Гэнэтийнхэн ба Сүүн зам


Улсын их баяр наадам дөхөнгүүт миний найзын анд нөхөд, ажил төрлийнхнөө хүлээн авч, баярлан цэнгэдэг Тэрэлжийн хөндий сэтгэлд дотнохон далладаг аа. Тэр хөндийд зэрэгцүүлэн барьсан гаднаа өгсдөг шат бүхий нямбай хийцтэй гурван гэр бий. Тэдгээрийн урдуур эгнүүлэн барьсан хэдэн дүнзэн байшинтай. Хамгийн захын гэрийн цаана том саруул цонх бүхий канад байшин харагдана. Эдгээр гэр болон сууцуудад зуны цөөн хоногт найз нөхөд нь ээлжлэн ирж гэр бүлээрээ амарч тухалдаг уламжлал хэдийнэ тогтсон билээ.

Долдугаар сарын 11-нд эл талбайд хуран цугласан ажил үйлс нэгтнүүд шавайгаа ханатал сайхан баярлаж цэнгэдэг ээ. Зочид ирэхийн алдад томоо хашааны захад байрлах чингэлгээс асар майхан, тухлах сандал тэргүүтнүүдийг зөөн байршуулна. Бэсрэг наадам найзын ажил оволзсон жилүүдэд зочид ихтэй, тоглоом наадгай, тэмцээн уралдаан, азтантай, басхүү ололт амжилтаа дүгнэсэн шагналын хур буулттай байдаг. Энэ жилийн хувьд тэрбээр шинэ төсөл эхлүүлээгүй, амралт чөлөөт цаг ихтэй учир цөөн буюу хүүхэд, томчууд нийлсэн 80 орчим зочинтой наадамлалаа. Түүнийг тойрсон төрөл бүрийн мэргэжлийн найзууд дотор шинэхэн Гавьяат “Хар сарнай” хамтлагийн ахлагч С.Амармандах нэн содон. Баярын эхний өдөр асгарч буй бороонд үл ажран, асрууддаа тухалж, элдвийг хуучлан хөхрөлдөцгөөх нь Монголын их амар амгалаан. Бүсгүйчүүд галын асарт хуушуур чимхлэн, өсвөр насны охид, хөвгүүд зочдод үйлчлэх зэргээр эцэг эхдээ тусална. Ийнхүү найрласаар зочид гэр гэрийн зүг хөдөлж, үлдсэн хүмүүс гэр, майхан, байруудад хуваагдан амарцгаалаа. Хамгийн гол өдөр долдугаар сарын 12. Эл өдөр Тэрэлжийн хөндийн эзэн гэр бүлүүдийг дагуулан аян замд гардаг. Хааш явах нь тодорхойгүй. Цайлж суугаад гэнэт л гараад давхичихна. Араас нь цуваа хөдөлнө. Энэ жилийн хувьд Баян-Өлгий орох сураг төдий. Уухайлан, ачаа бараагаа бэлдмэгцээ гэнэт хөдөлцгөөсөн биш “Хүй долоон худаг” хавьцаа хэдэн цаг түгжрэв. Өвөрхангай аймгийн зах руу орохтой зэрэгцээд усан бороо ч цутгаж эхэллээ. Ийн давхилдсаар Арвайхээр хотноо “Шунхлай” буудалд хоноглов. Өглөөний цай, үйлчилгээ тун дажгүй. Бидний зургаан машин Баянхонгорын зүг хөлгийн жолоо заллаа. Тэнд аяллын ахлагчийн малчин Ерөөлт бий. Ерөөлт томчуудад зөвхөн мах гурил бүхий сайхан амттай лапша, хүүхдүүдэд будаатай хуурга, бүгдэд нь чанасан мах зэхжээ. Хүүхэд 16, том хүн 13 нийт 29-үүл явсан газар бүрийнхээ дэлгүүрт орлого оруулсан гэхээр дотоодын аялал орон нутагт төдийчинээ дэмтэйг илтгэнэ. Аяллын ахлагч Б.Батмагнай найз бүх зардлыг дааж яваа юм шүү дээ. Хүүхдүүд дэлгүүр рүү хашгиралдаад л гүйлдэж, харснаа авна. Баянхонгороос Говь-Алтай руу хэдэн цаг давхиад хээр талд хонохоор майхнаа барьцгаалаа. Аяллын анхны хээр хонолт гэх үү дээ. Томчууд хоол, зуушаа бэлтгэхэд хүүхдүүд хөөцөлдөн гүйлдэнэ. Миний хүү Ихэрбилэг од эрхэс харах зорилготойгоор жижиг, том хоёр дуран чирч яваагийнхаа хэргийг гаргалаа. Тэнгэрт түмэн одод түгжээ. “Оддыг ийм тухтай, ойроос хараагүй удаж дээ” гэсэн шүү юм бодогдов. Хүүд тохиосон том олз гэвэл “Сүүн зам”-ын зургийг хэдэн янзаар утсандаа буулгаж амжжээ. Түүндээ хөхин баясна гэж жигтэйхэн. “Celestron” дуран түүний аян замд хамгийн их ач холбогдол өгч буй хэрэгсэл билээ. Хамаг оюун санаа нь дуран, утсандаа буулгасан хэдэн зурганд оршин буйг гадарлахтайгаа. Аяны хоол амттай ч гэж жигтэйхэн. Хээр хоносон гэхэд ядарч зүдэрсэн шинжгүй босоцгоож, өглөөний цайгаа уугаад ухасхийлээ. Халуун нар төөнөж байна. Үдийн алдад бид Ховд хотоор дайрч, үдлээд Баян-Өлгийн зүг хөдөллөө. Буянт голоо даган зуншиж буй нутгийн зон олон хаяа дэрлэн буусныг харахад “Эдэн шиг нам жим байдалтай, найм есхөн хоног ч болтугай амрахсан” гэх атаач бодол төрнө. Эх орныхоо алс хязгаараар ийнхүү салхи татуулан давхиж, үзэсгэлэнт цаст цагаан уулс, үргэлжилсэн нууруудыг харж яваа нь зүүд шиг л санагдах. Мөнх цаст уулсын оройг харангуут дуу алдацгаана. “Баян-Өлгий дөхөж явна. Хамгийн сайн буудал захиалсан шүү” гэсэн мэдээ ирлээ. Өлгий хотын төвд 11 давхар худалдааны төв, зочид буудал бүхий цогцолбор барьжээ. УИХ-ын гишүүн Муратын охин ажиллуулдаг гэх есөн давхрын зочид буудалд аялагчид буулаа. Тохилог, сайхан зочид буудал юм. Төв талбайн чанх голд учраас хүүхдүүд гарч, машин, дугуй унаад жаргаж байна аа. “Маргааш Алтай Таван Богдыг үзнэ” гэлцэнэ. Нутгийн унаа найдвартай хэмээн хоёр пургон захиалсан сураг дуулдана. 
Өглөө 07.00 цагийн үед буудлын гадна хоёр пургонтой жолооч ирчихсэн хүлээж зогсоно. Буудалд хүүхдүүдийн хамт гурван том хүн саналаараа үлдэх нь тодорхой боллоо. Захирлын жолооч, туслах бүх л үүргийг гүйцэтгэдэг Хулаа, Отгонбаатар хоёр, Түмээ /Булганд амьдардаг, захирлын найз/ Баясаа, түүний эхнэр Цацрал, Дэлгэрцэцэг /дуучин Дэйзи/, Мөнхжин, Хонгороо, Бумбаяр, Бааска нарын бүрэлдэхүүнтэйгээр алдарт Алтай Таван Богдыг үзэх аян замдаа мордвой. Хоёр пургонд хуваагдан суулаа. Нөгөө машины жолооч казак эр монгол хэлдээ тун тааруу бололтой. Харин бидний жолооч сумын сургуулийн биеийн тамирын багш, хүндийн өргөлтийн спортын мастер Аманжол гэх яриасаг эр таарсанд тэрүүхэндээ баярлалдав. Алтай Таван Богд  уул нь тус аймгийн Цэнгэл, Улаанхус сумын заагт оршдог, Монгол Улсын хилийн нэгдүгээр багана энд байрлалтай. Аманжол жолооч хичээл амарсан үед ийнхүү хөтөч хийж, амьжиргаандаа нэмэр болдог гэнэ. Түүний аав мөн хүндийн өргөлтийн спортын мастер аж. Хөх хөтөл багийн хоёрдугаар сургуульд сумдаас 400 гаруй хүүхэд суралцан, зарим нь дотуур байранд байрладаг тухай сонсов. Бид бартаа ихтэй, шороон замаар ингэтэл сэгсчүүлнэ чинээ төсөөлөөгүй учир эхэндээ жаахан балмагдлаа. 30 орчим километр явсны эцэст цай буцалгаж ууя хэмээн буухад нөгөө пургонд суусан Хонгороо, Мөнхжин хоёр толгойгоо сэгсэрчихсэн “Ингэнэ гэж яриагүй ээ” л гэх нь тэр. Мөнхжин “Үлддэг байж дээ. Нэг зураг авахуулахын төлөө зовж дуусах нь дээ” хэмээн халаглана. Одоо ч дүүрсэн хэрэг, дүнхүүрсэн толгой юм байх аа. Хээрийн хар цай, хиам талхандаа цадацгаалаа. Алтай Таван Богд даанч хол байна даа. Бид хотоос гармагц л хээр сурамгай гэгч нь бие засаад сурчихсан. Боловсон байтугай бие засах газар нүдний гэм. Аманжол “За, одоо машиныхаа энд тэнд бариулаас сайн атгаарай. Донсолгоно шүү” гэв. Нэг л их булчингаа чангалсан хүмүүс болж хувирлаа. Тэр завсар “Танайхан наадам хийдэг үү” гээд Цацрал жолоочоос асуусан чинь “Юу ярина вэ. Хийлгүй яадаг юм бэ. За, өөр юу асуумаар байна. Шинэ жил хийдэг үү гээч” гэхэд нь баахан хөхрөлдөв. Нүдний шил гадна дотногүй битүү шороо болсныг бодвол бидний хувцас биенд тэр дайны л юм шигж байгаа даа. Намхан таазтай шавар байшингууд хаа нэг таарна. Казах айлуудын гэр, байшингийн хажууханд нас барагсдын бунх байх нь сонин санагдав. Зам дагуу нэг айлын гадна бэлтрэг уяжээ. Бэлтрэгийг тэжээж байгаад томронгуут нь төхөөрч, арьсыг нь зардаг гэнэ. Тарвага бол хаа сайгүй, тайван гэгч нь дээш харж хэвтэнэ. Казах түмэн тарваганы мах иддэггүй учир хүндээ бараг дасчихсан юм биш үү. Баян-Өлгийн буудал руу орж явахад хаа нэгтээгээс “Энхээ” гэхэд би бүр шоок цаашаа ангайтал, оюутан цагийн найз Батырбек зогсож байв. “За, юу хэрэгтэй вэ” хэлээрэй гэхэд нь тухайн үед балмагдаад санаанд юу ч орсонгүй. Өрөөндөө ороод “тарвага” гээд биччихсэн чинь таг чиг байсны учрыг ийнхүү олов. Шашны тэргүүн, Баян-Өлгийдөө Чой хамба шиг хүнд таарсан ч идээгээ захиж дээ. 
1600-аад км зам туулсан хүмүүст энэ зэргийн золиос байх. Ойж, бууцгаагаад л гэлдрэх нь тэр. Жолоочоос лавлахад гаднын жуулчид их ирдэг байснаа сүүлийн жилүүдэд илт ховордсон гэнэ. Хэн ийм замаар биеэ зовоож явах вэ дээ. Зам уг нь их сайхан байсан. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч байхдаа баахан чулуу зөөлгөж, нааш цааш хөндөөд зам биш там болгосон тухай жолооч халаглаж байна. Ц.Элбэгдоржийн овоо их л олон хүний хөлс хөдөлмөрөөр эндхийн унаган байгалийг эвдэж орхисон юм даг уу даа. “Дайчин бүсгүй Жоу Ен” кинонд үрэлгэн хатан хаан, хүүгийнхээ хамтаар энд тэнд баахан бараа бологчтой татвар төлөгчдийн мөнгөөр тансаглаж явдаг нь зурсхийв. Бидний сэтгэхүй хэддүгээр зуунд явна вэ. Зам дагуу “хуушуур”, “гуанз” гэсэн хаягтай бас тэрүүхэндээ, жишээлбэл: “Заря” гээд нэр, хаягтай үзэмж муухан гэрүүд зөндөө таарна. Эдгээрийг нэгдсэн зохион байгуулалтанд оруулмаар л санагдана. Эцэст нь таван цаг орчмын дараа  бид зорьсон газраа ирлээ. Бидний араас приус20 гандан буурахгүй давхисаар гараад ирдэг юм даа. Манай багийн алиа хошин зантай Отгонбаатарын хэлдгээр “лүф”. Энэ үгийг тэрбээр их бадрангуй хэрэглээд байх шиг ээ. “Ар нь түүз” ч юм уу, “лаг”, “болно оо, бүтнэ ээ” гэсэн утгаар. Бараан үүлс хойд зүгээс нүүгэлтэхийн зэрэгцээ “За, хайрхан хөшгөө татаж нүдний булай болох вий” хэмээх айдас хургаж явсныг бодвол сүрлэг Алтайн уулсын оройгоор тэрхэн агшинд цэлийтэл наран мандаж, цаст хайрхнууд нүднээ зүгээр л хиймэл оюун ухаанаар сийлсэн зураг шиг тодоос тод дүнхийн угтлаа. Байгалийн гайхамшигт сүр хүчний дэргэд бид даанч өчүүхэн амьтад юм аа. Монголын дээвэр Алтай Таван Богдыг ийнхүү арвуулаа анх удаа дэргэдээс харж, мэл гайхан, цэл хөхөрнө гээч боллоо. Потанины мөсөн гол, Александрын мөсөн гол, Гранегийн мөсөн голууд бол уран зураг аа, “лүф”. Энд зургаа авахуулахгүй бол хийморь гундах байлгүй. Багийн залуус болох дүү нарын минь нүд сэргэжээ. Баян-Өлгийд ирсэн юм чинь бүргэд нь байлгүй л хаачих вэ. Оргилыг тольдон, сэтгэл оюундаа цэнгэлийн манлайг эдлэх хүмүүст үзүүлж буй нэмэлт үйлчилгээ болох бүргэдтэй зургаа авахуулбал 10 мянган төгрөг төлдөг аж. Хэдүүлээ хэсэг зураг хөргөө даруулж “тарвалзав”. Жолооч “Ингэсгээд хөдлөхгүй бол цаг хэцүүднэ” хэмээн сануулахад ухаан орвол яах вэ. “Лүф”. Хувилж ханамгүй сэтгэл ханамж гэж байдгийг мэдэрлээ. Эх орны иргэн бүр байтугай энэ дэлхийд төрсөн хүмүүсийн заавал үзэх газар Алтай Таван Богд юм байна. Жуулчдын тоо яагаад буурсан нь тодорхой. Хятадууд шиг энэ домогт газар очих зам харгуйгаа чадварлаг инженер, мэргэжилтнүүдийн зөвлөгөөг ёсчлон биелүүлж, тун болгоомжтой бөгөөд няхуур засах нь зөв мэт санагдав. Адреналинаа хангалттай ялгаруулсан хүмүүс өнөө муу хоёр пургондоо эргээд суухад аян замын ядаргаагаа умартав. Сайхан зүйл бүхэнд саад тотгортой л хүрдэг ч юм уу. Буцахдаа манай машиныхан лав унтаж хоцорлоо. Сэтгэл амарна гээч энэ байх. Аманжол жолооч сумын төвд гэрийнхээ гадаа зогссоноо хашаа руугаа орж,  хэсэг саатаад гарч ирэхдээ “та хэд манайх руу орж харвал харахгүй юу” гэнэ ээ. Хэрэгт дуртай шүү дээ. Тэдний үүдээр оруут Хонгороо “баян юм аа” гээд л уулга алдав. Энэ хавьдаа л товхийсэн амьжиргаатай өрх бололтой. Цэвэр цэмцгэр, лав дөрвөөс таван өрөө, боловсон баннтай айл аж. Аавтайгаа, гэр бүлтэйгээ авахуулсан зургууд, хүндийн өргөлтөөр хөлсөө урсгаж хүртсэн медалиуд ярайгаад л “лүф”. Гэрийнх нь гаднаас хөдлөөд хэсэг яваад манайхан Аманжол хөтчөөс асуулаа л даа “Сүүн гол хүртэл хэдэн цаг явах вэ”. “Чигээрээ явахгүй шүү дээ. Зам хазайна. Буудалдаа шөнийн гурван цагт хүрнэ гэж бодоорой”. “Хүүе, шууд буудал руугаа явья” гэцгээлээ. Замын туршид Баясаа, Цацрал, Түмээ гурав хөтчөөс хөзрөөр мэргэлдэг үзмэрчийн тухай асуугаад явсан юм. Аманжол нэг үзмэрч “зохицуулах” шинжтэй. Баян-Өлгийн нэг брэнд нь үзмэрч юм байна гэх бодол төрөв. Буцах зам үргэлж түргэн байдаг. Хачирхалтай нь хөтчийн санал болгох үзмэрч бидний буудалласан газар “ажилтай” байж таараад, яг гадна ирээд залгангуут үүдэнд таарсан байгаа юм. Би хувцас хунараа хурдхан шиг угаалганд өгөх гэж хар гүйхээрээ яваад эл үйл явдлыг анзаарсангүй. Хоолоо идээд, хувцас угаалгын газраар эргэлдэх зуур хэдэн өрөө сэжиг бүхий нам гүм. Хонгилоор зөрсөн Отгонбаатар “чишш” гэнэ ээ. “Юу болов оо”. Отгоо: “Нөгөө үзмэрч үзэж байна”. Цаанаас Цацрал гарч ирээд “Та үзүүлэх үү”. “Тэгье  дээ”. “Сайхан амтай самган бэ” гэдэг шиг л юм боллоо. “Хоёр хүүтэй хүн байна. Орлого гарын салаагаар урсаж байна. Том хүү та хоёрын зорьсон ажил бүтнэ. Есдүгээр сард хийхээр төлөвлөсөн бүх ажил нь бүтнэ. Бага хүү чинь бүр мэргэжлээ сонгочихжээ. Арваннэгдүгээр сард танд нэг хүн гэрлэх санал тавих нь дээ” Сүүлийн өгүүлбэрийг сонсоод чих шуугиад л явчихлаа. “Холуур, холуур. Хүүд минь сайн явбал надад хавааск”. Буудлын хонгилоор манайхан нэг л их цагаан халад эгэлдэргэлсэн хүмүүс “яг хэлээд байна аа, хүүдий” хэмээн шивнэлдээстэй. Уг нь бидэнд хэн ч “Аяар ярь” гэсэн команд өгөөгүй л дээ. Би ч тэр гарын салаагаар урсдагийг болиулчихвал яг алах гээд байгаа юм л даа. Мэдээд байна аа, алаг нүдэн үзмэрч минь.

 


   Н.Энхцэцэг

Үргэлжлэл бий.    

Эх сурвалж: Монголын үнэн сонин №027/24558/




0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 4 цагийн өмнө
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 7 цагийн өмнө
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 7 цагийн өмнө
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 8 цагийн өмнө
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 8 цагийн өмнө
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 9 цагийн өмнө
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 9 цагийн өмнө
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 9 цагийн өмнө
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 9 цагийн өмнө
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 9 цагийн өмнө
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 9 цагийн өмнө
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 9 цагийн өмнө
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 9 цагийн өмнө
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 9 цагийн өмнө
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 9 цагийн өмнө
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 10 цагийн өмнө
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 10 цагийн өмнө
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 10 цагийн өмнө
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 10 цагийн өмнө
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 10 цагийн өмнө