Тогорууны домог


Энэ хорвоод эгэл бус хүмүүс, ер бусын амьтан, элдэвтэй ухаалаг гэмээр жигүүртэн араатны домог түүх, санаанд ч үл буух үлгэрийн юм шиг үйл явдлын гайхалтай ул мөр их байх юм.
Тийм нэгэн домог гэмээр атал яг хүний нүдэнд ил тохиолдсон үйл явдлын талаар та бүхэндээ сургамж болгох зорилгоор энд өгүүлэхийг хүслээ. Хорвоон хамаг амьтан жигүүртэн араатанг, мод ургамал уул, ус булаг рашааныг хэлгүй амьгүй ухаангүй мулгуу тэнэг, зүгээр л хүний гарын доорх байгалийн зогсонги нэгэн бодгаль гэх ойлголтууд их байдгаас, хүн тэдгээрийн өмнө ухаан мөхөсдөж гай гамшигт өртөж амь насаараа ч харсаар байтал хохирох явдал байдгийн нэгэн бодит жишээг энд сургамж санамж болгон өгүүлэх нь хүн амьд байгальтайгаа зүй бусаар харьцах нь ямар аймшигтай эндэлд хүрч болохыг эндээс уншиж мэдрэх буйзаа. 1974 оны бар жил миний хүү Зүүн хөвөөд мэндэлсэн тэр жил зуслан намаржаа маш сайхан болж хүн малын зоо тэнийсэн өвс ногоо ахиу ургасан талбиун тавтай сайхан намрын улирал эхэлсэн найман сарын сүүлээр Давст нутагт нэгэн өдөр Орос цэргийн ангийн нэгэн хуаран бий болж, чухам юу хийдэг нь үл мэдэгдэх хэсэг офицер цэрэг байрлан тухалсан юм. Одоо бодох нь ээ тэд цахилгаан холбооны чиглэлийн маш чухал ажил эрхэлж, хоёр улсын амин чухал алба гүйцэтгэж явсан нөхөд байсан юм билээ. Тэд бидэнтэй амралтын өдөр хөл бөмбөгийн нөхөрсөг тоглолт хийж, өөр хоорондоо танилцаж, заримтай нь маш дотно анд танилууд болж байсан тийм үе буюу нэгэн бодлын сайхан зочидтой болсон байлаа. Тэр үед сумаас аймаг руу явахад өнөө үе шиг элбэг унаа байхгүй, хаяа нэг шуудан ирнэ, зориуд ажил гарвал сум нэгдлийн ганц нэг машин зорчихоос өөр унаа машин ховордуу байсан юм. Яг тийм үеэр намайг аймгаас ажлаар дуудсан юм. Гэвч за гээд гараад явах унаа байсангүй. Тэр үед нөгөө орос цэргийн ангийн ахлах дарга хошууч Петр Иванович Гагилоёв гэгч цэнхэр нүдтэй улаа бутарсан шар царайтай анд минь таарч би маргааш Улаангом явна ажил гараад байна гэхээр нь олзуурхан надыг аваад явна уу, би Улаангом явах ажилтай боллоо гэхэд, тэгье болно, харин Увс нуурын хөвөөгөөр явах замыг мэдэх үү хамт явъя гэв. Бид өглөө эртлэн хоёр цэрэг, нэг дарга, жолоочийн хамт надтай хамт тэр үеийн 66 гэх машинаар Увс нуурыг хөвөөлөн Улаангом руу гарсан юм. Бид нуур хөвөөлдөх замаар Увс аймгийн төв рүү 139 км зам туулахаар хамт аян замд гарч тувт нуурын хөвөөгөөр явсаар нуурын эрэгт байдаг Зоригт хаан хошууны тахилгын их овооны тэнд ирж машинаа зогсоогоод түр аяны тоос гөвж амсхийв. Энэ хооронд нуур хөвөөлдсөн хоёр цагаан тогоруу биднээс төдийлөн холгүй ирж буугаад дэвж буун бүжиглэж байхыг харсан орос дарга кабины араас дробинкан буугаа шүүрэн авч гар дээрээс хараалан нөгөө хоёр тогорууны нэгийг нь нам буудан, цус нөжийг нь шүүрүүлсээр авчирч уутанд хийгээд бөөн баяр хөөр болцгоов. Харин үлдсэн цагаан тогоруу тэр үед огтхон ч холдож нисэхгүй машинтай биднийг эргэлдэн тойрч ниссээр байв. Нөгөө дарга буугаа хараалан түүнийг агаарт нисэж байхад нь буудсан ч оноогүй билээ. Тэгээд бид цааш аян замдаа шуударч явах замд нөгөө тогоруу биднийг дагаж ниссээр хашгирч гуагласаар байлаа. Хэсэг явж байтал гэнэт кабинаас буун дуу тас хийж, машин ч зогслоо, бид ч тэвшнээс буухад кабинд явсан цэргийн даргын хүзүүн тус буун сум тусаж амьсгал хураасныг бид олж мэдээд юу болсныг асуухад, жолооч “Дарга сумласан буугаа бариад явж байсан гэнэт бууны бөгсийг кабины шаланд буулгаад буу гал авалцаж ийм асуудал болчихлоо” гэсэн юм. Яг энэ үеэр ганцаар үлдсэн цагаан тогоруу биднийг гурвантаа эргэж нисээд нуурын зүг одож билээ. Бид айж балмагдан цэргийн тусгай холбоогоор ангитайгаа холбоо барьж ар талаас нөхөд нь ирж даргынхаа шарилыг буцааж авсан ба бид Улаангом руу явсан юм. Энэ үйл явдлыг энд хэлсний учрыг тайлахыг хичээе. Аав минь надад амьтны тухай домог маягийн олон зүйлийг хэлдэг байсны дотор хэрээ шувууны хэл их үнэн байдаг, хэл нь гүйцэлддэг, шаазгай буяны шувуу шагширсан үед нь сүү өргөдөг ёстой, харин тогоруу шувуу айхавтар шувуу шүү. Хариугаа газар дээр нь авдаг. Ялангуяа хоёр тогорууны нэгийг нь үргээх салгах устгах хөөж туух, түүний өндгийг устгавал хариу нь дор нь ирдэг маш их хэцүү жигүүртэн шүү, бидний элэнц үе тогорууг ган дөрөөний сэнж хугарч үсэртэл хараадаг шувуу шүү гэж хэлж байсан аавын минь сургаал үг тэр үед санаанд бууж билээ, Эх дэлхийд оршин амьдрах амьтан бүхэн өөрийн гэх араншинтай ажээ. Тэр тусмаа талын цагаан тогорууны нэгийг нь хөнөөвөл нөгөөх нь түүний амины төлөөсийг дор нь хариуг нь авдаг гэх ардын үгийн үнэний ортойг тэр намар тохиолдсон энэхүү гамшигт үйл явдлыг биеэр үзэж, эцгийн сургаал зүрхэнд бууж үнэнийг нотлох мэт... Тогорууны хараал газар дээрээ гэх домгийн үнэн энэ буюу ... Амьтны амь таслах ч амархан юм биш юм билээ дээ. Тогоруун домгийг санууштай, бодууштай...
Ц.ЯДАМСҮРЭН 
/Сэтгүүлч/

Эх сурвалж: Монголын үнэн сонин №031/24562/


0
angry
0
care
0
haha
2
liked
0
love
3
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 4 цагийн өмнө
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 7 цагийн өмнө
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 7 цагийн өмнө
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 7 цагийн өмнө
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 7 цагийн өмнө
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 8 цагийн өмнө
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 9 цагийн өмнө
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 9 цагийн өмнө
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 9 цагийн өмнө
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 9 цагийн өмнө
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 9 цагийн өмнө
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 9 цагийн өмнө
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 9 цагийн өмнө
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 9 цагийн өмнө
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 9 цагийн өмнө
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 9 цагийн өмнө
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 9 цагийн өмнө
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 10 цагийн өмнө
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 10 цагийн өмнө
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 10 цагийн өмнө