Үндсэн хууль гэдэг хэрэгждэггүй гэрээг хэдэн ч удаа өөрчилж болно
“Үндсэн хууль бол нийгмийн гэрээ” гэдэг. Эгэл жирийн иргэдийн хувьд энэ гэрээ хэрэгждэг үү? Үндсэн хууль гэрээ юм бол хэрэгждэг байх ёстой. Гэрээг хэрэгжүүлэх гэж хийдэг. Хэрэгжихгүй байгаа гэрээг өөрчилдөг. Торгонд ороогоод, толгой дээрээ залсан судар тарни биш учраас хэрэгждэггүй гэрээг хэдэн ч удаа өөрчилж болно.
Засгийн газраас Үндсэн хуулийн 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг “УИХ нэг танхимтай байна. УИХ-ын гишүүдийн 76-г мажоритар, 76-г пропорционал аргаар сонгоно” гэж өөрчлөх төсөл өргөн бариад байна. Мажоритар, пропорционал арга хоёулаа давуу болон сул талтай. Дундуураа дүүргэж, дутуугаа нөхнө гэдэгчлэн холимог тогтолцоогоор сонгууль явуулж, сул талыг нь нөхөхөөр тооцжээ.
Мажоритар буюу олонхын саналаар гэх цөөнх
Засгийн газраас өргөн мэдүүлсэн төслөөр УИХ-ын 152 гишүүний 76-г нь 30 гаруй жил мөрдөж ирсэн мажоритар аргаар сонгодгоороо сонгоно. Газар нутаг томтой, хүн ам сийрэг Монголын нөхцөлд намаас илүү хүн сонгож ирсэн уламжлал хэвээрээ үлдэнэ. Тойргоо төлөөлөх мандат 76 хэвээрээ байна. Мажоритарын хамгийн сул тал нь сонгогчдын саналыг олноор гээж, салхинд хийсгэдэг. МАН сонгогчдын 45 хувийн саналаар УИХ-ын суудлын 80 хувь буюу 60-аас олон суудал эзэлсэн. Сонгогчдын 70 гаруй хувь буюу 10-ын долоо нь ирж саналаа өгдөг. Ирсэн долоон сонгогчийн гурвынх нь саналаар сонгогдож болдог.
Өөрөөр хэлбэл, 10 сонгогчийн гурвынх нь саналаар гишүүн болж болдог. Санал бүхэн үнэ цэнтэй байтал замдаа гээгддэг. Мажоритар аргын өөр нэг дутагдал нь сонгуульд мөнгө хүчтэй. Дунджаар нэг тойрогт 3-5 тэрбум төгрөг зарцуулдаг. “УИХ-ын гишүүн ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улс орны эрх ашгийг эрхэмлэн баримтална” гэдэг Үндсэн хуулийн заалт хэрэгжих боломжгүй.
Төлбөрөө төлсөн нь сонгогдох эрхтэй, төлбөрийн чадваргүй сонгох л эрхтэй үлддэг. “Монгол Улсын иргэн төрийн байгууллагад сонгогдох эрхтэй” гэсэн заалт төлбөрөө төлсөн бол гэдэг бичигдээгүй нэмэлттэй болсон. УИХ ард түмний элч биш том компани, бүлэглэлүүдийн төлөөлөл болж хувирсан. Уяачийн цолтой хурдан морины эзэд, 9911….дугаар эзэмшигчид, том хар машинтай боссууд зонхилдог бүрэлдэхүүнийг ард түмний элч гэж үзэх аргагүй.
Жишээ нь, Улаанбаатарын хүн амын 60 хувь болсон гэр хорооллын иргэдээс сонгогдсон тохиолдол 31 жилд гараагүй. Шахмал түлш, худгийн усны зовлон жаргалыг тэд мэдэхгүй. УИХ-ын найман удаагийн сонгуульд малчин хүн 1992 онд ганц удаа сонгогдсон. Таван тэрбумыг цацахгүйгээр шударга сэхээтэн, жинхэнэ эрдэмтэн, жижиг дунд бизнес эрхлэгч, гадаадад ажиллаж амьдрагчид, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл УИХ-ын гишүүн болох боломж нэн хомс.
Багш, эмч, дундаж давхаргынхан өдрийн од шиг ховор. Сарын хүнсний хэрэглээ, мах, талхны үнэ ханш мэддэггүй нь аргагүй. Нүүрс, зэс мэт түүхий эд зарж олсон хэдэн төгрөгийг 76 тойрогтоо аваачиж, хүн амаас нь олон суудалтай соёлын төв босгож, өөрөө тууз хайчилж зогсоно.
Улс орноо бүхлээр нь харах, бүх ард түмнээ төлөөлж, дэд бүтэц, аж үйлдвэр, хөгжлийн төслүүдэд хөрөнгө оруулах хүсэл сонирхол бага. Сонголт ч хязгаарлагдмал. Тойрогтоо нэр дэвшсэн хүмүүсээр л сонголт нь хязгаарлагддаг. Гэрийнх нь ойр орчмын дэлгүүрт байгаа бүтээгдэхүүний нэр төрлийн хэмжээнд сонголтоо хийдэг. Сонголт илүү өргөн болно гэсэн үг. МАН дараалан цөм ялдаг, эсвэл хоёр нам ээлжилдэг дүн түүх болж, багадаа таван нам парламентад сууна. Нэг намын дарангуйлал тогтох боломж хаагдаж, олон өнгөтэй, олон намтай УИХ-д хяналт сайжирч, сөрөг хүчин хүчтэй болно.
Хувь тэнцүүлэх буюу пропорционал
УИХ-ын 152 гишүүний 76-г нь пропорционал буюу хувь тэнцүүлсэн аргаар сонгох боломж нээгдэхээр байна. Намууд тойрогт цацах мөнгөгүй, өмчилж авсан орон нутаггүй ч нийгмийн янз бүрийн бүлгийн төлөөллүүдийг жагсаалтад бичнэ. Ялахыг хүсвэл нийгмийн хүсэмжит нэр дэвшигчдийг урина. Намын жагсаалтын ард муу нэртэй улстөрчид нуугдах вий гэдэг болгоомжлол гэнэн. Ямар хүмүүсийн нэрсийн жагсаалт байна, намын авах санал тийм байна. Жагсаалтыг нь харьцуулж үзээд хэдэн хувийн санал өгнө, яг тэр дүнгээр суудлаа авна.
Өөрөөр хэлбэл, намын ард хүн биш, хүний ард нам байна гэсэн үг. Бүх нам хүн нуухаар нэр хүндтэй ч биш байна. Шударга сэхээтэн, эрдэмтэн доктор, багш, эмч, ажилчин, малчин, гэр хорооллын иргэн, хөгжлийн бэрхшээлтэй хүн, зөвхөн том биш жижиг дунд бизнесийн төлөөллүүд УИХ-д суудлаа эзэлж, хууль санаачилж батлалцана. Эдийн засагчид, эрдэмтэн судлаачид зурагтаар ярьдаг, бичсэн нийтлэлдээ дэвшүүлдэг үнэтэй саналуудаа УИХ-ын баталдаг төсөв, татвар, хөрөнгө оруулалтын хууль, шийдвэрт товчлуур дарна. Нэг гишүүн мэдэх мэдэхгүй гурван байнгын хорооны дунд харайхгүй. Салбар салбарын манлайлагчид олноор сонгогдож мэргэжлийн мэтгэлцээн явагдаж, хуулийн чанар сайжирна. Хууль, шийдвэрүүд мэргэжлийн нарийн шүүлтүүрээр орж, амьдралд хэрэгжих баталгаа нь нэмэгдэнэ.
Төрийн дархлаа 76+76
УИХ 76 гишүүнтэй байхаар тогтоосон 31 жилийн өмнөхөөс сонгогчийн тоо хоёр дахин өссөнөөс гадна улсын төсөв 55 дахин нэмэгдсэн. 76 гишүүнтэй байхад яг болно гэж тооцож байх үеийн улсын төсөв өнөөдрийн “Эрэл” компанийн Хөгжлийн банкан дахь 197 тэрбумын өрөөс илүүгүй байсан. УИХ 76+76 болоход 10 тэрбумын зардал нэмэгдэж, хоёр гишүүн нэг өрөөнд хамт сууна. Жилд таван км зам барих урсгал зардал нэмэгдэх ч 1000 км зам, цаасан дээрх цахилгаан станцууд, дэд бүтэц, хөгжлийн хөрөнгө оруулалт, Хөгжлийн банкны дээрэм, нүүрсний хулгай шиг бүгдийн ирээдүйг тонох хуйвалдаанаас сэргийлэх хяналттай болно.
Ард түмний элч 76 гишүүн асар том 76 дарга болсон. Нэг гишүүн гурван Байнгын хороонд давхар харьяалагддаг. Супер хүн биш учраас мэдлэг мэргэжил нь дутна. Танин мэдэхүйн дамжаанд сууж, анхан шатны мэдлэггүйгээр товчлуур дардаг. Нэг байнгын хороонд 3-4 гишүүн үгсэн хуйвалдсан байхад дурын хууль, шийдвэрээ захиалгаар батлуулах зам нээгддэг. УИХ-д өндөр төлбөргүйгээр байраа эзлэх ард түмний элч нар олуулаа болохын хэрээр төрийн ордон тойрсон өндөр шилэн байшингуудад хундаганы ард захиалсан хуулиуд гарах эрсдэл буурна. Нам, сонгуульд мөнгөний хүч нөлөө багасахын хэрээр монгол төр хуйвалдаанаас чөлөөлөгдөнө.
Өнгөрсөн 31 жил бол 30 гэр бүл, МАНАН-гийн хуйвалдааны цаг хугацаа юм. УИХ хоёрхон намын ээлж хэвээр байвал МАНАН арилахгүй. Хөгжлийн банк, нүүрсний хулгай мэт хуйвалдаан тасрахгүй. 76 даргаа сунгах уу, 152 төлөөлөгчөө сонгох уу?
Эх сурвалж: Монголын үнэн сонин №017/24548/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна