Өднөөс хөнгөн, сумнаас хурдан дүр дүр дүр...


Зуны тэргүүн сарын шинийн гурван. Бэлгэ ерөөлт энэ өдөр монголчуудын хувьд тун чиг учиртай. Мал маллах нэн эртний соёлт, дэлхий дээрх сүүлчийн нүүдэлчдийн мал ахуйтай холбоотой олон зан үйл байдгийн нэг нь мал хөнгөлөх ёсон. Эр болгон эцэг болдоггүй амьд байгалийн зэрлэг хуулийг ахуйн хэлбэрт оруулсан хувилбар л даа. Монголчууд төл малаа хөнгөлөхдөө бэлгэ дэмбэрэлтэй өдөр, цаг сонгон маш хүндэтгэлтэй, ёс төртэй ханддаг. Хуучин нийгмийн үед өдөр судар хардаг байсан эсэхийг мэдэхгүй юм, малын эмч хэдэн залуустай давхиж ирээд хөнгөлчихөөд л явдаг байж билээ. Өв соёлоо сэргээгээд, үндэс язгуураа бэхжүүлээд явж болох сайхан цаг ирсэн нь яамай. Энэ сарын 22-нд шинийн гуравны бэлгэ дэмбэрэлт сайн өдөр ташралдуулан, хотын чимээнээс зугтан, хээрийн салхи үнэрлэн, малгайн тоос үргээлээ. Эртний түүхт Хэрэйд аймгийн Ван ханы гол өргөө бууриа засаж асан Сонгинохайрханы өвөр хормойд орших, хатан Туулын хар түнээс наашлан Цоохорын голын эрэг бараадан буусан малчин Д.Баянмөнхийнх гэдэг хот айлд аяны дөрөө мултлав. Энэ хотныхон хаваржаанаасаа гарах хараахан болоогүй байгаа бололтой. Хот айл сүүлийн орсон нойтон цасыг саравчтай тулдаа ганц ч төлийн гарзгүй мэнд давжээ. Шинэхэн төлийн дуу цангинасан малын хороонд орвол шар бууц хөлөөс зууран зунгааралдах нь залхуу хүрэм. Хорооны мухарт уясан хэдэн бяруунаас гадна ногооноор шүдэлсэн шинэхэн үрээнүүд, хурга, ишигнүүдийг хөнгөлөхөөр сүргээс нь авч үлдсэн харагдана.

Цоохорын гарам, Дарцагт хавиар монос, хайлаас, улиас, долоогоны мод навчилж нэлдээ дэлгэр зуны өнгө төрхийг олжээ. Гэрийн эзэн урд голоос гар хөнгөн хэмээн дүү Д.Баярмагнайг залж авчирсан тул хавь ойрын эрс хамжаа бас ч үгүй азарган үрээний засаа идэж биеийнхээ тамирыг нэмэх нууцхан хүсэл тээсэн идэр эрс ч хэд, хэд харагдана. Хурга, ишигний засаа идэхээр цугласан хүүхэд багачууд гэрийн гадуур бужигналдан хөл хөөр нэмж, ямар нэгэн баярын уур амьсгал бүрдэх аж. Хүүхэд байхад шар будаатай чанасан хурга, ишигний засаа гэж тун чиг амтлаг сайхан хоол байсансан хэмээн бодолхийлэн тэднийг харцаараа өхөөрдөн эвийлсээр гэрт оров. Засаа идсэнээр хүний биед уураг, амин дэм, тэжээл, эрч хүч өгөх ба бөөрний дутагдалаас сэргийлж цусан хангамж сайжруулж цус багадалтыг эмчилж, таван цул эрхтэнд бүгдэд нь жигд тэжээл болдог гэж эрт үеэс нааш монголчууд сүслэн хүртсээр ирсэнийг энэ далимд цухасхан дурдах нь буруудах шалтаг болохгүй биз ээ хэмээн сэтгэснээ энд өчив. Хур бороо, хүйтэн жавар, салхи савир, тэнгэр хангайн байдлыг харан байж мал хөнгөлөх буюу засах үйлийн өдрийг тогтооно. Зан үйл эхлэхээс өмнө аргал, хомоол, арц, ганга арвин ихээр уугиулж, хот хороог ариулах ёс үйлдэх бөгөөд ирсэн зочин гийчинд багахан цайллага хийн идээ будаа элбэг дэлбэг зэхсэн ширээнд урин залах бүлгээ. Ийн дэглэн зассан ширээний хойморт заларсан ихэс настнууд малын буян, шим болон удам, угшил, зүс тэргүүтнийг хөөрөлдөн хүүрнэлдэж, хангай дэлхий, цаг уурын байдлыг ярилцан хөөрөг зөрүүлэн байна. Энэ зуур гэрийн эзэн урд голоос залж ирсэн дүүгээ хөөрхөн магтах бололтой “Жилийн жилд хэдэн мал хөнгөлөх, морьдын цус ханах болохоор л муу дүүгээ дууддаг юм. Гар нь хөнгөн, зассан, хатгасан мал нь хурдан, хүндрэлгүй эдгэдэг болохоор урамтай байдаг” хэмээгээд сэтгэл хангалуун мушилзаж харагдана. Хаа газрын нутаг усанд хүн зонд хүндтэй мал хуй эмнэж, засаж явдаг иймэрхүү идэрмэг эр заавал нэг байх бололтой. Гэрийн эзний үгийг сонссон өвгөд толгой дохилцон гаансаа угзрах нь санал нийлж буй бололтой.

Товлосон цаг болж мал хөнгөлөх зан үйл ёс горимын дагуу эхлэхээр болов. Зан үйл эхлэхэд хотны баруун талд ширдэг дэвсэж мал хөнгөлөх хүний гарын ойр шар будаа, сүүгээр цийдэмлэсэн ус хувинд хийж тавьсан байна. Мөн мал хөнгөлөх газрын дэргэд аргал, арц уугиулан сан тавина. Энэ нь ямар нэгэн шүтлэг бишрэлийн зан үйл биш бөгөөд ялаа, батгана болон агаарыг элдэв нянгаас цэвэршүүлж  буй хэрэг аж. Хурга хөнгөлөхөөр залагдсан гэрийн эзний дүү эхлээд “Халзан цагаан хурга авчир” хэмээн хэлэхэд хүүхдүүд хургыг тэврэн авчрав. Эхний хурга эцэг мал болгох төл учраас магнайд нь зөөхий түрхэн мялаагаад, эрүүн дор нь тавагтай цагаан идээ хүргэж ёслоод арцны утаанд гурвантаа хурайлан ариутгаад сангаа толгойн тушаа нь барьж:

Түмэн хонины түрүүнд

Мянган хонины магнайд

Дөрвөн туруугаа майга болтол

Дөрвөлжин сайраа хэлтгий болтол

Эзэн хүндээ ээлтэй

Ижил сүрэгтээ түшигтэй яваарай гэж ерөөгөөд тавилаа. Үүний дараа охин хургаар дом хийж хутганыхаа аагийг дараад бусад эр төлүүдийг хөнгөлж суллан тавихдаа шарханд нь аргалын үнс түрхэж, шүлсээр домнон үлээгээд араас нь сумаар дохиж, будаа цацаад “Сумнаас хурдан, өднөөс хөнгөн дүр дүр дүр. Цус нь цагтаа хатаж, өвчин нь өдөртөө эдгэр хурай, хурай, хурай, дүр, дүр, дүр” гэж ерөөх аж.  Ингэж ёслох нь сүрэг мал өсөж үржихийг, үтэр түргэн эдгэхийг бэлгэддэг гэнэ. Зассан бог малынхаа засааг цэгээн усанд хийн чанахаар бэлддэг бол, бод малын засааг дөрвөн туурайнд арчин хамарт нь үнэрлүүлэн засаа идэхээр ирсэн хүмүүст өгч харагдана. Үүнийг идэх хүмүүс хоосон очдоггүй гар цайлган авдаг. Засаж буй хүмүүсийн гарыг цайлган сайхан бэлгэшээлтэй үг хэлэлцэн ил галын нурманд булж идэцгээх аж. Би ч яаж хоцрох вэ, дунд нь орж халхай халцгай болон нурманд булж болгосон засаанаас хүртэж л орхив. Энд ёс бус үг гаргаж  хэрүүл хараал хэлэхийг цээрлэх бөгөөд, архи уусан хөлчүү хүмүүсийг хол байлгах ёсон бий. Нар жаргахаас урьтаж эднийх малаа хөнгөлж дуусгана.

Монгол ёсонд мал хөнгөлсний дараа нэгэн цээрийг үйлдэх бөгөөд гурав хоног гадагш юм гаргадаггүй. Мал, сүү тараг, ааруул, цагаан идээ гаргавал  малд гарзтай муу, төл алдаж, малын сүү татрана гэх мэтээр цээрлэнэ. Засааны хялгас, сэв, хальсыг хамаагүй хаяж нохой, шувууны хоол болгохыг мөн цээрлэх тул анхаарах хэрэгтэй гэнэ. Зайлшгүй мал муулах болон сүү гаргах бол муулах малын урдуур ус асган лус давууллаа хэмээн сэтгэж “Энд биш голын урд айл” хэмээн домнох бөгөөд муулахаас өмнө ширгэ тавин давс цацах ба муулах малын хондлойд сүү дусаан өргөл үйлдэнэ. Муулж буй хүнд гар хүндрүүлэн мөнгө, бэлэг барин дом хийдэг. Зайлшгүй тохиолдолд сүү, цагаан идээ авч яваа хүмүүс айлаас холдон эргэн харж хоттой айл руу сүүн өргөл хийн домноод замдаа гарна. Ийнхүү бидний танин мэдэхүйн айлчлал өндөрлөсөн бөгөөд гэрийн эздээр үдүүлэн хотын зүг хүлгийн жолоо залав. Бэлээр бус бэлгээр амьдрагч монгол түмний ёс жудаг, зан заншлын мөнхийн хэлхээс үл тасрахын учиг мөнхүү малчин түмний ахуй амьдралаас алсраагүй цагт бид Монголоороо оршсоор байх бүлгээ.

 

Уламжлалд суурилсан ирээдүйн соёл

 Мал хөнгөлөх уламжлалт арга нэгэнтээ ул болох тийш хан­даж, орчин үеийн шинжлэх ухаа­наар батлагдсан шинэ арга хэл­бэр рүү орж байгаа аж. Энэ нь битүү аргаар хөнгөлж төмсөг, хэтийг нь үлдээж түүгээр био идэвхжүүлэгч хийх арга аж.Ингэж хөнгөлөх нь малыг тарган товир биетэй, хүчтэй, хурдтай болгодог тухай судалгаа шинжилгээний олон ажил хийгдсээр ирсэн. Ба­хиар хөнгөлөх аргаар эр малыг хөнгөлөх нь задгай /цустай/ аргаар хөнгөлсөн малтай харь­цуул­бал  шинэлэг буюу дэв­шил­тэт талтай. Битүү аргаар хөн­гөлсөн төлийн амьдын жин зад­гай аргаар төмсгийг сугалж хөн­гөлсөн нэг хурганыхаас дунджаар 3.1-3.2 кг мах илүү өгч байгаа нь судалгаагаар нот­логдсон байна. Хөнгөлөлтийн технологийг зөв баримталсан үед хөнгөлгөөний дараах хүндрэл ба хорогдол гарахгүй. Жилийн аль ч улирал, цаг агаарын ямар ч нөхцөлд уг аргаар хөнгөлж болох учраас төлийг нэлээд өсгөж бэлгийн бойжилт гүйцсэний дараа хөнгөлж мах, ноосны гарцыг нэмэгдүүлэх бүрэн бо­ломж­той. Энэ аргаар хөнгөлсөн малын мах заарын үнэргүй, алагласан, зөөлөн, амт чанар сайн байна. Үеэ өнгөрөөж үүргээ гүйцэтгэсэн хөгшин, зааз хээлтүүлэгчийг ийм аргаар хөн­гөлж өөр чиглэлээр ашиглах боломжтой бол­дог олон давуу талтай.

Буянт малын дундаршгүй шим арвин баял­гийг хүртэх Монгол түмний заяа дээшээ байх болтугай.


Трамп Төмөрөө

Эх сурвалж: Монголын үнэн сонин №020/24551/


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 4 цагийн өмнө
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 7 цагийн өмнө
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 7 цагийн өмнө
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 7 цагийн өмнө
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 7 цагийн өмнө
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 8 цагийн өмнө
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 8 цагийн өмнө
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 9 цагийн өмнө
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 9 цагийн өмнө
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 9 цагийн өмнө
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 9 цагийн өмнө
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 9 цагийн өмнө
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 9 цагийн өмнө
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 9 цагийн өмнө
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 9 цагийн өмнө
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 9 цагийн өмнө
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 9 цагийн өмнө
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 9 цагийн өмнө
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 10 цагийн өмнө
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 10 цагийн өмнө