“Монголын үнэн” сонин энэ дугаараасаа эхлэн уншигч та бүхэндээ “Гоё хос”-уудын тухай нийтлэл, сурвалжлагуудыг хүргэх болно. Энэ удаа загвар өмсөгч Э.Энхболдын гэр бүлийг онцолж байна.
“Монгол модель” агентлагийн захирал, топ модель Д.Болормаа загварын ертөнцөд олон чадварлаг шавийг бэлтгэсэн. Түүний шавь нарын нэг Азийн топ модель, загвар өмсөгч Э.Энхболд юм. Тус агентлагт анхлан загвар өмсөхөөсөө л томоохон брэндүүдийн нүүр царайгаар ажиллаж, олонд танигдсан. Дэлхийн зах зээлд борлуулалт өндөртэй “Говь” брэнд бидний бахархал бол түүнийг амилуулагч үе үеийн моделиудын нэг нь Э.Энхболд.
Магадгүй эрэгтэй загвар өмсөгчдөөс нийгэмд хамгийн эерэг нөлөөтэй, тал бүрийн авьяастай нь байх. Загвар өмсөгчдийн анхны эрэгтэй хамтлагийн ахлагч, “Гэрэлт гудамж” төслийн гүйцэтгэгч, “Яг түүн шиг” шоуны оролцогч, хүмүүнлэгийн төслүүдийг санаачлагч, авьяаслаг маркетер билээ. 20 настайдаа гэргий, дизайнер Д.Отгонжаргалтай танилцахдаа сандарсандаа “23-тай” гэж ганц удаа худлаа хэлсэн ч үүнээс хойш хосын харилцаанд бүх зүйл үнэнээр үргэлжилсэн гэдэг. Д.Отгонжаргал Урлах эрдэм дээд сургуулийг төгсөөд, сургуульдаа есөн жил багшилсан. “Michel Amazonka”, “Esui boutique” брэнд үүсгэн байгуулагчдад хичээл ордог байж. 2014 онд “O Couture” хувцас загварын урланг үүсгэн байгуулмагцаа жилийн дараа “Asian model festival”-аас Азийн топ дизайнер шагнал хүртэж байв. Түүний дараагийн амжилтуудыг дурьдахаас өмнө эл хос гэрлэсэн цагаасаа хамтын хүч хөдөлмөрөөр, би-д байхгүйг бид болгон нэгтгэж, ололт амжилтыг оргилуулж ирснийг дурьдах нь зөв байх. “Хань” гэдэг үгийн утга үүнд орших болов уу. Д.Отгонжаргалын загварыг кино бүтээгч, миссийн тэмцээн зохион байгуулагч, оролцогчид, ажил хэрэгч хүмүүс, эсвэл бүр чөлөөт сэтгэгчид гээд сонирхохгүй хүнгүй. Угаас тэр хэлбэр дүрсэнд баригдах дургүй нэгэн. Мисс, жүжигчин А.Баярцэцэг “Эх дэлхийн мисс” тэмцээнд түүний “Шилдэг коктейль” төрлийн бүтээлийг толилуулсан юм. Отгоог зорин ирсэн хүн бүр түүний хувьд үнэ цэнтэй. Харин түүний үнэ цэнийг Хонконгийн тэрбумтан бүсгүй цор ганц даашинз урлуулан тодотгосон тохиолдол бий. Харагдах байдал, авцалдах өнгө, үзэл санаа, зорилгоороо яв цав тохирсон эл хосын нэг нь чимээгүй урлаж, анирлан, өдөр шөнийг ялгахгүй жарган суухад, нөгөөх нь зар сурталчилгаа, хамтрагч, зах зээл тэлэлт, төлөвлөлтөө хийх зэргээр давшилсаар БНХАУ-ын Өвөрмонголын Өөртөө засах орны нийслэл Хөх хотод “Цаби” нэртэй брэндийн салбар дэлгүүр нээлээ. Тун амжилттай эхэлсэн уг төсөл цар тахлын үед хэсэг саатсан ч, тэдний хүсэл мөрөөдлийг хэрхэн мөхөөх вэ дээ. “O couture” жилдээ 2500-3000 ширхэг нэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Жилийн дөрвөн улиралд эрэлт хэрэгцээтэй Отгоо дизайнер даашинз, үндэсний, чөлөөт хувцас алийг нь ч урласан гараар шигтгэсэн ямар нэгэн чимэглэл үгүй бол санаа нь амардаггүй онцлогтой. Хийц, хандлага аль ч талаасаа энэ нь түүний ялгарал, бүтээлдээ яргаж уусдагийн илэрхийлэл гэлтэй. “O Couture High fashion” шоунд цуутай моделиуд ядах юмгүй оролцож, бийлэгжүү бүхэн уралдан ирж үздэг учир хосын хамтын бүтээлийн цогц нь гэж болно. Энэ шоуны нэр хүнд жилээс жилд өсөж байна. Ийнхүү ханьссан учраас тэдний амьдралд ан цав бага үүссэн. Зав багатай ч, заяа төөргөөр учирсан хос харц, хоолойн өнгө, биеийн хэлэмж бүгдээр ойлголцож иржээ. Ханилж, өрх тусгаарласан үеэсээ Э.Энхболд буюу Индигогийн хувьд гэрийн тавилгаа өөрөө хийх зэргээр юуханд ч гэрийн эзний зангаргаар хандаж ирсэн. 2022 онд бидний нэрлэж заншсан Индиго гэр бүлдээ мөрөөдлийн хаус барьсан явдал олон залуу гэр бүлд өөдрөг үзлийг далласан гэлтэй. Санаж явбал бүтнэ. Сарвайж явбал атгана. Гэрийн эзэн бүгдийг улаан гараараа хүрз атган эхэлж, телевизүүдийн хамгийн сонирхолтой контент болгож чадсан юм.
Н.Энхцэцэг
Эх сурвалж: Монголын үнэн сонин №033/24564/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна