УИХ-ын гишүүн, Багануур дүүргийн МАН-ын хорооны дарга Ц.Сандаг-Очиртой ярилцлаа.
-Багануур дүүргийн МАН-ын хорооны даргын хувьд тантай ярилцаж байна. Дүүргийн улс төрийн намын байгууллагын гол бодлогыг тодорхойлж, тэргүүлдгийн хувьд та ямар зарчим баримтлан ажилладаг вэ?
-Багануур дүүргийн МАН-ын хороо 43 жилийн түүхтэй. 1980 оны хоёрдугаар сарын 14-нд Багануурын районыг байгуулж байсан бол есдүгээр сард нь Намын хороог байгуулах шийдвэр гарсан байдаг. 43 жилийн 30 гаруйд нь МАН-ын бодлого хэрэгжсэн, энэ намаас томилогдсон мэргэжилтэн, албан тушаалтнууд ажиллаж ирсэн учраас Багануурын МАН-ын хорооны түүх бол Багануур дүүргийн түүх гэж үзэх учиртай юм. Миний хувьд 2005 онд анх дүүргийн МАН-ын хорооны дэд даргаар сонгогдож байлаа. 2012 оноос Намын хорооны даргаар сонгогдон өнөөдрийг хүртэл ажиллаж байна.
Манай намын хороо өнгөрсөн жил Бага хурлаа хийж, тайлан болон мөрийн хөтөлбөрөө дүгнэн хэлэлцсэнээр миний бие улирлан сонгогдсон. Энэ хугацаанд манай намын хороо бүх шатны сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулж ирлээ. УИХ-ын 2020 оны сонгуульд анх удаа Багахангай, Налайхтай нийлж, бие даасан хоёр мандаттай нэг тойрог болж орсон. Энэ бол манай гурван дүүргийг тусгайлан авч үзсэн, намын оновчтой бодлого, шийдвэр байсан гэж үздэг. Өөрөөр хэлбэл, 2020 он хүртэл алслагдсан гурван дүүргийг нийслэлтэй адилтгаж үздэг буюу Хан-Уул, Баянзүрх, Сүхбаатар зэрэг дүүргийн хавчуурганд явж ирсэн байдаг.
Харин 2020 онд Багануур, Багахангай, Налайх дүүргийг сонгуулийн нэг тойрог болгосноор УИХ-д хоёр гишүүнтэй болоод байна. Мөн нийслэлийн ИТХ-д нийтдээ тав, дүүргээс хоёр мандаттай боллоо. Дүүргийн ИТХ-ын 17 мандатын 16-д нь МАН үнэмлэхүй ялалт байгуулсан. Ингэснээр Багануур дүүрэгт МАН бүх шатанд ялалт байгуулж, бодлого үйл ажиллагаагаа хэрэгжүүлэн ажиллаж байна.
Бидний хамгийн гол зарчим бол ард иргэдэд амласан амлалтаа биелүүлэх, мөрийн хөтөлбөрөө ажил хэрэг болгох. Нөгөө талаас орон нутгаас УИХ-д анх удаа өөрийн гэсэн төлөөлөлтэй, гишүүнтэй болсныг харуулж, мэдрүүлэх зорилготойгоор ажилладаг. Үүний тулд гурван дүүргийн иргэдтэйгээ эргэх холбоотой ажиллаж байна. Шийдвэр гаргах түвшинд төлөөлөлтэй байхын ач холбогдол ямар их болохыг өнгөрсөн хугацаанд энэ гурван дүүргийн ард иргэд, аж ахуйн нэгжүүд харж, мэдэрч байгаа болов уу.
Миний хувьд “УИХ-ын гишүүн бол сонгуулиар л ирж уулздаг хүн биш” гэдгийг харуулах зорилготой ажилладаг. Орон нутгийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, УИХ, Засгийн газрын бодлого, шийдвэр болон УИХ-аар шинээр баталсан хууль тогтоомжийг сурталчилж, ойлгуулахаас авахуулаад орон нутгийн төр захиргааны байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, хууль эрх зүйн орчныг сайжруулахад шаардлагатай санал, санаачилгыг гаргах зэргээр олон талаар уялдаа холбоотой ажилладаг. Улс төрийн намын зорилго бол бүх шатны сонгуульд ялалт байгуулах байдаг шүү дээ. Үүний дагуу Багануур дүүрэгт бид улс төрийн намын хувьд үндсэн зорилгоо амжилттай хэрэгжүүлээд явж байна.
-Дүүрэгт засаглаж байгаа намын даргын хувьд сонгуульт жилийн хугацаанд хийхээр төлөвлөсөн ажлаа хэр амжуулав. Багануур дүүргийг бие даасан хот болгох талаар олон жил ярилаа. Өнөөдрийн байдлаар энэ асуудал хэр ахицтай байна вэ?
-Дөрвөн жилийн хугацаанд шийдэгдчих асуудал гэж бий. Цаг хугацаа, хүрээ цараанаас хамаараад шийдэгддэггүй удах ажил ч гэж бий. Тухайлбал, Багануурыг бие даасан хот болгох асуудал 2000 оноос хойш л хөндөгдөж ирсэн. Энэ асуудлын хүрээнд дүүргийн удирдлагууд төдийгүй шат шатны төлөөлөгчид санал, санаачилга гаргасаар ирсэн. Гэвч энэ бол тойргоос сонгогдсон аль нэг төлөөлөгч, гишүүнээс хамаарахгүй асуудал учраас өнөө хэр шийдэгдээгүй л байна.
Засаг захиргааны нэгжийн том асуудал учраас УИХ, Засгийн газрын түвшинд шийдвэр гарах учиртай. Ер нь Монгол Улсын хэмжээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн асуудлыг цаашдаа яах вэ гэдгийг өргөн хүрээнд авч хэлэлцэж, шийдэлд хүрэх ёстой гэж би хувьдаа боддог. Энэ намрын чуулганаар Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн хүрээнд энэ асуудлыг хөндөх болов уу гэсэн хүлээлттэй байна. Ерөнхий сайд саяхан Дархан, Сэлэнгэд ажиллах үеэр энэ талаар хөндлөө.
Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайдын амнаас анх удаа Дархан, Сэлэнгийг нэгтгэх тухай яриа гарлаа. Энэ бол маш зөв. Гэхдээ мэдээж тухайн орон нутгийн ард иргэдийн санал, хүсэлтийг сонсох учиртай. Үүнтэй адил Багануур дүүргийг цаашдаа бүс нутгийн хэмжээнд хөгжүүлэх шаардлага байгаа юу гэвэл тийм. Жишээлбэл, манай Багануур дүүргийг тойроод Хэнтий, Төв аймгийн хэд хэдэн сум бий. Тиймээс эдгээр аймгийн удирдлагууд төдийгүй ард иргэдийн санаа бодол ч чухал. Ийм олон талын оролцоотой учраас Багануурыг бие даасан хот болгох тухай асуудал өнөөдөр ч ярианы сэдэв хэвээр байна.
Дараагийн нэг асуудал нь Багануур дүүрэгт дулааны цахилгаан станц барих ажил. Цахилгаан станц барих ажил 2017 онд намайг Засаг даргаар ажиллаж байх үед эхэлсэн байдаг. Анхандаа 700 мВт гэж ярьж байгаад сүүлдээ 400мВт болгож хүчин чадлыг нь багасгасан юм. БНХАУ-ын хөрөнгө оруулалтаар, концессын гэрээгээр хийхээр болж байсан ч харамсалтай нь улс төрийн шалтаг, шалтгаанаас үүдэлтэйгээр ажил гацсан. Урд хөршийн зүгээс нүүрс хүчлийн болон хүлэмжийн хийг бууруулах чиглэлээр нүүрсээр ажилладаг станцуудад хөрөнгө оруулалт хийхгүй гэх болсон. Энэ мэт асуудлаас шалтгаалаад ажил зогссон байдалтай байна.
-Тэгэхээр цаашид Багануурын дулааны цахилгаан станцын ажлыг үргэлжлүүлэх ямар боломж байна вэ. Таны хувьд гарц, гаргалгааг хэрхэн харж байна вэ?
-Эхний ээлжид концесс эзэмшигчийг өөрчлөх асуудлыг ярьж байна. Тухайн үед ажил эхлүүлсэн компани нь БНХАУ-ын төрийн өмчийнх байсан. Тиймээс хувийн хэвшилд шилжүүлэх боломж бий. Гэхдээ концесс эзэмшигчийг өөрчилнө гэдэг нь асар их цаг хугацаа, хөрөнгө мөнгө орсон ажил л даа. Ямар ч байсан одоогоор хувийн хэвшлийн концесс эзэмшигч шалгарсан, судалгааны ажлаа хийгээд явж байна.
Манай улсын Засгийн газрын зүгээс хийх бичиг цаасны ажил үндсэндээ дууссан. БНХАУ-ын талаас 2017-2018 онд оруулсан хөрөнгө оруулалтаа хэн, хэрхэн хариуцах, хаана тусгах зэрэг асуудал яригдаж таарах байх. Ингэснээр Багануур дүүрэг Дулааны цахилгаан станцтай болох асуудал жигдрэх талдаа орох болов уу.
Энэ хоёр том асуудлаас бусдаар Багануур дүүрэгт хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлууд мөрийн хөтөлбөрт тусгасны дагуу үргэлжилж байна. Дээр дурдсан хоёр асуудал орон нутгийн түвшинд юм уу сонгогдсон гишүүнээс шууд хамаарахгүй учраас яриа хэлэлцээрийн түвшинд байна. Дээр хэлсэнчлэн хоёр улсын засаг захиргаанаас хүртэл хамаарч байгаа учраас багагүй цаг хугацаа шаардаж байна. Гэхдээ Дулааны цахилгаан станцын ажил л гэхэд ирэх жилээс эхэлчих болов уу гэж харж байна. Засаг захиргааны нэгжид өөрчлөлт оруулах асуудал ч цаашдаа хөндөгдөхөөс аргагүй.
-Намрын чуулганаар орон нутгийн сонгуулийг цаашид хэрхэн явуулах вэ гэдгийг шийднэ гэж ойлгосон. Та орон нутагт, анхан шатанд олон жил ажилласан хүний хувьд орон нутгийн сонгуулийг ямар байдлаар явуулах ёстой гэж хардаг вэ?
-Нутгийн өөрөө удирдах байгууллага буюу ИТХ байгуулагдаад 30 гаруй жил болж байна. УИХ-ын сонгуулийг орон нутгийнхаас тусад нь явуулах ёстой гэж би хувьдаа үздэг. УИХ бол төрийн эрх барих дээд байгууллага, төр засгийн бодлого, шийдвэрийг тэнд гаргадаг. Гэтэл орон нутаг бол 21 аймаг, есөн дүүрэг, 330 сум, 1000 гаруй багийн төр захиргааны байгууллагын удирдлагыг сонгох сонгууль шүү дээ. Тиймээс тусдаа явуулах ёстой.
Нөгөө талаас Орон нутгийн сонгуулийн тухай хуулийг намрын чуулганаар батлах байх. Одоогоор энэ хуулийн тухайд хоёроос гурван хувилбар байгаа. Орон нутагт олон жил ажилласан хүний хувьд хэлэхэд орон нутагт улс төржилт хэрээс хэтэрсэн. Тиймээс Монгол Улс сонгуулиудынхаа тоог цөөлөх ёстой. Сонгууль олон байх тусам улстөржилт ихтэй. Улстөржилт их байх тусам хоёр талцаж, гурав хуваагддаг байдал газар авсаар байна. Энэ бол үндэстний эв нэгдэлд маш хортой зүйл. Баг, иргэдийн нийтийн хурал, сум болон дүүргийн Засаг даргын сонгуулиас авахуулаад дүүрэг, нийслэлийн ИТХ-ын сонгууль гээд тасардаггүй.
Сонгуулиас сонгуулийн хооронд ард иргэд талцаж, хэрэлдэж, хуваагдаж байгаа нь нууц биш. Тиймээс сонгуулийг цөөлөх хэрэгтэй. Гэхдээ цөөлж байгаа нь энэ гээд шууд томилдог байж бас болохгүй. Хотын даргыг бол хотынхоо ард иргэдээс сонгодог байх хэрэгтэй. Дүүргийн Засаг даргыг дүүргийнх нь ард иргэдээс сонгодог байх хэрэгтэй. Иргэдийг төлөөлөх чадвараас авахуулаад хүлээн зөвшөөрөгдөх байдал алдагдах гэх мэт асуудал их байна.
Хөдөөд ерөөсөө олон ах дүүстэй хүн л багийн Засаг дарга болчихож байх жишээний. Улаанбаатар хот үнэхээр л төвлөрлөө сааруулъя гэж байгаа бол дагуул хот, алслагдсан дүүргүүдийнхээ хөгжлийг дэмжиж, тэнд амьдрах орчин, нөхцөлийг бүрдүүлэх шаардлагатай болчихоод байна. Үүний тулд орчин үеийн шийдэлтэй орон сууцны тоог нэмэгдүүлж, дэд бүтцийнх нь хүчин чадлыг нэмэгдүүлж, өргөтгөх хэрэгтэй.
Бид хэдий болтол модон жорлонтой байж, худгаас усаа зөөх вэ. Залуучууд ийм амьдрал хүсэхгүй байгаа учраас тэдний хүсэл, шаардлагад нийцсэн орчин, нөхцөлийг бүрдүүлмээр байна шүү дээ. Үүний тулд дээрх олон асуудлыг цогцоор нь шийдмээр байгаа юм. Ерөөсөө бид урьдчилан харж төлөвлөдөг баймаар байна. Өнөөдөр бид бий болсон төвлөрлөө араас нь хөөгөөд гүйцэхгүй байна шүүдээ. Төвлөрлөө сааруулъя гэж байгаа бол эхний ээлжид алслагдсан гурван дүүргээ бодлогоор хөгжүүлэх боломж нээлттэй байна шүү дээ. Бид нийслэлийн есөн дүүрэг л гэж хараад, яриад байдаг. Гэтэл Багануур, Багахангай, Налайх бол тусад нь авч үзэх ёстой засаг захиргааны нэгж шүү.
Амьдрах арга барил, эдийн засаг, амьдралын хэв маяг нь хүртэл өөр. Тиймээс алслагдсан дүүргүүдийн онцлогийг ойлгуулж, аливаа шийдвэр гаргахдаа тусад нь харгалзаж үзэх шаардлагатайг бүх түвшинд хэлж ярьж, ойлгуулах нь миний үндсэн ажил гэж ойлгож болно.
-Багануур дүүрэгт МАН бүх шатанд засаглаж байна. Ер нь нэг намд бүтэн итгэл хүлээлгэхийн давуу талыг та хэрхэн тодорхойлох вэ?
-Багаараа сонгогдсоны болон бүх шатанд улс төрийн дэмжлэгтэй байна гэдэг маш том давуу тал. Нэг үгтэй, нэг амтай байна гэдэг чухал шүү дээ. Бодлого нэг шугамаар хэрэгжинэ. УИХ-ын гишүүн нь орон нутгийн удирдлагатай санал нийлдэггүй, өөр зүйл яриад хэдэн тийшээ хараад суучихвал тэнд ямар бодлого хэрэгжих билээ. Энэ бол орон нутгийн хөгжилд асар том саад.
Тийм учраас нэг намд бүтэн итгэл хүлээлгэсэн газарт бодлого саадгүй хэрэгжинэ. Жишээлбэл, тухайн орон нутгийн жилийн хөрөнгө оруулалт ямар байх вэ, бид энэ жил ямар бүтээн байгуулалтын ажил хийх вэ гэдгийг шат шатандаа ярилцаж, хэлэлцээд хийж хэрэгжүүлээд явчихна. Үр дүнд нь ард иргэдээс, амьдрал дундаас гарсан санал ажил хэрэг болно л гэсэн үг.
Бүх шатанд засаглаж байгаагийн давуу тал нь энэ. Багануурчууд УИХ-д төлөөлөлтэй болсны үр дүн өнөөдрийн байдлаар төрийн албан хаагчдад хүрээд байна. Тодруулбал, алслагдсан гурван дүүрэгт ажиллаж байгаа төрийн захиргааны албан хаагчдыг орон нутгийн нэмэгдэлд хамруулахаар болсон. Ингэснээр УИХ-аар анх удаа нийслэлийн алслагдсан гурван дүүргийн төрийн захиргааны албан хаагчдад нэмэгдэл олгохоор шийдвэрлэснийг ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөх гэж байна.
Нийслэлтэй хамгийн ойр Төв аймгийнхан төрийн албан хаагчдын орон нутгийн нэмэгдэл авдаг байхад манай гурван дүүргийг нийслэлийнхэн гэж багцалж үзээд л орхичихдог байсан. Ийм нөхцөл байдлыг хууль тогтоогчдод ойлгуулахын тулд шаардлагатай бүх талаар ажилласан. Байнгын хороо, УИХ-ын түвшинд хэлж ярьсны хүчинд анх удаа хуульчлагдаад байна. Энэ бол том алхам.
Цаашид үүний адилаар анхаарах, шийдвэрлэх шаардлагатай олон асуудал бий. Тухайн орон нутгийнхаа онцлогийг мэддэг, мэдэрдэг хүнд итгэл үзүүлсний үр дүн эргээд иргэдэд хэрхэн хүрч байгаагийн нэг жишээ нь энэ юм.
-Дүүрэгт засаглаж байгаа намын даргын хувьд Багануур дүүргийн хөгжлийн дараагийн үе шатыг та хэрхэн харж байна вэ?
-Дархан, Эрдэнэт шиг хот болно гэж хардаг. Зүүн бүсдээ эдгээр аймгийн хэмжээнийх болох ёстой гэж үздэг. Дархан, Эрдэнэт хот баруун бүсдээ 100 гаруй мянган хүн амтай байна. Энэ хэмжээний хүн амтай болоод ирэхээр аяндаа эдийн засгийн таталцал бий болдог.
Нийгмийн дэд бүтэц, инженерийн шийдэл, жижиг дунд бизнес, хүн амын төвлөрөл үүсчихдэг. Зүүн бүс талдаа Налайх, Багануур ийм болох боломжтой. Тодорхой цаг хугацааны дараа гэхэд зүүн бүсдээ Багануур, Налайх нийслэлийн төвлөрлийг хуваалцсан хот болно гэж хардаг. Зүүн бүсийнхэн заавал Улаанбаатар оролгүйгээр хэрэгцээгээ хангадаг хот болгохын төлөө бодож, зорьж явдаг.
М.Өнөржаргал
Эх сурвалж: Монголын үнэн сонин №035/24566/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна