Монгол Улсын төрийн 4232 байгууллагад нийт 225205 төрийн албан хаагч ажиллаж байна. Эдгээр албан хаагч “Эх орон, ард түмнийхээ төлөө эрдэм чадлаа зориулж, төрийн хууль, ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж албан үүргээ үнэнч шударгаар биелүүлэхээ тангараглая. Тангаргаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ” хэмээн тангараг өргөдөг. Төр, түмэндээ өргөсөн тангарагтаа үнэнч олон мянган төрийн албан хаагч өнөөдөр эх орныхоо өнцөг булан бүрд үүрэг гүйцэтгэж, бусдад загнуулж зэмлүүлж, төр түмнийг холбох гүүр болон ажиллаж байна. Төрийн албан хаагчдын нэр хүндтэй холбоотой олон арван асуудал ундардаг. Удирдах албан хаагчид нь “тендер, тусгай зөвшөөрлөөр хөлжиж баяжигсад” гэсэн хардлага дунд ажиллаж, төрийн үйлчилгээний албан хаагчид зарим хүнд зарц, барлаг мэт нүд үзүүрлэгдэн үүргээ биелүүлдэг нь нууц биш. Товчхондоо, төрийн албан хаагчид нийгмийн бухимдлыг нуруундаа үүрч явдаг. Төрийн албан хаагчид өдөр шөнө, өглөө оройгүй ажиллавч сайн нэрийг сонсох нь ховор, авдаг цалин бага ч үүрэг хариуцлага нь цалин хөлстэйгөө харьцуулбал хэд дахин өндөр. Үүн дээр нэмэгдээд хэл ам, хардлага сэрдлэг, дарамт шахалт салахгүй дагаастай. Ганц жишээ дурдахад, Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа 60 гаруй хууль тогтоомжоор төрийн албан хаагчийн ёс зүйн харилцааг зохицуулдаг. Тиймээс энэ олон хууль тогтоомжийг нэгтгэх, нэгдсэн нэг хууль бий болгох, улмаар төрийн албан хаагчдын нэр хүндийг өргөх, хамгаалах зорилгоор УИХ-аас Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төслийг боловсруулан хэлэлцүүлж байна. Одоогоос дөрвөн жилийн өмнө анх өргөн барьж байсан энэ хуулийн төсөл олон шалгуурыг давж, бас удаа дараа хэлэлцүүлэгт орж, хүмүүсийн санал санаачилгыг шингээсний үндсэнд УИХ-ын босгыг даваад байгаа юм. Энэ нь ч аргагүй. Нийт хоёр зуу гаруй мянган хүний ажил, амьдрал, монгол төрийн нэр төр, төр түмэн хоёрыг холбох гүүр болсон төрийн албаны ёс зүй, үйл ажиллагаатай холбоотой хууль учраас...
Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль нь анхдагч хууль бөгөөд төрийн албан хаагчийн ёс зүйн зарчим, нийтлэг хэм хэмжээг тогтоох, сахиулах, ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, зөрчлийг хянан шийдвэрлэх, хариуцлага хүлээлгэх, олон нийтэд мэдээлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахаар тусгажээ. Энэхүү хуульд Ёс зүйн хороо байгуулах асуудлыг тусгаж өгснөөрөө онцлогтой. Хуульд Ёс зүйн хороо, дэд хороо, түүний бүрэн эрхийг хуульчилж, бие даасан хараат бус зарчмаар ажиллахаар тусгасан байна.
Төрийн албан хаагч нь ёс зүйн зөрчил гаргасан тохиолдолд Ёс зүйн хороо болон Ёс зүйн дэд хорооны холбогдох дүгнэлтийг үндэслэн зөрчлийн шинж байдал, анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан шийдвэр гаргах юм. Өөрөөр хэлбэл, төрийн албан хаагч нь хууль дүрэм, ёс зүйгээ зөрчсөн эсэх асуудлыг тухайн байгууллагын Ёс зүйн зөвлөл хянаж, шийдвэр гаргана гэсэн үг. Нэг талдаа төрийн албан хаагчдад хамгаалалт, нөгөө талдаа гомдол гаргагч иргэний асуудлыг шууд шийдвэрлэх боломж энэ хууль батлагдсанаар гарч ирнэ гэсэн үг.
Энэ мэтчилэн хуульд төрийн албан хаагчидтай холбоотой чухал олон заалт бий. Тиймээс хууль батлагдсанаар төрд, төрийн албанд итгэх иргэдийн итгэл нэмэгдэж, авлигатай тэмцэх ажлын үр дүн гарна гэсэн хүлээлт бий болоод байна. Нөгөө талаар төрийн албан хаагчид авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх, иргэддээ алагчлалгүй тэгш шударгаар хандаж, төрийн үйлчилгээг чанартай, хүртээмжтэй үзүүлэх тогтолцоог бүрдүүлэхэд төрийн бодлого чиглэсэн бөгөөд хуульд энэ талаар заалтуудыг оруулжээ. Үүнээс гадна төрийн албыг мэргэшсэн, тогтвортой, ил тод байлгах, төрийн албан хаагчийн эрх зүйн байдал, нийгмийн баталгаатай холбоотой асуудлууд Төрийн албаны тухай хуульд тодорхой туссан байдаг. Харин иргэд, олон нийтийн төрд итгэх итгэлийн “манаач”-аар томилогдсон төрийн албан хаагчдын ёс зүйн асуудал одоо УИХ-аар хэлэлцэгдэж байгаа Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төсөлд шингэсэн байгаа юм.
Бүхэл бүтэн дөрвөн жил боловсруулж, хянаж байгаа энэ хуулийн төсөлд олон хүний санаа бодлыг тусгажээ. Тухайлбал, УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Баттөмөрөөр ахлуулсан Ажлын хэсэг Сэлэнгэ, Хэнтий, Ховд, Төв, Дархан-Уул аймагт ажиллан, төрийн албан хаагч, иргэдийн дунд долоон удаагийн хэлэлцүүлэг зохион байгуулж, 100 гаруй иргэн, төрийн албан хаагчдаас 261 санал, d.parliament.mn цахим хаягаар 16 санал нийт 277 орчим санал авч, энэ хуулийн төслийг боловсруулжээ. Нийгмийн хамгийн эмзэг сэдэвт тооцогдож байгаа хуулийн төсөлд УИХ онцгой анхаарал тавьж, 2023 оны хаврын чуулганаар хэлэлцэж байна.
Хуулийг УИХ-аар хэлэлцүүлэхийн өмнө хууль санаачлагч гишүүд “Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль бол төрийн бүх шатны ажилтан, албан хаагчдад зөвхөн ёс зүйн хариуцлага ногдуулахад чиглэсэн хууль биш юм. Энэ хуулийн зохицуулалт нь нэг талаар төрийн байгууллага, албан хаагчдыг хамгаалах, нөгөө талаар төрд итгэх ард иргэдийн итгэлийг сэргээхэд чиглэнэ. Ямарваа гэмт хэрэг, ёс зүйн зөрчил гарахад төрийн албаны дотроос шүгэл үлээх, мэдээлэх, мэдэгдэхээс эхлээд өөр хоорондоо уялдаатай бүхий л зохицуулалтыг хуулийн төсөлд нарийвчлан зааж өгсөн” хэмээн мэдэгдэж байсан.
Мөн Ажлын хэсэг хуулийн төслийг боловсруулахдаа Япон, Герман, Канад болон Европын орнуудын төрийн албаны ёс зүйн дүрэм, олон улсын нийтлэг стандартуудыг нарийвчлан судалсан гэдгээ танилцуулаад байна. Монголчууд бид Төрийн сүлдэндээ сүү өргөн залбирч, “Төр төмбөгөр, ёс ёмбогор” гэж ярьдаг ард түмэн. Төр төмбөгөр оршихын тулд төрийн албан хаагчдаас ёс зүйтэй, хариуцлагатай, хүнлэг, шударга байхыг шаардаж байна.
Б.Нүүдэл
Эх сурвалж: Монголын үнэн сонин №016/24547/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна