербург хотын зургийг агаараас авч чадахгүй байсан.

-Бизнес, эрүүл мэнд, хобби сонирхлын гээд аялал олон төрөлтэй. Сүүлийн үед хүн өөрийгөө олох, дотоод ертөнцөө нээхийн тулд аялдаг болжээ. Та  ийм хүсэл тэмүүлэлтэй хүнд  аль улсыг зөвлөх вэ?

-Мөнгөтэй биш зорилготой хүн аялдаг. Улс үндэстний амьдралын хэв маяг, соёл, түүх, байгалийн сайхан, хүн төрөлхтний түүхэнд оруулсан хувь нэмэр болгон сонирхолтой. Ер нь түүхийн жимээр аялах сайхан. Тоочоод яривал газар бүр сонирхолтой. Словак улсаар аялж яваад дундад зууны үеийн хэв шинжээ хадгалсан “Бүдүүлэг” ресторанд  орлоо.  Эндээс дундад зууны  үеийн соёлыг харж болдог. Төлбөрөө “ХААН” банкны мастер картаар төлөх гэтэл алт, мөнгөөр тооцоо хийхийг шаардсан. Ресторанаас зохион байгуулалттай бичлэг хийж байв. Намайг шувууны тор шиг торонд 15 минут хорилоо. Энэ бол  гэнэтийн бэлэг. Рестораны үйлчлүүлэгчид намайг шоолоод хөгжилтэй юм болсон. Хамгийн сайхан орон хаана байна гэж хүмүүс  асуудаг. Түүх, уран зураг, хоол, шоппинг, байгалийн сайхныг үзэх гээд зорилгоос хамаарсан аяллын төрөл олон. Тиймээс ямар зорилгоор аялбал аль улс зүгээр вэ гэж асууж, мэдээлэл цуглуулахыг зөвлөдөг.  Амьдралын мөн чанарыг ойлгож, соёлын шоконд орохыг хүсвэл Энэтхэгээр аялбал зохимжтой.  Дэлхийн олон шашин нэг дор төвлөрсөн тахианы сүүл шиг улс. Аялагчид Энэтхэгт заавал очих ёстой. Бид “Монголд амьдрал бүрхэг байна. Хэцүү байна” гэдэг. Үнэндээ бид эх орондоо тэнгэрийн оронд, диваажинд байгаа мэт хаан шиг амьдарч байна. Дубай, Катар шиг хөгжих боломжтой ч нийгэмд парадокс үүсжээ. Манай хөдөө нутаг үнэхээр сайхан.  3.5-хан сая хүнийг сайхан амьдруулах баялаг, нөөц Монголд байна. Энэ бол төр, засгийн шийдэх асуудал. 

-Танд очоогүй тив, нутаг үлдсэн үү?

-Европ, Ази, Хойд болон Өмнөд Америкийн орнуудаар аялсан. АНУ-ын 30 гаруй муж улсаар аялжээ. Нэг газар очиж, ганц хоносноо аялсан улсад тооцвол учир дутагдалтай.  Давхардсан тоогоор 60-аад улсаар аялжээ. 1500 гаруй хот, тосгоноор  орсон гэхээр зарим нь итгэдэггүй. БНСУ-ын 20-оод, ОХУ-ын 10 гаруй, БНХАУ-ын 50 орчим, Энэтхэгийн ес, АНУ-ын 200 хот, тосгоноор аялжээ. Гэхдээ Австрали, Африкийн орнуудад хөл тавиагүй. Үзэгчдээс хүсэлт ирдэг. Нэвтрүүлэг бэлтгэхэд төлөвлөгөө, судалгаа чухал. Хаа хамаагүй очоод бичлэг хийнэ гэж байхгүй.  Энэ хот тэдэн сая хүнтэй, ийм тийм гэсэн статистик үзэгчдэд сонирхолгүй. Бас нөгөө талаар маркетинг, менежментийн асуудал байна. 

-Урлаг судлаач учраас нэвт­рүүлэгтээ,  аялалдаа нухацтай ханддаг байх нь ээ?

-АНУ-ын зүүн, баруун эргээр монголчууд яваад үзчихсэн. Тэгвэл орон нутгийн амьдрал, Элвис Преслийн мандаж, бадарсан, рок-н-роллын өлгий Мемфис хотын тухай, АНУ-д аялал жуулчлал хэрхэн хөгжсөн нь манайханд сонирхолтой. Мемфис хотын байгаль, цаг уур Архангай, Хөвсгөл аймагтай адилхан. Америкийн зохиолын дууны  Нэшвилл хотод очиж  каунтри хөгжим яаж дуугардгийг үзэгчдэдээ сонсгохыг хүссэн. Мөн Кентакки мужийн Лексонгтон хотыг зорьж очсон юм. Тэнд АНУ-ын армийн түрүүч цолтой монгол моринд зориулсан хөшөө байдаг. Домгийг нь сонсоход л зүрх эмтэрмээр, уярмаар. Солонгосын дайнд АНУ-ын Тэнгисийн явган цэргийн сум болон тэсрэх бөмбөгийг фронтын шугамд хүргэх албыг нэр төртэй хашсан. Хамгийн гол нь шархадсан  цэргүүдийг зөөж, олон хүний амийг аварсан гавьяатай.  Ингэхдээ  хоёр ч удаа шархдаж, эр зоригийн шагнал хүртсэн түүх байдаг.

-Замын уртад дөрөө нийлүүлнэ гэж ярьдаг. Хамт аялах хүмүүсээ хэрхэн сонгодог вэ?

-Хамтран аялах санал их ирдэг. Очих орны тухай мэдлэгтэй, надаас гадна өөр өнцгөөр сэтгэдэг хүнийг зочин нэвтрүүлэгчээр урьж байна. Хоёр өөр өнцгөөр нэвтрүүлгээ бэлтгэвэл үзэгчдэд хүрнэ  шүү дээ.   Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Долгион ах хүүхэд насаа Орост өнгөрүүлсэн, Оросын урлагийн тухай мэдлэг арвинтай. Жүжигчин Бооёо буюу Н.Ариунболд найзтайгаа энтертайнмент хөгжсөн Тайланд, Зүүн өмнөд Азиар аялсан.  Амьдралын хэв маяг, долгион таарахгүй бол аялал урагшлахгүй.

-“Аяллын тойрог” нэвтрүүлгээ хэдэн оноос бэлтгэж байна. Аялах хобби, хүсэл тань хаанаас, юунаас эхлэлтэй вэ?

-Анхны дугаараа үзэгчдэд хүргэснээс хойш 13 жил өнгөрчээ. Эхний гурван жилдээ шинэ учраас туршлагагүйтсэн, санхүүжилт бага зэргээр  учир дутагдалтай болсон байх.  Анх хувийн зардлаараа аялдаг, санхүүгийн бэрхшээл байсан. Хүмүүст хүрээд, дугааруудаа тогтмол бэлтгээд эхлэхээр үзэгчдийнхээ итгэлийг алдахгүй,  улам сонирхолтой болгох зэргээр хариуцлага нэмэгддэг юм байна. “Аяллын тойрог” нэвтрүүлгээсээ гадна энтертайнмент нэвтрүүлэг хөтлөх болсон. “25 дугаар суваг” телевизийн З.Алтай ах санал тавьснаар, “Урт цагааны гудамж” нэвтрүүлгийг бэлтгэж байна. Энтертайнмент нэвтрүүлэг учраас зочдоо урих, үзэгчдийг уйдаалгүй яриулах хэрэгтэй. Амаргүй ажил юм байна. Олон сайхан зочин урьж, яавал сонирхолтой байх уу гэдгээ бодно. Хүмүүсийн үзэх дуртай нэвтрүүлэг. Тиймээс үзэгчдийнхээ итгэлийг алдахгүйг хичээнэ.  Аавыгаа дагаж олон аймгаар явсан минь аялах хоббийг өдөөсөн. Нэг газраа удаан суурин байдаггүй. Цаанаасаа аялмаар санагдана. Зарим газар намайг дууддаг. Гадагшаа аялахаар эх орныхоо сайхныг мэдэж, нүд нээдэг. АНУ-ыг бид эрх чөлөөний орон, хөл тавиад жаргана гэж өрөөсгөл төсөөлдөг. Гэтэл хүн хэчнээн их үүрэг хариуцлагатай байж хөрөнгөт нийгэмд оршин тогтнодгийг мэдэрнэ. Гэрлэн дохио зөрчиж, гудамжинд зөрсөнтэйгөө муудалцвал хууль дүрэм таньд “амьдрал заана”. Сар бүр 3000 ам.долларын орлого олохгүй бол эмзэг бүлэг рүү унана. Хэдий илүү орлоготой ч зарлага нь их. Очсон газрынхаа түүх, урлагаас гадна хоолны соёлыг харуулахыг зорьдог. Хоол, хүнс хүний амьдралын гол зүйл, илэрхийлэх соёл байдаг. Улс үндэстний дархлаа, генийн үндэс болдог. Тиймээс олон угсаатны хоолноос аль нь монголчуудад хэрэгтэй, хэрэггүй, санаа авах юм байгаа эсэхийг сонирхуулдаг. Зүүн өмнөд Азийн ард түмэн дайн, өлсгөлөн, шаналал их үзсэн учраас идэж болох бүхнээр л хоол хийж үзсэн.  Гэтэл бид царцаа, голио идтэлээ ядраагүй. Хамгийн муудаа л ямаа, тэмээний мах иддэг. Цамаан мэт боловч монголчууд хоолны асар өндөр соёлтой.  Хөвсгөл аймгаар тойрон аялахад л мэхээртэй шөл, аарцтай хярамцаг гээд нэрийн олон хоол байна.


Нутаг заагдсан нь нэг талаараа аавд зол болсон

 -Таны аав нэрт уртын дууч С.Цоодол гуайг монголчууд сайн мэднэ. “Маршалын дуучин” гэж хүндлүүлж явсан ч хэлмэгдүүлэлтийн шуурганд өртсөн. Та аавынхаа тухай дурсамж дэлгэнэ үү?

-Аав минь Маршал Х.Чойбалсантай 1944 онд азтай тохиолоор уулзсан гэдэг. Маршал Өвөрхангайд явж байхдаа “Сайхан дуулдаг хүү байна, сайн дуучин болно” хэмээн аавыг хотод дагуулан ирж алдарт уртын дуучин Пунцаг багшид шавь оруулсан. Дараа нь нэрт дуучин Ж.Дорждагва гуайд шавь орсон түүхтэй. Тэрс үзэлтэн Ц.Лоохуузын найранд дуулсан гэдэг үндэслэлээр аавыг хэлмэгдүүлсэн.  Улмаар үндэсний үзэлтэн гэж шахаж, гадуурхан нутаг заана.  Бусдад гомдвол гомдохоор ч “Сайн цаг ирнэ” гэдэгт итгэлтэй байсан.  Урлагт оруулсан хөдөлмөр бүтээлийг  нь үнэлж, Урлагийн  гавьяат зүтгэлтэнд дөрвөн удаа нэр дэвшүүлсэн юм. Даанч сэхээтний төөрөгдөл, хэлмэгдсэн гэх нэрийдлээр буцаана.  Зарим нэгний атаархал ч байсан. Аавын минь ойрын хүн хүртэл “араас нь хутгалж” байсныг бид мэднэ. Сайн цаг 1990 онд ирж аав минь Монгол Улсын Гавьяат жүжигчин цол хүртсэн. Гавьяат жүжигчин болохоосоо өмнө  ард түмэндээ алдарт уртын дууч хэмээн цоллуулсан. Түмэн олноороо  хүлээн зөвшөөрүүлэх нь урлагт зүтгэсний хамгийн том шагнал юм. МУИС-ийн Урлаг судлалын танхимыг байгуулалцаж, 1998 он хүртэл багшлахдаа олон шавь төрүүлсэн дээ.

-Нутаг заалган амьдарсан ч Монголын урлагт хувь нэмрээ оруулсан. XXI зуунд зохиосон цөөхөн  уртын дууг аав тань бичсэн гэдэг байх аа? 

-Б.Нямбуу, Б.Сурмаажавын хамсаатан, Зөвлөлтийн эсрэг үзэлтэй нэрийдлээр хэлмэгдэж, нутаг заалгасан нь нэг талаараа аавд зол болсон. Дундговь, Баянхонгор, Сэлэнгэ, Өвөрхангай гээд ажиллаж, амьдраагүй аймаг ховор. Очсон газрынхаа уртын дууг судалж, язгуур урлагийн өв тээгч нартай уулздаг байсан. “Үлэмжийн чанар” дууг ноён хутагт Данзанравжаагийн бүтээл болохыг баталж, олон нийтэд хүргэсэн. Энэ мэтчилэн тухайн үед дарагдсан, мартагдах шахсан олон сайхан дууны түүхийг тэмдэглэж, ноотолж үлдээсэн нь Монголын ардын урлагт нэмэр болсон. Өөрөөр хэлбэл, язгуур урлагийн дархлааг авч үлдэхэд аав минь чухал үүрэг гүйцэтгэжээ. Миний аав уртын дууны их мастераас гадна дууны урын санд “Монгол нутгийн үзэсгэлэн”, “Өлзий түвшин уулс” зэрэг уран бүтээлийг нэмсэн гавьяатай. “Монгол нутгийн үзэсгэлэн” гэхээр 

...Зээрийн сүрэг бэлчсэн

Шаргал талын зэрэглээ

Хээрийн салхи үлээсэн

Монгол нутгийн үзэсгэлэн

Миний нутгийн сайхныг

Мэлмий тэнүүн ширтмээр

Мэндэлж төрсөн болохоороо

Мишилзэн харахад бахадмаар... гээд эрхгүй аялагдаж байгаа биз. Монгол Улсын Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Дулмаа гуайн энэ сайхан шүлэгт аав минь ая хийсэн.  Уртын дууны үг, аяын зохицол, онцлог, бүтцийг бүрэн судалж бүтээсэн дуунуудыг нь өдгөө С.Цоодолын гэхээсээ илүү ардын хэмээн овоглох болжээ. 


  Х.Эрдэнэзаяа

Эх сурвалж: Монголын үнэн сонин №016/24547/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.9.46.0
2023/12/29
0
0
Ган-Өлзий аялагчтай яаж холбогдох вэ? туслаач
Хариулах
Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 5 цагийн өмнө
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 8 цагийн өмнө
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 8 цагийн өмнө
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 8 цагийн өмнө
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 8 цагийн өмнө
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 9 цагийн өмнө
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 9 цагийн өмнө
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 9 цагийн өмнө
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 9 цагийн өмнө
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 9 цагийн өмнө
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 10 цагийн өмнө
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 10 цагийн өмнө
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 10 цагийн өмнө
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 10 цагийн өмнө
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 10 цагийн өмнө
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 10 цагийн өмнө
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 10 цагийн өмнө
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 10 цагийн өмнө
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 10 цагийн өмнө
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 11 цагийн өмнө