Д.Амарбаясгалан: Холимог тогтолцоог нэвтрүүлснээр сонгуулийн үйл ажиллагаа шинэ шатанд гарна


Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газар боловсруулан УИХ-д өргөн барилаа. Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаас дараах асуултад хариулт авлаа.

 

-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг УИХ-д өргөн мэдүүллээ. Төсөлд тусгасан гол өөрчлөлтийн талаар мэдээлэл өгнө үү. Үүгээр Үндсэн хуулийн ямар заалтыг, хэрхэн өөрчлөх вэ?

-УИХ-ын 2022 оны 54 дүгээр тогтоолоор Засгийн газарт өгсөн үүргийн дагуу Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг өргөн мэдүүллээ. Энэ төслийн хүрээнд Үндсэн хуулийн 21.1 дэх заалтад өөрчлөлт оруулахаар тусгасан. Ингэхдээ УИХ нэг танхимтай байхаас гадна сонгуулийг холимог тогтолцоогоор явуулна. Тодруулбал, УИХ-ын 76 гишүүнийг мажоритар, үлдсэнийг нь пропорционал аргаар сонгохоор тусгалаа. Үндсэн хууль Монгол Улсын иргэдийн эрх ашиг, урт хугацааны хөгжлийн зорилгыг хангах үндсэн үүрэгтэй. УИХ, Засгийн газар, шүүх засаглалын хоорондын харилцааг зохицуулдаг гэдэг утгаараа монгол хүн бүрийн аж амьдралд хамаатай хууль. 

 

Өнгөрсөн хугацаанд Монгол Улстай ижил гараанаас гарсан бусад оронтой харьцуулахад улсын болон хүн амын хөгжил дэвшил, амьдралын чанар хангалттай хэмжээнд хүрч чадаагүй байна нийгмийн зүгээс хэлж ярьдаг. Тиймээс сонгуулийн тогтолцоог өөрчлөх, гишүүдийн тоог нэмэгдүүлэх нь зүйтэй гэж үзээд дээрх төслийг өргөн барьж байна. Засгийн газрууд хэт үргэлгэн, хөгжлийн бодлогыг гол чиг шугамаа болгож чаддаггүй нь сонгуулийн мажоритар тогтолцооноос хамааралтай гэж үзэх нь ч бий. 

Тэгвэл Засгийн газраас өргөн барьж буй энэ төсөлд 50, 50 хувьтай байхаар тусгаснаараа онцлогтой. Монгол Улсын Засгийн газар дунджаар 15 гишүүнтэй байж ирсэн. Засгийн газрын гишүүн УИХ-ын гишүүнээр давхар ажиллахад аль нэг талд нь доголдол гарах нөхцөл үүсдэг. Нөгөө талаараа Засгийн газрын үйл ажиллагаанд хяналт тавих үүрэгтэй парламентын үйл ажиллагаанд ч тодорхой хүндрэл гардаг учраас Засгийн газрын гишүүн УИХ-ын гишүүнээр давхар ажиллах нь нийгмийн сэдэв болж ирсэн. 

Тэгвэл Үндсэн хуулийн цэцээс 2022 онд 01, 02 дугаар тогтоолыг гаргахдаа Засгийн газрын гишүүнээр ажиллах боломж нь УИХ-ын гишүүнд нээлттэй байх ёстой, гагцхүү УИХ нь Засгийн газартаа хяналт тавих үндсэн үүргээ хэрэгжүүлэх боломж нөхцөлийг бүрдүүлэх учиртай гэж үзсэн. Олон улсын жишигтэй харьцуулахад парламентын гишүүний тоо хэт цөөн байгаагаас үүдэлтэйгээр Монгол Улсад энэ мэт асуудал үүсдэг гэж дүгнэсэн. Тиймээс энэ асуудлыг үндэслэж, УИХ 54 дүгээр тогтоолыг гарган, Засгийн газарт тоо болон тогтолцоог судалж оруулж ирэх үүрэг өгсөн.

-УИХ-ын гишүүдийн тоог нэмэг­дүүлэх нь ямар ач холбогдолтой гэж үзсэн бэ. Жишээлбэл, энэ өөрчлөлт сонгогчдод ямар давуу талыг бий болгох вэ?

-УИХ-ын гишүүдийн тоог нэмж, сонгуулийн холимог тогтолцоог нэвтрүүлж байгаа нь Монгол Улсын парламентын сонгуулийн үйл ажиллагааг шинэ түвшинд гаргах давуу талтай. Нэг ёсондоо хөгжингүй улсуудын хувьд дан ганц нэг төрлийн сонгуулийн тогтолцоог хэрэглэж ирсэн бол хөгжлийнхөө шинэ түвшинд гарах, иргэд сонгогчдын санал гээгддэггүй байх, иргэн бүрийн санал төрдөө ирдэг байх зарчмыг бий болгох үүднээс сонгуулийнхаа тогтолцоог шинэ шатанд гаргая гэж байгаа юм. 

Энэ хэрэгцээ, шаардлагаар Монгол Улс сонгуулиа холимог тогтолцоогоор сонгосон болох эхлэлийг тавьж байгаагаараа онцлогтой. Гэхдээ холимог тогтолцоог өнөөдөр анх удаа яриагүй. 2012 оны сонгуульд 76 гишүүний 48 нь мажоритар, 28 нь пропорционал тогтолцоогоор явуулсан. Тухайн үед Сонгуулийн хууль яригдах үедээ парламентын гишүүдийн тоо хэт цөөн байна, нэмэгдүүлье гэдэг саналыг гаргасан. Тэр бүү хэл, 99 гишүүнтэй байх саналыг гаргасан ч дэмжигдээгүй. 2015, 2019 онд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн санаачилга гарахад ч мөн адил парламентын гишүүдийн тоог нэмэгдүүлж, холимог системийг нэвтрүүлэх саналыг гаргаж л байсан.

2019 онд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэх үед тухайн үеийн Ерөнхийлөгчийн институцээс парламентын гишүү­дийн тоог 108 болгох санал гаргасан. Ингэхдээ 54-ийг нь мажоритар, 54-ийг нь пропор­ционалаар сонгодог байх саналыг хүртэл оруулж, хэлэлцүүлж байсан удаатай. Тэгэхээр энэ бол сүүлийн 15 жилийн хугацаанд идэвхтэй судлаж, ярьсан, олон нийтийн дунд хэлэлцүүлэг өрнүүлсэн сэдэв. УИХ-ын гишүүдийн тоо 76 байгаа нь хэт цөөн гэдгийг иргэд олон нийт болон судлаачдын зүгээс ярьж, хэлдэг. Ардчилсан улсын хувьд ардчиллын төлөөлөх зарчмын дагуу бүх талын төлөөллийг бүрэн хангасан сонгуулийн тогтолцоог бий болгох нь эрх баригчдын үндсэн үүрэг гэж ойлгодог. 

Төлөөлөлд эрэгтэй, эмэг­тэй хүйсийн ижил тэнцүү харилцааг дурдаж болно. Нийгмийн томоохон бүлгүүдийн төлөөллийг парламентад орох нөхцөл бүрдүүлснээрээ төлөөл­лийн зарчим хангагдана гэж үздэг. Нийгмийн томоохон бүлэгт малчин, эмч, багш болон сэхээтнүүд, залуучууд, эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ч багтааж үздэг. Тэгэхээр эдгээр бүлгийн төлөөлөл парламентад орох нөхцөл, боломжийг бүрдүүлж байгаагаараа энэ төсөл онцлогтой. 

-76 гишүүн хууль баталж байгаа­гийн сул талыг та хэрхэн тодор­хойлох вэ. 152 болгож нэмэг­дүүлснээр энэ тухайд ямар дэвшил гарна гэж үзэв?

-Монгол Улсын парламентаар батлагдаж байгаа хуулиуд бүрэн чанартай эсэх тухай асуудал хамгийн түрүүнд хөндөгдөнө. Энэ асуудлыг байнга ярьж ирсэн. Энэ тухайд олон нийтийн зүгээс “Иргэдийнхээ аж амьдралыг бүрэн мэдэрч чадаагүй, төлөөллийг хангаагүйн улмаас хуулиуд чанаргүй гарч байна” гэж үздэг. Процессын хувьд байнгын хороодоор хуулиудын хэлэлцэх эсэхийг шийддэг. Ингэж байж УИХ-ын нэгдсэн чуулганаар оруулдаг. 

Гэтэл өнөөдөр бодит байдалд нэг Байнгын хороо 19 гишүүнтэй, нэг гишүүн нь дор хаяж гурван байнгын хороонд харьяалдаг. Мэргэжлийн бус гишүүн ч мэргэжлийн байнгын хороонд харьяалах тохиолдол байдаг. Нөгөө талаас байнгын хорооны 19 гишүүний 11 нь ирснээр ирц бүрддэг, зургаан гишүүн кноп дарахад л тухайн хуулийн хэлэлцэх эсэхийг шийддэг. Энэ байдлаар хууль батлан гаргахад сул тал. Тий­мээс цаашдаа парламентын гишүү­дийн тоо нэмэгдсэнээр төлөөл­лийн зарчмыг бүрэн хангана. 

Ингэснээр хууль батлагдах процессыг сайжруулах боломжтой. Энэ ч үүднээс Засгийн газар иргэд, олон нийтийнхээ саналыг үндэслэж, төлөөллийн зарчмыг бүрэн хангах боломж нөхцөлийг судалсан. Мөн парламентын засаглалтай улсуудын дундаж нь 150-аас дээш тооны гишүүнтэй байна. Энэ мэт олон улсын харьцуулалтыг ч судалж үзсэн. Олон улсын жишгээс харахад парламентын гишүүдийн тоо цөөн бол эрх мэдлийн хэт төвлөрөл үүсдэг. Үүнийг дагууд хуйвалдаанаас авахуулаад олон сөрөг тал учраас дунджаар 150-аас дээш байх нь зөв гэж үздэг юм билээ. 

-Сонгуулийг холимог тогтол­цоогоор, тэр дундаа 50:50 харь­цаатай байхаар тусгасан. Ямар үндэслэл, шаардлагаар энэ заалтыг оруулж ирсэн бэ? 

-Монгол Улс 2012 онд холимог системээр сонгуулиа зохион байгуулсан. 48 нь мажоритар, 28 нь пропорционалаар нэр дэвшиж байсан. Тухайн нөхцөлийг өнөөдөр иргэд олон нийт төдийгүй эрдэмтэн судлаачдын зүгээс яагаад амжилттай болгож чадаагүй тухайд дүгнэхэд пропорционал нь мажоритараар сонгогдож байгаа гишүүдтэйгээ ижил тэнцүү хэмжээнд буюу 50/50 хувийн харьцаатай байснаар үр дүн, ач холбогдол нь шууд гардаг юм байна. Мажоритар тогтолцоо нь иргэдийг төлөөлөхөөс гадна газар нутгийн төлөөллийг ч бүрэн хангадаг гэдэг утгаараа тойргийн бодлого барихад илүү анхаарал хандуулдаг юм байна. 

Харин пропорционал буюу үндэсний хэмжээнд жагсаалтаар сонгогдож байгаа гишүүд нь улс орны урт хугацааны хөгжлийн бодлого хэрэгжүүлэх үндсэн бодлогыг баримталж ажилладаг. Гэтэл бидний сонгосноос 35 хувь нь пропорционал, 65 хувь нь мажоритар байснаараа улс орны хэмжээний үндэсний томоохон бодлого хөтөлбөр хэрэгжүүлэхэд кноп буюу санал дутсан. Эрх мэдлээ бүрэн хэрэгжүүлэхэд боломж хомс байсан. Тийм ч учраас бид өнөөдөр пропорционал, мажоритар 50:50 байхаар тусгаж, Үндсэн хуулийн 21.1-д шинэчлэн найруулж оруулж ирж байгаа юм. 

-УИХ-д өргөн барьж буй энэ төсөлд улс төрийн бусад намынхаа байр суурийг хэрхэн, яаж тусгасан юм бэ?

- Засгийн газраас оруулж ирсэн энэ санал бол бүх талын оролцоог төрийн бодлогод бий болгоё, улс төрийн намууд өөрсдийн үзэл баримтлал, онолын үндсэнд мэргэжлийн институц болж хөгжиж төлөвших нөхцөлийг бүрдүүлье. Цаашдаа парламентад хоёр нам ээлжилж засгийн эрх барьдаг тогтолцоог халах үндсэн зорилготой тодотгож хэлье. 

Монгол Улсын Засгийн газраас нэмэлт, өөрчлөлтийн төслийг боловсруулахдаа улс төрийн бусад намаас гаргасан саналыг тусгасан. 2022 оны зургадугаар сарын 11-нд УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос Үндсэн хуулийн төслийг боловсруулах хамрах хүрээг тогтоосон байдаг. Хоёрдугаарт, Засгийн газарт үүрэг болж ирсэн 2022 оны 54 дүгээр тогтоол буюу тоо, тогтолцооны асуудлыг судалж оруулж ирэх үүрэг зэргийг үндэслэн баримталж ажилласан. 

Энэ хүрээнд өнгөрсөн жил л гэхэд улс төрийн 23 нам нэгдсэн санамж бичигт гарын үсэг зурсан. Ингэхдээ Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг явуулаач гэдэг асуудлыг хөндсөн юм. Мөн өнөөдрийн байдлаар Монгол Улсад байгаа улс төрийн намуудын дийлэнх олонх нь Засгийн газарт албан бичгээр саналаа ирүүлсэн. Эдгээрийг авч үзээд төсөлдөө тусгахыг хичээсэн. Харамсалтай нь, УИХ-ын 54 дүгээр тогтоол нь зөвхөн тоо, тогтолцооны асуудлыг хөндөж төсөл болосвруулж оруулж ирэх үүргийг Засгийн газарт өгсөн. 

Тиймээс бид энэ эрх хэмжээнийхээ хүрээнд төслийг боловсруулсан. Улс төрийн намуудын хувьд тоо, тогтолцоог 100 хувь дэмжиж байгаа. АН-аас 50:50 харьцаатай холимог тогтолцоог 60:40 болгох саналыг гаргасан. Засгийн газрын зүгээс пропорционал, мажоритар тогтолцоогоор парламентад сууж буй гишүүдийн санал, кноптой холбоотой асуудал нь шинжлэх ухааны үндэслэлтэй учраас 50/50 гэдэг саналаа нэн тэргүүнд тавьж байна. Гэхдээ мэдээж хэлэлцүүлгийн явцад намын бүлгүүд болон УИХ-ын гишүүдээс гаргасан саналд үндэслэн хэлэлцүүлэг өрнөж таарна. 

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслөөр олон нийтийн санал асуулга явуулсан. Ард иргэдийн зүгээс ямар байр суурьтай байна вэ. Үр дүнгийн талаар мэдээлэл өгнө үү?

-Олон нийтийн дунд хоёр түвшний санал асуулгыг зохион байгуулсан. Нэгдүгээрт, Засгийн газрын болон ЗГХЭГ-ын цахим хуудсаар болон шуудангаар дамжуулан санал авсан. Мөн ЗГХЭГ-аас гарсан зургаан баг орон нутагт ажиллаж, давхардсан тоогоор 6000 орчим иргэнтэй уулзаж, 4300 орчим саналын хуудсаар 33900 орчим саналыг авсан. Тэгэхээр иргэдийн зүгээс УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлэх тухайд ерөнхийдөө дэмжсэн байр суурийг илэрхийлсэн. 

Гагцхүү 152 гэдэг тоо зөв эсэх тухайд судалгааны дүнгээс харахад иргэд, олон нийт хоёр хуваагдсан байдалтай байна. Цаашид Засгийн газраас төсөл өргөн барьсантай холбоотойгоор УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллана. Иргэд сонгогчидтой уулзаж, саналыг нь сонссоны үндсэнд өргөн барьснаар батлах уу эсвэл өөрчлөх үү гэдгийг шийднэ. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах гэж байгаа учраас олон нийттэйгээ ярилцаж, саналыг нь сонсож, Монгол Улсын иргэн бүрийн эрх ашиг, бодол санааг шингээж гаргах шийдвэр гэж үзэж байгаа.

-Үндсэн хуулийн хэлэл­цүүлгийг эхлүүлбэл өөр асуу­дал хэлэлц­дэггүй. Тэгэхээр Боловс­ролын болон Нийгмийн даатгалын багц хуулиас авахуу­лаад хав­рын чуул­ганаар хэлэлцэхээр төлөв­лөсөн бусад хуулиа эцэслэж амжих уу?

-Засгийн газраас Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг өргөн барьснаар УИХ-аар хэлэлцүүлж эхэлнэ. Ингэснээр УИХ-д гурван удаагийн хэлэлцүүлэг болно. Тэр дундаа ард иргэдтэй уулзаж, санал бодлыг нь сонсох юм. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг өргөн барьснаар УИХ-ын үйл ажиллагаанд тодорхой өөрчлөлт гарна. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай болон УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиар Үндсэн хуулийн хэлэлцүүлэг эхэлснээр бусад хуулийн хэлэлцүүлгийг зогсоодог. 

Гэхдээ хугацаатай, батлах ёстой хууль, бусад шийдвэрийн төслийг хэлэл­цүүлэх ажлыг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл­тэй зэрэг­цүүлэн хэлэлцэх боломж хууль эрх зүйн хувьд бий. Боловс­ролын тухай хуулийн тухайд анхны хэлэлцүүлгийг хийсэн. Хоёр­дугаар хэлэлцүүлэг Үндсэн хуу­лийн төсөлтэй холбоотойгоор түр хойшилж таарах байх. Гэхдээ хав­рын чуулганд багтаан эцэслэн батлах төлөвлөгөөтэй ажиллаж байна.

 М.Өнөржаргал

Эх сурвалж: Монголын үнэн сонин №017/24548/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ Улс тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль х… 18 цагийн өмнө
Монголоор дүүрэн малчинтай “Монгол философич” 21 цагийн өмнө
​ Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэхгүй 21 цагийн өмнө
Томуу, томуу төст өвчний оргил үе эхэллээ 21 цагийн өмнө
Үнэт бүтээлүүд өргөөндөө заларч, дахин “амиллаа” 21 цагийн өмнө
Ертөнцийн мисс жилийн 250 мянган ам.долларын цалинтай 21 цагийн өмнө
SDY Calling you... 22 цагийн өмнө
Нийслэлийн ИТХ-ын Зөвлөл, Хороодыг байгуулан, Засаг даргын мөрийн хөт… 22 цагийн өмнө
Т.Гантигмаа: Монголчууд брэнд бүтээлээрээ дэлхийд гарах боломжтой 22 цагийн өмнө
Хөгжлийг чөдөрлөх санаачилга 22 цагийн өмнө
“Хөх чононууд” Хятадын шигшээ багийг эх орондоо хүлээн авна 22 цагийн өмнө
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22