Хэн, юу хэлэв


Монгол Улсын хэмжээнд улсын хуучин төсвөөр барилгын ажлаа үргэлжлүүлж буй 400 орчим төсөл бий. Үүнээс 160 нь сургууль, цэцэрлэг 100 нь аймаг, сумдын эмнэлэг, үлдсэн 140 нь соёлын төв, сумын Тамгын газар, хорооны барилга байгаа юм. Гэвч барилгын материалын үнийн өсөлт, гэрээний дүнгээс  шалтгаалж дээрх барилгууд царцжээ. Энэ талаар барилгын компанийн удирдлагууд байр сууриа хуваалцлаа.

 

С.Алтанцаг: Зээлийнхээ хүүнд орон байраа хураалгасан

 /“Их даян бүүвэй” ХХК-ийн гүйцэтгэх захирал/ 

 

-Манай компани улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Хэнтий аймгийн Хэрлэн суманд 200 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэг, Төв аймгийн Баянжаргалан суманд Соёлын төв, спортын цогцолбор барьж байгаа. Мөн Монголын газрын тосны үйлдвэрийг барьж буй компанийн ажилчдын 80 айлын орон сууцыг барьж байна. Гурван төслөө 2020 онд авч, 1-2 жилд барьж дуусгах гэрээтэй байсан  ч цар тахлын улмаас хугацаа алдаж, улмаар зогсонги байдалд орсон. Нэг төслөө  газрын маргаанаас болж товлосон хугацаандаа эхлүүлж чадаагүй. Үүний хохирогч нь гүйцэтгэгч компани л байдаг. Төслийн хүрээнд 2020 оны улсын төсөвт суулгасан санхүүжилтийг нь буцаагаад татчихсан. Тухайлбал, Төв аймгийн Баянжаргалан сумын төсөлд улсаас 500 сая төгрөг тавьсан боловч 300 саяыг нь эргүүлэн татсан. Дэлхий нийтийг хамарсан цар тахлыг хэн ч тааварлаж, төлөвлөөгүй ч үүнээс улбаатай одоо үүсээд байгаа асуудалд төр засгаас яаралтай зохицуулалт хийх хэрэгтэй шүү дээ. 

Манайхаас гадна улсын төсвийн хөрөнгө оруулалтаар ажил үйлчилгээ гүйцэтгэж буй бүх компани нийгмийн даатгал болон татварын өрөнд орсон. Үүнээс болж бидний дансанд банк хязгаарлалт тавиад байна. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар ажил, үйлчилгээ гүйцэтгэж буй компаниуд ийм хүнд нөхцөл байдалд орсон нэг шалтгаан нь бараа материалын үнийн өсөлт. Гол нэрийнхээс гадна сан, цахилгаан, дотор засал гээд бүх төрлийн бараа материалын үнэ өссөн. Өмнө нь 5500 төгрөгөөр авдаг байсан халтирдаггүй плита 12 мянган төгрөгийн үнэтэй болсон бол давхар өнгөлгөөтэй плита 9000 төгрөгөөс 17000 болж нэмэгдсэн байх жишээтэй. Бас нэг шалтгаан нь орон сууц барьж,  худалдан борлуулдаг арилжааны компаниуд барилгын ажилчдын ажлын хөлсийг өсгөж байна. Бидэнд бол ийм эрх байхгүй учраас улсаас олгож буй төсөвт өртгөөр л ажлаа гүйцэтгэж, ажилчдаа цалинжуулах ёстой. Гэсэн ч бид ажилчдаа алдахгүйн тулд зах зээлийн зарчим, үнэлгээгээр цалинжуулах шаардлагатай болдог.  Жишээлбэл, одоо арматурчин өдрийн 120, мужаан 150 мянган төгрөгийн цалинтай байна.  Гэтэл бидний цалин хөлс, бараа материалын тарифыг 2009, 2012 оноос хойш шинэчилж, тогтоогоогүй.  

Нийгмийн хариуцлагын хүрээнд нэг ч гэсэн сургууль, цэцэрлэг, эмнэлгийг хугацаанд нь ашиглалтад оруулчих юмсан гэж зүтгэж, банк, банк бус санхүүгийн байгууллагаас зээл хүртэл авдаг. Бид орон сууцын төслөө эхлүүлэхийн тулд 460 сая төгрөг зээлж, эцэст нь зөвхөн хүүгийн төлбөрт өөрийн орон байраа хураалгачихаад сууж байна. Хэрэв бид аль нэг томоохон орон сууц барьж буй компанийн туслан гүйцэтгэгч хийсэн бол өнөөдөр ингэж өрөнд орж, өвдөг  сөхрөхгүй байх байсан.  

 

Ч.Цэндхүү: УИХ-ын 88 дугаар тогтоол зөв боловч хэрэгжүүлэлт нь буруу байсан

 /“Цагаан бөлбөө” ХХК-ийн захирал/

 

-Ховд аймгийн Цэцэг суманд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар спорт заал барьж, гүйцэтгэх тендерийг 2020 онд авсан. Үүний дараа жил нь тодорхой ажил гүйцэтгэсэн боловч улмаар цар тахал, санхүүжилтийн доголдлоос шалтгаалж,  зогсонги байдалд орж, юу ч хийж чадахгүй өдийг хүрээд байна. Монгол Улсын хэмжээнд царцсан барилгуудыг хэзээ хөдөлгөж, ашиглалтад хүлээлгэн өгөх нь тодорхойгүй, маргаантай байдал үүсээд байна. Тодруулбал, ийм асуудалтай барилгуудын төсөвт өртөгт магадлал хийх чиглэл бүхий тогтоолыг УИХ-аас 2021 онд гаргасан. Тухайн 88 дугаар тогтоолын агуулга, чиглэл зөв боловч хэрэгжүүлэлт нь буруу байсан. Тодруулбал, Сангийн яамнаас төсөвд ачаалал өгөх тул зөвхөн материалын үнэд магадлал хийх ёстой гэдэг чиглэл өгч, ийм шийдвэрийг салбарын яамаар гаргуулсан байдаг. Товчхондоо, барилгын нийт төсөвт өртөгт бус зөвхөн материалын үнэд магадлал хийсэн нь энэ бүх асуудлын эхлэл болсон. Энэ бол төсвийн хуулиа зөрчсөн үйлдэл. 

Тухайн тогтоолын хүрээнд магадлал хийсэн бараа материалын үнийн зөрүүг барилгын компаниуд 100 хувь авч чадаагүй. Манай компанийн хувьд 554 сая төгрөгийн зөрүү гарсан ч бодит байдал 280 сая төгрөг олгосон. Хэрэв бид ядаж энэ санхүүжилтийг бүрэн гүйцэд авсан бол барилгын ажил илүү урагшлах л байсан. Манай компанийн авсан төслийн төсөвт өртөг 1.156 тэрбум. Үүн дээр бараа материалын үнийн зөрүү 554 сая төгрөг нэмэгдэж байгаа юм. Гэтэл бодит төсөв нь 2.350 тэрбум болж байгаа. Үүний зөрүү мөнгийг олох боломж бидэнд байхгүй. Бид тендер аваад банкнаас зээл авсан ч түүнийгээ төлж чадахгүйд хүрч, эцэст нь Монголбанкны мэдээллийн санд зээлжих ангилал буурсан.  

Энэ сургууль, цэцэрлэг, эмнэлгийн барилгыг ийм хэмжээний өртгөөр барих боломжтой гэдэг магадлалыг Барилга, хот байгуулалтын яамнаас гаргадаг ч түүнийг нь Сангийн яам хасаж танадаг. Үүнтэй адил УИХ-ын 88 дугаар тогтоолыг тус яамныхан мөн гажуудуулсны уршгаар барилгын салбарынхан өнөөдөр  сөхөрч уналаа. Үүний цаана хэдэн мянган ажилтан, ар гэрийн нийгмийн асуудал хөндөгдөж байна. Тухайн барилгыг хугацаанд нь ашиглалтад оруулаагүйгээс болж боловсролын салбарт ч доголдол үүсэж, хэдэн мянган хүүхдийн эрх ашиг мөн  зөрчигдөж байгаа. Тиймээс үүсээд буй асуудлыг шийдэх гарц бол УИХ-ын 88 дугаар тогтоолыг бүрэн гүйцэд хэрэгжүүлэх явдал юм. Өөрөөр хэлбэл, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьж эхлээд цар тахал болон бусад тодорхой шалтгааны улмаас царцаж, зогсонги байдалд орсон барилгуудад магадлал хийх хэрэгтэй. Ингэж бодлогын түвшинд зохицуулах бүрэн боломжтой.

 

Э.Хишигсүрэн: Цалин, машин механизмын тарифыг шинэчлэхгүй бол олон компани өвдөг сөхөрнө

 /“Түмэн алт” ХХК-ийн барилгын инженер/

-Манай компани Говьсүмбэр аймагт 150, Улаанбаатар хотод “Богд-Ар” хороололд 200 хүүхдийн цэцэрлэг барих тендерийг 2019 оны арванхоёрдугаар сард авсан. Улаанбаатар хотын тендер маань газрын маргаантай байсан учраас бид ажлаа 2020 оны арваннэгдүгээр сард эхлүүлсэн. Ажлаа эхлүүлээд удаагүй байхад цар тахал гарсан. Цар тахлын улмаас улсын төсөвт тусгасан байсан санхүүжилтийг эргүүлэн татсан. 

Анх арилжааны банкнаас 500 сая төгрөгийн гэрээ барьцаалсан зээл авч, түүгээрээ ажлаа гүйцэтгэж байсан боловч, улс санхүүжилтээ эргүүлэн татсанаас болж, одоо бид зээлийн хүүд дарлуулж байна. Цар тахлын дараа буюу 2022 онд санхүүжилтийг улсын төсөвт эргүүлэн суулгасан бараа материал, шатахуун, тээврийн зардал өмнөх жилийнхээсээ хэд дахин нэмэгдсэн тул тухайн санхүүжилт хаанаа ч хүрэлцээгүй.  Тиймээс банк, банк бус санхүүгийн байгууллагаас зээлж авч, нэг төслөө 80 хувийн гүйцэтгэлтэй болгоод байна. Бид боломж бололцоогоо ашиглан 100 сая төгрөгийн ажил хийж, гүйцэтгэл хянуулахад өмнөх магадлангаа бариад 50 хувийг нь л олгох жишээтэй. 

УИХ-ын 88 дугаар тогтоолын дагуу 2022 оны дөрөвдүгээр сард материалын зардалд магадлал хийсэн ч тэр мөнгөө арванхоёрдугаар сард авсан. Зарим компани одоо ч авч чадаагүй л байгаа. Энэ хооронд материалын үнэ дахиад л нэмэгдсэн. Бараа материалын үнэд магадлал хийсэн дөрөвдүгээр сард өнгөлгөөний тоосго нэг ширхэг нь 1900 байсан бол газар дээрээ  2600 төгрөг, цементийн үнийг 395 мянгаар тогтооход бодит байдалд 650 мянган төгрөг байсан. Бид 150 хүүхдийн цэцэрлэгийг 1.5 тэрбум төгрөгөөр 80-90 хувийн гүйцэтгэлтэй болгосон. Гэтэл  манайтай яг адил зураг төсөлтэй барилгын тендерийг  2020, 2021 онд гурван тэрбум төгрөгөөр зарласан байх жишээтэй. Энэ оны тухайд 3.2 тэрбум төгрөг болсон байна. 

Дэлхий нийтийг хамарсан цар тахлыг хэн ч тооцож,  төлөвлөөгүй. Гэхдээ ер нь цаашид олон улсын жишгийн дагуу байгалийн давагдашгүй хүчин зүйлийг тооцоолж, эрсдэл гарсан тохиолдолд хэн хариуцлага хүлээх тухайд гэрээндээ тодорхой заалтыг тусгаж өгмөөр юм билээ. Би хоёр төсөл дээрээ хоёр тэрбум гаруй төгрөгийн алдагдал үүрээд байна. Банк, банк бус санхүүгийн байгууллагаас авсан зээлийнхээ хүүг өөрийн эзэмшлийн үл хөдлөхөөр төлсөн. Яаж ийж байгаад л ашиглалтад оруулчихвал учир нь олдох болов уу гэж хоёр жил гүрийж, зүтгэлээ. Одоо үнэхээр чадахгүй нь. Бид одоо улсаас нэг л зүйлийг хүсэж, шаардаж байна. Гэрээ байгуулснаас хойших он тус бүрд бодит магадлал хийх хэрэгтэй.  Барилгын салбарынхны цалин, машин механизмын тарифыг зах зээлийн ханштай уялдуулж, шинэчлэхгүй бол зөвхөн бид биш цаашид ч олон компани ийм асуудалтай нүүр тулна.

 

Д.Энхтуяа: Яаралтай дахин магадлал хийж царцсан барилгуудаа авармаар байна

 /“Зос трейд” ХХК-ийн захирал/ 

 -Манай компани 1996 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж байна. Сүүлийн 20-оод жилд нь төсвийн хөрөнгөөр барилгын ажил хийж ирлээ. Бусад барилгын компанийн нэгэн адил хүнд байдалд орсон. Цар тахлаас үүдэн хоёр жил орчмын хугацаанд барилгын ажил таг зогссон. Гэтэл энэ хооронд барилгын материалын үнэ өдөр өдрөөр өссөөр байлаа. Өнөөдөр цементийн үнэ 450 мянган төгрөгөөс дээшээ даваад явсан байхад 2018 оны тендерийн гэрээний үнээр барилга барих ямар ч боломж алга. Засгийн газрын 88 дугаар тогтоол ч үнийн зөрүүнд нөлөөлөхгүй байдалд хүрсэн. Бид алдагдалтай барилга баримааргүй байна. Манай компани өнөөдөр Булган аймгийн Бугат сумын соёлын төвийн барилга, Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын 320 хүүхдийн багтаамжтай сургуулийн барилга барьж байна. Гэвч гэрээний үнийн дүн, өнөөдрийн барилгын материалын бодит үнээс шалтгаалан ажил цааш үргэлжлэх боломжгүй болсон.  Гэрээ байгуулахад тонн цементийн үнийг 220 мянган төгрөгөөр бодсон бол өнөөдөр цемент 480 мянган төгрөг болж нэмэгдсэн. Булган аймгийн Бугат сумын соёлын төвийн барилгыг барихын тулд би өнгөрсөн жилээс Улаанбаатар хотоос 520 мянган төгрөгөөр тонн цемент авсан. Тээврийн хөлс нь 150 мянга. Ингээд үндсэндээ 670 мянган төгрөгөөр цемент аваад барилгын ажлаа явуулсан. Гэтэл төсөвт суулгасан үнэ нь 220 мянга. Би тонн цемент тутмын 450 мянган төгрөгийн алдагдал хүлээгээд байна. Ингэхээр яаж ажил хийх юм бэ. Ийм зөрүүтэй, алдагдалтай байхад биднийг “Барилгаа барь, хурдан ашиглалтад өг” гэж шахаж байна. Майнай хангамж 2023 онд ажлаа үргэлжлүүлбэл үүнээс ч илүү алдагдал хүлээх болж байгаа юм. Өнөөдөр барилгын туслах материалын үнэ гурав дахин, гол нэрийн бүтээгдэхүүний үнэ хоёр дахин нэмэгдсэн байна. Барилгын ажилчдын цалин хөлс аль 2009 оны тарифаар бодогддог. Энэ хооронд огт нэмээгүй. Ингэхээр цөхөрч, сөхрөхөөс яах билээ. Барилгачид туйлдаа хүрч байна. Аврах уу, энэ хүрээд дуусах уу гэдэг дээрээ тулсан. Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын сургуулийн барилгын ажил 85 хувьтай, Булганы Бугатын соёлын төв 41 хувьтай яваа. Үүнээс цааш ажил зогссон. Сургуулийн барилгын ажил 2018 онд эхэлж, өдийд дуусах ёстой юм. Одоо бүх барилгадаа дахин магадлал хийж, төсвөө тодотгооч гэдэг ганцхан хүсэлтийг л тавиад байгаа юм. Манай компани үндсэн 100 орчим ажилтантай. Ажилчдынхаа цалинг өгч чадахгүй тэднийг алдахад хүрч байна. Нийгмийн даатгал, татварын өр замаа алдсан. Сүүлийн хоёр жил огт төлөөгүй. НӨАТ-ын өр 200 сая давсан. Данс хаана, бооно л гэдэг. Цаашаа ажил авах гэхээр өртэй учраас боломжгүй болсон. Дээрээс нь банкны өр тэрбум төгрөг давлаа. Дан ган ганц би биш маш олон компани ийм байдалтай, зарим нь орон байраа алдахад хүрээд байна.

Эх сурвалж: Монголын үнэн сонин №022/24553/


0
angry
1
care
0
haha
5
liked
2
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 2024/11/22
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 2024/11/22
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 2024/11/22
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 2024/11/22
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 2024/11/22
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 2024/11/22
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 2024/11/22
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 2024/11/22
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 2024/11/22
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 2024/11/22
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 2024/11/22