УИХ-ын даргад Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан өргөн барив. Хуулийн төсөлд УИХ-ын сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах, УИХ-ын гишүүдийн тоог 152 болгон нэмэгдүүлэх, ингэхдээ 76 мажоритар, 76 пропорциональ системээр сонгуулийн явуулах талаар тусгажээ. ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан:
-Монгол Улсын Үндсэн хууль бол Монгол хүн бүрийн эрх ашиг, урт хугацааны хөгжил, зорилгыг илэрхийлсэн гол хууль мөн. Энэ хууль УИХ, Засгийн газар, Шүүх засаглал хоорондын хяналт тэнцлийн зарчмын үндсийг тавьдгаараа Монгол Хүн бүрт хамаатай.
Өнгөрсөн хугацаанд ижил гараанаас эхэлсэн орнуудтай харьцуулахад Монгол Улсын хөгжил хангалттай хэмжээнд хүрээгүй, хүн амын амжиргааны түвшин хангалтгүй байгаа зэрэг асуудлууд нь Үндсэн хууль, тэр дундаа засаглал хоорондын хяналт тэнцлийн асуудалтай суурь үндсээрээ холбоотой юм.
Тухайлбал Засгийн газрууд хэт үрэлгэн, хөгжлийн бодлого чиглэлээ гол чиг шугам болгож чадахгүй байх, түүнд хяналт тавьж, чиглүүлж байх ёстой УИХ бүрэн хэмжээнд ажиллаагүй нь өнөөдрийн Монгол Улсыг бий болгоод байна. Иймд төрийн эрх барих дээд байгууллага болох УИХ, түүний гишүүдийн зөв зохистой тоог тогтоох, сонгуулийн зөв системийг хэрэглэх явдал бол манай улсын гол тулгамдсан асуудал мөн.
Монгол Улсын Засгийн газар өнгөрсөн хугацаанд дунджаар 15 гишүүнтэй байж ирсэн. Харин 76 гишүүнтэй парламентын хувьд түүний 5-ны нэг нь давхар дээлтэй болсон тохиолдолд хяналт тэнцлийн зарчим алдагдах нэг нөхцөл болж байна. Нөгөөтээгүүр 76 гишүүд нь цөөн тооны фракцад хуваагдах, ажил хэрэгч мэтгэлцээн өрнөхгүй байх зэрэг сул талыг дагуулж байна.
Гишүүдийн тоог нэмэгдүүлэх, сонгуулийн холимог тогтолцоог нэвтрүүлж байгаа нь Монгол Улсын парламентыг шинэ түвшинд гаргахад чухал ач холбогдолтой. Үүний үр дүнд парламентад мэргэшсэн, мэргэжлийн хэлэлцүүлэг өрнөх, нийгмийн олон бүлгийн төлөөллийг ажиллуулах, парламент дахь намуудын тоог нэмэгдүүлэх болно.
Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлж буй төсөлд тусгагдаж байгаа асуудал нь зөвхөн өнөөдөр гарч ирээгүй. Тухайлбал 2012 онд сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах үед Парламентийн гишүүдийг 99 байхаар, 2019 онд үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах үед Парламентийг 108 гишүүнтэй, түүнийг 54-г мажоритар аргаар, 54-г пропорциональ аргаар сонгодог байхаар хэлэлцэж байсан. Энэ асуудал гурван ч парламент дараалан, 10 гаруй жил яригдаж байгаа асуудал юм.
Монгол Улсын Их Хурлын гишүүдийн тоо 76 байгаа нь хэт цөөн буюу ард түмнийг төлөөлөн ажиллаж байгаа гишүүд хэт өндөр эрх мэдэлтэй ч бүх талын төлөөллийг хангаж чаддаггүй, сонгуульд өгсөн иргэдийн санал их хэмжээгээр гээгддэг, УИХ-аар хэлэлцэгдэх асуудлыг бүх талын төлөөлөл, оролцоо, нийгмийн томоохон бүлгүүд болох багш, эмч, малчин, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангасан байдлаар хэлэлцэж чадахгүй байна. Тийм учраас нийгмийн олон талуудын төлөөллийг бүрэн хангасан парламент бүрддэг байх зорилтыг хангахын тулд сонгуулийн холимог системийг Үндсэн хуульд тусгах санаачилга гаргаж байна.
Монгол Улсын Их Хурлын гишүүдийн тоо 76 байгаа нь хэт цөөн буюу ард түмнийг төлөөлөн ажиллаж байгаа гишүүд маань хэт өндөр эрх мэдэлтэй болох, улмаар нөлөөлөлд автах, зарим талаар УИХ-аар хэлэлцэгдэж асуудлуудыг гүн гүнзгий хэлэлцэж амжихгүй, олон талын байр суурь эрх ашгийг төлөөлөхгүй байх зэрэг сөрөг үр дагаврууд бий болж байгаа нь нууц биш.
Өнөөдрийн байдлаар Байнгын хороод 19 гишүүнтэйгээс 10 гишүүний ирцээр хурал эхэлж, 6 гишүүн дэмжсэнээр аливаа асуудал шийдэгдэж байгаа нь манай улсын хувьд зайлшгүй анхаарах ёстой асуудал мөн.
Түүнчлэн жендэрийн эрх тэгш байдал, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, мөн багш, эмч зэрэг нийгмийн томоохон бүлгүүдийн төлөөлөл хангагдахгүй байна. Тиймээс ардчиллыг төгөлдөржүүлэх, төлөөлөх чадварыг нэмэгдүүлэхээр 76 гишүүнийг мажоритар, 76 пропорциональ аргаар сонгох өөрчлөлтийн төслийг өргөн барьж байна.
Одоогийн парламентад бий болж байгаа сул талууд бол цэвэр системийн асуудал бөгөөд ямар ч хүн дэвшиж гарч ирсэн, эргээд үүссэн нөхцөл байдалдаа уусах тогтолцоо юм.
Олон улсын нийтлэг жишгээс харахад ч өндөр хөгжилтэй улс орнууд парламентаа байгуулахдаа одоо манай улсад үүсдэг эрсдэлийг тооцож гишүүдийн тоог дунджаар 150 орчимд барих, түүнээс олон байлгах хандлага ажиглагдаж байна.
Сонгуулийн холимог тогтолцооны хувьд бас нэг хүлээгдэж байгаа үр дүн бол парламентад 2 нам давамгайлах байдлыг бууруулах, олон намуудыг дэмжих, цаашилбал улс орны хөгжил, түүнд хүрэх арга замыг дэвшүүлдэг бодлогын намуудыг хөгжүүлэх зорилго юм.
Түүнчлэн парламент дахь дотоод хяналт сайжруулахх, гүйцэтгэх засаглалд тавих хяналтыг дээшлүүлэх, хууль бус ашиг сонирхолд автсан үйл ажиллагааг хязгаарлах ач холбогдолтой гэж үзэж байна.
Иймд сонгуулийн холимог тогтолцоог цаашид заавал хэрэглэж байх өөрчлөлтийг Үндсэн хуульд тусгахаар төслийг боловсруулсан. 2012 онд Монгол Улсын Их Хурлын сонгуулийг холимог тогтолцоогоор хэрэгжүүлсэн. Улс төрийн намууд тодорхой алдаа гаргасан. Тухайлбал олон нийтэд хүлээн зөвшөөрөгдөөгүй хүмүүсийг дэвшүүлсэн.
Түүнчлэн пропорциональ хэлбэрээр төлөөлөх гишүүдийн хувь хэмжээ хангалтгүй буюу 37 хувь байсан нь хүлээгдэж байсан үр дүнд хүргээгүй асуудал бий. Пропорциональ аргаар сонгогдох гишүүдийн тоог мажоритар аргаар сонгогдох гишүүдийн тоотой ойр байлгах нь, манай орны нөхцөл болон гадаад улс орны жишнээнээс харахад зүйтэй байна.
Бид мэдэж байгаачлан 2012 онд холимог тогтолцоог нэг удаа хэрэглээд дахиж хэрэглээгүй. Иймд сонгууль бүрийн өмнө сонгуулийн дүрмээ өөрчилдөг байдлыг халахын тулд Үндсэн хуульд энэ агуулга заавал тусах шаардлагатай байна.
Эдгээр асуудлуудтай холбоотойгоор Үндсэн хуулийн цэцээс 2022 оны 08-р сард гаргасан 2 удаагийн дүгнэлт гаргасан. Улмаар Улсын их хурлаас 54 тоот тогтоолыг гаргасан. Уг тогтоолд Монгол улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуульд заасанчлан Засгийн газраас Улсын их хурлын гишүүдийн тоог нэмэгдүүлж, сонгуулийн тогтолцооны асуудлыг шийдвэрлэсэн Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийг санаачлахыг үүрэг болгосон.
Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт өөрөө нийт ард иргэд, улс төрийн намуудын зөвшилцийн хүрэнд хийгддэг билээ. Ийм ч учраас өнгөрсөн оны 06-р сараас эхлэн Улс төрийн намуудын хүрээнд хэлэлцүүлгүүд хийж, төрийн байгууллагуудаас хуульд заасны дагуу саналыг авч, иргэд олон нийтээр төслийг хэлэлцүүлж холбогдох санал дүгнэлтүүдийг нэгтгэж өнөөдөр Монгол Улсын их хуралд энэхүү нэмэлт өөрчлөлтийг төслийг өргөн барьж байна.
Үндсэн хуулийн өөрчлөлт өөрөө нийт ард иргэд, улс төрийн намуудын зөвшилцийн хүрэнд хийгдэх ёстой. Ийм ч учраас өнгөрсөн оны 06-р сараас эхлэн Улс төрийн намуудын хүрээнд хэлэлцүүлгүүд хийгдэж, намууд Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийх шаардлагатай гэж үзэн 2022 оны 8 дугаар сард хамтарсан тунхаг гаргасан. Энэхүү тунхагт 13 нам албан ёсоор нэгдсэн.
Төрийн эрх барих дээд байгууллага болох УИХ-ын дархлаа, иргэдийнхээ эрх ашгийн төлөө үйл ажиллагаа явуулах чадвар ямагт тодорхой, бүрэн дүүрэн байх ёстой. Энэ ч утгаар Монгол Улсын Их Хурлаас гарах шийдвэр аль нэг гадаад орны нөлөөнд автах, хэн нэг бүлэглэлийн эрх ашгийн төлөө байх ёсгүй. 76 гишүүнтэй парламентын хувьд парламент доторх 1-2 хүчтэй хэсэг, фракц нь улс орны эрх ашгийг шийдэж байх өндөр эрсдэлтэй. Цаашид парламентын мэтгэлцээн, мэргэжлийн байдлыг нэмэгдүүлэхэд гишүүдийн тоог нэмэгдүүлэх асуудал амин чухал асуудал гэдэг нь маш тодорхой юм хэмээв.
Н.Нягт
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна