Д.Одонгоо: Мэргэжлээсээ таашаал авах шиг жаргал үгүй


 Монгол Улсын Үйлчилгээний гавьяат ажилтан, үсчин Д.Одонгоотой ярилцлаа. Дунд сургуульдаа урлаг, спортоор хичээллэдэг, олон мянган шавьтай багш болохыг мөрөөдөж явснаас хүний үсийг урлагийн бүтээл шиг засаж, гоёл бүтээнэ чинээ санаагүй гэдэг. Магадгүй, Багшийн сургуулийн хэл, уран зохиолын ангид элсэлтийн шалгалт өгөөд тэнцээгүй тэр нэгэн агшин түүний авьяасыг нээж, дайчин чанарынх нь галыг өрдсөн ч байж  болох юм. Түүний нэгтгэсэн хамт олон  Монголын драм, дуурь, рок, попын хамтлаг, дуучдын олон олон тоглолтыг давтагдашгүй, гоёмсог бүтээлээрээ баяжуулан, нэгэн үеийн өнгийг тодорхойлж ирсэн билээ.

  

-“Видал” салоныхоо нэрийг “Одонгоо” болгон өөрчилсөн нь ямар нэгэн шинэчлэлийн дохио байсан уу. Энэ талаар ярилцлагаа эхлүүлье?

-“Видал старс” салоноо  25 жилийн өмнө нээж байлаа. Салоныхоо нэрийг  таван жилийн өмнө “Одонгоо” болгон өөрчилсөн. Салбартаа 33 жил ажиллажээ. Одонгоо гэж өөрийнхөө нэрээрээ нэрлэх нь зүйтэй гэж бодсон.

- Таныг мэдэхгүй хүн ховор байх. Ялангуяа урлаг соёлын хүрээнийхэн “Оддын үсчин” Одонгоо гэж брэнд болгосон шүү дээ?

-Эрдэмтэй хүн даруу. Их мөрөн дөлгөөн гэж тэнгэрт дэвшсэн аав, ээж минь сургасан. “Оддын үсчин” гэж хэвлэл мэдээллийн байгууллагынхан л нэрлэсэн.  Харин би өөрийгөө тэгж боддоггүй.  Дунд сургуульдаа “Үсчин болно доо” гэж төсөөлж байгаагүй. Аравдугаар ангиа төгсөөд Багшийн их сургуулийн хэл, уран зохиолын ангид шалгалт өгөөд унасан юм. Улаанбаатар хотоос хоёр элсэгч авахад “хамраараа таслуулж” байлаа. Нэг өдөр ээж намайг дагуулаад Дүүргийн ахуйн үйлчилгээний комбинатад очлоо. Миний анхны багш  19-ийн үйлчилгээний төвийн Я.Заман мастер. Бидний үед хэн дуртай нь үсчин болдоггүй, олон салон байгаагүй. Үсчний дагалдан болохын тулд үйлчлэгч, цэвэрлэгчийн ажлыг шат дараатай хийнэ. Эдгээр шатлалыг дамжиж байж,  Монгол Улсын мастер үсчин Я.Заман багшийнхаа дагалдан болсон. Миний өдий зэрэгт хүрэх замналыг заасан хүн бол Монгол Улсын мастер үсчин, “Смайл” салоны Ч.Болдхуяг багш. Энэ хоёр багшдаа талархаж явдаг. Тэд л намайг үсчин болгож, одоогийн байр сууринд хүргэсэн.

-Танай салоноос олон мастер үсчин төрсөн. Тэгэхээр багш болох мөрөөдлөө биелүүлжээ?

-Би МУИС-ийн Олон улсын харилцааны сургуулийг герман судлалаар төгссөн. Урлах эрдмийн дээд сургуульд таван жил багшилсан. Олон хүнийг амьдралын замд  хөтөллөө. Шавь нартаа өнөөдрийн таван төгрөгийн төлөө ажиллаж болохгүй гэж заадаг.  Улаанбаатар хотод үйл  ажиллагаа явуулдаг 16 салон манайхаас салбарласан. Орон нутагт үйл ажиллагаа явуулдаг салонуудыг нэмбэл үүнээс олон болно. Салоныхаа үсчдийн чадвар чадамжийг нь дээшлүүлэхээс гадна мэргэжил нэгт нөхдөдөө анхаарал тавьж сургалт зохион байгуулж ирсэн. Гоёлын засалт, нандин техникүүдээ харамгүй заадаг. Гадаадад олон улсын тэмцээнд оролцох, сургалтад хамрагдсаныхаа үр ашгийг монгол үсчидтэйгээ хуваалцах нь зүйтэй. Хүний үсийг учир зүггүй тайрахгүй. Үндсэн зогсолт, барилт, бодлого гэж байдаг. Тайралтын шугам, бодлогыг бид сүүлд гадагшаа явж сурсан. Цаг үетэйгээ хөл нийлүүлэх л хэрэгтэй. Би анх сургалтуудаа төлбөргүй зохион байгуулдаг байв. Үнэгүй сургалт бусдад үнэ цэнгүй байдаг юм билээ. Тэгээд төлбөртэй болготол суудал дүүрээд, хүмүүс шаваад ирсэн. 

-Үйлчилгээний байгууллага бүр онцлогтой, дотоод соёлтой байдаг. Та салондоо ямар зарчим баримталдаг вэ. Танай салоны үнэт зүйл юу вэ?

-Амжилттай, олон жил тогтмол үйл ажиллагаа явуулсан минь манай үсчдийн хамт олонсог, сайхан сэтгэлтэй холбоотой. Манай хамт олон дунд  “Надад хамаагүй” гэсэн бодолтой хүн байдаггүй. Олон улсын тэмцээнд оролцох нэгнийхээ арын албыг нь хувааж аваад багийн сэтгэлээр дэмжиж, тусалдаг. Мөн “Гоёл” наадам, “Пентатоник” наадам, драмын урлагийн  “Гэгээн муза”, Монголын сайхан бүсгүй шалгаруулах тэмцээний үс засалт, хамтлаг, дуучид, хөгжмийн зохиолчдын тоглолтын тайзны ард манай хамт олон байсан. Хамт олон минь үе үеийн түүхийг бүтээлцсэнээр нь бахархдаг. Нийгмийн, сайн үйлсийн төлөөх ажилд манай салоныхан манлайлж оролцдог. Өнгөрсөн хугацаанд зорилтот бүлгийн хүүхдүүд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй  18 мянган хүний үсийг үнэ төлбөргүй зассан. Гэр бүл, хүүхэд залуучуудын хагжлийн газартай хамтран 24 байгууллагыг челленжид дуудаж 400 гаруй хүүхдийг ажил мэргэжилтэй болгох форум зохион байгуулсан. Энэ үеэр 18 нас хүрсэн зорилтот бүлгийн хүүхдэд чиглэсэн олон санаачилга гаргасан. Салоныхаа 25 жилийн ойд зориулж, залуусыг ажил мэргэжилтэй болгоход чиглэсэн үйл ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөөд байна.  Хүн бие биедээ тусалж, чин сэтгэлээсээ хандаж байвал зам нь тэгш, заяа мөр нь гэрэлтэй явдаг гэж боддог. Эцэг эхийн минь хүмүүжил юм даа. Ээж аав минь намайг урлаг, спортоор хичээллүүлж, сайхан хүмүүжүүлсэн. Пионерын ордны бүжгийн дугуйланд 10 жил хичээллэсэн. “Цэцэг” хамтлагийнхан, одоогийн драмын ододтой нэгэн үед суралцаж байсан.  “Тайзан дээр ийм байвал гоё харагдана даа” гэх бодол, мэдрэмжид урлагийн боловсрол нөлөөлсөн. Гимнастикийн спортоор тэргүүлдэг байсан 15 дугаар сургуулийг төгссөн. Би гимнастикийн спортын зэрэгтэй.  Урлаг, спорт намайг хатуужилтай, зарчимч болгосон байх. За гэвэл ёогүй, бүх зүйлд үнэнч байх дуртай. Өвдөөд, халуураад хоносон ч маргааш нь тоглолтын үс засалттай бол гүрийгээд л босдог. Надад итгээд, ярьж тохирсон байхад очихгүй бол муухай биз дээ. 

-Үс засаж байхдаа юу боддог вэ?

-Хар муу санаагүй хүнийг үсэндээ хүргэх хэрэгтэй гэдэгтэй санал нийлнэ. Үс засаж байхдаа уурлаж, хачин бодолд автаж болохгүй. Үс амьтай. Үсний нарийхан ширхэг дотор шингэн байдаг. “Аватар” кинонд гардаг шиг энергийн солилцоо явагддаг. Тиймээс бусдын тэргүүнд хүрэхдээ өөдрөг, сайхан бүхнийг боддог. Үсчин болоод удаагүй байхдаа Үндэсний телевизийн нэвтрүүлэгчдийн үс засдаг байсан. Тэр үед нэвтрүүлэгч С.Чимгээ, Ч.Ичинхорлоо нар ид гарч ирж байлаа. Тэр үеийн урдаа барьдаг мундаг нэвтрүүлэгчдийн үс засаж байсандаа баяртай байдаг. Үндэсний телевизийн нүүр царай болсон нэвтрүүлэгчид,  алтан үеийн жүжигчид, үе үеийн хамтлаг, дуучдын тэргүүнд хүрч, үсийг нь засаж явснаа  хүндлэл гэж боддог. 

-Үс засалт тухайн нийгмийнхээ өнгө, түүхийн нэг хэсэг байдаг. Та Монголын 30 жилийн нийгмийн хөгжлийг хэрхэн мэдэрч, тусгадаг вэ?

-Салоныхоо 15 жилийн ойгоор манай хамт олон үс засалтын түүх, хөгжлийг харуулсан шоу хийж байсан.  Ази, Европын ард түмний дундад зууны үеийн үс засалт ялангуяа монгол эхнэр үс засалт хэзээ ч давтагддаггүйгээрээ онцлогтой. Өвөг дээдэс маань гайхалтай үс засалт хийдэг байжээ. Технологи хөгжихөөр үзэж харах зүйл элбэгшээд бэлэн зураг, засалт харж байна. Бидний үед юм бүхэн түгээмэл байсангүй. Жинхэнэ сэтгэлгээгээрээ үс засдаг байсан. 1990-ээд оны үед олон тоглолтын ард ганцаараа ажилладаг байлаа. Унаа тэрэггүй, багажаа үүрээд л очно. Тэгэхдээ зүгээр индүүгээр ороодог энгийн засалт хийж явсангүй. Урлагийн түвшинд үс засаж байсан.  Тайзны арын албыг хариуцдаг бид жижигхэн зүйлд баярладаг. Чин сэтгэлээсээ хэлсэн “Баярлалаа” гэдэг ганцхан үгэнд омогшиж байдаг. Үс засахад чадвараас гадна сэтгэлгээ, үйлчлүүлэгчдэдээ зориулах сэтгэл чухал. Үс засаж дуусаад нөмрөг авах үед инээмсэглэл тодорсон царайг хараад л сэтгэлийн таашаал авдаг. “Ямар гоё болоо вэ” гээд тэврээд, баярлалаа гэдэг. Мэргэжлээсээ таашаал авах шиг жаргал байхгүй. Хааяа сэтгэл дундуур царайлж, “Баярлалаа” гэж хэлэлгүй гарах үйлчлүүлэгч байна. Надад ийм л үс зохино гээд өөрийгөө кодолсон хүмүүс шинэ засалтдаа итгэлгүй байгаа нь харцнаас нь илэрдэг ч ойр тойрныхон нь, хань ижил нь “Гоё болжээ” гээд бишрээд ирэхээр хүлээсээ тайлж, бодитоор харж эхэлдэг. Тэгээд надад баярласнаа илэрхийлэхээр цэцэг бариад ороод ирнэ. Хүний амьдрал нэгэн хэвийн байдаггүй. Санаагаар унасан, гундуухан хүн орж ирэхэд сэтгэлийг нь сэргээгээд гаргах дуртай.  Үр хүүхэд, ач зээтэйгээ гурван үеэрээ үс засуулж байгаа үйлчлүүлэгч олон бий.

-Одоо цаг үеэ дагаад энгийн үс засалт хийлгэдэг  болсон уу?

-Энгийн болсон ч хүмүүсийн фантастик сэтгэлгээ арилаагүй. Албан байгууллага, найз нөхдийн хүрээнд шинэ жилийн баяраа сэдэвчилж тэмдэглэдэг болсон. Жил жилд өөр өөр хэв маяг сонгодог. Нэг жилд нь 1960, 1970-аад оны хэв маяг, дараа жил нь 1940-өөд оны гоёлын засалт, индиан омгийнхон шиг өд сөдөөр чимэглэсэн засалт хийлгэдэг.  Хүн жилдээ ганцхан гоёдог шүү дээ. Ингэж бүтээлчээр шинэ жилээ тэмдэглэх нь сонирхолтой. Ажиглаад харахад цаг хугацаа  өнгөрөх тусам сэтгэлгээ, фантастик хандлага хөгждөг бололтой. Хонхны баяр, хурим, хүүхдийнхээ сэвлэгийг үргээлгэх гээд олон шалтгаанаар үйлчлүүлэгч орж ирдэг. Хүн болгоны царай, толгойны хэлбэр адилгүй. Тэр бүрд трэнд хөөлгүй хүндээ зохицуулж тайралт хийнэ гэдэг маш чухал. Үйлчлүүлэгчийнхээ өөг дарж, гоё сайхныг нь тодруулах нь чухал. Царайг жавхаалаг, хүзүү гоё харагдуулдаг үс засалт хийх дуртай. Нүүр будалтад гэрэл сүүдэр тавьдаг шүү дээ. Үүний адил үс засалтад ч гэрэл сүүдэр гэж бий. Аль хэсгийн үсийг сорлож, хаана нь бараанаар будсанаас хамаарч царай тодордог.  Ер нь бол сонгодог үс засалт хэзээ ч хуучирдаггүй.

-Та 2021 онд Монгол Улсын Үйлчилгээний гавьяат ажилтан болсон. Танай салбараас Гавьяат хэмээх эрхэм алдрыг хүртсэн хүн танаас өөр байдаг уу. Шагналаа аваад хамгийн түрүүнд юу бодогдов?

-Би салбараасаа төрсөн хоёр дахь гавьяат. Бидний ажил мэргэжлийг төр үнэлж байна шүү гэж бодохоороо цаанаасаа баярлаад, уйлаад л байдаг юм билээ. Цаашид төр, засаг манай салбарыг дэмжээсэй. Залуучуудад урам өгнө шүү дээ. 

Х.Эрдэнэзаяа

Эх сурвалж: Монголын үнэн сонин №018/24549/



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 4 цагийн өмнө
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 7 цагийн өмнө
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 7 цагийн өмнө
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 7 цагийн өмнө
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 7 цагийн өмнө
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 8 цагийн өмнө
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 8 цагийн өмнө
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 8 цагийн өмнө
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 9 цагийн өмнө
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 9 цагийн өмнө
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 9 цагийн өмнө
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 9 цагийн өмнө
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 9 цагийн өмнө
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 9 цагийн өмнө
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 9 цагийн өмнө
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 9 цагийн өмнө
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 9 цагийн өмнө
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 9 цагийн өмнө
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 10 цагийн өмнө
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 10 цагийн өмнө