Хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэж, олон нийтэд бүтээгдэхүүн үйлчилгээгээ хүргэж буй эрхмүүдийг бид “Бүтээлч монгол” буландаа онцлон танилцуулдаг уламжлалтай. Сониныхоо энэ дугаарт амтат бялуугаараа хүмүүсийн танил болсон Ч.НАРАНЦЭЦЭГИЙГ урьж, ярилцлаа. Хүмүүсийн баяр дээр баяр нэмж, ширээг нь амттанаараа чимдэг амт урлаач маань хамгийн сүүлд “Алдарт эх”-ийн одонгоо авсан ээжид зориулан бялуу хийжээ.
-Хүний ой тойнд хүүхэд насны дурсамж хамгийн тод үлдсэн байдаг. Тиймээс ярилцлагын эхэнд таны анх мэдэрсэн хамгийн гоё амт юу байсан талаар асууя гэж бодлоо?
-Манай ээж их гарын дүйтэй хүн. Юм оёно, бас олон төрлийн хоол, янз бүрийн амттан хийдэг. Ялангуяа биднийг багад маш гоё амттай бялуу хийдэг байсан юм. Дэлгүүрийн бялуунаас амт нь тэс ондоо. Бялууныхаа орц материалыг өөрөө бэлддэг учраас бидний дуртай амттанаар баяжуулан хийж өгдөг байсныг санаж байна. Тэгэхээр хүүхэд байхдаа ээжийнхээ хийсэн бялууг анх идсэн юм байна. Ээж маань бялуунаас гадна зефир, кекс хийнэ. Түүнийг нь эгч дүүс бид амтархан иддэг байж билээ. Магадгүй багаасаа тийм гоё амтыг мэдэрсэн болохоор би ээж шигээ бялуу хийж сурахыг хүссэн байх.
-Багадаа ээжийгээ дуурайж бялуу хийхээр оролдож байсан л байх. Гэхдээ яг хэзээнээс хоббигоо жинхэнэ утгаар нь хөгжүүлсэн юм бэ?
-2015 оноос бялуугаа тууштай хийж эхэлсэн. Түүнээс өмнө амттан хийдэг ч ажлын заваар, таньдаг хүмүүсийнхээ хүсэлтээр хийдэг байсан юм. Аав ээжийн танил, ажлын газрын хүмүүс манайд ирээд бялуу иднэ. Дэлгүүрт худалддагаас өөр амттай учраас гэр бүлийнхэндээ тэр амтыг мэдрүүлэхийг хүсдэг байсан байх. Бялуу хийлгэх гээд намайг гэртээ дуудна. Би ч ээжийгээ харж сурснаасаа, аль чадахаараа хичээж хүмүүст амттай бялуу хийж өгөхийг хүсдэг байв. Тухайн үед айл болгонд шарах шүүгээ байгаагүй. Байсан ч янз бүрийн тохируулгатай учраас зарим тохиолдолд хүссэнээс өөр амт гарах үе бий. Гэхдээ л өөрийн хүссэн орцоороо хийсэн бялууг гүйцэх амттан гэж юу байх билээ. Би ч хүмүүсийн хүссэн амттаныг хийхийн тулд аль чадахаараа л хичээдэг байсан. Бялуу хийлгэсэн айлууд намайг хүүхэд гээд урамшуулж компот өгнө. Тэгээд хүнд тусалсан би гэртээ компот тэврээд ордог байлаа.
-Жорын дагуу бялуу хийх нэг өөр. Ямар амттай болохыг нь төсөөлж, дотроо мэдэрч бялуу хийх тэс ондоо байдаг. Та хүссэн амтаа гаргахын тулд мэдрэмжээ хэрхэн хөгжүүлдэг вэ?
-Амт бол аз жаргал. Аз жаргалыг бий болгохын тулд бялуу хийж байгаа бол сайн сайхан зүйлийн талаар бодох хэрэгтэй. Өөртөө итгэлтэй, хүссэн амтаа гаргахын төлөө зүтгэлтэй байх нь чухал гэж би боддог. Би Японы “Аяллын амт” нэвтрүүлгийг үздэг. Орон орны хоол хийх урлагийг их сонирхдог. Хоол хийхийг нь хараад заримынх нь амтыг төсөөлнө. Хоолны орцыг ажиглаад ямархуу амттай байхыг ургуулан боддог. Бялуу хийх ч үүнтэй адил. Амтаа ургуулан бодож орц материалыг нь анхаарах шаардлагатай. Ингэж сэтгэлээ шингээж хийсэн бялууг хүмүүс амтархан идэж байгааг хараад би сэтгэл ханамж авдаг. Саяхан би Алдарт эхийн одон авсан ээжид зориулан бялуу хийсэн. Миний хийсэн бялуу тэр гэр бүлийн баярын ширээг чимж, ирсэн зочдод нь таалагдсаныг сонсоод их урам авлаа. Надад ашиг олох нь чухал биш. Харин хүмүүсийн баяр дээр баяр нэмж аз жаргал мэдрүүлсэн бялуу хийж чадсандаа туйлын их баяртай байна. Бялуу, десерт, пирог, амттан, хоол, хачир гэх мэт амттай зүйл хийх нь миний хобби. Хүн сонирхдог зүйлтэй байснаар цаг хугацаагаа зөв зарцуулж хамгийн гол нь өөрт сайхан мэдрэмж төрдөг. Тэр сайн сайхан, гоё мэдрэмж эргээд гэрэл гэгээтэй зүйлээ татдаг. Тиймээс би хүмүүсийг над шиг хоббигоо хөгжүүлж түүнээсээ гоё мэдрэмж аваасай гэж хүсдэг.
-Та мэдрэмжээ хэрхэн хөгжүүлж байна вэ. Сургалтад сууж, бусадтай туршлагаасаа хуваалцдаг уу?
-Тэгэлгүй яах вэ. Нийгэм хувьсан өөрчлөгдөж байхад би нэг газраа зогсоод байж болохгүй. Мэддэг, чаддаг гээд байвал бусадтай хөл нийлүүлэн алхаж чадахгүй. Тиймээс аль болох суралцахыг хичээдэг. Би анх 2015 онд бүтээлч бүсгүйчүүдтэй сургалтад хамрагдсан. Хэдийгээр өмнө нь бялуу хийдэг байсан ч тэндээс их зүйл сурсан. Өөрөө мэдэгдэхүүнтэй болохоор түүнийгээ улам баяжуулж бусадтай туршлагаасаа хуваалцсан нь надад олон зүйлийг ойлгуулсан юм. Дараа нь Москва хотод ажиллаж, амьдардаг хүнээс сургалт авдаг болсон. Багш маань захиалгаар бялуу хийдэг хүн байж таарсан. Өөрөө олон орны хоол, амттан хийдэг багштай, тэднээсээ сургалт авдаг байсан болохоор надад сонирхолтой санагдсан. Ингэж олон хүнтэй сурсан мэдсэнээ хуваалцаж бялуу хийх аргаа баяжуулсан. Үүний үр дүнд би үйлдвэрээс гаргадаггүй бялуунуудыг хийж чаддаг болсон. Нэг гэм нь өртөг ихтэй. Орцноосоо хамаараад харилцан адилгүй үнэтэй байдаг.
-Анх ямар бялууны захиалга авч байснаа яриач. Туршлага бас дурсамж үлдээсэн ажил болсон байх?
-Би анх ажлаа эхлүүлэхдээ “Амтат бялуу кап кейк” нэртэй пэйж хуудас нээсэн. Пэйжээ нээгээд нэг их удаагүй анхны захиалга орж ирэхэд баярлахын хажуугаар бас эмээж байснаа мартдаггүй юм. Намайг сонгоод, надад итгээд бялуу хийлгэхээр захиалга өгч байгаа гэж бодохоор надаас эрхгүй хариуцлага шаардсан. Тэгээд хамгийн гоёороо хийхийг хичээсэн дээ. Гоё болгох гээд эсвэл хямдаар шийдэх гэж бялуу хийх материалын орцыг өөрчилж болохгүй. Тухайн үед “Жигүүр гранд”-ын 500 ширхэг аяган бялуу хийх захиалга орж ирсэн. Гэхдээ захиалгаа маргааш өдөр нь бэлэн болгох ёстой байв. Тэгээд ганцаараа шөнөжингөө хийсээр их ажлын ард гарч байлаа. Би хэлсэндээ хүрэхийг хичээдэг, цаг барьдаг. Цагаа барихын тулд түгжрэлд зарцуулах хугацаагаа тооцож ажлаа төлөвлөдөг. Болзсон цагаасаа хоцорсноос түрүүлж очоод хүлээхийг илүүд үздэг.
-Та анх кап кейкээр дагнан ажилладаг байсан юм уу?
-Хүмүүс өөртөө хүндрэлгүйгээр ганц, хоёр төрлийн бялуугаар дагнан захиалга авдаг. Гэхдээ би тэгэхийг хүсдэггүй. Үйлчлүүлэгчдэдээ олон төрлийн бялуу санал болгодог. Бялуу захиалж байгаа хүн юу хүснэ түүнийг нь би хийж өгөхийг хичээдэг. Үүнийг дагаад багагүй судалгаа хийнэ. Youtube-ээс бичлэг үзнэ, бусдын хийснийг харж судалдаг. Одоо надад санаа сэдэл авах бичлэг олон бий. Ер нь их бүтээлч байхыг эрмэлздэг. Заримдаа бичлэг үзээд шөнийн гурав, дөрвөн цаг хүртэл суучихдаг, тийм л хоббитой хүн. Гоё чимэглэлтэй бялуу байвал хэрхэн хийснийг нь ажиглана. Заримдаа орц материалыг нь хүртэл сонирхон асуудаг. Тэгээд тэр хийсэн зүйлд нь заавал урам өгч байж санаа амардаг зантай. Би айлд зочлохдоо, уулзалтад оролцохдоо, найзуудтайгаа булагнахдаа заавал өөрийн хийсэн амттанаас авч очихыг хичээдэг.
-Таны хийсэн бялуу, амттануудыг хараад “Яаж ингэж хийсэн юм бэ” гэж бодож байлаа. Цаашдаа өөрийнхөө хийсэн бялууны жор, загвараар эзэгтэй нарт зориулсан ном гаргах бодол бий юү?
-Энэ талаар бодож байсангүй. Гэхдээ үнэхээр сайхан санаа байна. Би бичиж, тэмдэглэл хөтлөх дуртай. Тэгэхээр бялууныхаа жорыг заасан ном гаргаж яагаад болохгүй гэж. Надад туршлага, баялаг жор байна шүү дээ. Миний хийдэг бялуунууд дунд хэн ч дуурайгаад хийчих бялуу бий. Бас сургалт авч байж, тодорхой хэмжээний мэдлэгтэй болсон үедээ хийх ч бялуу байгаа. Миний бас нэг зорилго бялууны сургалт хийх. Өөрийн сурсан мэдсэнээсээ бусадтай хуваалцмаар байна.
-Та бялуу хийх жор зохиодог уу?
-Би жор зохиохдоо тийм ч сайн биш. Энэ талаар багш нараасаа асууж байсан. Ер нь жор зохиох амаргүй юм билээ.
-Таны хийсэн бялуунуудыг харахад олон захиалагчтай нь илт. Гэтэл сурталчилгаанд ер анхаарал хандуулдаггүйг пэйж хуудсаар тань зочлоод ойлголоо. Таны захиалга үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжтай шууд хамааралтай юм байна шүү дээ?
-Тийм ээ. Миний хийсэн бялууг хүн авч идэж үзээд амттай байвал найздаа хэлдэг. Найз нь гэр бүлийнхэндээ хэлдэг гэсэн зарчмаар амнаас ам дамжин явсаар захиалга нэмэгддэг. Зарим нь намайг сурагласаар хайгаад олоод ирдэг гэвэл та итгэх үү. Хүн дуртай ажлаа хийж олсон мөнгө бага ч бай аз жаргалтай мөнгө болдог. Харин эсрэгээрээ дургүй ажлаа хийдэг хүний олсон мөнгө аз жаргалгүй мөнгө болдог гэдэг. Би амьдралаас хамгийн гоё мэдрэмжүүдийг авдаг. Тэрийгээ эрхэмлэдэг, тийм л хүн. Гэхдээ анхнаасаа ийм төрөөгүй. Яах ёстойгоо мэдэхгүй үе надад олон байсан. Түүнийг би өөртэйгөө ажиллаж давсан. Гэхдээ ямар нэг сургалтад суугаагүй. Youtube-ээс бичлэг үзэж, ном уншиж өөртэйгөө ажилласнаар өнөөдрийн үр дүнд хүрсэн. Цаг гаргаж өөртэйгөө ажилладаг. Үүний хэрээр хүн илүү хөгждөг юм байна. Үүнийг бусдадаа хэлэхийг хүссэн юм. Түүнээс биш би бусдад зааж сургах хэмжээний хүн биш л дээ. Өөрийнхөө хэмжээнд их мөнгөөр эсвэл их холоос биш, хэн нэгэн хүний тусламжтайгаар биш, бусдын дэмжлэггүйгээр өөрийгөө хөгжүүлж болдгийг хүмүүст хэлэх дуртай.
-Хүмүүс таныг зорин ирж байгаа нь бялууны чанартай шууд холбоотой байх. Хэрвээ ашгаа бодсон бол та хямд бүтээгдэхүүн ашиглах байсан биз?
-Тийм. Жишээлбэл, материалынхаа өртгөөс хэд дахин хямд гарч байгаа “Спартак” гэгдээд байгаа бялуу бол жинхэнэ нь биш. Харахад адилхан юм шиг мөртлөө хямд материалаар хийдэг. Хямд орцоор хямд бялуу хийдэг гэдгийг л ойлгох хэрэгтэй.
-Ирэх жилүүдэд танд өөрийн гэсэн бялууны кафетай болох бодол бий юү?
-Миний мөрөөдөл шүү дээ. Надад кафе ажиллуулахад хангалттай тоног төхөөрөмж бий. Ганцхан цаг хугацааны тохироо нь бүрдээгүй байна. Гэхдээ хэн мэдэх вэ. Ирэх жил кафедаа бялуу хийгээд зогсож байх ч юм бил үү. Амьдрал баян, хүсэл мөрөөдөл хязгааргүй. Хамгийн гол нь би ийм хоббитой болсноороо бахархаж байна. Би амттан хийдэг гээд бусдыг дандаа амттан идээрэй гэж зөвлөхгүй. Ганцхан хүн хоббитой байвал амьдрал их сонирхолтой. Хоббигоо олоогүй байгаа бол одооноос эрэл хайгуул хийгээрэй гэж зөвлөдөг. Хүн хоббитой бол амьдралаас аз жаргал мэдэрдгийг миний туршлагаас харж болно. Хөгжил ярихаар хүмүүс мөнгө гэж хэлдэг. Гэтэл хүн заавал мөнгө зарцуулахгүйгээр хөгжих боломжтой. Аз жаргалыг хүн мөнгөөр худалдаж авах боломжгүй. Хүмүүс мөнгөтэй болчихоод хэн нэгнийг баярлуулна гэдэг. Би түүнтэй санал нийлдэггүй. Чин сэтгэл, зүтгэл байвал бүх зүйл аяндаа болно.
-Ярилцсанд баярлалаа.
НЭРИЙН ХУУДАС:
Холбоо барих утас: 91250020, 90201090
Б.Сэлэнгэ
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна