Азийн улс төрийн намууд манай улсад чуулж, залуучууд болон эмэгтэйчүүдийн асуудлыг хэлэлцлээ. Тодруулбал, МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан 2019 онд Азийн улс төрийн намуудын олон улсын бага хурлын /ICAPP/ Ерөнхий нарийн бичгийн дарга Пак Ро Бюуныг Монгол Улсад айлчлах үеэр дээрх хурлыг өөрийн оронд зохион байгуулах санаачилгыг гаргасан байдаг. Үүний дагуу 2019 онд Малайз улсад болсон Азийн улс төрийн намуудын олон улсын бага хурлын Байнгын хорооноос МАН-ын зүгээс тавьсан саналыг зөвшөөрсөн юм. ICAPP-ын салбар хуралдааныг 2021 онд манай улсад зохион байгуулахаар товлосон ч дэлхий нийтэд тархсан цар тахлын улмаас хойшилсон аж. Ийнхүү хоёр жилийн турш хүлээлт үүсээд байсан Азийн улс төрийн намуудын олон улсын бага хурлын Залуучуудын VI, Эмэгтэйчүүдийн VII хурлыг өнгөрсөн өдрүүдэд Улаанбаатар хотноо амжилттай зохион байгууллаа. Азийн улс төрийн намуудын олон улсын бага хурлыг 2000 онд Азийн улс төрийн олон өөр үзэл баримтлалтай улс төрийн намуудын хамтын ажиллагааг сурталчлан таниулах, улс орнуудын илтгэлцэл, харилцан ойлголцлыг сайжруулж, улс төрийн намуудын бүсийн хамтын ажиллагааны харилцааг идэвхжүүлэх зорилгоор анхлан байгуулсан байна. Тус байгууллагын нөлөө жилээс жилд өссөөр 2018 оны байдлаар бүс нутгийн 52 орны, улс төрийн 350 гаруй намыг эгнээндээ нэгтгэсэн дэлхийн хэмжээний томоохон байгууллага болон өргөжжээ. БНСУ-ын Сөүл хотноо төвтэй Азийн улс төрийн намуудын олон улсын бага хурал /ICAPP/-д улс төрийн намууд үзэл баримтлал хамаарахгүйгээр нэгдсэн гэдгээрээ онцлог. Энэ ч утгаараа Монгол Улсаас МАН, АН, ХҮН тус байгууллагын гишүүн юм. Манай улсаас хамгийн анх МАН 2004 оноос тус байгууллагын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, 2013 оноос эхлэн Байнгын хорооны гишүүнээр сонгогдон ажиллаж байгаа ажээ. ICAPP-ын олон улсын бага хурлын салбар хуралдаанд 21 орны, улс төрийн 28 намын төлөөлөл оролцсон бол Монгол Улсаас УИХ-ын дарга Г.Занданшатар, МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, ХНХ-ын сайд Х.Булгантуяа, ЦХХХ-ны сайд Н.Учрал, Соёлын сайд Ч.Номин нарын албаны хүмүүсээс гадна АН, ХҮН-ын төлөөлөл оролцов.
МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан хуралдааныг нээж үг хэлсэн бол УИХ-ын дарга Г.Занданшатар хааж үг хэлсэн юм. Энэ удаагийн хурал хоёр үе шаттайгаар үргэлжилсэн бөгөөд нэгдүгээр хэсэгт ICAPP-ын Залуучуудын VI хуралдааныг “Цар тахлын дараах нийгэм, эдийн засгийн хөгжлийн төлөө залуучуудыг нийгмийн харилцаанд оролцуулах тухай” сэдвийн хүрээнд өрнүүлсэн. Улмаар ICAPP-ын Залуучуудын байгууллагын тэргүүнээр МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн, Социал демократ Монголын Залуучуудын холбооны Ерөнхийлөгч Н.Учралыг сонгосон юм. Ингэснээр оролцогчид залуучуудын сэдвээр илтгэл сонсон, хэлэлцүүлэг өрнүүлсэн бол үдээс хойших хуралдааны гол сэдэв эмэгтэйчүүдийн асуудал байлаа. Тодруулбал, хурлын хоёрдугаар хэсэгт ICAPP-ын Эмэгтэйчүүдийн VII хурлын эхэнд тус байгууллагын тэргүүнээр МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн, Монголын социал демократ Эмэгтэйчүүдийн холбооны дэд ерөнхийлөгч Ч.Номинг ICAPP-ын Эмэгтэйчүүдийн байгууллагын тэргүүнээр сонгосон юм. Улмаар “Цар тахлын дараах сэргэлтийн жендэрийн оролцоог хангасан эмэгтэйчүүдийн манлайллыг дэмжих нь” сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлэв. Азийн улс төрийн намуудын олон улсын бага хурал нь дэргэдээ Залуучууд, Эмэгтэйчүүд, Бизнесийн, Аялал жуулчлалын гэсэн үндсэн дөрвөн зөвлөлтэйгөөр үйл ажиллагаа явуулдаг байна. Эдгээрээс Залуучууд болон Эмэгтэйчүүдийн байгууллагыг ийнхүү МАН-ын Удирдах зөвлөлийн хоёр гишүүн цаашид удирдахаар болж байна.
Залуучуудын VI хурлын хүрээнд илүү тогтвортой, эрх тэгш нийгмийг төлөвшүүлэхэд залуучуудаар удирдуулсан, залуучуудад чиглэсэн үйл ажиллагааг дэмжих замаар бүс нутгийн залуучуудын эв санааны нэгдлийг улам гүнзгийрүүлэх шаардлагатай гэдэгт оролцогчид санал нэгдсэн. Түүнчлэн мэдээллийн технологи, боловсрол, сургалт, эрүүл мэндийн тэгш, хүртээмжтэй байдлыг хангах, залуучуудад тогтвортой хөдөлмөрийн зах зээлийг бий болгоход Засгийн газар, улс төрийн намууд, иргэний нийгмийнхэн зэрэг бүх талын хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэхийг уриалав. Харин “Цар тахлын дараах сэргэлтийг жендэрийн мэдрэмжтэй болгоход эмэгтэйчүүдийн манлайллыг дэмжих нь” сэдвийн хүрээнд эдийн засгийн тогтвортой өсөлт болон хүртээмжтэй нийгмийг бий болгохын тулд жендэрийн эрх тэгш байдал, эмэгтэйчүүдийн эрх мэдлийг дэмжих нь зүйтэй гэдэгт талууд санал нэгдсэн. Илтгэгчид болон зочин төлөөлөгчдийн зүгээс эмэгтэйчүүдийг нийгмийн харилцаанд идэвхтэй оролцуулах, улмаар шийдвэр гаргах түвшинд оролцоог нь нэмэгдүүлж, парламент дахь суудлын тоог олон болгох нь чухал байгаатай санал нэгдэж байв. Үүний тулд эрх баригч улс төрийн намууд санаачилгатай ажиллах шаардлагатай бөгөөд тэдний цаашдын алхам ирээдүйд эмэгтэйчүүдийн оролцоог бүх шатанд нэмэгдүүлэхэд чухал түлхэц болохыг тодотголоо. Хуралдааны төгсгөлд Залуучуудын болон Эмэгтэйчүүдийн байгууллагын “Улаанбаатарын тунхаглал”-ыг батлан гаргав. Ийнхүү 52 орны, 350 гаруй улс төрийн намыг эгнээндээ нэгтгэсэн Ази тивийн хамгийн том байгууллагын төлөөлөл болсон 21 орны, улс төрийн 28 намын төлөөлөл Монгол Улсад хүрэлцэн ирж чуулснаар залуучууд, эмэгтэйчүүдийн асуудлыг дэлхий нийтийн анхааралд оруулж чадлаа. Манай улсад анх удаа болсон тус хуралдаанд ОХУ, БНХАУ, БНСУ, Турк, Вьетнам, Лаос, Индонез, Филиппин, Пакистан, Малайз, Ирак, Гүрж, Мьянмар, Непал, Шри Ланк, Тайланд, Бангладеш зэрэг Азийн улс орнуудаас гадна Африк тивээс Гана, Европ тивээс Испанийн улс төрийн намын төлөөлөл ирж оролцсоноороо онцлогтой байлаа.
Д.Амарбаясгалан: МАН улс төрийн намуудын хөгжил, төлөвшил, олон улс дахь оролцоог чухалчилж ирсэн
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан ICAPP –ын олон улсын бага хурлыг манай улсад зохион байгуулсны ач холбогдлыг олон талаас нь тайлбарласан. Тэрбээр дэлхийн өнөөдрийн геополитикийн сорилтын дунд улс орнуудын харилцан ойлголцол, хамтын ажиллагааг илүүтэй эрхэмлэхийн зэрэгцээ нийгмийн шударга ёс, эв нэгдэл, хүний эрхийн баталгаа, үе хоорондын харилцан ойлголцол, бодлогын хүртээмжтэй байдал, ардчиллын зарчмууд урьд өмнөхөөс илүүтэйгээр амин чухал асуудал болж байна. Эдгээр асуудлыг шийдвэрлэхэд ICAPP-ын хамтын ажиллагаа хувь нэмрээ үзүүлэх болно гэх ерөнхий дүгнэлтийг хийсэн. Улмаар “МАН удаа дараагийн сонгуульд ялалт байгуулж, засгийн эрхийг барьж байгаагийн хувьд бодлого, үйл ажиллагаагаа зөвхөн улс орны хэмжээнд бус Ази тивийн хэмжээнд улс төрийн үйл ажиллагаагаа идэвхтэй явуулъя. Цаашлаад үүгээрээ дамжуулаад дэлхийн улс төрийн бодлогын асуудалд өөрийн гэсэн оролцоотой болох боломж нээгдэж байгаа нь энэ чуулга уулзалтын гол ач холбогдол юм. Азийн улс төрийн намуудын дэргэдэх Залуучууд, Эмэгтэйчүүдийн байгууллагын тэргүүнээр манай намын дэргэдэх төрийн бус байгууллагын удирдлагын түвшний хоёр хүн тэргүүнээр нь сонгогдлоо. Энэ сонгуульт ажлаар дамжуулаад бид Ази тивийн түвшинд улс төрийн идэвхтэй үйл ажиллагаа явуулах боломж нээгдэж байна. МАН бол социал демократ үзэл баримтлалтай улс төрийн нам. Дэлхийн 130 гаруй улс төрийн нам дундаас өөрийн гаргаж буй улс төрийн амжилтаар тэргүүлдэг нам. Нөгөө талаас МАН дотоодоо бодлого, шийдвэр, шинэчлэл, өөрчлөлтийг амжилттайгаар хийж хэрэгжүүлж байгаа улс төрийн хүчин. Ганцхан жишээ татахад, МАН дотооддоо үе солигдох процессыг маш амжилттайгаар хэрэгжүүлсэн. Мөн мэдээж улс төрийн сонгуулиудад гаргаж буй амжилтаараа бусад улс орны улс төрийн намтай харьцуулахад харьцангуй өндөр үзүүлэлттэй явдаг. Тиймээс бид дотооддоо улс төрийн намын хариуцлага, ёс зүйг өндөр түвшинд аваачна. Нэгэнт парламентын засаглалтай улс орны хувьд улс төрийн намын үүрэг оролцоо өндөр байх шаардлага зүй ёсоор урган гардаг. Тухайн нам өөрөө хариуцлага, ёс зүйтэй байж чадсанаар улс орноо удирдан чиглүүлэх боломж бүрддэг. Үүнтэй адилхан дэлхийн улс төрийн намууд дунд бид бас манлайллыг үзүүлж, хамтдаа хөгжих боломжийг бүрдүүлж явах нь бидний чухал үүрэг юм. Энэ утгаараа бид Азийн улс төрийн намуудын олон улсын хурлыг Монгол Улсад зохион байгуулах санал, санаачилгыг анх гаргаж тавьсан.
Монгол Улсад анх удаа Азийн улс төрийн намуудын олон улсын бага хурал, түүний дэргэдэх залуучуудын болон эмэгтэйчүүдийн салбар хуралдаан боллоо. Монгол Улсын хувьд улс төрийн олон намын тогтолцоотой, ардчилсан орон гэдгээрээ Ази тивдээ өндөр түвшинд манлайлал үзүүлдэг. Энэ ч утгаараа улс төрийн намуудын хөгжил, төлөвшил, олон улсын түвшин дэх оролцоог туйлаас чухалчилж явсаар ирсэн. Бидний хувьд гаднын улс төрийн намуудын зүгээс зохион байгуулдаг олон арга хэмжээнд очиж оролцдог байсан бол өнөөдөр өөрсдөө ийм арга хэмжээг зохион байгууллаа. Энэ хуралд цар тахлын дараа анх удаа улс төрийн намууд олноор цугларч байгаагаараа онцлогтой, тэр дундаа Монгол Улсад чуулж байгаагаараа илүү онцлогтой. Цар тахал, дайн дажинтай цаг үе дор улс төрийн намуудын баримтлах бодлого, зорилго ямар байх вэ гэдэг асуултын хүрээнд залуучууд, эмэгтэйчүүдийн асуудлыг хэлэлцсэн. Ингэхэд улс орон бүрт тулгамдаж буй асуудал ижил төстэй байна. Тэгвэл үүнд бид ямар арга хэмжээ авах вэ. Тухайлбал, цар тахлын дараа залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн байдлыг цар тахлын өмнөх байдалдтай харьцуулахад тэс өөр зураглал гарч ирэх жишээний. Эмэгтэйчүүд буюу жендэрийн эрх тэгш байдлыг хангах чиглэлд улс орнуудын хийж хэрэгжүүлсэн ажил, арга хэмжээ, бодлого хоёр жил гаруйн хугацаанд тасалдсан байна. Нөгөө талаас олон улс, бусад тивтэй харьцуулахад эмэгтэйчүүдийн оролцоо жилээс жилд суларсан хандлага ажиглагдах болсон. Тэгвэл энэ байдлаа хэрхэн засаж залруулах вэ, дэлхийн хөгжилтэй бусад орны улс төрийн бодлоготой хэрхэн уялдаж явах ёстой вэ гэдэгт төвлөрч ярилцлаа. Ерөөсөө улс төрийн намд нэг том чухал үүрэг байдаг бол нийгэмдээ түүчээ болох ёстой. Үзэл санаа, ёс суртахуун, үйл ажиллагааны хувьд түүчээ нь болж явах учиртай юм. Үүний тулд өөрийгөө тасралтгүй хөгжүүлж байх ёстой. Энэ ч утгаараа ICAPР-ын салбар хуралдааныг бид эх орондоо зохион байгуулснаар дэлхийн хөгжилтэй болон хөгжиж буй, хөгжингүй орнуудын улс төрийн намтай өөрсдийгөө харьцуулах, хамтдаа хөгжих, тэдний давуу талыг өөрт олж авах зэрэг олон боломж бидэнд бий болж байгаа учраас МАН-д, МАН-аар дамжуулаад Монголын улс төрд хөгжиж, урагшлах том боломж нээгдэж байгаа нь илүү ач холбогдолтой” хэмээн тодорхойллоо.
М.Өнөржаргал
Эх сурвалж: Монголын үнэн сонин №029/24560/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна