Шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх түүхэн боломж энэ цаг үед олдож байна. Үүнийг бодитоор дүгнэвэл улс төрд дэх төлөөллөө эмэгтэйчүүд нэмэгдүүлж чадна. Харин одоо хаалтны цаанаас гарч үзэл бодлоо илэрхийлэх шаардлага тулгараад байгаа юм. МАН жендэрийн тэгш эрх, оролцооны талаар сүүлийн үед багагүй ажил өрнүүлээд байгаа. Тиймээс энэ хүрээнд тус намын эмэгтэй төлөөллөөс Бага хурлын гишүүн Н.Хуланг урьж, ярилцлаа. Тэрбээр ОУСДС-ийг гадаад харилцаа, дипломатч мэргэжлээр бакалаврын зэрэг, Сингапурын “Рафлес интернэшнл” институтийг бизнесийн удирдлагын бакалавр, Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг бизнесийн удирдлага, хүний нөөцийн удирдлагын магистрын зэргээр тус тус суралцаж төгссөн бөгөөд одоо Английн Оксфордын их сургуульд стратегийн удирдлагын чиглэлээр мэргэшил дээшлүүлж байна.
-Намайг ярилцлагын зочноор урьсанд баярлалаа.
-Өглөө ажилд явж байгааг анзаарахаас илүүтэйгээр ямар ч байгууллагатай хамтран ажиллахад эмэгтэйчүүдийн оролцоо түлхүү ажиглагддаг.
-Яг тийм. Эмэгтэйчүүд гүйцэтгэх ажлуудыг нугалдаг ч шийдвэр гаргах түвшинд хүрч чаддаггүй. Үүнийг та юутай холбон тайлбарлах вэ. Хувийн үзэл бодлоосоо хуваалцаач?
-Гүйцэтгэх түвшинд буюу яг галын шугаманд эмэгтэйчүүд ажиллаж байгаа нь үнэн. Энэ талаар хийсэн олон улсын судалгаа ч байдаг. Судалгаагаар эмэгтэйчүүдийн шийдвэр гаргах түвшний оролцоо хязгаарлагдмал байгаа нь дадал зуршилтай нь холбоотой. Дадал зуршил нь нийгмийн хэвшмэл ойлголт, буруу хандлагаас үүссэн. Тухайлбал, эмэгтэйчүүд өдөр тутмын ажлаа карьераасаа илүү үздэг гэсэн судалгаа байдаг. Үүнийг намын эмэгтэйчүүд рүүгээ буулгавал, манай намын анхан шатны байгууллагад ажилладаг эмэгтэйчүүд харьяалагдаж буй намын хорооны даргынх нь талаар ард иргэд буруу ойлголттой болохвий, намын гишүүдийн нийгмийн асуудлыг шийдэх зэрэг зөвхөн өнөө маргаашийн ажилд илүү анхаарал хандуулж, стратегийн шинж чанартай ажилд цаг заваа бага зарцуулдаг. Үүнийг буруу гэж байгаа юм биш. Гэвч хажуугаар нь карьераа төлөвлөх, хэрэгжүүлэх асуудлыг мартаж болохгүй. Мөн эмэгтэйчүүд үзэл бодол буюу ашиг сонирхлоо зөв илэрхийлэх нь эрчүүдтэй харьцуулахад тааруухан. Хэрэв хувийн үзэл бодлоо илэрхийлбэл эмэгтэй хүнийг хэт амбицтай гэж нийгэм хардаг. Харин эрчүүдийг эсрэгээрээ амбицтай мундаг залуу гэж хүлээж авдаг. Нийгэмд тогтсон энэ мэт ойлголт нь эмэгтэйчүүдийг шийдвэр гаргах түвшинд эрчүүдтэй эн зэрэгцэхүйц оролцоотой байхаас дандаа хойш татсаар ирсэн. Бас нэг зүйл нь эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн ажил хийх арга барилыг аваад үзэхэд ч эрчүүд дандаа стратегийн шинж чанартай үг, үйлдэл гаргадаг. Гүйцэтгэлийн шинжтэй ажилд барагтай л бол оролцдоггүй. Жишээлбэл, хурал боллоо гэхэд аль ширээнд хэн нь суух вэ, хэн гэдэг дарга ямар үг хэлэх вэ, тэр битгий хэл микрофон зөөж гүйх зэрэг гүйцэтгэлийн ажлыг зөвхөн эмэгтэйчүүд хийж байгаа нь ажиглагддаг. Эрчүүд эдгээр ажилд багахан оролцоотой байсан боловч бодлогын түвшинд ажилласан мэтээр өөрийгөө илэрхийлж, биеэ авч явдаг. Стратегийн шинжтэй үг, үйлдлүүд гаргадаг. Энэ нь гадаад орчинд өөрийгөө таниулах нэг арга барил нь болж байгаа харагддаг. Гэтэл эмэгтэйчүүд бид бодлогын шинж чанартай ажил хийхээс илүүтэйгээр микрофон зөөж гүйгээд байхаар нийгэмд “Гал тогооны ажил” хийж буй мэтээр харагдах нь аргагүй шүү дээ. Ийм хэвшмэл арга барилаар явсаар эмэгтэйчүүд өөрсдийгөө бодлого тодорхойлох хэмжээнд үнэлэгдэх боломжийг хааж байгаа санагддаг. Энэ нь гэхдээ эмэгтэй эрэгтэй хүмүүсийн сайн, муугийн асуудлыг хөндсөн хэрэг биш шүү. Арга барил, хэвшмэл ойлголтыг л тайлбарлах гэж хичээлээ.
-Тэгвэл эмэгтэйчүүд өөрийгөө бүрэн дүүрэн илэрхийлж чадахгүй байгаа нь юутай холбоотой гэж бодож байна вэ?
-Судалгаанд тулгуурлан хариулъя. Эмэгтэй хүн өөрийгөө бүрэн дүүрэн илэрхийлэхэд хоёр саадтай тулгардаг. Юуны түрүүнд, бусдын өмнө өөрийн хийсэн ажлаа дөвийлгөхийг ёс зүйгүй үйлдэл гэж үздэг. Нөгөө талаас тэртээ тэргүй хамт олон маань намайг ямар сайн ажилладгийг мэдэх учраас хийсэн ажил нь өөрийг нь илэрхийлнэ гэж боддог. Эдгээрээс шалтгаалан эмэгтэйчүүд хүмүүсийн өмнө үзэл бодлоо илэрхийлдэггүй, бусдад өөрийгөө даатгадаг. Хэн нэгэн дарга надад санал тавих хүртэл чимээгүй ажлаа хийе гэсэн байдалд хүргэдэг.
Миний хувьд намын анхан болон дунд шатанд ажилласан багахан туршлагатай. Түүн дээрээ тулгуурлаад дүгнэхэд намын анхан, дунд шатанд дийлэнхдээ эмэгтэйчүүд ажиллаж байна. Тэд үзэл бодлоо илэрхийлэх хүсэл эрмэлзлээ хамт олныхоо дунд буруу зөрүү ойлголт төрүүлчихвий гэж эмээдэг. МАН-ын шийдвэр гаргах түвшинд голдуу эрэгтэйчүүд ажилладаг. Гэтэл эмэгтэйчүүд нарийн, чимхлүүр зүйлийг сайн олж хардгаараа давуу талтай. Тиймдээ ч намын хорооны дотоод үйл ажиллагаанд илүү анхаарч, гүйцэтгэлийн шинж чанартай ажил, үүрэг түлхүү гүйцэтгэдэг. Гэтэл тэд өдөр тутмын ажилдаа анхаараад, карьераа ахиулах болоод сурч хөгжих боломжоо хойш тавьж байгаа нь ажиглагдсан. Зарим тохиолдолд эмэгтэйчүүдийн намын хороогоо хөгжүүлэх, намын гишүүдийн сэтгэл ханамжийг сайжруулах төсөл хөтөлбөр санаачлахаар “Захиргааны шинж чанартай ажлыг л эмэгтэй хүн хийдэг” мэт ойлголтыг төрүүлэх үйлдэл болдог. Тэгэхээр эмэгтэйчүүдийн асуудлыг задалж харж буйн давуу тал энэ мөн биз. Харин сүүлийн үед Монгол ардын нам эмэгтэйчүүд рүүгээ чиглэсэн бодлого боловсруулан, биднийг түлхүү дэмжиж байгаад туйлаас баяртай байна. Онцлох бас нэг үйл явдал нь намын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллагын удирдлагын баг шинэ менежментээр ажиллаж эхэлсэн нь илтэд мэдрэгдэж байна. “Намын соёл, үйл ажиллагаа төдийгөөс өдий хүртэл ийм байдлаар яваад болоод ирсэн юм” гэсэн хандлагаар ажиллахгүй байгаад би талархаж байна. Гэхдээ шинэчилсэн бодлого хэрэгжүүлнэ гэдэг нь өнгөрснөө үгүйсгэж байгаа хэрэг биш шүү. Одоогийн цаг үеэ мэдэрсэн шийдвэрүүдийг бодлогодоо тусгаж илүү нээлттэй ажиллана гэж баярлан хүлээн авч байгаа.
-Шийдвэр гаргах түвшинд ажиллах боловсрол, мэдлэг туршлагатай эмэгтэй олон бий. Тэд ямар нийтлэг алдаа гаргадаг вэ?
-“Би болоогүй байна. Дахиад нэг сургуульд сурчихъя” гэх мэт хэвшмэл ойлголттой байдаг. Учир нь, намын шалгуур үзүүлэлт ойлгомжгүй байна. Улстөрч эмэгтэйчүүдэд ямар шалгуур, шаардлага тавиад байгаа юм бэ. Ямар хүнийг боловсролтой гэж үзэх юм бэ. Ямар шаардлагад нийцсэн хүнийг нэр дэвшүүлэх нь тодорхойгүй байна. Үүнээс шалтгаалж эмэгтэйчүүд биеэ хурааж, надад санал тавих байлгүй дээ, намдаа оруулсан миний хувь нэмэр хангалттай шаардлага хангана, намын нөхөд маань намайг харж байгаа, намын дарга намайг мэдэж байгаа гэсэн байдалтайгаар хий хүлээлт үүсгээд байдаг. Тиймээс нам шалгуур үзүүлэлтүүдээ тодорхой болгох хэрэгтэй. Ер нь бодлого тодорхой байгаа үед хэрэгждэг. Тодорхойгүй байдал ажлын бүтээмжийг бууруулдаг. Гэхдээ цаашид илүү тодорхой болно гэдэгт итгэлтэй байна.
-Таны хувьд боловсролтой хүн гэж хэнийг хэлэх вэ?
-Сургуульд нь сурч, тухайн мэргэжлээрээ ажиллаад алдаж онож үзсэн хүнийг л боловсролтой гэх байх. Түүнээс биш дипломтой хэрнээ туршлагагүй хүнийг боловсролтой гэж үзэх нь улс төрийн намд алсын замдаа хөнөөлтэй гэж боддог. Тэр нь ч зарим тохиолдолд ард иргэдээс зохих үнэлгээгээ аваад явж байгаа харагддаг.
-“Номыг нь үзээд ногоотой шөлийг нь уусан” эмэгтэйчүүд оролцоогоо нэмэгдүүлж чадаж байна уу?
-Тиймээс л би шалгуур үзүүлэлтүүдийг тодорхой болгох хэрэгтэй гээд байгаа юм. Нийгмийн ажил хийж үзээгүй, иргэний нийгмийн байгууллагад оролцоогүй, улс төрийн байгууллагад ажиллаагүй, магадгүй зөвхөн сургуульд сурахад дийлэнх цаг хугацаагаа зарцуулсан хүмүүс шийдвэр гаргах түвшинд ажиллахаар туршлага дутдаг. Улмаар ард иргэдээс муу үнэлгээ авч, намын гадаад нэр хүндэд сул тал үүсгэдэг. Аргагүй шүү дээ, асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байгаагүй юм чинь хэрхэн хийхийг нь мэдэхгүй. Тэдний сургуульд сурсных нь төлөө буруутгаж байгаа юм биш, боловсролтой гэдэг шалгуурт нийцүүлж дүгнэж байгаа нь л өрөөсгөл. Тиймээс намын удирдлагууд шалгуур үзүүлэлтүүдээ нийтэд буюу нам дотроо тодорхой болгоосой. Магадгүй цөөхөн хэдэн даргын түвшинд шалгуур үзүүлэлт ойлгомжтой байгаа байх. Гэхдээ бүгдэд ойлгомжтой байхыг л бодлого гээд байгаа юм. Намын бодлогод ямар хүнийг боловсролтой гэж дүгнэх юм, ямар хэм хэмжээг ёс суртахуун гэж үзэх вэ гэдгийг тухайлан нэрлэн зааж, намын гишүүддээ ойлгомжтой болгомоор санагдаж байна. Тэгвэл одоо болоогүй гэж бодоод хойш сууж буй нэг ч гэсэн эмэгтэйд өөрийгөө үнэлэх үнэлэмж нь нэмэгдэж, нийгмийн оролцоотой байхаар зориг орж магадгүй юм. Мөн өндөр боловсролтой хэрнээ ёс зүйн доголдолтой хүн биднийг төлөөлж чадахгүй. Тиймд ёс зүйг нэн тэргүүнд чухалчилж авч үзээсэй гэж хүсдэг. Намын анхан шатанд ажиллаж байгаа гишүүд тодорхой хэмжээгээр ёс зүйн асуудалд холбогдсон хүний танилцуулах материалыг тараагаад “Энэ хүнийг сонгоорой” гэж хэлээд ажиллахад хүртэл хэцүү байдаг шүү дээ.
-МАН-ын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллагад салбар салбарын төлөөлөл бий. Тэдний зарим нь улстөрч болохоосоо илүү салбартаа манлайлах зорилготой байхыг үгүйсгэхгүй. Тиймээс нэн тэргүүнд тэдний дунд судалгаа хийх шаардлагатай гэж бодож байна. Харин та...?
-Монгол ардын намын гишүүдийн талаас илүү хувь нь эмэгтэйчүүд. Гэтэл намын зарим удирдлага шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийг дэмжье гэхээр хүн алга гэдэг. Менежментийн салбарт өнөөдрийг хүртэл ажиллаж байгаа, тэр тусмаа хүний нөөцийн салбарт тасралтгүй 16 жил ажиллаж байгаа учраас би МАН-ын эмэгтэй гишүүдийн дунд судалгаа хийх ёстой гэж үздэг. Үүнээс намын эмэгтэй гишүүдийн хэдэн хувь нь улс төрөөр явах сонирхолтой байгаа юм бэ. Хэдэн хувь нь нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр эсвэл хөдөлмөр нийгмийн хамгаалал, эдийн засгийн чиглэлээр карьераа төлөвлөсөн эсэхийг тодорхойлох шаардлагатай санагддаг. Үүний үр дүнд зөв хүнийг тохирсон ажлын байранд нь тавих нөхцөл бүрдэх юм.
МАН-ын дунд шатны удирдлагууд “анхан шатны байгууллагын гишүүдээ хөгжүүлэх нэн шаардлагатайг олж хараасай гэж туйлаас хүсэж байна. Тэд намын бодлого хаана хэрэгжихийг гарын арван хуруу шигээ мэддэг. Энэ хүмүүс намдаа сэтгэл ханамжгүй, итгэл үнэмшилгүй байвал намын бодлого хэрэгжихгүйд хүрнэ. Намын анхан шатны байгууллага нь гишүүдийнхээ өсөж дэвших боломж, хүний хөгжилд нь анхаарал хандуулахгүй бол МАН-ын потенциал тэр хэмжээгээрээ буурна. Тэд боловсрол, мэдлэг мэдээллийн хувьд нийгэмтэй хөл нийлүүлэн алхах ёстой. Ер нь намын анхан шатны байгууллагын гишүүдийн сэтгэл ханамж, ажлын бүтээмжийг 100 жилийн ойн медаль сэлтээр урамшуулаад болчихдог ажил биш юм. Тэгэхээр тэдний юу хүсэж байгааг мэдэх зорилгоор сэтгэл ханамжийн судалгаа авч, асуудлыг залруулах замаар бүтээмжийг нь нэмэгдүүлэн ажиллах шаардлагатай. Удирдлагын ямар арга барил тэднийг ажлаа хийх хүсэл сонирхолгүй болгож, идэвх зүтгэлийг нь мохоож байгааг зайлшгүй мэдэх хэрэгтэй. Бизнесийн байгууллагууд чинь энэ арга барилаар бүтээмжээ нэмэгдүүлж ажиллаад удаж байна. Гомдсон хүмүүс л бухимдаж, эсвэл хаалгаа хаагаад тэмцдэг.
Намын анхан шатны гишүүдийнхээ үзэл бодол, санал хүсэлтийг дарга нар маань зангиагүйгээр сонсож, тэдний хүлээлтэд нийцсэн бодлогыг хэрэгжүүлээсэй. Энэ хүмүүс байхгүй бол намын бодлого хэрэгжих боломжгүй гэдгийг надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа шүү дээ. Тиймээс тэдэнд бодитоор анхаарал хандуулах шаардлагатай гэж хардаг. Гэвч мөн одоогийн арга барилыг зуун хувь буруутгаж байгаа хэрэг биш шүү. Уламжлал шинэчлэлийг манай нам хамгийн сайн хослуулж чаддаг. Яах вэ, хүнийг хөгжүүлсэн ажил олон жил хийсэн болохоор мэргэжлийнхээ үүднээс санал гаргаж байгаа хэрэг.
-Улстөрч эмэгтэй заавал олны танил байх ёстой юу. Намын анхан шатны байгууллагаас нь эхлээд зовлон жаргалыг мэдэрсэн хүн улс төрийн карьераа эхлүүлэх боломж бий юү?
-Намын анхан шатанд ажилласан туршлагатай, тухайн тойргийнхоо асуудлыг мэддэг хүн ард иргэдээ төлөөлбөл илүү үр дүнд хүрэхийг хэн ч хэлнэ. Бас олны танил хүн ч байж болно. Хамгийн гол нь тухайн хүн нэр дэвших тойргийнхоо асуудлыг сайн мэдэх үү гэдэг л чухал. Асуудлаа мэдэхгүй хүн юу ч шийдвэрлэж чадахгүй нь ойлгомжтой шүү дээ. Мөн ерөнхий мэдлэгтэй хүмүүсээс аль болох зайлсхиймээр санагддаг. Хүн ер нь бүхнийг мэддэг, бүгдийг чаддаг байх албагүй. Харин мэддэг салбарынхаа хөгжүүлэлтийг хийж болно. Одоо эмэгтэйчүүдэд шийдвэр гаргах түвшинд хүчээ сорих боломж нэмэгдэж байна. Тиймээс эмэгтэйчүүддээ “Ажил таны өмнөөс ярихгүй. Тэгэхээр та хаана хүрч, юу хиймээр байгаагаа зөв илэрхийлж, шийдвэр гаргах түвшинд илүү оролцоотой байгаарай. Түүхэн боломж олдож байгаа учир зоригтой байгаасай гэж хүсэж байна. Таны хүрээлэлдээ зоригтой байгаа нь өнөөдөр хангалтгүй. Шийдвэр гаргах түвшний удирдлагууд таны дуу хоолойг олж сонсохгүй байна. Тиймээс карьерыг хойш татдаг зуршлаа орхиж би чадна гэсэн итгэл сэтгэлтэйгээр, зоримог байгаарай” гэж хэлье.
-Нийтийн дунд эмэгтэйчүүдэд нийгмийн шинж чанартай ажил тохирно гэдэг хандлагатай болчихож. Гэтэл эмэгтэйчүүдийн оролцоогүй салбар гэж бараг үгүй болов уу?
-”Уул уурхай, барилгын салбарт эмэгтэйчүүд юу хийж чадах вэ дээ. Түүний оронд эмэгтэйчүүд хүүхдийн хүчирхийллийн талаар ярь” гэдэг. “Хөдөлмөр, нийгмийн хамгааллын талаар эмэгтэй хүн ярь” гэж заагладаг. Гэтэл нийгэмд оролцоотой байж үзэл бодлоо илэрхийлэх нь хүний эрх. Тэгэхээр хүйсээс үл хамааран мэддэг салбартаа, хуримтлуулсан туршлагаараа эмэгтэйчүүд манлайлж, энэ ойлголтыг бага ч болов өөрчлөөсэй.
-Тэр хүлээснээс гарах анхны алхмаа хэрхэн хийгээсэй гэж та бодож байна вэ?
-Хамгийн эхэнд хүсэл сонирхлоо зөв илэрхийл. Хүсэл сонирхлоо илэрхийлэхгүй бол намын удирдлагууд таныг одоогийн байр сууриндаа сэтгэл ханамжтай байна гэж ойлгоно. Карьераа эхлүүлээд хаана хүрэхийг хүсэж байгаагаа тодорхойлж, түүндээ хүрэх төлөвлөгөөгөө гаргах нь чухал шүү.
-Шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоо, төлөөллийг нэмэгдүүлэх бодит боломж ирснийг та хэлсэн. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд энэ талаар тусгаад байгаа?
-Миний хувьд улс төрийн салбарт хийж бүтээсэн зүйлтэй эмэгтэйчүүд нь шийдвэр гаргах түвшинд хүрээсэй гэж хүсэж байна. Үүнд ч гэсэн мөн шалгуур үзүүлэлтээ тодорхой тавьж өгөх шаардлагатай. Жагсаалтаар орж ирэх хүмүүс бусдаас илүү зөөлөн боломжийг эдэлнэ. Тиймээс энд ёс зүйн хувьд ямар хүмүүсийг нэр дэвшүүлэх, тухайн улстөрчийн гаргасан ололт амжилт, нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн байдал зэргээр жагсаалтад оруулаасай гэж иргэний хувьд бодож байна. Хялбар аргаар олдсон зүйл үгүй болохдоо ч хурдан. Тийм болохоор эсрэгээрээ нэр дэвшээд, тэмцээд гарч ирж чадаж байгаа эмэгтэйчүүд нийгэмд эрс шинэчлэл болж чадна гэдэгт итгэж байна. Ер нь бодоод үзэхэд нэр дэвших эмэгтэйчүүдэд боломж илүү байх шиг санагддаг. Бүх зүйлд давуу тал байдаг. Одоо үүссэн улс төрийн нөхцөл байдлууд нь шинэ улстөрчдөд илүү боломж олгож байна. Иймд эмэгтэйчүүд өөрийгөө гололгүй, зоримог шийдэж, шийдвэр гаргах түвшинд оролцоогоо нэмэгдүүлээрэй гэж хүсье.
Б.Сэлэнгэ
Эх сурвалж: Монголын үнэн сонин №017/24548/
Сэтгэгдэл (1)