Дотоодын аяллыг “цэцэглүүлж” буй дорнын говийн Хамарын хийд


Жил бүрийн тавдугаар сарын эхний долоо хоног, наадмын үеэр, мөн есдүгээр сард Хамарын хийдийг зорих гадаад, дотоодын жуулчдын цуваа нэмэгддэг. Товчхондоо бол хамгийн тохиромжтой цаг хугацаа нь гэх үү дээ. Тавдугаар сарын эхээр говьд үзэсгэлэнт сакүра цэцэглэдэг. Харин долдугаар сард наадмын амралт таарна. Тэгвэл есдүгээр сарын 10-нд сүсэгтэн олонд зориулсан томоохон наадам болдог. Тиймээс эдгээр өдрийг тааруулан Хамарын хийд олны хөлд дарагдаж, түм түжигнэж бум бужигналдана. Галт тэрэгний тасалбар ховордохоос гадна тийшээ зүглэх автомашины цуваа энгийн үеийнхээс гурав дахин нэмэгдэнэ. Бид энэ үеийг нь тааруулан Хамарын хийдээс сурвалжилга бэлтгэлээ. 

Дэлхийн энергийн төвийг зорих аялал төв вокзалаас эхэлнэ. Уг нь баасан гаргийн төлөвлөгөө гаргасан ч галт тэрэгний тасалбар хэдийнэ дууссан байв. Харин бямба гаргийн тасалбар олж дөнгөлөө. Сүүлийн хоёр жилд коронавирусийн улмаас галт тэргээр Сайншандын зүг зорчоогүй иргэд тасалбарын үнэ нэмэгдсэнийг гайхах. Гэтэл өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас нэмсэн гэх дутуу дулимаг тайлбарыг Улаанбаатар төмөр замын тасалбар худалдаалах төвийн кассын ажилчид өгч байгаа харагдана. Улаанбаатар-Сайншанд чиглэлийн галт тэрэг 20:50 цагт хөдөллөө. Нэлээд урт цуваа. Хамарын хийдийг зорих хүн олон байсан тул нэмэлтээр вагон гаргажээ. Ингээд шөнөжин аялсаар өглөөний 08:00 цагийн орчимд Сайншандад буулаа. 
Машинтай явсан иргэд Хамарын хийдээс өглөөний нар хэрхэн мандахыг харж, уухайлдаг аж. Харин бид галт тэрэгний цонхоор нар мандахыг харав. Шөнөдөө Говьсүмбэр, үүрээр Дорноговийн Айраг суманд бороотой байсан тул “Хутагтын нутаг хуртай угтах нь” гэж бодолхийлэв. Гэвч халуун салхи үлээн, нар төөнөж угтлаа. Биднийг тоссон хөтөч, тайлбарлагч, жолооч С.Болдбаатар “Өдөр нар шарах шинжтэй. Газрын эртэд зам дөхье” хэмээн санал болгов. Жолооч ахтай хэдэн жилийн өмнө Хамарын хийдийг зорихдоо танилцсан тул асуудал гарсангүй. Нэг ёсондоо итгэлтэй хүн гэсэн үг. Ах ч Сайншанддаа эрэлттэй нэгэн. Хотоос очигсод түүнийг сонгон үйлчлүүлэх дуртай. Сайншандын төмөр замын өртөөний үүдээр Хамарын хийд рүү явах машин олон. Биднийг тоссон жолооч Шанд Болдоо, Хөөрхөн Болдоо, Хөгжилтэй Болдоо, Шуурхай Болдоо, Сайхан Болдоо гэх олон хочтой. Ямар ч байсан үйлчлүүлэгчээ уйдаахгүй, бас гонсойлгохгүй нэгэн. Тиймээс эрэлт ихтэй, байнга захиалгатай байдаг биз. Мань эр Хамарын хийдэд тайлбар хийх эрхтэй, сертификаттай 10-хан жолоочийн нэг нь. Тайлбар нь янзтай. Толгой холбоод л явж өгнө. Урьдаас тохирсон ёсоор жолооч ах биднийг угтлаа. Мэнд мэдээд цааш хөдлөхдөө хаагуур, хэрхэн явахаа, ямар дараалалтай үзэх, юуг баримтлах тухай товч бөгөөд тодорхой мэдээлэл өгөх нь амар. Ингээд Хамарын хийд дэх аялал эхэллээ. Очоод л ангайв. Наадмын амралтаар хотынхон Хөвсгөл нуурын эрэгт “шавдаг” шиг тавдугаар сарын эхээр сакүра харах гэж Хамарын хийдэд цугларчээ. Жолооч хэлэхдээ “Өнөөдөр харьцангуй гайгүй байна. Өчигдөр /бямба гараг/ үүнээс ч олон хүнтэй байлаа. Арга ч үгүй биз. Яг цаг үе нь ингэж таарч байгаа юм чинь” гэв. Энергийн төв рүү нэвтрэх тасалбарын үнэ 2000 төгрөг. Харин гаднын жуулчин 5000 төгрөг төлнө. Харин хүүхэд үнэгүй. Эндээс л урт дараалал эхэлж байгаа юм. 
Энергийн төв буюу Шамбалын орныг 2007 онд сэргээж 108 суварга тойруулан босгож, Гаадамбын 77 боть судрыг залсан аж. 1997 онд Японы эрдэмтэд Хамарын хийдэд судалгаа хийхдээ энергийн төв мөн болохыг тогтоосон байна. Дэлхийд гурван энергийн төв байдгаас хоёр нь Монголд бий. Хамарын хийд, Дэмчогийн хийд. 
Эхлээд “Шамбалын орны үүд” хэмээн нэрлэдэг бурхны мэлмийг дүрсэлсэн хананы өмнө очно. Дэлхий ертөнц өөрчлөгдөхөөс өмнө их гэгээрлийг олж гурав дахь ертөнцөд оюун ухаан өгсөн хүний мэлмий хэмээдэг. Энэ мэлмийг ширтэж бие, хэл, сэтгэлээр үйлдсэн гэмийг ариусган засахыг даатгадаг ажээ. Аливаа хүн дотоод ертөнцөө эндээс нээж олдог хэмээнэ. Бодлоо төвлөрүүлж мэлмийг ширтсэнээр хоёр хөмсөгний хооронд байгаа цагариг эргэх мэт, нүд ирмэж байгаа мэт, хамрын хар хүрээ нь олон янзын гэрлээр солигдох гэх мэт мэдрэмж төрдөг байна. Тийм мэдрэмж өөрт төрж байвал энерги сайтай байна гэсэн үг. Хэрвээ хөдөлгөөн мэдрэхгүй бол энэхүү Шамбалын орноос сайн энерги хуримтлуулах хэрэгтэй хэмээн айлддаг юм байна. Мэлмийнээс холгүй “Бирдийн ходоод” гэх чулуун овоолго байх бөгөөд үйлдсэн гэм нүглээ цаасан дээр бичиж хойшоо харсан онгорхой нүхэнд хийж шатаах ёстой. Дараа нь гурван чулуун тойрог бүхий газарт архи, сүү, будаа өргөх ба тэдгээр нь Хүслийн хар уулын зүгт цуварсан байрлалтай байдаг. Энергийн төвийн хойд дэнж дээр байх овоонд гурван удаа залбирч өмнөх тахилын ширээн дээрх цөгцнүүдэд идээ будаа өргөөд өмнө зүгт байх “Үлэмжийн чанар” дууны үг бүхий суварганы дэргэд ирж таван бадгийг бүтнээр нь дуулаад Шамбалын орны мөнгөн хаалгаар гарснаар эргэл мөргөлийн үйл дуусна. Хийдийн эргэн тойронд энергийн хүчтэй урсгал буй, газрын доор амин судал бий хэмээн үзэж, Шамбалын орон байгаа газрыг тодорхойлжээ. Хамарын хийдээс 1.5 км зайд, хойноос урагш хоёр га талбай хамран орших Луутын цав хэмээх газарт улаан, шар, хөх шавар бүхий дов толгод бий. Эндээс иогундант хэмээх өвсөн тэжээлт аварга үлэг гүрвэлийн яс, өөр бусад төрлийн үлэг гүрвэлийн чулуужсан яс, дун хясаа зэрэг тэнгисийн амьтан болон ургамлын үлдэгдлийг судлаачид илрүүлсэн байна.
Хамарын хийдээс зүүн хойш хоёр км орчим газарт бясалгал үйлдэж байсан олон агуйнаас  гадна эхийн умай хад, өвчин гэм арилгагч хад гэх мэтээр шүтэж биширч ирсэн хаднууд бий. Мөн Сакүрагийн хөндий байна. Хутагтын нутагт сакүра цэцэглэх болсон түүх нь 150 гаруй жилийн өмнөөс улбаатай. Ноён хутагт Данзанравжааг Утай, Гүмбүн ороод буцахад нь Бээжингийн нэгэн самүрай дагажээ. Улмаар бясалгал хийдэг агуйных нь дэргэд сэлэмнийхээ хуйнаас гурван ширхэг үр гарган тарьж, өөрөө тордон ургуулсан түүхтэй гэнэ. Дорноговь аймгийн музейгээс тэр самүрайн сэлмийг харж болох аж.  Товчхондоо хутагтад шавь орсон самүрай гурван жил Шамбалын оронд шавилан суусан ч энэхүү эрдмийг нь сурч чадаагүй ажээ. Нутаг буцахын өмнө багшдаа бэлэг болгон сакүра тарьсан түүхтэй. Биднийг очиход сакүрагийн цэцэг унасан байлаа. Салхи, шуурга ихтэй байсан учраас хурдан унажээ. Жалга дагаад алхвал ганц, нэг мөчирт цөөн хэдэн цэцэг үлдсэнийг харж болно. Сакүратай хөндийд Эхийн умай хад хэмээх өвөрмөц тогтоц бий. Энд ороод гарахад дахин төрсөн мэт сэтгэгдэл төрж шинэ төрсөн хүүхэд шиг ариуслыг олдог гэж үздэг. Эхийн умай агуйгаас холгүй орших өөр нэгэн хаданд очиж биеийнхээ бүхий л өвчтэй хэсгийг үрж, өвчин зовлонгоо эдгээхийг  даатгадаг ажээ. 
Хийдээс холгүй говийнхны эртнээс нааш тахиж ирсэн Хүслийн Хар уул бий. Уулын оргил өөд гарахад зориулж 300 метр урт, 2.6 метр өргөн зам, түр амрах хоёр цэг байгуулсан байна. Уулын бэлд 300 мянган жилийн настай байгалийн боржин чулуугаар хийсэн дөрвөн метр өндөр Бурхан багшийн хөшөөг босгожээ. Эмэгтэйчүүд, хүүхэд ба настнууд уулын бэлээс 100 орчим метр өгсөж дунд хэрд байх нэг жижиг сүмд хүрч, эл хайрханд зориулсан зан үйлээ хийдэг. Харин эрэгтэйчүүд нь уулын тахилгатай оргилд гарч, овоог тойрч авч очсон сархдаа өргөн, гуйх зүйлээ хүсэж шивнэдэг уламжлалтай. Очсон хүн бүхэн хүслээ цаасан дээр бичиж зориулалтын газар нь шатаах ёстой байдаг бөгөөд шатааж байхдаа ч хүслээ шивнэж залбирдаг учиртай гэнэ. Эл уул Ханбаянзүрх хэмээх албан ёсны нэртэй. Нутгийнхан Хүслийн уул, Хар уул, Шарилын уул гэх мэтээр нэрлэж оройд нь байх овоог эртнээс нааш аравнайлсан сүншиг, ганжир, хадаг, хийморийн дарцаг зэргээр чимэглэж иржээ. Хан гэдэг нь эл ууланд олгосон цол бөгөөд Монгол оронд хан, богд, гүн, бээл, бэйс, зайсан гэх мэт цол өргөмжилсөн 120 орчим уул бий хэмээн судлаачид үздэг. 
Хамарын хийдийн дэргэд Монголын хамгийн том суваргыг бүтээн залж 2011 оны есдүгээр сарын 10-нд 108 цам харайлган олон түмэнд нээжээ. Монгол гэрийн хэлбэртэй, 32 метр өндөр, таван талд нь Бурхан багшийн таван дүр буюу язгуурын таван бурхан заларч, оройд нь соёмбо байрлуулсан байх юм. Сүншигт нь олон боть цай, долоон тонн арц, иж бүрэн тавилгатай таван ханатай гэр хоёрыг, бурхан шүтээн, улааны урсгалын номын дагуу лүйжин тавьж байгаа ламтны шуумал дүр, торго дурдан зэргийг хийж тарнийн хүч шингээжээ. Оройн хэсгийн бунханд ноён хутагт Данзанравжаагийн номлосон сургаалын дагуу сүншиг бүтээж битүүмжилсэн байна. 

Хамарын хийдийн гурван муухай

1. Хамарын хийдийг зорих гадаад, дотоодын жуулчдын тоо тасардаггүй. Японоос, Оросоос, Хятадаас, Энэтхэгээс жуулчид их ирдэг гэнэ. Гэтэл Хамарын хийд хүртэлх 40 гаруй км зам гэж там шиг. Уг нь зам бариад нэг их удаагүй ч хүнд даацын тэрэгнүүд явсаар замыг нь сүйдэлж орхижээ.  Энэ замыг цоо шинээр дахин тавихгүй л бол мянган удаа зассан ч нэмэргүй аж. 
2. Амралт, кэмпүүд хүн ихтэй үед аргаа нарийсгаж өндөр үнэ тогтоосныг очсон хүмүүс таашаасангүй. Буудал, гэр кэмпүүд энгийн үедээ дунджаар 50-80 мянган төгрөгийн үнэтэй. Гэтэл хүнийн хөлд дарагдахтай зэрэгцэн үнээ 250-300 мянган төгрөг болгон нэмж “даам” гардаг гэнэ. Тухайн үнэд ядаж л өглөөний цай багтаагүй нь гайхалтай. Зөвхөн дөрвөн ортой буудал, гэрийн л үнэ аж. Түүн дээр дахиад хоолны үнэ тусдаа. Хамарын хийдийг тойрсон гэр гуанзнуудын хоол 12-20 мянган төгрөгийн үнэтэй. Цуйван, бууз, хавиргатай шөл, банштай хар шөл, гурилтай шөл, жимбий гэх мэтээр 7-8 төрлийн хоол тогтмол гардаг. Гэр гуанз гэдэг утгаараа цуйван, бууз, гурилтай шөл зэрэг хоолны амт, порц боломжийн. Харин та жимбий сонирхож байгаа бол “дэмий дээ” л гэж хэлье. 20 мянган төгрөгөө гарздахын нэмэр. 
3.Ариун цэврийн байгууламж, хогны асуудал энд ёстой хэцүү. Уг нь орчин үеийн гэх тодотголтой хэдэн 00-той. Гэвч тэдгээр нь огт ажилладаггүй. Харин өнөөх л модон жорлонд бие засна гэдэг тунчиг бэрхшээлтэй. Үнэр танараас эхлээд авах юм байхгүй. Дотоодынхон ч яах вэ. Амьд хүн аргатай гэдгээр болохгүй бол холхон очиж байгаад “байгальдана”. Харин гаднынхан яах бол гэж төсөөлөхөөр өмнөөс нь санаа зовмоор.



 Б.Мөнхзул

Эх сурвалж: Монголын үнэн сонин №019/24550/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 4 цагийн өмнө
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 7 цагийн өмнө
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 7 цагийн өмнө
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 7 цагийн өмнө
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 7 цагийн өмнө
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 8 цагийн өмнө
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 8 цагийн өмнө
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 9 цагийн өмнө
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 9 цагийн өмнө
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 9 цагийн өмнө
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 9 цагийн өмнө
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 9 цагийн өмнө
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 9 цагийн өмнө
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 9 цагийн өмнө
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 9 цагийн өмнө
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 9 цагийн өмнө
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 9 цагийн өмнө
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 9 цагийн өмнө
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 10 цагийн өмнө
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 10 цагийн өмнө