Байгаль бүтээгч өрх


-Ж.Янжиндолгор гуай хашаандаа 25 төрлийн 120 орчим мод тарьж, ургуулжээ-

Сонгинохайрхан дүүргийн Баруун салаа, 24 дүгээр хорооны нэгэн айлд очихоор хайж явтал бор торгон дээлтэй, час хийсэн чанга дуутай хөгшин “Наашаа яваарай” хэмээн даллах нь тэр. Мэнд мэдэлцээд “Та намайг яаж мэдээд гарч ирэв” гэхэд “Камераар харсан юм” хэмээн хэлээд дотогшоо орохыг урилаа.

Хашааны хаалганы хажууд өлгөөтэй харагдах “Байгаль бүтээгч өрх” гэсэн хаяг анхаарал татав. Хаалга онгойх даруйд нарийн урт цементэн зам гэр рүү хөтлөв. Хоёр талаар нь өндөр нам, том жижиг төрөл бүрийн мод харагдах  нь ойд явж буй мэт сэтгэгдэл төрүүлж байлаа. Мэддэгээс нарс, улиас, гацуур харагдаж байв. Цааш нь асуух төдийд гэрийн эзэн Ж.Янжиндолгор гуай түргэн хэллэг хэлж буй мэт нэг амьсгаагаар шахам моднуудыг нас, зүсээр нь нэрлэх нь тэр. Түүний нэрлэснийг тогтоож, тоолж үл барав. Тодруулж асуувал, жимсний болон эмийн ургамлын, гоёлын гээд 25 нэр төрлийн 120 орчим мод байгаа аж. Тухайлбал, жимсний мод нь чацаргана, чавга, мойл, үхрийн нүд, интоор, тошлой, үрэл, улаалзгана, эмийн ургамлынх нь  нохойн хошуу, тэхийн шээг гэх мэтээр цааш хөвөрнө. Харин шилмүүст модоор бургас, хус, улиангар, шар хуайс, тогдгор хайлаас, монгол сакура, говийн жигд, цэцэгт бургас, голт бор, агч зэргийг нэрлэх ажээ.

Хангай, говьд ургадаг хачин гоё моддыг ийн хашаандаа нутагшуулах эхлэл суурийг одоогоос 20 жилийн өмнө буюу 2003 онд тавьжээ. Ж.Янжиндолгор гуай “Танайд мод тарья” нэвтрүүлгийг үзээд сэдэл авч, улмаар мод зарах зар харангуутаа ханиа, зээтэйгээ дагуулаад гүйн гарчээ. Тухайн үед “Судал төв” нэртэйгээр үйл ажиллагаа явуулдаг байсан худалдааны төвөөс таван бургас худалдан авахад урамшуулалд нь гурвыг үнэгүй өгсөн байна. Нэг бургас 300 төгрөгийн үнэтэй байсан бол өдгөө модны үнэ ямар төрлийнх, хэдэн настай гэдгээсээ шалтгаалаад харилцан адилгүй үнэлгээтэй болжээ. Жимсний мод дунджаар 40 мянган төгрөгийн үнэтэй байдаг аж.

 

Чацаргана 40-50 кг, үхрийн нүд 20 орчим кг-ыг хурааж авдаг

 

Тэдний амьдардаг газар уулын энгэр талдаа болохоор маш их хад чулуутай тул гарч ирсэн чулууг цуглуулж, дөрвөлжин хэлбэрт оруулан цемент цутгаж хүүхдийн тоглоомын талбай байгуулжээ. Хад асгатай газар гээд хойш суулгүй төдийгөөс өдий хүртэлх 20 орчим жилийн хугацаанд мод тарьж, хамгийн чухал нь өдий зэрэгт хүртэл “өсгөж” чадсаныг нь асуухад  “Хамгийн чухал зүйл бол ус. Гэхдээ энэ бол өдөр бүр услах тухай ойлголт биш. Модоо суулгахаасаа өмнө хөрсийг нь бэлтгэж, ухсан нүхэндээ хангалттай хэмжээний ус хийж шингээх хэрэгтэй. Бүрэн шингэж, хөрс нь чийглэг болсны дараа модоо суулгах нь зүйтэй. Хуурай, эсвэл дутуу чийглэсэн хөрсөнд мод суулгаад яаж ч арчилж, тордсон хэзээ ч ургахгүй. Үндэс нь хатаад үхдэг. Ер нь модыг намар тарих нь тохиромжгүй санагддаг. Суулгаад нэг их удалгүй хүйтэрч, гозойсон мөчир болдог. Тиймээс манайх хавар 2-3 настай мод авч суулгадаг. Зуны дэлгэр цагт хөрсөндөө дасан зохицож, бэхэждэг юм. Нэг настай мод орчиндоо дасаж чадахгүй үхдэг” хэмээн анхааруулав.  Түүнчлэн суулгасан модоо долоо хоногт нэг, хэт халуун, хуурай салхитай байвал хоёр удаа услах, мөн нар хурдан тусдаг, нөмөр сайтай хэсэгтээ онцгой арчилгаа шаарддаг жимсний мод тарихыг зөвлөв.  Учир нь, үрэл, мойлны модноос цагаан цэцэг дэлбээлж, дараа нь жимс ургадаг байна. Салхи цэцгийг нь гөвбөл жимс нь ургахгүй учраас байршил хамгийн чухал аж.

“Бүх мод л өөрийн гэсэн өнгө үзэмж, үр шим, өгөөжтэй хэдий ч энэ нь илүү гоё, тэр нь илүү сайхан гэж онцлох зүйл байдаг уу” гэхэд “Бүгд л гоё, сайхан. Гэхдээ чамайг асуусан болохоор хариулъя” гээд жуумалзав. Ургац өгдгөөс үрэл, мойл, үхрийн нүдний модыг, үзэмж төгсөөр нь нарс, гацуур хоёрыг онцлов. Хамгийн түрүүнд болц гүйцдэг тул улаалзганыг долдугаар сард бусад жимсээ намар буюу наймдугаар сарын 15-наас есдүгээр сарын 15-ны хооронд хураан авдаг байна.

Ургац хураах их ажил өрнөхөд хүүхэд, хөгшид бүгдээрээ л хөдөлцгөөж, хамтын хүчээр дуусгадаг гэнэ. Хамгийн их ургацыг чацарганы модноос хурааж авдаг байна. Дунджаар жилд 40-50 кг жимс хураан авч, гэр бүлийнхээ хэрэгцээнд хэрэглэдэг аж. Харин үхрийн нүд 20 орчим кг-ыг хураан авч, тал хагасаар нь жимсний чанамал хийдэг талаараа ярилаа. Жил жилийн ургацаа бор шувуутай хуваадаг гэнэ. Өөрөөр хэлбэл, жимсний болц гүйцээд ирэнгүүт л бор шувуу түүж эхэлдэг байна. Ямар ч үргээлэг хийж тавиад тусыг эс олдог ажээ.

 

Б.Алтанпүрэв: Модоо усалж дуусгаад нар мандахыг харах хамгийн сайхан

 

Түүний зээнцэр А.Норовзаяат эмээдээ тусалж, бор шувуу үргээдэг, бас жимс түүхээс гадна үхрийн нүд идэх, чацарганы шүүс уух дуртайгаа хэллээ. Дөрөвхөн настай, шавилхан биетэй хэрнээ бусдын адил сав бариад ухасхийн гарч, жимс түүдэг тухай эмээ нь түүний талаар бахархан ярив. Өндөр модны дээд хэсгийн жимсийг түүний зээ Б.Алтанпүрэв, дунд хэсгийг нь Ж.Янжиндолгор гуай өөрөө,  доод хэсгийнх нь жимсийг зээнцэр нь түүдэг гээд гурван үеэрээ ажилладаг тухай инээлдэн ярих нь хөдөлмөрч, аз жаргалтай гэр бүлийн нэгээхэн хором мөч байв. Жимсээ хэрхэн түүдэг тухай ярихдаа ийм баяр хөөр, аз жаргалыг мэдрүүлж байхад ургацаа хурааж буй тэр мөчийг үгээр төсөөлшгүй.

Ж.Янжиндолгор гуай зээ хүү Б.Алтанпүрэвийнхтэйгээ хамт амьдардаг болохоор бүх л зүйлд тэдний тусыг авдаг байна. Зээ нь ч уриалгахан тусалдаг гэнэ. Эмээгийнхээ эхлүүлсэн энэ их ажлын тухайд Б.Алтанпүрэв  “Намайг арван жилийн сургуулийн сурагч байх үеэс л мод тарьж эхэлсэн. Хүн юу тарина түүнийгээ хураана гэдэг дээ.  Өглөө эрт босоод бүх модоо усалж дуусгаад нар мандахыг харж зогсох л хамгийн гоё мэдрэмж. Бороо орсны дараа чийг үнэртээд л нэг тийм гоё мэдрэмж хүмүүс авдаг даа. Яг л тийм сайхан мэдрэмжийг хашаандаа зогсож байгаад л авдаг шүү.  Эмээ, өвөөгийнхөө хөдөлмөрийн үр шимийг хүртэж байна. Хүмүүс дархлаагаа дэмжинэ гээд чацаргана, чацарганы шүүс худалдаж авч байхад бид хашааныхаа модноос түүгээд л идэж байна. Энэ бол ямар нэгэн химийн бодис агуулаагүй, баталгаатай, органик жимс. Эрүүл мэнд, эдийн засгийн хувьд ч ихээхэн хэмнэлттэй. Хоёр буурал маань амьдрах орчноо тав тухтай болгох, хашаандаа сайхан амьдарч болдгийг харуулж чадсан” хэмээн бахархан ярив.

 

Зээгээрээ цалингийн зээл авахуулж, гүний худагтай болжээ

 

Мод тарьж, ургуулахад хамгийн чухал нь ус тул амар хялбар байх хамгийн эцсийн шийдлийг цалингийн зээлээр бий болгожээ. Тодруулбал, өнгөрсөн жил зээ хүүгээрээ цалингийн зээл авахуулж, 90 метрийн гүнтэй, 12 орчим сая төгрөгийн өртөг бүхий гүний худагтай болсон нь тэдний ажлыг нэлээд хөнгөвчилсөн байна. Өмнө нь тэргэн дээр шар сав тавиад л худаг руу алхдаг байсан бол дараа нь автомашинаар, улмаар “амьжиргаа цагаан”-аар зөөж, усан сан руу хийдэг байж. Усан сан нь найман тоннын багтаамжтай бөгөөд нэг дүүргэлтийг 7-10 хоногт хэрэглэдэг байна. Одоо хэдий худагтай болсон ч модоо тэндээсээ шууд усалж болохгүйг Ж.Янжиндолгор гуай анхааруулав. Учир нь, гүний худгийн ус хэт хүйтэн тул заавал усан сан руу юүлж, жавар нь гарсны дараа усалдаг байна.  Үүнээс гадна моднуудаа унтахын өмнө буюу аравдугаар сарын сүүлчээр тогоог нь дүүртэл усалдаг байна. Харин хавар тогоон дахь ус нь хайлж, хөрсөндөө шингэсний дараа буюу тавдугаар сарын 15-ны үед дахин усалдаг аж.

Тэднийх гүний худагтай болсон нь хөршийнд нь давуу тал болжээ. Хөршийнх нь тэднийхээс үлгэр жишээ авч, мод тарьж эхэлсэн ч ус зөөх нь туйлын хүнд асуудал болж байж. Харин одоо энэ асуудал ард үлдэж, Ж.Янжиндолгор гуайн худгаас усаа татчихдаг болжээ. Хажуу айлынх нь хашаа нүднийх нь өмнө ногоон модоор дүүрч, ойд амьдарч буй мэт өдөр бүр хүчилтөрөгчөөр амьсгалж байхад хэн ч гараа хумихаад зүгээр суухгүй нь ойлгомжтой. Тиймээс хөрш нь Ж.Янжиндолгор гуайгаас зөвлөгөө авч, өдгөө арав орчим модтой болж чаджээ.   Хашаагаа цэцэрлэгжүүлэх хүсэл зорилгодоо хөтлөгдөн, мөн анх тарьсан модоо нахиалж, цэцэглэхийг хараад урам зориг авч, жил бүр мод нэмж суулгасаар өнөөдрийн энэ үзэмжит дүр зургийг бий болгосон байна. Нүцгэн бургаснаас эхэлсэн цэцэрлэгжүүлэлт гурав, дөрвөн жилийн өмнө бор голт гэдэг модоор өндөрлөжээ. Учир юу гэвэл, Ж.Янжиндолгор гуайнх 0.07 га газрынхаа 244 ам метр талбайд мод тарихаар төлөвлөж, зохион байгуулалтаа хийжээ.  Өндөр настай, хөгшин модоо залуугаар солихыг боддог уу гэхэд “Эмээ нь тарьсан модоо хүүхэд шигээ хайрладаг болохоор тасалж, огтолж зүрхэлдэггүй юм. Зөнгөөрөө өнхөрч унасан үед нь л солих байх даа. Гэхдээ мод 40, 50 хүрч, их урт насалдаг болохоор эд нар маань өнхөрч унах болоогүй” гэв. Модоо үр хүүхэд шиг хайрладаг нь нүдний харц, нүүрнийх нь хувирлаас тодхон харагдана. 

 

Мод тарьж, ургуулахад ихээхэн сэтгэл, багахан зүтгэл хэрэгтэй

 

Хэнтий аймгийн Дадал сумаас 1966 онд ирж, түм түжигнэж бум бужигнасан Улаанбаатар хотод суурьшихдаа нийслэлийнхээ үзэмжид ийн өнгө зүс нэмж, хашаандаа сайхан амьдарч болохыг бодитоор үлгэрлэж буй нь бахархал төрүүлэв. Түүний нэгэн адил ханшаандаа мод тарих хүсэлтэй ч хаанаас, юунаас эхлэх учраа олохгүй, нэг л зориглохгүй байгаа хүмүүст хандан тэрбээр “Мод тарьж, ургуулах хүнд хэцүү ажил биш ээ. Ихээхэн сэтгэл, багахан зүтгэл байхад нэг л өдөр ойд сууж байх болно. Хүмүүс улиас, нарс, чацаргана, бургас, тэхийн шээг, үхрийн нүд, шар хуайс зэргийг түгээмэл тарьдаг. Хамгийн гол нь мод худалдан авахдаа үндсийг нь сайн харж, шалгах хэрэгтэй шүү. Хэрэв амь үндсийг нь тасалчихсан байвал хэчнээн арчлаад ч ургахгүй. Хэсэг хугацааны дараа өнгө алдаад л үхнэ” гэдгийг сануулахын зэрэгцээ модоо суулгахаасаа өмнө ухсан нүхээ усаар дүүргэж, шингэхийг нь хүлээхийг дахин тодотгон сануулав. 

Сонирхлоороо эхлүүлсэн ажлаа мэргэжлийн түвшинд хөгжүүлж, хобби болгосон   болохоор хаана л модны үзэсгэлэн худалдаа болно, тийшээ очиж үзэн хорхойгоо дардаг тухай Ж.Янжиндолгор гуай хуваалцав.  Бид ийн хөөрөлдөж дууссаны эцэст хаалганы гадна талд байршуулсан “Байгаль бүтээгч өрх” гэсэн хаяг анхаарал татсаныг хэлэхэд Ж.Янжиндолгор гуай “Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд байгаль  бүтээхэд хувь нэмэр оруулсан жишиг айл өрхүүдэд байршуулсан юм. Энэхүү хөдөлгөөнийг дэмжиж байгаа” хэмээгээд өрх бүр хашаандаа 2-3 мод тарихыг уриалсан юм.


C.Юмсүрэн

Эх сурвалж: Монголын үнэн сонин №016/24547/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 4 цагийн өмнө
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 7 цагийн өмнө
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 7 цагийн өмнө
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 7 цагийн өмнө
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 7 цагийн өмнө
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 9 цагийн өмнө
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 9 цагийн өмнө
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 9 цагийн өмнө
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 9 цагийн өмнө
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 9 цагийн өмнө
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 9 цагийн өмнө
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 9 цагийн өмнө
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 9 цагийн өмнө
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 9 цагийн өмнө
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 9 цагийн өмнө
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 9 цагийн өмнө
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 10 цагийн өмнө
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 10 цагийн өмнө
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 10 цагийн өмнө
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 10 цагийн өмнө