АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгч асан Дональд Трамп 2024 оны сонгуульд нэр дэвшихээ зарлаж шуугиан дэгдээсэн. Улс төрийн карьераасаа өмнө үл хөдлөх хөрөнгийн магнат, реалити шоуны од, АНУ-ын хамгийн алдартай хот хөгжүүлэгч, хөрөнгө оруулагч байв. Дональд Трампын эцэг, өвөө нар Америкийг бүтээсэн эрхмүүд. Телевизийн ток шоуны байнгын зочин тэрбээр 2004 онд NBC телевизтэй хамтран реалити цувралаа бэлтгэж эхлэв. Энэ цаг үеэс л улс төрийн тоглолт хийж, 2015 онд Бүгд найрамдах намаас АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ зарлав. Трамп Ардчилсан намаас нэр дэвшсэн Хиллари Клинтоныг утгаар нь бухимдуулж, Нэгдсэн улсын 45 дахь Ерөнхийлөгчөөр сонгогджээ. Цагаан ордонд эзэн суусан дөрвөн жилийн хугацаанд олон улсад дуулианы сэдэв болсон Трамп 2023 оны гуравдугаар сард “Эрүүгийн хэрэгт татагдсан АНУ-ын анхны Төрийн тэргүүн” хэмээн түүхэнд үлджээ.
Эзэнт гүрний эхлэл
Ротшильд, Кеннеди, Рокефеллер зэрэг нөлөө бүхий гэр бүлийг эд баялгаас гадна уламжлал нэгтгэдэг. Өнгөц харахад ийм гэр бүлд төрснөөр насан туршдаа тансаг амьдрахад хангалттай мэт боловч бодит байдал дээр ондоо. Гэр бүлийн гишүүд хатуу дүрэмтэй, удам угсаа, нэр хүнд, статусаа дагаж мөрдөх ёстой. Дональд Трамп тэр дүрмээр тоглохдоо эзэнт гүрнийхээ шинэ нүүр царай болжээ. Түүний өвөө Фридрих Америкийг байлдан дагуулсан анхны Трамп овогтон. Германы дарс үйлдвэрлэгчийн хүү Фридрих баяжих зорилгодоо хүрэхийн тулд уулыг нүүлгэхэд ч бэлэн байжээ. Алт олборлох бодолгүй ч авхаалжтай залуу хүмүүсийн урсгал үл тасрах шинэ хотод орон сууц ус агаар мэт хэрэгтэйг анзаарчээ. Зочид буудал, ресторан, түрээсийн орон сууцаар Сиэтлд нэр хүнд олсон Фридрих Трамп төмөр зам тавихад бүх хөрөнгөө зарцуулав. Анхны галт тэрэг түүний итгэл, ирээдүйг тээн иржээ. Нэг үгээр хэлбэл, герман залуу жинхэнэ бизнест хөл тавьжээ. Ингээд АНУ-ын хамгийн том хот Нью-Йоркийг зорив. Хотын захын оршин суугчдад зориулж байшин барьж эхэлснээр Трампыг улс даяар мэдэх болжээ. Түүний хүү Фред Их хямралд нэрвэгдэн барилгынхан дампуурсан 1930-аад онд гэр бүлийн бизнесээ өвлөв. Салбар нэгтнүүд нь сүйрлийг харсан бол Фред боломж олж харсан.
Төрөлхийн ятгах чадвар, сэтгэл татам төрхөөрөө Фред хүссэндээ хүрсэн. Тэрбээр Ерөнхийлөгч Франклин Рузвельттэй ойр байж, Холбооны орон сууцны сангаас шинэ барилга барихад хангалттай төсөв авчээ. Бизнесдээ гол анхаарлаа хандуулж, гэр бүлдээ цаг зав зарцуулж амждаггүй байв. Шотланд гаралтай эхнэр Мэри нь таван хүүхдээ шашны хатуу хүмүүжлээр өсгөж, өнөөдөр Дональд Трамп үнэнч протестант гэдгээрээ бахархан гайхуулах үндсийг тавьжээ. Дональд Трамп чинээлэг айлын дөрөв дэх хүү болон 1946 оны зургадугаар сарын 14-нд мэндэлсэн. Тухайн цагт Европ гаралтай цагаачид Квинс дүүрэгт төвлөрөн суурьшдаг байжээ. Гэр бүлийн хөрөнгө нэмэгдэхийн хэрээр Мэри Нью-Йоркийн алдартай буяны үйлстэн болсон юм. Ах дүү нараасаа ялгаатай нь Дональд эрч хүчтэй, зоригтой хүү байлаа. Эцгийнхээ хүсэлтээр 13 настайдаа Нью-Йоркийн Цэргийн академид элсэв. Армийн сахилга бат Квинс дүүрэгтээ алдартай сахилгагүй хүүгийнх нь төлөвшилд эергээр нөлөөлнө гэж Фред тооцоолжээ. Тэгтэл хүү нь сайн суралцаад зогсохгүй нийгэм, спортоор тэргүүлэв. Ингээд 1964 онд төгсөхдөө сонсогчдын зөвлөлийн ерөнхийлөгч болсон байв.
Дональд 1964 онд Фордхамын их сургуульд элсэн хоёр жил суралцаад Пенсильванийн их сургууль руу шилжин санхүүч мэргэжлээр төгсжээ. Их сургуульд суралцах хугацаандаа эцгийнхээ үл хөдлөх хөрөнгийн бизнест тусална. Дональд Трампын хамгийн анхны бие даасан, амбицтай төсөл нь Манхэттэний нэрийн хуудас “Коммодоре” зочид буудал байв. Үнэндээ Дональд эцгийнхээ заавраар өнөөдөр ашиггүй ч хэтдээ өгөөжтэй үл хөдлөх хөрөнгийг худалдан авчээ. Мэдээж, танил талгүй бол Нью-Йоркт ийм төсөл авч чадахгүй. Бас цорын ганц гарц нь эрсдэл. Дональд Трамп энэ үед “Grand Hyatt” төслөө зэрэг эхлүүлж, Нью-Йоркийн бизнесийн ертөнцөд өөрийгөө тунхагласан. Тэрбээр 1983 онд хамгийн алдартай төслөө дуусгасан нь 58 давхар, тэнгэр баганадсан “Трамп” цамхаг. Бизнесийн сэтгүүлүүдийн тэргүүн нүүрэнд заларч “өөрийгөө бүтээсэн тэрбумтан”, амжилтын эзэн мэтээр уншигчдад хүрч байлаа. Хэвлэлийнхний анхаарлын төвд байж, Нью-Йоркийн алдартай арга хэмжээ, клубээр зочилж,овог нэрээ брэнд болгох зорилгодоо хүрсэн. Гэхдээ Дональд Трампын зан чанар өнөөг хүртэл бүрхэг байна. Түүнийг биширдэг хэсэг байхад үзэн яддаг бүлэг бий. Ямартаа ч тэр эцсээ хүртэл дагах замтай. Сүрлэг “Трамп” цамхгийнхаа оройгоос өрсөлдөгчдөө харахдаа дайнд ялсан баатрын мэдрэмж авдгаа нуудаггүй.
Өв залгамжлагчид
Трампын эзэнт гүрэн “The Trump Organization” байгууллага, Америкийг уран барилгын гайхамшиг “Трамп товер”, “Javits Center”, “Трамп Плаза”, “Grand Hyatt” тэргүүтэй үл хөдлөх, Атлантик Сити дэх казино, “The Apprentice”, “Miss Universe” зэрэг франчайзыг эзэмшдэг. Дональд Трамп гурван удаа гэрлэсэн гэр бүлийн үнэ цэнийг эрхэмлэдэг, үлгэр жишээ өрхийн тэргүүн гэдгийг шар хэвлэлүүд хүлээн зөвшөөрдөг. Тэрбээр 1977 онд загвар өмсөгч Ивана Зелниковатай гэрлэжээ. Ивана Америкийн нөлөө бүхий гэр бүлд багтаад зогсохгүй бизнесийн эзэнт гүрнийх нь гишүүн болсон юм. Трампын эзэнт гүрэн хувцас загварын салбарт шинэчлэл хийхээ зарлан дизайн хариуцсан дэд ерөнхийлөгчөөр Иванаг томилов. Трамп анхны эхнэртээ эрх мэдлийн жолоог атгуулж цаг үеийнхээ хамгийн шилдэг тэнгэр баганадан сүндэрлэх “Коммодоре” болон “Плаза” зочид буудлын засварын ажлыг даатгажээ. Ивана Трампын гурван хүүхэд болох бага Дональд, Иванка, Эрик нарыг төрүүлсэн. Тэд 1992 онд гэр бүлээ цуцлуулжээ.
Трамп анхны эхнэртээ 14 сая ам.доллар, Коннектикутад 45 өрөө тансаг харш, Манхеттен дахь “Трамп Плаза” орон сууцны хувь, Мар-а-Лаго эдлэнд газар эзэмших гэрчилгээ өгч тэрбумтны зангаргаа харуулсан. Ивана Дональд Трампаас салаад гурван удаа гэрлэсэн ч бүтэлгүйтжээ. Дональд 1993 онд хамтран амьдарч байсан жүжигчин Марла Мэйплстэй гэрлэж, Тиффани гэдэг охинтой болов. Хоёр дахь гэрлэлтдээ Трамп сэтгэл дундуур явдгаа бичсэн байдаг. Тэд 1999 онд шүүхээр салахдаа гэрлэлтийн гэрээ ёсоор Марлад хоёр сая ам.доллар олгожээ. Трамп 23 насаар дүү Словенийн загвар өмсөгч асан Мелани Кнаусстай 2005 онд нижгэр хурим хийжээ. Зочдын жагсаалтад Ерөнхийлөгч асан Билл Клинтон, Хиллари Клинтон нар байсан юм. Мелани 2006 оны гуравдугаар сард Трампын бага хүү Барроныг төрүүлжээ. Дональд Трампын хүүхдүүд хэвлэлийнхний анхааралд байнга өртдөг. Бага Дональд, Эрик нар “The Trump Organization” компанийн гүйцэтгэх захирлуудаар ажилладаг. АНУ-ын “Тэргүүн охин” гэгдэж байсан Иванка бизнесээс хөндийрч улс төрд хөл тавьсан. Тэрбээр Цагаан ордонд аавынхаа туслахаар цалингүй ажилласан бол нөхөр Жаред Кушнер ч улс төрийн замналаа эхлүүлжээ. Харин “Vogue” сэтгүүлд ажиллаж байсан Тиффанийг “Трампын мартагдсан охин” гэж хэвлэлүүд цоллодог. Энэ гэр бүлийн эд баялаг олон жилийн тэртээгээс нийтийн маргааны сэдэв байсаар ирсэн. Татварын тайлангаа ил тод зарлаагүй гэж шүүмжлүүлдэг ч 2017 онд гаргасан Холбооны орлогын мэдүүлгийн маягтад бизнесээ 1.37 тэрбум ам.доллароор үнэлжээ. Орлогынх нь тал хувийг гольфын талбайнуудаас олдог ашиг бүрдүүлдэг аж. Санхүүгийн шинжээчид эл үнэлгээнд итгээгүй. Учир нь, Трампын эзэнт гүрэн 1990 онд бүхэлдээ 1.5 тэрбум ам.доллароор хэмжигдэж байсан. Зарим ажиглагч Трампын уналтыг 1980-аад онд бий болсон бизнес, эдийн засаг, нийгмийн хэтрүүлгийн бэлгэдэл гэж үздэг. Татварын 10 жилийн мэдээлэлд хийсэн судалгаагаар 1985-1994 онд Трампын бизнесүүд 1.17 тэрбум ам.долларын алдагдал хүлээжээ.
Тэрбээр 2016 оны сонгуульд өрсөлдөхдөө татварын тайлангаа гаргаагүй. Ричард Никсон 1972 онд нэр дэвшихдээ санхүүгийн мэдээллээ олон нийтэд дэлгээгүй түүхийг давтсан юм. Ардчилсан нам 2018 оны Конгрессын сонгуулиар Төлөөлөгчдийн танхимыг хяналтдаа авч, Ерөнхийлөгчийг татварын тайлангаа ирүүлэхийг шаардах бүрд Трамп цааргалсаар байлаа. Нэхэмжлэл хоёр жил дамнасны үр дүнд Нью-Йорк мужийн Татварын алба “Хууль ёсны зорилгоор” Ерөнхийлөгчийн тайланг Төлөөлөгчдийн танхим, Сенатын Санхүүгийн хороо, Татварын нэгдсэн хорооны дарга нарт өгөхийг зөвшөөрөв. Нью Йорк бол Трампын эзэнт гүрний төв. Хэрэг Манхэттэний Холбооны шүүхээс давж АНУ-ын Дээд шүүхэд шилжжээ. Энэ хэргийг дугаар бүрдээ шахуу хөндсөн “Нью-Йорк Таймс” сонины 2020 оны есдүгээр сарын дугаарт “Трамп 2016, 2017 онд холбооны орлогын албан татварт ердөө 750 ам.доллар төлсөн. Мөн 10 жилийн хугацаанд орлогын албан татвар төлөөгүй”гэжээ. Тэрбээр 1987 онд Тони Шварцтай хамтран бичсэн “Хэлэлцээрийн урлаг” номдоо бизнесийн гэрээгээ хэрхэн амжилттай байгуулдаг тухайгаа дурджээ. Үүнд “Би зөвхөн мөнгөний төлөө хэлэлцээр хийдэггүй. Надад мөнгө хангалттай байна. Хэлэлцээр бол миний бизнесийн нэг хэлбэр” гэсэн. Энэ ном “Нью-Йорк Таймс” сонины шилдэг борлуулалттай номын жагсаалтад орж, дэлхийн хэмжээнд дөрвөн сая хувь зарагджээ. Хожим нь Шварц зохиогчийн эрхийн маргаан үүсгэж Трампыг сэтгэл татам болгоход тусалсандаа харамсдагаа илэрхийлсэн.
Цагаан ордны хүч
Трамп улс төрд хөл тавьсан цагаасаа намаа хэд хэдэн удаа сольсон. Тэрбээр 1987 онд Бүгд найрамдах намын гишүүнээр, 1989 онд бие даагчаар бүртгүүлжээ. 2000 онд “Шинэчлэлийн платформ” улс төрийн байгууллагаас Ерөнхийлөгчийн сонгуульд анх удаа нэр дэвшээд амжилт олоогүй. Дараа жил нь 2001 онд Ардчилсан намын гишүүнээр бүртгүүлэв. Гэвч 2010 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх боломж олдоогүй учир Бүгд найрамдах нам руу буцжээ. Тэр цагаас хойш Бүгд найрамдах намын гишүүнчлэлээ солиогүй юм.
Трамп 2016 оны Ерөнхийлөгчийн сонгуульд урьдчилсан санал асуулга, хэвлэл мэдээллийн таамаглалыг үл тоомсорлон нэр дэвшээд итгэмээргүй ялалт байгуулжээ. АНУ-ын түүхэн дэх хамгийн маргаантай сонгуулийг “Хөх захтнууд болон ажилчин ангийн америкчууд тогтсон улс төрийг өөрчиллөө” хэмээн дүгнэдэг. Ялалтын илтгэлдээ “Би АНУ-ын иргэн бүрийг төлөөлөх Ерөнхийлөгч байхаа тангараглаж байна. Кампанит ажил биш, эх орондоо хайртай, гэр бүлийнхээ төлөө илүү сайн, гэрэлт ирээдүйг хүсдэг олон сая хөдөлмөрч хүнээс бүрдсэн агуу хөдөлгөөн. Иргэдээ дампууруулсан Америкийн бүдүүлэг дүр зураг, ядуу өрх, үр ашиггүй боловсролын систем, гэмт хэрэг, хар тамхи энд хүрээд төгсөж байна” гэжээ. Дональд Трамп 2017 оны нэгдүгээр сарын 20-нд АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгчийн хувиар тангараг өргөв. Ингэхдээ Абрахам Линкольны тангараг өргөх ёслолдоо ашигласан Библи, гэр бүлээсээ өвлөсөн Библи дээр гар тавьсан нь содон байв. Уг библийг 1955 онд Пресвитериан сүмийн ням гаргийн сургуулийг төгсөхөд ээж нь бэлэглэжээ. Түүнийг тангараг өргөсний маргааш АНУ төдийгүй дэлхийн хаа сайгүй олон сая эсэргүүцэгчид жагсаал хийжээ. Вашингтонд болсон эмэгтэйчүүдийн жагсаалд хагас сая гаруй хүн оролцон цагаачлалаас эхлээд байгаль орчныг хамгаалах асуудлаар Трампын байр суурийг эсэргүүцсэн байна.
Ерөнхийлөгчийн ажлын эхний 100 хоногтоо амлалтаа биелүүлэхийн тулд хэд хэдэн тушаалыг ээлж дараалан батлав. “Америк нэгдүгээрт” бодлогодоо үнэнч байсныхаа төлөө“Их 7”-гийн эсрэг ганцаараа зогссон, Бээжинг өрсөлдөгчөө гэдгийг ил тод зарлаж, БНХАУ-тай худалдаан дайн эхлүүлсэн, БНАСАУ-ын удирдагч Ким Жон Унтай гурван удаа уулзаж, цар тахалтай нүүр тулсан гээд гадаад бодлого нь ээдрээтэй байв. Гэхдээ бүрэн эрхийнхээ хугацаанд итгэл үнэмшил, хурц өнцөг, шийдэмгий байдлаараа дэлхий нийтийн үйл хэрэгт яах аргагүй онцгойрсон Ерөнхийлөгч байж чадсан. Трамп улиран сонгогдох ширүүн өрсөлдөөнд Ардчилсан намын Жо Байденд ялагдсанаар Капитолын бүслэлт, Твиттерт хориг, хоёр дахь импичмент гээд олон үйл явдал хөвөрнө. Сонгуулийн үр дүнд бууж өгөхгүйгээ мэдэгдэж, дэмжигчдээ Капитолын байр руу жагсахыг уриалсан. Дэмжигчид Капитол руу дайрахад хууль тогтоогчдыг нүүлгэн шилжүүлжээ. Твиттерт идэвхтэй Дональд Трамп тэр өдөр “Энэ бол сонгуулийн ариун ялалтын төлөө, шударга бус эх орончдоос салах үйл явдал”, “Та бүхэн гэртээ харь. Энэ өдрийг үүрд санаж яваарай" хэмээн жиргээд Байдены тангараг өргөх ёслолд оролцохгүйгээ зарласан. Дөрвөн хүний аминд хүрсэн эмх замбараагүй байдлын дараа Конгресс хуралдав. Үймээн самууны улмаас Трампын цахим хуудсыг түр хугацаагаар хаажээ. Конгрессын танхимын олонх Трампыг "бослого өдөөн хатгасан" хэргээр хоёр дахь удаагаа огцруулахаар санал өгснөөр хоёр удаа импичмент зарласан Ерөнхийлөгч болсон юм. Гэхдээ сарын дараа Сенатын танхимын саналаар цагаатгажээ. Энэ бүх дуулианы гал намжаагүй, хэргийн шүүн хэлэлцэх хугацаа дуусаагүй байхад Дональд Трамп 2024 оны сонгуульд нэр дэвшихээ зарлалаа. 20 минут үргэлжлэх илгээлтдээ “Би Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан цорын ганц гаднын хүн. Миний улстөрчийн замнал хараахан дуусаагүй байна. Хөрөнгө оруулагчийн хувиар оргил харж, хязгааргүй боломжуудыг төсөөлж байсан. Америк надад ихийг өгсөн, би ямар нэгэн байдлаар буцааж төлөхийг хүссэн” гэжээ.
Х.Эрдэнэзаяа
Эх сурвалж: Монголын үнэн сонин №034/24565/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна