Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ойн Ардын баяр цэнгэл наадам айрагтай, найртай, хуртай, хуушууртай,бахархал омогшилтой, нулимстай, инээдтэй, бас шүүмжлэлтэй талархалтай товчхондоо юм юмтай өргөн дэлгэр, сайхан болоод өнгөрлөө. Шинэ цолтныг мялаасан уухайн түрлэг, шидээвэр хурдан хүлгүүдийн хийморийн гийнгоо, торго дурдан дээлийн хээнцэр сэрчигнээ, тос даасан эрчүүдийн хөхүүн инээд одоо ч наадамчдын сэтгэлд уяатай буй за. Харах юмтай, хариад ярих юмтай наадмын дуулиан, шуугиан угаас жилээ даадаг нь жам.
Энэ жилийн наадмын нээлтийн тоглолтыг “Скин энтертайнмент”-ын найруулагч Б.Анар найруулж, зөвлөхөөр нь Ардын багш С.Дулам ажиллажээ.”Эв мөнхийн тусгаар Монгол” нэрийн дор зохион байгуулагдсан нээлтийн ёслолын эхэнд эхдээ тэмүүлэн эрхлэх унага монгол түмний сэтгэлийн нандин чавхдасыг хөндөж байв. Дөрвөн жилд нэг удаа болдог хүн төрөлхтний эв нэгдлийн илэрхийлэл болсон Олимпийн тоглолт “Хамтдаа өндрөөс өндөрт, хурданаас хурдан, хүчтэйгээс хүчтэй” уриатай спортын тэмцээн наадмуудаар өрсөлддөг.
Монгол наадам мөн л тийм утгийг илэрхийлж спортын уралдаан, тэмцээнээр өрсөлдөж эв нэгдэлтэй байгаагаа илэрхийлдэг болов уу гэдэг миний ойлголт нэг их ч буруудахгүй л болов уу. Энэ утгаараа наадмын хэдэн өдөр угсаатан, ястан, нийгмийн бүлгүүд нар хурыг тэгшрүүлэн, наадмын дэнжийг хотойлгон цэнгэлээ. Наадмын өдрүүдээр Монгол Улсын хилээр 290 гаруй мянган жуулчин орж ирснээс 10 гаруй мянга нь наадам үзэхээр мэдүүлсэн нь Монгол наадмын нэр хүндийг дэлхийд тодорхойлсон нэгэн үзүүлэлт боллоо.
ХУРДАН МОРЬ
Төрийн их баяр наадмын шүдлэн насны хүлэг морьдын уралдааны түрүү магнай, аман хүзүүнд будилаан гарав. Түрүүлж ирсэн шүдлэнгийн урдуур дайрч аман хүзүүнд ирж байгаа шарга үрээг амдаж барьсан нь наадамчдын дургүйцлийг төрүүлж, цахим сүлжээ түрхрэн шуугиад л явчихлаа. Хурдан морины салбар хороо яаралтай хуралдан шийдвэр гаргаж шийдвэрийг орлогч дарга Б.Ганбаатар танилцуулав. “Бид барианд орж ирж буй морьдын бичлэгийг нягталж үзээд асуудлыг шийдсэн. Үүнийг хоёр уяач хоёулаа хүлээн зөвшөөрсөн. Амдаж давхисан маягтай харагдсан учраас морь бариачийн буруу байна. Санаатай үйлдэл биш гэж өөрөө хэлж байсан. Гэхдээ шарга морийг тосож аваад барианд оруулж байгаа мэтээр нийтэд харагдсан. Ингээд зөв талаар нь хар үрээ орсон. Зурхайд гишгэсэн хойно нь морио барьж айраг, түрүүг нь ил тод шалгаруулах ёстой. Иймд аман хүзүүнд орсон шүдлэнг түрүүлсэн гэж шийдвэрлэлээ” хэмээсэн юм.
Ардын баяр цэнгэл наадамд жирийн малчин ардын морь түрүүлэхийг наадамчин олон хэчнээн их хүсэн хүлээснийг энэ жилийн шүдлэн насны морьдын түрүү будилахад илэрч байдаг шүү. Багаар бодоход сүүлийн 20 жил жирийн малчин ардын унаган адуу “Ардын баяр цэнгэл наадам”-даа түрүүлсэн билүү. Мэдэхгүй юм. Түрүү морьд нь тааварлашгүй, түрүүлсэн морины тухай домог төрдөг тэртээх он жилүүдийн наадмыг ард түмэн үгүйлээд байна. Ний нуугүй санаснаа л өчье. Монгол морьдын тэсвэр тэвчээрийг барахгүй эрлийз, хурлийз эсвэл англи, араб үүлдрийн морьдын чадал, чансаанд тааруулж уламжлалт уралдааны зурхайг нааш татаж, зайг нь ойртуулж уралддаг болсон нь энэ цагийн түүх. Ойр зайд хөлийн хурдтай гадаад үүлдрийн, тойруулганы морьдыг жижиг биетэй, холд тэсвэртэй гишгэдэл богино монгол морь ойр зайд ялах нь тун чиг хэцүү. Өндөр үнэтэй, цэвэр үүлдрийн, хээнцэр морьдыг авч чадахгүй, авлаа ч хэрэглээг нь дийлэхгүй жирийн малчид, ардын баяр цэнгэл наадмаа олигархиудад алдаад, баярлан цэнгэж чадахаа байсан. Хөдөөгүүр явахад 75-аа байг гэхэд ядаж 25 хувийн цус орсон ганц сайхан үрээтэй болчих юмсан гэдэг бодолд шаналсан эрс гаансаа хөхөн, газар ширтэн суухтай мөн ч их таарна даа. Хөдөөх эрсийн цоггүй нүд хөөрхийлмөөр гунигтай. Олигархиуд сумынх нь наадмыг ч хүртэл сул орхихоо байсан. Шуудхан хэлэхэд баяр наадмын хурдан морины уралдаан баячуудын бооцоот наадам болсон гэхэд хэн л надтай маргав гэж.
Хар үрээ Монгол наадмын дэвжээнд малчин ардын өргөсөн туг болж, мартагдсан домгийг амилуулсан хөг болон хатирав. Ханын толгойд өлгөөтэй морин хуур хангинатал янцгаах шиг болж, Хатан Туулын ус морин жороогоор мэлмэрэв. Хамгийн сүүлд Хэнтий аймгийн уяач Сүрэнхорын хээр ийн домог болсон сон. Монголчууд домогт дуртай. Хар үрээг түрүүлүүлэхийг наадамчин олон түрхрэн шуугиж, шаардсаны учир ийм. Хээрийн нар, салхинд үдээр болтлоо зогсож, хэц дэрлэн сур болтлоо чангарсан эгэл малчин ардын унаган адуу түрүүлж болдог юм байна гэдэг итгэл олон эрийн сорыг босгож, сортоог сэргээлээ. Ёстой жирийн ардын хүлэг түрүүлж болдоггүй наадам юм уу.
БӨХИЙН БАРИЛДААН
Хүчит бөхийн барилдаанд улс, аймаг, цэргийн цолтой 512 бөх барилдлаа. Ардын баяр цэнгэл наадамд дархан аварга Г.Өсөхбаяр, даян аварга Н.Батсуурь, улсын аварга П.Бүрэнтөгс, Г.Эрхэмбаяр, С.Мөнхбат, О.Хангай нарын зургаан аварга гурвын даваанд цолоо дуудуулсан нь Монгол бөхийн түүхэнд аварга цолтой бөх зургаагаас дээш боссон ховорхон тохиолдлуудын нэг байв. Долоогийн давааны даян аварга Н.Батсуурь, улсын арслан Ц.Содномдорж нарын барилдаан наадамчин олны анхаарлыг татсан юм. Хоёр бөхийн үндсэн 20, золгох 20, тэгш барьцын 20 минутын хугацаа дууссан учир хөлийн цэцүүдийн шийдвэрээр даян аварга Н.Батсуурийг давуулсан. Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны дүрмийн тухай хуулийн 4.15-д “Барилдааны үндсэн, дан болон давхар шуудагны барьцтай барилдах, тэгш барьцтай барилдах нийт 60 минутын хугацаанд бөхийн санаачилга харна” гэж заасны дагуу хоёр бөхийн барилдааныг ийн шийдвэрлэсэн нь наадамчдын дургүйцлийг төрүүлээд авав. “Даваагүй бөх туг тойрч, тэврээгүй бүсгүй жирэмсэн болов” гэлцэн нийгмийн сүлжээ ёжлох, шоглохын завсар дүрэм зохиогчийн эрэлд мордож, төд удалгүй чихдэж авчраад тайлбар авч суув даа.
Сүүлийн үеийн судалгаагаар зургаан мянган жилийн уламжлалтай гэгдээд байгаа Монгол бөхийн барилдаан цаг үеэ дагаад өрнөн сайжирч, өөрчлөгдөн төгөлдөржсөөр яваад өнөөгийн бидэнд ирсэн, хойшид ч тийн сайжирсаар л байх биз. Энэ жилийн наадмаас мөрдөгдөж эхлэсэн шинэ дүрэм, хойшид мөрдөгдөөд явбал бөхчүүдийн барилдаан хурдан шуурхай болж, лагс бие, хүнд жингээр ааглах биш уран мэхийг уралдуулан хийж, барин авч барилддаг болох болов уу гэж надад бодогдоно. Аливаа шинэчлэл эсэргүүцэлтэй тулгарах нь зайлшгүй. Ялангуяа уламжлал, өв соёл дээр суурилсан үндэстний шинжтэй соёлыг өөрчлөх хэцүү. Гэхдээ шинэчлэлээр уламжлалаа сэргээх боломж ч юм билүү.
Энэ жилийн үндэсний их баяр наадамд Ховд аймгийн Булган сумын харьяат аймгийн арслан Г.Ганхуяг улсын өндөр цолтой бөхчүүдийг өвдөг шороодуулсан нь хүчит бөхийн барилдааны нэг онцлох зүйл байлаа. Тэрбээр дөрвийн даваанд улсын аварга П.Бүрэнтөгсийг, тавын даваанд улсын гарди Ө.Бат-Оршихыг, зургаагийн даваанд улсын арслан Б.Орхонбаярыг давснаар улсын шинэ харцага цолтон төрсөн.
Аавыгаа даваасай гэдэг хүслээ наранд шившин залбирах хүү баяр наадмын бас нэгэн гайхалтай содон өнгө байлаа. Хоёр жил дараалан начны даваанд өвдөг шороодсон цэргийн арслан Г.Жамбалдоржийн хүү, аавыгаа ам мэхэнд орж гурав дахиа өвдөг шороодож элэг бүсээ тайлаад ирэхэд нь эхэр татан уйлсаар угтсан бичлэг нь наадамчдын хайрыг татлаа. “Анхаарал алдсан миний буруу” хэмээн хүлцэнгүйгээр өчих цэргийн арслан залууд наадмын торгон ногоон дэвжээ арслан, аварга цолуудыг бэлдэн хүлээж буй биз ээ.
Хоёр хангай нутгийн идэрхэн залуу хүчтэн 512 бөхөөс ялгаран тунарч, үзүүр түрүү булаацалдав. Улсын гарди М.Бадарч Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд ес даван түрүүлж, улсын арслан цол хүртсэнээр 100 жилийн ой нь тохиож буй Архангай аймгийн ард түмэндээ барьсан том бэлэг байлаа. Харин Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат улсын харцага Ц.Бямба-Отгон энэ жилийн наадамд үзүүрлэн улсын гарди цол хүртэв. Ингэснээр 2009 оноос хойш Өвөрхангай аймгийн бөх Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны үзүүр түрүүнд шалгараагүй гэсэн статистикийг зогсоосон юм.
СУР ХАРВАА
Үндэсний их баяр наадмын үндэсний сурын харваанд энэ жил 540 харваач цэц мэргэнээ сорилоо. Энэ жилийн сурын харвааг үзэж сонирхохоор төрийн гурван өндөрлөг хамт хүрэлцэн ирсэн нь эрийн гурван наадмаас хамгийн шоовдор маягтай явж ирсэн үндэсний сурын харвааны нэр хүндийг өсгөсөн үйл явдал боллоо. Цэц мэргэ, саруул ухаан хийгээд тооцоолон бодох чадварыг шалгадаг энэ спортын сонирхогчид жил ирэх тусам өссөөр байгаа. Үндэсний сур харвааны бас нэгэн сонин содон чимэг болсон үйл явдал гэвэл Ховд аймгийн залуухан Засаг дарга Э.Болормаа 10 хоног хичээллэж сум тавьсаныхаа ард “Би энэ спортод дурлаж байх шиг байна” гэж мэдэгдсэн нь араасаа олон сонирхогчдыг дагуулах шиг боллоо шүү. Нээрээ мартсанаас сур харвааны үзэгчдийн суудлыг гаднын жуулчид дүүргэдэг юм билээ. Тэдэнд бидний соёлын энэ хэсэг тун сонирхолтой байгаа нь анзаарагдаж байдаг шүү.
Эцэст нь хэлэхэд наадмын нээлт, хаалт Монголын түүх, соёлын агуулгаа жил ирэх тусам алдаад байна. Өв соёлоо үр хойчисдоо уламжлуулан, түүхээрээ омогшиж, түмнээрээ бахармаар байгаа юм уу үгүй юм уу. Жилдээ ганц болдог наадмынхаа нээлт, хаалтыг үндэстнийхээ онцлогыг товойлгон харуулсан хуучинсаг, мартагдсан өв соёлуудаа үзүүлж, таниулан сурталчлах байдлаар хийдэг байгаасай гэж жил бүр л бодох юм. Нээлт, хаалтыг үндэсний хувцасгүй ямар ч хөтлөгч, дуучид, бүжигчид, зураглаач оруулахгүйгээр найруулбал Монголын түүх, соёл ялгарна, гадны жуулчдад сонирхолтой болно. Монгол наадам жил ирэх бүр эрүүлжин цэвэршиж, бөх нь нэгнээ найраагүй, морь нь үзэгчдээ хуураагүй, сур харвааны суудал хийлээгүй төрт ёсоо дээдэлж, түмэн олноо цэнгүүлж, уламжлал, өв соёлоо таниулсан бахархавч ханамгүй баяр болох болтугай.
Нүүдлийн ая даалгүй сүргээс гээгдсэн борлон шиг эцсэн морьтой гундсан хацартай залуухан хүү. Хөлтэй, хөөртэй наадам тарахад гуниглан хоцордог сэтгэл юм тэр.
Трамп Төмөрөө
Эх сурвалж: Монголын үнэн сонин №026/24557/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна