Хүн төвтэй хөгжлийг түүчээлэхдээ чанарыг хамгийн тэргүүнд авч үзэн гадаад харилцаагаа тэлсэн “Идэр” их сургуулийн хамт олон, өдгөө суралцаж байгаа оюутан залуус, өнгөрсөн 30 жилийн хугацаанд эрдмийн энэ их өргөөнөөс мэдлэг олж мэргэжил эзэмшсэн хэн бүхний баярын өдрүүд тохиож байна. Монгол Улсад боловсролын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа их, дээд сургуулиудаас сургалтын чанараараа долдугаарт эрэмбэлэгддэг энэ хамт олноос тус сургуулийг үүсгэн байгуулагчдын нэг, дэд ерөнхийлөгч Ж.Бурмааг зочноор урьж ярилцлаа.
-“Идэр” сургуулиараа овоглосон та бүхэнд 30 жилийн ойн баярын мэнд хүргэе. Амжилтад хүрэхэд анхны алхам оновчтой эсэхээс бүх зүйл шалтгаалдаг. Тиймээс одоогоос 30 жилийн өмнө энэ сургуулийн үндэс суурийг хэрхэн тавьж байснаас эхлэн ярилцъя?
-Юуны түрүүнд “Идэр” сургууль үүсгэн байгуулагдсан өдрийг тохиолдуулан ярилцлагын зочноор урьсан “Монголын үнэн” сонины хамт олонд талархсанаа илэрхийлье. Идэрчүүд одоогоос 30 жилийн өмнө түүхээ бичиж эхэлж байв. Мэдээж аливаа зүйлийн эхлэл болгон харилцан адилгүй зам туулдаг. Бас анхны алхам үргэлж оновчтой байна гэж үгүй. Явцын дунд зөв голдирлоо олж сайжирдаг тохиолдол бий. Идэрчүүдийн 30 жилийн түүх ч тийм л замыг туулсан. Тухайн үед бүх зүйлийг сайтар төлөвлөж бэлтгэл хангасны дагуу сургуулийнхаа үндэс суурийг тавьсан гэвэл үнэнээс зөрөх байх.
Цаг хугацааны явцад туршлага сууж, бусдаас суралцсан он жилүүд бидний түүхтэй холбогдоно. Хамтаараа хичээж, хөдөлмөрлөсний үр дүнд тоон үзүүлэлтийн хувьд ч, чанарын өөрчлөлтийн тал дээр ч бид чамлахааргүй ахиц дэвшил гаргаж, өнөөдрийн эхлэлийг бий болгосон гэж боддог. Нийгэм, эдийн засаг, боловсролын салбарын эрэлт хэрэгцээнээс хамаарч анхандаа жижиг, дунд үйлдвэрлэлийн менежмент, социологи зэрэг мэргэжлээр оюутнуудаа элсүүлж байсан. Одоо бид үйл ажиллагаагаа өргөжүүлж салбар гурван сургуулиараа 20 гаруй мэргэжлээр оюутан, суралцагчдаа элсүүлж, боловсролын салбарын эрэлтэд нийцсэн чадварлаг боловсон хүчнийг бэлдэхэд анхааран ажиллаж байна.
-Боловсролын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага ч зөв маркетингаар удирдахгүй бол орон зайгаа бий болгож, хүрээгээ тэлэхэд бэрх. Тухайн үед буюу 2000-аад оны үед маркетингаа хэрхэн тодорхойлж байв?
-Маркетинг, менежмент гэдэг ойлголтын түвшинд, дөнгөж хөгжиж эхэлж байсан үе шүү дээ. Бидний баримталж ирсэн чиглэлийг арай өөр өнцгөөс харах боломж тухайн цагт олдсон. Хөгжлийн чиглэлээ ганцхан зүйлээр тодорхойлон сургалтын хөтөлбөрөө боловсруулах явцад зарим хүн өөр бодолтой явааг олж мэдсэн. Үүнээс л дахин судлах, маркетингийн талаарх ойлголтоо илүү гүнзгийрүүлэх ёстойгоо ойлгосон. “Хүн сурахад оройтдоггүй, насан туршдаа суралцдаг” гэдэг. Тэр цагаас хойш бид судалгаагаа өргөжүүлж, одоо ч гэсэн бусдаас туршлага судалсан хэвээр. Тухайн үед бид маркетингийн сонгодог онолыг практиктай хослуулан явуулахыг оролдсон. Маркетинг, харилцаа хандлагын талаар багш нартаа сургалт, семинар их явуулдаг байсан юм. Одоо ч бид энэ хүрээний судалгаагаа үргэлжлүүлсээр байна.
-Чадварлаг боловсон хүчнүүдийг эзэмшсэн мэргэжлээрээ манлайлагчид л бэлтгэдэг. Байгууллагын үнэт капитал болсон тэдгээр тэргүүлэгч багш нарыг сургуулийнхаа нэг эд эс нь болгохын тулд үйл ажиллагаандаа ямар шинэ чиглэлийг тусгаж байсан бэ?
-Манай сургуулийн Багшийн хөгжлийн төвөөс сургалт семинаруудыг тогтмол зохион байгуулдаг. Шавь нь багшаасаа, багш нь шавиасаа суралцаж, суралцахуйн үйл явц тасралтгүй өрнөх ёстой. Энэ зарчмаараа бид бие биеэсээ суралцаад л явж байна. Хамт олноороо тодорхой сургалт, семинарыг тогтмол явуулахаас гадна хавар, намрын нийгэм соёлын ажилд байнга оролцож ирснээр бид хамтдаа хөгжиж байна. “Чадвараараа гайхагдсан мэргэжилтнүүдийг бэлтгэнэ” гэх бидний зорилгоос сургалтын мөн чанар маань харагдана. Гэхдээ манлайлагчдыг бэлтгэнэ гэдэг цаг тутам тасралтгүй сайжруулах үйл явц, сургалтын үр дүнд бий болдог зүйл учраас оюутан, багш гэлтгүй бүгд манлайлах ур чадвараа дээшлүүлж байж л шилдэг нь болно.
-“Идэр” сургууль хэн нэгэн хүний өмч бус олон нийтийн сургууль. Олон улсад жишиг болсон энэ хэлбэрт шилжсэнээр суралцагсдад ямар боломжууд бий болсон бэ?
-Дээд боловсролын салбар дахь сургалтын уламжлалт нэг хэвийн аргыг халах “Өөрөөр сурцгаая” санаачилга, мэргэжлийн тодорхой ур чадварыг хөгжүүлэх “Тэмүүлэл-2040” зорилт, онлайн болон блендэд сургалтын төрөл хэлбэрүүд гээд олон шинэлэг зүйл идэрчүүдийн нэртэй холбогддог. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд хамгийн их хувьсан өөрчлөгдөж чадсан байгууллагын тоонд “Идэр” их сургууль зүй ёсоор орно.
Боловсрол нь ашиг тус гэхээс илүү нийтийн төлөө үйлчилж байдаг. Бид Англи, Америк, Солонгос, Хятад, Япон улсын олон арван байгууллага, их дээд сургуулиудтай нягт хамтран ажиллах явцдаа хэрэглэгч-суралцагчийн эрх ашгийг нэн тэргүүнд тавьсан олон талт харилцаа, төсөл, хөтөлбөр, боломжуудыг бий болгосон.
-Улсын томоохон сургуулиудтай эн тэнцүүхэн хөгжиж, хамтын ажиллагаа, хамрах хүрээгээ тэлсээр байгаа “Идэр” сургуулийн гадаад харилцаа салбартаа дээгүүрт эрэмбэлэгддэг. Багш, оюутан солилцооны хөтөлбөрийг идэвхтэй өрнүүлсээр өнөөдөр энэ сургуулиас тодорсон олон улсын боловсон хүчин олон бий?
-Манай төгсөгч болон багш нараас одоо олон улсад ажиллаж байгаа хүн цөөнгүй бий. Тухайлбал, Г.Наранбаатар төгсөгч маань Кристина Нобелийн сангийн Нидерланд дахь салбарт хүүхэд залуучууд хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байна. Би тод санаж байна. Г.Наранбаатарыг нэг удаа “Би одоо гадаад мэргэжилтэнтэйгээ англиар ярьдаг болно” гээд л инээж явсан үе бий.
Манай нийгмийн ажлын хөтөлбөрийн төгсөгч Х.Уранчимэг Авсрали улсад нийгмийн ажилтнаар 10 гаруй жил ажиллаж байна. Түүнчлэн Бизнесийн удирдлагын магистрын төгсөгч Э.Алтанзул Кристина Нобелийн санд ажилладаг. Мөн төгсөгч Б.Ган-Эрдэнэ маань АНУ-ын “Worcester Polytechnic (WPI)” хөтөлбөрийн докторын сургалтын “Fulbright”-ын тэтгэлэгтэйгээр суралцаж байна. А.Түвшинтөр Дорноговь аймагт АНУ-ын олон улсын төслөөр орон нутгийн бизнесийг өргөжүүлэх ажлыг амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байгаа гээд дурдаад байвал дуусахгүй.
-Танай сургууль дэлхий нийтийг хамарсан цар тахал дэгдэхээс ч өмнө сургалтаа онлайн хэлбэрээр явуулсан туршлагатай. Олон улсын хөгжил хаашаа чиглэж байгааг мэдэрдэг учраас шилжилтийн алхмыг бусдаас түрүүлж хийсэн болов уу?
-“Идэр” их сургуулийн Бизнесийн удирдлагын магистрын хөтөлбөрт “Их өгөгдлийн сангийн шинжилгээ” гэдэг хичээл АНУ-ын Техасийн их сургуулийг төгссөн Роберт Риц багш ордог нь онлайн сургалт нэвтрүүлэхэд илүү хялбар байсан. Түүний технологийн мэдлэг, чадварын хувьд илүү байсан нь “Идэр” их сургуулийн хамт олныг дижитал шилжилт хийхэд нөлөөлсөн. Мөн 2015 онд БСШУЯ-ны Дээд боловсролын шинэчлэлийн төслийн хүрээнд зарласан уралдаанд “Бизнесийн удирдлагын онлайн магистрын хөтөлбөр” шалгарсан нь манай сургуулийн онлайн платформыг хөгжүүлж бүх хичээлээ цахим хэлбэрт шилжүүлэхэд том түлхэц болсон юм. Тэр үеийг эргэн санахад Их, дээд сургуулиудын удирдах ажилтны хурал дээр бизнесийн удирдлагын онлайн магистрын хөтөлбөрийн танилцуулга хийж байхад цахим сургалт явуулах журам ч гараагүй байсан үе шүү дээ. “Идэр” их сургуулийн онлайн платформ болох ider.edu.mn сайт бол дэлхийн аль ч улсаас тухайн суралцагч хүссэн цагтаа хадгалагдсан хичээлийг үзэх боломжтойгоороо давуу талтай.
-“Идэр” сургууль Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа их, дээд сургуулиудын дунд сургалтын чанараараа эхний аравт эрэмбэлэгддэг нь оюутан сурагчдыг сонголт хийхэд хөшүүрэг болдог. Суралцагсдадаа чанартай боловсрол эзэмшүүлэхийн тулд сургалтын хөтөлбөрөө хэрхэн боловсруулдаг вэ?
-Сургуулийн эрэмбэ чансаа нь хөтөлбөрийн чанараас хамаардаг. Times Higher Education, салбар яамны хамтарсан үнэлгээгээр бид сургалтын чанараараа эхний 10-т эрэмбэлэгдсэн. Суралцагсдадаа чанартай боловсрол эзэмшүүлэхийн тулд манай сургууль хөтөлбөрөө тогтмол шинэчлэн сайжруулах ажил хийгддэг нэг ёсны соёл тогтсон гэж үзэж болох юм. Тухайлбал, Боловсролын сайдын А/147 дугаар тушаалын дагуу хөтөлбөрийн хамгийн сүүлчийн өөрчлөлтийг 2024 оны зун хийсэн.
Өнгөрсөн жилүүдэд “Идэр” их сургуулийн нээлттэй соёл, олон нийт, нийгмийн сайн сайханд чиглэсэн түүний алсын харааг бусад дээд сургуулиуд хуваалцан хүлээн зөвшөөрч “Идэр”-т нэгдсэн юм. Тухайлбал, Монгол Мэдлэгийн их сургууль, Хүнсний технологийн дээд сургууль, компьютерын инженерийн “Алтай” дээд сургууль, Хэл иргэншлийн дээд сургууль, “Билиг” дээд сургууль, “Түшээ” дээд сургууль тус тус “Идэр” их сургуульд нэгдэн оржээ. Сургуулиуд хүчээ нэгтгэх, оюунаа нэгтгэх энэ үйл явц нь Монголын дээд боловсрол тооноос чанарт шилжин цэгцтэй хөгжих, дээд боловсролын салбарын нэр хүнд бүхэлдээ дээшлэхэд бодит хувь нэмэр болж өгсөн.
-Монгол Улсад нэн шаардлагатай боловсон хүчнүүдийг бэлтгэхэд “Идэр” их сургууль хувь нэмрээ оруулж зарим чиглэлээр оюутнуудыг үнэ төлбөргүй, мөн тэтгэлэгтэйгээр элсүүлдэг. Энэ хөтөлбөрийг өргөжүүлэх үү?
-Манай “Идэр” их сургууль олон талт тэтгэлэг олгож, төлбөрийн уян хатан нөхцөлтэйгөөр оюутнуудаа сургадаг. Бид оюутнууддаа аль болох урамшуулах, дэмжих талаас нь ханддаг тул цаашид ч илүү олон боломжийг олгох болно. Энд бизнесийн чиглэлийн 100 хувийн тэтгэлэгтэй “Шарк” хөтөлбөрт оюутнууд олноороо суралцаж тэтгэлэгт бүрэн хамрагдан хөтөлбөрийн үр өгөөжийг хүртэж байна.
-Өнгөрсөн 30 жилийн ололт, амжилтаа дүгнэж байгаа эдгээр өдрүүдэд танаас ирэх 30 жилийн алсын хараа хаашаа чиглэж байгааг тодруулан ярилцлагаа өндөрлөе.
-Идэвхтэй гадаад харилцаа, олон улсын байгууллагуудын хүчтэй нөлөөн дор “Идэр” их сургууль орчин цагийн нээлттэй, харьцангуй барууны өнгө аястай соёлын орчныг бүрдүүлж, энэ шинжээрээ Монголын дээд боловсролд өвөрмөц нэгэн өнгө аясыг оруулж ирсэн юм.
Дотоодын дөрвөн удаагийн магадлан итгэмжлэл, Америкт төвтэй олон улсын магадлан итгэмжлэл, 2018, 2019 оны “Best of Mongolia”-ийн шилдэг байгууллага гээд олон олон цол гуншин идэрчүүдийг дагалддаг ч бид 30 жилийн ойн үеэрээ алдраа дурсахад биш, харин ажлаа дүгнэхэд илүү анхаарал хандуулан ойрын болон ирээдүйн хөгжлийн чиг хандлагаа тоймлон хэлэлцэж байна. Тасралтгүй өөрчлөгдөх боловсролын системийн онцлогийг байнга судлан түүнтэй хөл нийлүүлэх, мөн өөрсдийн ирээдүйн эрхэм зорилго, алсын хараагаа үргэлж томоор харж хүсэл мөрөөдөлдөө хүрэхийн тулд бага багаар ч болов ахиж дэвших нь “Идэр”-ээр овоглосон хүн бүрийн хэтийн зорилго байх болно.
Б.Сэлэнгэ
Эх сурвалж: Монголын үнэн сонин №012/24639/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна