Монгол шатар бол монголчуудын өнө эртний, оюун ухааны уламжлалт наадгай. Монголчууд шатрыг мод, чулуу, төрөл бүрийн металлаар урлан бүтээж, айл бүр шатартай байсан. Шатар Монголд олон зууны өмнөөс дэлгэрсэн, эр, эм, хөгшин, залуугүй нааддаг үндэсний хөлөгт тоглоом билээ.
Үндэсний монгол шатар нь нийтийн шатраас 12 ялгаатай. Ганцхан мадын хожилтой биш цол гуншин бүхий 20 гаруй хожлын мадтайгаас гадна тэмээн шалааг дуг, хүүгээр шалайхыг цод гэж нэрлэдэг онцлогтой. 1950-аад оны дунд үе хүртэл монголчууд, хүүхэд, хөгшин хөвөөгүй энэ л үндэсний шатраараа нааддаг байлаа.
Харин XX зууны дунд үеэс БНМАУ-д нийтийн шатар дэлгэрүүлэгч Л.Санжаажамц, И.Ёндон-Осор, С.Гаваанинж, шатрын анхны мастер Н.Намжил, Д.Намсрай, Д.Цэрэндагва, С.Мөөмөө нарын санаачилга, төр, нийгмийн зүтгэлтэн Ж.Самбуу, Ц.Дүгэрсүрэн, Ц.Намсрай, Б.Бадарч нарын дэмжлэг, саналыг үндэслэн МАХН /МАН/ -ын Төв хорооны Улс төрийн товчоо 1954 онд “Шатрын ажлыг хөгжүүлэх тухай” чухал тогтоол гаргаснаар манай улсад нийтийн шатар эрчимтэй хөгжиж, үндэсний монгол шатар нь ихээхэн бүдгэрч мартагдахад хүрээд байх шиг...
Шатрыг хүндлэн шүтэж, идэвхийлэн суралцаад, билиг оюунаа хөгжүүлж чадсан авьяастанд нийтийн шатар нь урлаг, соёл, шинжлэх ухаан хосолсон оюун ухааны их спорт - олимпизмын нэгэн төрөл нь юм. Монгол Улс 1965 онд шатрын спортын олон улсын хэмжээний анхны мастер- /Т.Үйтүмэн 1972 онд С.Хандсүрэн эмэгтэй/-тай болсныг бодвол эдүгээ эрэгтэй эмэгтэй 10 орчим их мастертай, Олон улсын хэмжээний мастер 20 гаруйтай, олон улсын цолтон 30 шахам байна. Шатар сонирхогчдын, өсвөр үеийн оюутны, Ази тивийн, Азийн бүсийн зэрэг олон аваргатай болж, Дэлхийн шатрын холбооны гишүүн 190 шахам орны дотор Монголын эмэгтэй шатарчид 15-30-д, эрэгтэйчүүд нь 45-60-ын дотор эрэмбэлэгдэж байгаа нь Монголд “Шатар хөгжүүлэх тухай” 1954 оны дээрх тогтоолын өгөөж, үр дүн гэж үзэх үндэстэй.
Хүнийг ялангуяа хүүхэд залуусыг тэсвэр, сэтгэл оюуны гоц чадвартай болгодог шатрын яндаж шавхагдашгүй ертөнцөд хүрч чадсан Д.Шаравдорж, Б.Мөнгөнтуул, Б.Гүндаваа тэргүүтэй их мастердаа баяр хүргэж та нараараа бахархах ялдамд Монголоос Дэлхийн шатрын аварга 2050 он гэхэд төрсөн байхын ерөөл өргөе.
Спорт, урлаг, шинжлэх ухаан хосолсон шатар гэх гайхамшигт ертөнцийн гарал, үүсэл нь одоо болтол тодорхойгүй Энэтхэг, Монгол, Перс, Арабаас гаралтай гэх таамгаас цаашгүй бүдэг хэвээрээ л шинэ зуундаа шилжицгээлээ.
Нэрт судлаач, түүхийн ухааны эрдэмтэн И.Линдэр гуай “Шатар хаана, хэзээ үүссэн, хэн нэгэн зохиосон уу, ардын наадмын хувьслаар тогтсон уу гэдгийг тодорхойлж чадсангүй” гэсэн нь шатрын гарал үүслийн бодитой түүх, судалгаа, тодорхойлолт өнөө хэр бий болоогүйг нотолно.
Харин шатар өнө эртний Монголоос гарал үүсэлтэй байх магадлалтай гэж судлаач доктор, Х.Чойжилжав, түүхч А.Пунсаг, доктор Н.Балжинням, шатарчин судлаач Ц.Данзан, зохион бүтээгч З.Түмэн-Өлзий, судлаач Л.Үржиндорж нар үздэг.
Шатар Монголд Энэтхэгээс эсвэл өөр орноос дамжиж ирсэн нь тодорхойгүй байгаа нь шатар Монголоос гаралтайн чухал сэжүүрч юм шиг...
Шатрын бүлнүүд ба шатар тавихыг цэрэг байлдааны үйл явцтай зүйрлэн өгүүлсэн нь олонтаа. Усгүй цөлд хүнсгүй цэрэг цусгүй байлдах, төрсөн биеийнхээ ухааныг булаалдана, дөрвөлжин тив дээр төрөө булаалдана зэргээр ярьдаг. Энэ нь Энэтхэгт шатар үүссэн домогтой тун төстэй ажээ.
Шатрын зургаан өөр бүлийн нэр /ноён, бэрс, морь, тэмээ, тэрэг, хүү/ нь яах ч аргагүй оюуны тулалдааны бүтэц, бүрэлдэхүүн. Эндээс шатар Монголоос гаралтай, монгол ахуйгаас үүсэлтэй нь харагдаад ч байх шиг....
Олон улсад шатрын нэр томьёонд шах, жид, мад, ноён, морь гэх зэрэг язгуур монгол үгнүүд Японы жүдо бөхийн коко, юко, базари гэдэг шиг яг монголоор буюу ялигүй гажсан эсвэл тухайн улс өөрийн хэлэнд орчуулсан байдалтай хэрэглэгдсээр байгаа нь бас л анхаарал татдаг юм.
Тухайлбал, Орос улсад л гэхэд шатрыг шахмат, ноёныг король, бэрсийг ферз, морийг конь, тэмээг офицер /түшмэл/, тэргийг ладъя /завь/, хүүг -Пешка /щенок -гөлөг/ гэх мэтээр нэрлэсэн байх ажээ.
Монгол шатрын бүх нэр томьёо бусдаас зээлдмэл буюу орчуулгын биш цөм язгуурын монгол үгс байгаа нь шатар Монголоос гаралтайг гэрчлээд ч байх шиг...
Энэ талаар тодорхой баримт дэлгэвэл Киданы үеийн булшнаас ширдмэл хөлөгт модон шатар олдсон нь шатар Монголоос гаралтайн бодитой баримт. Яагаад гэвэл, энэ нь археологийн олдворт нотолгоо юм.
Мөн Кис хотын ойролцоогоос монгол үндэсний донж, хийцтэй шатар олдсоныг XII зууны үеийнх гэж тогтоосон нь шатар Монголд үүсэж Араб, улмаар Европ, Орос оронд дамжин дэлгэрсэн байх магадлалтайн нотолгоо юм шиг.
Нөхцөл байдал энэ мэт олон баримттай байхад шатар Монголоос гаралтайн гол үзүүлэлт болох Үндэсний монгол шатраа 1955 оноос “хааж, хориглосон мэт” нийтээр тоглохгүй мартагдуулахад хүргээд байгаа нь нэн харамсалтай.
Тиймээс Монгол Улс үндэсний шатраа язгуур урлагийн нэгэн адил сэргээж, монгол соёлын их өвдөө бүртгэн авч, үндэсний бөх шиг ЮНЕСКО-д бүртгүүлэх шаардлагатайг төр засаг дэмжин, Соёлын яам, Биеийн тамир, спортын улсын хороо онцлон анхаарч ажиллаасай.
Нийтийн болон үндэсний шатраа ялгаварлахгүйгээр хамтад нь хөгжүүлэх цогц арга хэмжээг ээлж дараатай хэрэгжүүлэх, нэн түрүүнд бүрэн дунд сургууль мөн 60-аас олон ажилтантай байгууллага бүрийг шатрын зохих ёсны клубтэй болгож, хүүхэд бүрийг шатарт сонирхолтой болгон хүмүүжүүлье.
Эзэн Богд Чингис хааны мэндэлсэн Монгол бахархлын өдөр аймаг, дүүрэг бүр Засаг даргынхаа ивээл доор үндэсний монгол шатрын аваргаа тодруулах, Даншиг наадам, хүрээ, соёлын наадмын үеэр монгол шатрын аварга шалгаруулах тэмцээнийг тус тус зохион байгуулбал үндэсний шатраа сэргээн хөгжүүлэхэд тустай.
Үндэсний монгол шатар сэргэж, нийтийн шатартайгаа адил хөгжөөсэй, Баянхонгор аймгийн Эрдэнэцогт суманд байдаг шатрын хөшөө дурсгалын үүсэл, огноог манай түүхчид, археологичид эрдэмтэн судлаачид ойрын үед тодруулаасай хэмээн хүсэхдээ “Мөрөөдөл биелдэг” гэх үгийг санагалзаж, санал дэвшүүлсэн нийтлэлийг тэрлэлээ.
Иргэн би бээр “Шатар монголоос гаралтай, монгол ахуйгаас үүдэлтэй” гэж бичиж, нийтлээд байгаа нэр дурдсан эрдэмтэд, судлаачдыг бүрэн дэмждэг. Тэгж боддог, монгол шатраар анх тоглож өссөн өндөр настны нэгэн билээ.
Т.Дашдэлэг /Монгол Улсын үйлчилгээний гавьяат ажилтан/
Эх сурвалж: Монголын үнэн сонин №017/24548/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна