Попын гүнж Бритни Спирс эргэн ирлээ. 20 жилийн өмнөх дэлхийн шүтээн дахин хэвлэлийн баатар болж, шүтэн бишрэгчдэдээ хүлээлт үүсгээд байна. Тэр бол эд баялаг, нэр хүндийн оргилд гарсан ч асар их золиос төлсөн алдартан. Түүний “The Woman in Me” дурсамж ном ирэх аравдугаар сард худалдаанд гарна. 42 настай Бритни дурсамж номдоо юун тухай бичсэн нь нууц. Гэхдээ номоо “Эрх чөлөө, алдар нэр, ээжийн үүрэг, эрүүл мэнд, итгэл, найдварын зоригтой, гайхалтай сэтгэл хөдөлгөм түүх” гэж тодорхойлсон байна. Супер одын амьдрал олон сая ам.доллар, азгүй гэрлэлт, гэр бүлдээ алдсан эрх мэдэл, хар тамхи, хуулийн хариуцлага, шүүх хурал гээд эдрээт үйл явдал дүүрэн байсан. Бритни амьдралд олон удаа хөл алдсан ч шүтэн бишрэгчид нь, хэвлэлийнхэн попын гүнж алдрыг нь хурааж зүрхлээгүй билээ. Бритни Спирсийн карьерынхаа хугацаанд туулсан амьдрал “Хөөрхийлөлтэй баян охин” гэж харамсах сэтгэл, илүү тод гэрэлтээсэй, аз жаргалаа олоосой гэсэн хүслийг эрхгүй төрүүлдэг.
“Бритни шиг хувцасла”
Бритни Спирсийн шуугиант амжилтын эхлэл Холливудын од Дрю Бэрриморын намтрыг олон талаар санагдуулдаг. Ялгаатай нь Дрю Бэрримор хурдан төлөвшиж, карьераа үргэлжлүүлж чадсан. Хүүхдээрээ алдарт хүрсэн Бритнигийн ирээдүй архи, хууль бус бодис, сэтгэцийн хямрал, нөхөн сэргээх эмнэлэг байх юм гэж хэн ч зүүдлээгүй. Хувь заяа түүнд хэтэрхий хатуудсан. Бритни 1981 оны арванхоёрдугаар сарын 2-нд АНУ-ын Маккомб хотод багш Линн Ирен Бриджс, барилгачин Жеймс Парнелл Спирсийн гэр бүлд мэндэлжээ. Тэрбээр ах Брайан, эгч Жейми Линн нартайгаа сүмд найрал дуу дуулахын зэрэгцээ гимнастикаар хичээллэдэг, охидын гоо сайхны тэмцээнд оролцдог идэвхтэй хүүхэд байв. “Оддын эрэлд” нэвтрүүлэгт оролцоод “Disney Channel”-ийн “Микки Маус” клубт элсжээ. Эндээс л Бритнигийн карьер эхэлдэг. Тухайн үеийн хамгийн алдартай “N Sync”, “Backstreet Boys” хамтлагийн тоглолтод оролцож явсан охин 1999 онд 18 нас хүрээгүй байхдаа “Baby One More Time” дуугаараа дэлхийг байлдан дагуулав. Ижил нэрт цомогт багтсан таван дуу нь ч хит болж, “Billboard Hot 100” чартыг тэргүүлсэн. Хэвлэлүүд попын гүнж, “Тайзан дээр төрсөн сахиусан тэнгэр”, шинэ үеийн шүтээн зэргээр магтаалыг харамгүй хайрлажээ. Илүү олон шүтэн бишрэгч татахын тулд продюсерууд болон аав нь залуу одыг эрчимтэй сурталчилсан юм. Өсвөр насныхан Бритнийг дуурайж хувцаслаж байв. “Baby One More Time” дууны зураг авалтад өмссөн сургуулийн хувцас сая сая шүтэн бишрэгчдийнх нь дүрэмт хувцас болжээ. Өсвөр насны охид түүний үс, нүүр будалтын хэв маяг, тэр ч байтугай хүйснийх нь ээмгийг хүртэл хуулбарласан. Сэтгүүлүүд “Бритни шиг хувцаслаарай” хэмээн уриалж, загварын брэндүүд хамтран ажиллахын төлөө өрсөлдөж байв. Шүтэн бишрэгчид нь Бритнийгээр овоглосон бүхнийг худалдан авахад бэлэн байлаа. 2000 онд “Shades of Britney” нарны шил, “Skechers”-ийн “Спирс” пүүз дэлхий даяар трэнд болгон “Pepsi”-ийг сурталчилж одын амьдралд хөл тавьжээ. 2003 онд худалдаанд гаргасан “In the Zone” цомгийн "Toxic" дуугаараа анхны “Грэмми” шагналаа авчээ. Энэ дуугаараа өсвөр насны охиноос “секс бэлэг тэмдэг” болсон юм. Ингээд жилийн дараа Элизабет Ардентай хамтран “Curious” сүрчгээ гаргав. Таван жилийн дотор долоон төрлийн сүрчиг худалдаанд гаргаснаас хамгийн алдартай нь “Fantasy” юм. Эдгээр сүрчгийн орлого 1.5 тэрбум ам.доллар давжээ. Европт 2000 онд хийсэн аялан тоглолтынхоо үеэр нойргүйдэх эмгэгтэй болсноор супер одуудын туулдаг харгис ертөнцийн хаалгыг татжээ.
Лас-Вегасын хуримаас эхэлсэн доройтол
Сэтгэл судлаачид Бритнигийн хямралыг 2000 онд эхэлсэн гэж үздэг. Байнгын концерт, цомог, видео бичлэг, сурталчилгааны зураг авалт, хэвлэлийн бага хурал, ярилцлага, шүтэн бишрэгчдийн уулзалт нь дарамт болсон. Түүнд өсвөр насныханд тохиолддог хувийн амьдрал, гэр бүлийн асуудал байсан. Бритни 2002 онд аялан тоглолтоо зургаан сараар хойглуулав. Тэр жил эмээ нь нас барж, эцэг эх нь салж, найз залуу болох "N Sync" хамтлагийн гоцлол дуучин, поп од Жастин Тимберлейкээс харилцаагаа тасалжээ. Тэдний салалт шар хэвлэлүүдийн дуулианы эхлэл байлаа. Бритни "Limp Bizkit" хамтлагийн гоцлол дуучин Фред Дөрсттэй болзож, папарацциудын бай болсон. Попын гүнж 2004 оны нэгдүгээр сард багын найз Жейсон Александртай Лас-Вегас маягийн хурим хийгээд гурав дахь өдрөө гэрлэлтээ цуцалж, шүтэн бишрэгчдээ алмайруулсан. Тухайн үед Бритни Спирс юу хийж байгаагаа өөрөө ч ойлгоогүй гэдэг. Шар хэвлэлүүд түүний согтууруулах ундаа, хууль бус бодистой “нөхөрлөх” болсныг уралдан бичицгээв. Ингээд дуулиант хэргүүд ар араасаа хөвөрнө. Бритни зургаан сарын дараа буюу 2004 оны долдугаар сард бүжигчин Кевин Федерлайнтай сүй тавьснаа зарлалаа. Тэд болзоод гурван сар болж байв. Кевин жирэмсэн найз бүсгүйгээ орхиод Бритнитэй учир ургуулжээ. 2004 оны намар болсон гэрлэлт попын гүнжийн амьдралын “Бритни ба Кевин” реалити шоу хэсэг байсан юм. Бритни 2005 оны есдүгээр сарын 14-нд хүү Шон Престон Федерлайныг төрүүлэв. Хүүгээ таван сартайд тэврээд машин жолоодсон нь папарацциудад олз болжээ. Дуучин бүсгүйг эцэг эхийн үүрэг хариуцлагаа умартсан гэж буруутгасан эл хэрэг ноцтой үр дагаварт хүргээгүй. Дэвид Леттерманы телевизийн шоунд 2006 оны тавдугаар сард оролцохдоо Бритни хоёр дахь хүүхдээ хүлээж буйгаа зарласан. Найман сартай жирэмсэн зургаараа "Harper's Bazaar" сэтгүүлийн нүүрийг чимэж, хоёр дахь хүү Жейден Жеймс Федерлайнаа төрүүлжээ. Түүнийг жирэмсэн байхад нь нөхрөөсөө салсан гэх цуурхал тархсан ч дуучин бүсгүй үгүйсгэж байсан юм. Хосын шийдвэрлэх аргагүй зөрчил даамжирч Бритни хүүгээ гурван сартайд салах өргөдлөө өгчээ. Хүүхдүүдээ асран халамжлах эрхийн төлөөх шүүхийн маргаан хоёр жил үргэлжилж 2007 онд хуулиар эцэслэжээ. Энэ хугацаанд попын гүнжийг согтууруулах ундаа, хар тамхинд донтсон баримтуудыг нөхөр нь хэвлэлээр цацаж байсан юм. Хайртай нагац эгчийгээ нас барсны дараа Бритни нөхөн сэргээх төвд хэвтсэн ч удалгүй зугтжээ. Тэр гоо сайхны салонд орж, үсээ хусаж хэвлэлийн баатар болов. 25 настай, хоёр хүүхдийн ээж, дэлхийн шүтээн бүсгүйн сэтгэцийн хямралыг папарацциуд дэвэргэж байсан. Бритни өөртэйгөө тэмцэж, 2008 онд АНУ-д аялан тоглолт хийв. Тэжээгчээ алдсан Кевин Федерлайн Бритнийг хазгай гишгэхийг хүлээж байлаа. Гал дээр тас нэмэх мэт Бритнийг түрэмгий авирласан гэх зөрүүд папараццийн гомдол хуулийн байгууллагад иржээ. Попын гүнжтэй холбоотой дуулиан дээд цэгтээ хүрч хүүхдүүдийг асран халамжлах эрхийг эцэгт нь шилжүүлэх шүүхийн шийдвэр гарчээ. Цагдаа нар хөвгүүдийг нь авч явж, цуснаас нь хар тамхи илэрсэн Бритнийг эмнэлэгт хүчээр хэвтүүлэв. Шүүхээс поп одыг хөвгүүдтэйгээ уулзахыг хориглож, Жеймс Спирс охиныхоо асран хамгаалах эрхийг баталгаажуулан бүх хөрөнгийг нь захирах эрхтэй болсон. Энэ бүх дуулианы хажуугаар "Биллбоард" сэтгүүлээс түүний цомгийн борлуулалт, концертын орлого, зар сурталчилгааны гэрээний мөнгийг тооцоод 2009 оны хамгийн өндөр орлоготой таван уран бүтээлчийн жагсаалтад багтаажээ.
Эцэгтээ гомдсон охин
Жеймс Спирс 13 жилийн турш охиныхоо амьдралын хэв маяг, санхүүг хянасан. 2010 оноос Бритнигийн нэр хүнд бага зэрэг буурч, түр завсарлага авсан ч цомог гаргаж, аялан тоглолтоо хийсээр байв. Хөвгүүддээ сар бүр 20 мянган ам.долларын тэтгэлэг төлдөг ч хамт байх эрхгүй байлаа. “Форбс” сэтгүүл 2012 онд попын гүнжийн хөрөнгийг 58 сая ам.доллароор үнэлж, тухайн жилийнхээ хамгийн өндөр орлоготой дуучнаар нэрлэжээ. Вегаст 2017 оны “Britney: Piece of Me” тоглолтоосоо нэг сая гаруй ам.долларын орлого олж, Женнифер Лопесын дээд амжилтыг эвдэв. Бритни амрахыг хүссэн ч аав нь илүү их мөнгө олохоор зогсолтгүй ажиллахыг шаардаж байв. Бие даан хөрөнгөө зарцуулах эрхгүй дуучин бүсгүй тогтмол сэтгэцийн эм уух зэргээр хувийн амьдралаа төвхнүүлж чадсангүй. Үнэнч фэнүүд нь, ойр дотнынхон нь түүнийг Эми Уайнхаусын төгсгөлийг давтахаас эмээцгээж байв. Найз залуу Жейсон Травик нь 2011 оны сүүлээр гэрлэх санал тавьж, гурван каратын бриллиантан шигтгээтэй бөгж бэлэглэжээ. Тэд жилийн дараа сүй тавьсан ч харилцаагаа тэгсгээд тасалсан. Дараа нь Бритни өмгөөлөгч Дэвид Лукадо, продюсер Чарли Эберсол нартай хайр сэтгэлийн холбоо тогтоосон ч бас л гутамшигтайгаар төгсөв. Попын гүнж 2021 онд “Асран хамгаалагчийнхаа зөвшөөрөлгүй гэрлэж, хүүхэд төрүүлэх эрхийг минь хязгаарласан. Жирэмслэлтээс хамгаалах ерөндөг хүчээр суулгуулсан. Гэр бүл зохиож, хүүхэд төрүүлэхийг хүсэж байна. Гэхдээ миний гэгддэг хүмүүс үүнийг зөвшөөрдөггүй. Би цомог гаргаж, концертод оролцож, аз жаргалтай байна гэж хүмүүст худлаа хэлдэг байсан” гэж шүүх хурал дээр ярьж, аавынхаа асран хамгаалах эрхийг цуцлахыг шаарджээ. Хагас цаг үргэлжилсэн Бритнигийн яриа #FreeBritney хөдөлгөөнийг эхлүүлсэн. Харин Жеймс Спирс “Эцэг хүний хувиар охиныхоо алдар нэрийг хамгаалж, карьерыг үргэлжлүүлэхийн тулд амьдралын бүхий л талыг хянах шаардлагатай болсон” гэж мэдэгдсэн ч сэтгэцэд гаж нөлөө үзүүлдэг сэргээх бэлдмэлийг охиндоо хүчээр өгч байсан нь батлагдсан. Ингээд 2021 оны есдүгээр сард Жеймс Спирс охиндоо хоёр сая ам.долларын гэрээ санал болгов. Олон нийтийн санаа бодол аль хэдийн дуучны талд байсан бөгөөд аавынхаа саналаас татгалзсан юм. Үүний дараа шүүх Жеймс Спирсийн асран хамгаалагчийн эрхийг бүрмөсөн цуцалжээ. Бритний дахин эрх чөлөөтэй иргэн болсныхоо дараа #FreeBritney хөдөлгөөнд дахин талархал илэрхийлж “Та бүхэн миний амийг зуун хувь аварсан. Намайг заналхийлэн, миний дуу хоолойг дарах гэж удаан оролдсон тул би өөрийн бодлоо бусадтай хуваалцаж чадахгүй байсан. Харин та бүхэн намайг ойлгож, бусдад түгээж чадсан” гэжээ.
Эрх чөлөөт Бритни
Санхүү, хуулийн захиран зарцуулах эрхээ сэргээсэн даруйдаа Бритни хэвлэлийн компанитай дурсамж номоо бичих 15 сая ам.долларын гэрээ байгуулав. Энэ нь АНУ-ын Ерөнхийлөгч асан Билл Клинтоны “My Life” дурдатгалтай эн зэрэгцэх хамгийн өндөр үнэтэй номын гэрээ болсон билээ. Мөн 12 насаар дүү жүжигчин Сэм Асгаригаас жирэмсэн болсноо зарласан. Жирэмслэлт зулбалтаар дууссан ч тэд гэрлэжээ. Калифорнид болсон хуриманд Мадонна, Селена Гомес, Гвинет Пэлтроу, Пэрис Хилтон, Дрю Бэрримор нарын алдартан ирж, аз жаргал хүсжээ. Бритни “Versace”-гийн сувдан чимэглэлтэй цагаан даашинзаар гангарчээ. Харин одоо Бритни цагийг ганцаараа өнгөрөөж байна. Попын гүнжтэй гэрлэснээр Сэмийн жүжигчний карьер эхэлсэн. Тэд 2016 онд Бритнигийн "Slumber Party" клипийн зураг авалтын үеэр танилцжээ. Сэм хэрвээ салвал эхнэрийнхээ олон сая ам.долларын хөрөнгөөс сохор зоос ч авахгүй гэсэн гэрлэлтийн гэрээ байгуулжээ. Дуучин бүсгүй ажил, орлогоо бие даан удирдаж эхэлснээс хойш хөрөнгөө 145 сая ам.доллароор өсгөжээ. Эцгийнхээ хяналтаас ангид тансаг амьдрал нь хүртэл тийм ч аз жаргалтай эхэлсэнгүй. Дуучин бүсгүй анх удаа амьдрах гэрээ сонгосон нь Калифорнийн Калабасас хотын тансаг харш байлаа. Гэрийн театр, дарсны зоорь, баар, биеийн тамирын заалтай, долоон унтлагын өрөө, есөн угаалгын өрөө бүхий мянга гаруй метр квадрат харшаа 12 сая ам.доллароор худалдан авчээ. Хамгийн гол нь уг тансаг эдлэн харилцаагаа сэргээхийг хүсдэг Бритни Спирсийн өсвөр насны найз нар, хөвгүүдийнх нь амьдардаг Кевин Федерлайны байшинтай ойрхон байсан юм. Кевин өдийг хүртэл салсан эхнэрийнхээ тэтгэлгийн мөнгөөр амьдарч ирсэн. Ууган хүү нь 2023 оны есдүгээр сард насанд хүрч ээжийнхээ тэтгэлгээс хасагдах ёстой байлаа. Кевин сарын 40 мянган ам.доллар алдахгүйн тулд Хавай руу нүүжээ. Учир нь энэ муж улсын хууль тогтоомжийн дагуу хүүхдийг 23 нас хүртэл тэтгэлэг төлөх ёстой аж. Хөвгүүдээ Хавай руу нүүсний дараа дуучин бүсгүй харшаа зарсан юм. Хөгжмийн салбартаа эргэн ирж, Элтон Жонтой хамтарсан уран бүтээлээ цацжээ. Элтон Жон цахим хуудастаа Бритнигийн эргэн ирэлтийг зарлаж, урам хайрлалаа. Бритни Спирс 2016 онд "Glory" нэрт цомгоосоо хойш уран бүтээл хийгээгүй байсан. Мөн түүнтэй төстэй нөхцөл байдалд орсон хүмүүст туслахаа мэдэгдэж “Би дахиж хохирогч болохыг хүсэхгүй байна. Бага насаа хохирогчидтой хамт өнгөрүүлсэн болохоор гэрээсээ явж, 20 жил шаргуу ажилласан. Хөгжлийн бэрхшээлтэй, сэтгэцийн хямралд орсон хүмүүст тусална. Өнөөгийн систем бидэн шиг хүмүүст хэрхэн хандсаныг олон нийт зөвхөн таамаглаж л чадна" хэмээжээ. Хөгжмийн карьераасаа илүүтэй хувийн амьдралдаа төвлөрч бие даасан байдлаа олж авахаар шаргуу тэмцэж байна. Үнэнч шүтэн бишрэгчид нь түүнийг урлагаас илүүтэй аз жаргалтай амьдрахыг хүссэн. Фэн клубийн инстаграмд “Бритни бидэнд гайхалтай 2000-аад оныг бэлэглэсэн. Хамгийн шилдэг бүтээлүүдээ хэдийн зориулсан. Одоо хувийн амьдралдаа анхаараарай” гэжээ.
Х.Эрдэнэзаяа
Эх сурвалж: Монголын үнэн сонин №027/24558/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна