СДМЗХ-ны Ерөнхийлөгч, МАН-ын Намын байгуулалтын газрын дарга Б.Пүрэвдагватай ярилцлаа.
-СДМЗХ-ны 28 жилийн ойн босгон дээр уулзаж байгаа учраас хоёулаа үр дүн ярья. Таныг холбооны Ерөнхийлөгчөөр томилогдоод удаагүй байхад Орон нутгийн сонгууль болж өнгөрсөн. Манай уншигчидтай хуваалцах мэдээлэл танд багагүй байгаа болов уу?
-Миний хувьд СДМЗХ-г НАМЗХ нэртэй, Л.Оюун-Эрдэнэ даргыг холбооны Ерөнхийлөгч байх үед буюу 2010 онд Баянгол дүүргийн салбар холбооноос элсэж байлаа. 2013 онд Удирдах зөвлөлийн гишүүнээр, 2019 онд Дэд ерөнхийлөгч, 2020 онд Ерөнхий нарийн бичгийн дарга, 2024 онд Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байна. Манай холбоо 48 мянган гишүүнтэй, 21 аймаг, 330 сум, 204 хороонд салбар холбоотой, үндэсний хэмжээний 28 жилийн түүхтэй залуучуудын байгууллага.
2024 оны есдүгээр сарын 14-нд 48 мянган залуучуудын төлөөлөл болсон 550 төлөөлөгчтэйгөөр Улаанбаатар хотод VII Их хурлаа зохион байгуулсан. Их хурлаар манай зургадугаар үе маань долдугаар үедээ ажлаа шилжүүлж, миний бие нийт төлөөлөгчдийн саналаар СДМЗХ-ны долоо дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсон. Бид Их хурлаараа Дэвшилтэт хөгжлийн стратегиа баталсан. 2024-2028 онд хийгдэх энэ стратеги нь хувь хүний хөгжил, нийгмийн хөгжилд хувь нэмрээ оруулах боломж, олон улсын түншлэл, улс төрийн оролцоо гэсэн үндсэн дөрвөн хэсгээс бүрдэнэ. Дөрвөн үндсэн зорилго дотроо дөрөв дөрвөн зорилттой үндэсний хэмжээний хөтөлбөрөө боловсруулаад стратегиа хэрэгжүүлээд явж байна.
Намайг ажлаа аваад удаагүй байхад Орон нутгийн сонгууль болсон. Манай холбооноос 1054 залуу улс орон даяар шат шатны сонгуульд нэр дэвшсэн. Ингээд бид SDY calling you кампанит ажлыг явуулж, аймаг, орон нутагтаа ажиллаж, амьдарч байгаа залуучуудыг тухайн орон нутгийнхаа манлайлагч болгохын төлөөх хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, Удирдах зөвлөлийн гишүүдээс бүрдсэн баг 21 аймаг, есөн дүүрэгт ажилласан. Энэ ажлын хүрээнд 1054 нэр дэвшигчээс 672 залуу ялалт байгуулсан. Үндсэндээ шат шатны 672 иргэдийн төлөөлөгчтэй болсон гэсэн үг. Бид цаашид залуу төлөөлөгчдөө хөгжүүлэх, орон нутагтаа амьдарч байгаа залуу манлайлагч ямар байх тухайд тодорхой төслүүдийг хэрэгжүүлэх 672 төлөөлөлтэй болсон гэсэн үг. Тун удахгүй зургадугаар сарын 5-6-нд бид холбооноосоо нэр дэвшиж төлөөлөгч болсон залуучуудаа Улаанбаатар хотод авчрах гэж байна.
Германы Фридрих Эбертийн сантай хамтран ард түмнээс сонгогдсон төлөөлөгч ямар ур чадваруудыг эзэмших шаардлагатай болон төлөөлөгч хүний мэдвэл зохих хууль, захиргааны мэдлэгийг эзэмшүүлэх хичээлүүдэд суулгахаар төлөвлөж байна. Мөн холбооны зүгээс 2025 оны хоёрдугаар хагаст хэрэгжүүлэх төслийн guideline буюу даалгаврыг өгөхөөр төлөвлөсөн. Ингээд бид жил жилдээ 672 төлөөлөгчийнхөө хийсэн ажлыг дүгнэх байдлаар ажиллана. Манай 672 залууд өгч байгаа даалгавар нь үндсэндээ залуучуудад чиглэсэн маш тодорхой даалгавруудыг жил жилд нь өгөөд явах юм. Төлөөлөгч залуучууд маань үр дүн гаргахын төлөө ажиллана гэсэн үг. Манай долдугаар үеийнхний гол онцлог бол маш прагматик байхыг, эерэг нөлөөллийг нийгэмдээ авчрахыг хүсэж байгаа. Залуучуудын дуу хоолойг сонсож, тэднийхээ оролцоог хангаж, өөрсдийнхөө асуудлыг өөрсдөө шийдье гэдэг уриатай долдугаар үеийнхэн гарч ирж байна. SDY Mongolia хэд хэдэн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.
Манайд Гишүүнчлэлийн, Жендерийн эрх тэгш байдлын, Хамтын ажиллагааны, Төсөл хөтөлбөр, Гадаад харилцаа, Парламент дахь үйл ажиллагаа хариуцсан зэрэг есөн хороо ажилладаг. Гол анхаарлаа хандуулан ажиллаж байгаа чиглэлийн хувьд гадаад харилцаа. Ажлаа авснаас хойш Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа Элчин сайдын яамд, олон улсын байгууллагуудтай хамтын ажиллагаагаа эхлүүлээд байна. Тухайлбал, орон нутгийн төлөөлөгчид рүү чиглэсэн хөтөлбөрөөс гадна, Герман болон социал демократ үзэл баримтлалтай Ази, Номхон далайн улс орнууд руу залуучуудыг явуулах солилцооны хөтөлбөрийг Фридрих Эбертийн сантай хамтран эхлүүлээд Филиппин, Индонез зэрэг орон руу эхний төлөөлөгчдөө явуулаад байна. БНХАУ-тай мөн хамтарсан төслүүдийг хэрэгжүүлж байна. Хятадын Засгийн газрын тэтгэлгээр болзол хангасан 13 оюутныг ирэх есдүгээр сард хичээлд нь явуулахад бэлэн болоод байна. Мөн ирэх тавдугаар сард 100 залуугийн бүрэлдэхүүнтэй баг БНХАУ-д айлчилна. Дээрээс нь техник технолгийн хөгжлийн чиглэлээр залуучуудад чиглэсэн ажлуудын хүрээнд тавдугаар сарын 8-15-ны хооронд айлчлал хийхээр бэлтгэл ажлаа хангаж байна. Хойд хөрш ОХУ-д хоёрдугаар сарын 16-20-ны хооронд айлчлал хийсэн. Энэ хүрээнд Нэгдсэн орос намын дэргэдэх Молодая Гвард гэж Залуучуудын байгууллагатай хамтран ажиллах санамж бичигт Москва хотноо гарын үсэг зурсан. Энэ үеэр мөн Москва хотод сурч байгаа оюутнуудтайгаа уулзаж, Молодая Гвардын олон найз нартайгаа чуулган зохион байгуулж, залуучуудын асуудлыг хэлэлцсэн. Хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд наймдугаар сарын эхний долоо хоногт ОХУ-ын Молодая Гвардын 50 залууг Улаанбаатар хотод хүлээн авах гэж байна.
Цаашдаа залуучуудын хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд ОХУ-д жилдээ 30 орчим оюутныг сургах талаар хэлэлцээд эхэлсэн байгааг дуулгахад таатай байна. БНСУ-тай хамтын ажиллагааг мөн эхлүүлчихээд байна. Бид дөрвөн үндсэн чиглэлийн хүрээнд хамтарсан ажлын хэсгийг Солонгосын талын залуучуудтайгаа байгуулсан. Боловсрол, ногоон хөгжил, техник технологи, эрүүл мэндийн чиглэлээр хоёр талаас тав таван залуу оролцсон ажлын хэсгийг байгуулсан. Удахгүй бид Сөүл хотод очиж төслүүдийнхээ нарийвчилсан төлөвлөгөөг хамтран хэлэлцэхээр төлөвлөөд байна. Үүнд оюутан солилцооны хөтөлбөр, тэтгэлэг, эко аялал, к-поп болон Монголын залуу уран бүтээлчдийн хамтарсан тоглолтыг зохион байгуулах зэрэг асуудлыг хэлэлцэж байна. Ингээд дараа дараагийн улс орнууд болох Британи, Индонез зэрэг оронтой хамтын ажиллагаа өрнүүлэхээр хэлэлцээр хийж байна.
Дараагийн хөндөх асуудал бол монгол өв соёл, түүхээ дэлгэрүүлэх явдал. Тиймээс жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 132 жилийн ойд зориулан Монголын түүхийн улсын олимпиадыг манай холбоо зохион байгууллаа. Энэ хоёрдугаар сард болсон олимпиадад хүлээлтээс давсан олон хүүхэд оролцсон. Бид анх 300 орчим оролцогчтой байх болов уу гэсэн төсөөлөлтэй байсан бол 21 аймаг, есөн дүүрэг, 330 сумаас 1071 сурагч ирж оролцсон. Залуу үе маань Монголын түүхийг шимтэн сонирхож байгаад туйлын их баярласан. Тиймээс бид олимпиадынхаа хүрээг илүү өргөтгөж жил болгон зохион байгуулахаар төлөвлөөд байна. Мөн 2000 оноос хойш зохион байгуулж байгаа “Алтан сарнай” наадмаа зохион байгуулсан. Мэдээж нийгмийн сэтгэлзүйд тааруулж, форматыг өөрчилсөн. Нийгэмд эерэг нөлөөлөл авчирсан инновацын төслүүдийг шалгаруулдаг наадам болгосон. Монголд төсөл хөтөлбөрүүдийг үнэлж, шалгаруулдаг байгууллага байдаггүй. Тиймээс бид “Алтан сарнай”-гийн форматыг өөрчилснөөр манай шалгаруулалтад эрүүл мэнд, боловсрол, ногоон хөгжил, технологи инновац, тогтвортой хөгжил гэсэн үндсэн таван чиглэлийн хүрээнд 104 төсөл ирсэн. Энэ хүрээнд олон улсын байгууллага болон хувь компани, залуучуудын төрийн бус болон иргэний нийгмийн байгууллагуудын маш гоё төслүүд шалгарсныг дуулгахад таатай байна.
-СДМЗХ энэ оныг “Салбар холбоодын хөгжлийг дэмжих жил” болгон зарласан. Энэ хүрээнд ямар шинэ санаачилга, төлөвлөгөө гаргасан бэ?
-Би VII Их хурлын индэр дээрээс “Ажлынхаа дийлэнх цагийг хөдөө орон нутагт амьдарч байгаа залуучуудын хөгжлийн төлөө зарцуулна” гэдгээ хэлсэн. Тиймээс 2025 ондоо багтаж бүх аймагтаа очиж ажиллахаар төлөвлөөд байна. Одоогийн байдлаар Говьсүмбэр, Дорноговь аймагт SDY calling you арга хэмжээг зохион байгуулж залуучуудтай уулзан, ерөнхий стратеги төлөвлөгөөгөө танилцуулж, залуучуудынхаа дуу хоолойг сонсох ажлыг хийж байна. 21 аймгийг тойрч ажилласныхаа дараа эрэмбэлэгдсэн гурван асуудлыг төр засгийн хэмжээнд шийдвэр гаргуулахын төлөө манай холбоо ажиллах болно.
Залуучуудтай уулзахаас гадна манай Эрүүл мэндийн хорооны эмч нар манай багт хамт явж байгаа. Ингэснээрээ тухайн орон нутагт байрлах цэцэрлэг, сургуулиудын сурагчдыг эрүүл мэндийн үзлэгт хамруулж, зөвлөгөө өгч ажиллаж байгаа юм. Дээрээс нь бид идеалоги руугаа анхаарал хандуулах үүднээс философийн цуврал хэлэлцүүлгүүдийг эхлүүлсэн. Эхнийх нь Германы нэрт сэтгэгч Иммануэл Кантын 300 жилийн ойг Улаанбаатар хотод тэмдэглэж, хэлэлцүүлэг өрнүүлсэн.
Нэг үеэ бодоход залуучууд филисофи, агуулга сонирхдог болжээ. Түүнчлэн бид судалгааны чиглэлээр олон ажлыг эхлүүлээд байна. Аймаг, сумын залуучуудын өмнө хамгийн ихээр тулгамдаж байгаа асуудлыг судалж байна. Судалгааны үр дүн дөрөвдүгээр сарын сүүлийн долоо хоногт гарна. Ингэснээр бид дараагийн аймагт ямар ажил зохион байгуулах шаардлагатай вэ гэдэг нь тодорхой болох юм. Нэр дэвшин сонгогдсон төлөөлөгчдийн дунд мөн судалгааг эхлүүлсэн.
Аймаг орон нутагт ажиллаж байгаа ард түмнээс сонгогдсон төлөөлөгч ямар ур чадварыг эзэмшсэн байх ёстой вэ гэдэг судалгааг явуулж байгаа. Үндсэндээ сэтгэл хөдлөл биш шинжлэх ухаан дээр суурилсан төлөвлөлт, шийдвэрийг гаргахаар манай баг хичээж байна. Орон нутагт байгаа залуучууд дунд боловсролын асуудал яригдаж эхэлж байгаа энэ үед 2024 оны намраас “Lead 100” хөтөлбөрийг Рояал академитай хамтран хэрэгжүүлж байна. Залуучууд бакалавр болон магистрын боловсрол эзэмшихэд боломж олгох тусгай хөтөлбөр юм. Танхимаар 50, онлайнаар 50 хувь хичээллэнэ. Төлбөрийн хувьд тодорхой хэмжээний хөнгөлөлттэй хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Энэ хөтөлбөрийн үр дүнд 100 залуу хоёр жилийн хугацаанд боловсролоо дээшлүүлэх боломж нээгдсэн.
Манай холбооны дэргэдэх SDY академи улс орон даяар 204 сургагч багштай. Залуучуудын хамгийн чухал зүйл бол хөгжил. Цаг алдалгүй хөгжих боломж олгохын тулд манай SDY академи бүс, аймаг, нийслэл, дүүргийн хэмжээнд сургалтуудыг тасралтгүй зохион байгуулдаг. Сар бүр 2-3 удаагийн сургалтыг давтамжтайгаар хийж байна.
SDY санг Удирдах зөвлөлийн гишүүн Б.Цэлмэг удирддаг. Өнгөрсөн хугацаанд бид энэ сангаараа дамжуулаад олон хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Хамгийн эхнийх нь Яармаг дахь Эх, нярайн үндэсний төвийн Эх, нярайн тасгийг сүүлийн үеийн техник тоног төхөөрөмжөөр тохижуулсан. Нярайн эндэгдлийг бууруулахад хамгийн хэрэгтэй тоног төхөөрөмжийг суурилуулж өгсөн.
Мөн Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төвд 320 орчим ам метр талбайг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд хөгжих боломж олгох үүднээс зориулалтын дагуу тохижуулж өгсөн. Аутизмтай хүүхдийн хөгжлийн төвд мөн хоёр танхимыг нь тохижуулж өгсөн. 2025 онд SDY сан боловсрол руу чиглэсэн арга хэмжээнүүдийг хийж эхлэх гэж байна. Улаанбаатарт байгаа хүүхдүүд IELTS, TOEFL-ийн хөтөлбөрүүдэд хамрагдаад зөвлөгөө авах боломжтой байдаг бол хөдөөд тийм боломж алга. Тэгэхээр эхний ээлжид тодорхой тооны сурагчдыг сонгож аваад тэр хүүхдүүдийг мэргэжил сонголтод нь дэмжиж, ултай суурьтай бэлтгээд гадаадад суралцах үүд хаалгыг нь нээдэг хөтөлбөрийг сангаас явуулахаар бэлтгэж байна. SDY Mongolia дэргэдээ SDY junior клубыг мөн байгуулсан. Бид дараа үеэ бэлтгэх ёстой.
Үндсэндээ манай холбоо 35 хүртэлх насны залуучуудад чиглэсэн ажил хийдэг. 35 хүртэлх насны залуучууд дотроо 19-22, 22-29, 29-35 нас гэсэн гурван түвшинд хуваагддаг. Хэдийгээр бүгдээрээ залуу гэдэг малгайн дор нэгдэж байгаа боловч энэ гурван үеийн зорилго, тэмүүлэл нь өөр байдаг. Тэгэхээр бид 29 хүртэлх насны залуучуудаа SDY junior байгууллагадаа нэгтгэж, GenZ үеийн онцлогт тохирсон хөтөлбөрүүдийг эхлүүлсэн. GenZ, Millennial болон бусад үеийнхний ялгаатай онцлогийг гаргах үүднээс чөлөөт арга хэмжээг зохион байгуулж ажилласан. Мөн хоёр долоо хоногийн өмнө Монголбанкан дээр GenZ үеийн банк санхүүгийн салбарт ажиллаж байгаа залуучуудад зориулсан хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Дөрөвдүгээр сарын 4-ний өдөр Дата төв дээр залуу багш нарыг хүлээж авах гэж байна.
Ингэхдээ орчин үеийн багш нар ямар байх ёстой вэ, дээрээс нь туршлагатай багш нар мэдлэг чадвараа хуваалцах боломж олгох юм. Мэдээж дараа дараагийн арга хэмжээнүүд SDY junior дээр хэрэгжээд явна. Манай долдугаар үеийнхэн асуудлыг хэвшмэл байдлаар биш арай өөр арга барилаар шийдэх үүднээс “Сонсголын бэрхшээлтэй нүүдэлчин” төслийг өнгөрсөн намар эхлүүлсэн. Энэ бол баримтат киноны төсөл. Хэнтий, Дорнод, Өвөрхангай аймагт амьдардаг хөгжлийн бэрхшээлтэй таван гэр бүлийг сонгож авсан. Энэ киногоороо бид хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нийгмийн харилцааны ямар асуудлууд тулгардаг вэ, тэдэнд ямар боломжууд байгаа вэ гэдгийг эрэлхийлэх зорилготой. Хоёрдугаарт, уур амьсгалын өөрчлөлт хөдөөгийн малчдад яаж нөлөөлж байгаа вэ гэдгийг гаргаж ирэх, гуравдугаарт нүүдэлчин өв соёлыг дэлхий нийтэд харуулах зорилготой.
Цаашдаа сонсголын болон харааны бэрхшээлтэй хүмүүст зориулан төр засгийн үйлчилгээг мэдэгдэж байдаг тусгай сувгийг нээх ажлыг Засгийн газартай хамтран хэрэгжүүлэхээр бэлтгэж байна. Дохионы хэл болон баррель үсгээр төр засгийн мэдээлэл очиж байдаг сувгийг бий болгохоор Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газартай хамтран ажиллаж байна. Энэ мэтчилэн хаана ямар асуудал байна, тэр асуудлыг шийдье гэсэн арга барилаар ажиллаж байна.
-SDY Mongolia 28 жилийнхээ ойг хэрхэн тэмдэглэх вэ. Үндэсний хэмжээний байгууллагын ой учраас өргөн хүрээнд өрнөх болов уу?
-СДМЗХ-ны 28 жилийн ой удахгүй болох гэж байна. 2027 онд 30 жилийн ой болно. Бид энэ жилээс эхлээд 30 жилийнхээ ойг угтсан ажлуудыг хийгээд эхэлнэ. Ингэхдээ өмнөх зургаан үеийнхэнтэйгээ уулзах дотоод зохион байгуулалтын ажлуудыг хийнэ. Мөн долоон үеийг нэгтгэсэн том холбоог залуучуудад тулгамдаж байгаа хамгийн том асуудалд бүгдийнх нь анхаарлыг чиглүүлэхээр төлөвлөж байна.
Гагцхүү ямар асуудалд төвлөрлөх вэ гэдэг дээр бид ажиллаж байна. Хоёрдугаарт, бид 30 жилээ угтаж 300 залууг сургах хөтөлбөр эхлүүлэх гэж байна. 300 залуугийн 270 нь үндэсний хэмжээний сургуульд, 30 нь гадаадад тэтгэлгээр сурна. Өөрөөр хэлбэл, бид 30 жилийнхээ ойд зориулж дараагийн 300 залуу манлайлагчийг бэлтгэхээр ажиллаж байна.
Манай холбооны стратеги маш тодорхой. Хэн хэндээ ялагч байх. SDY Mongolia залуучууддаа хандаж бодит өгөөжийн төлөө бидэнтэй нэгдэхийг уриалдаг. Манай холбоо залуучуудын дуу хоолойг сонсож, оролцоог хангаж, асуудлыг нь шийдэхийг зорьж ажилладаг. Үндсэндээ 28 жилийн хугацаанд долоо дахь үе энэ холбоог удирдаж байгаа. Бидний чин зорилго бол өөрсдийнхөө асуудлыг өөрсдөө шийдье, прагматик бөгөөд бодитой байя, бодитой байдлыг үүсгэхийн тулд шинжлэх ухаанд тулгуурласан шийдвэрүүдийг гаргая. Өөрсдөдөө байгаа нөөцөөрөө үр дүнгийн төлөө хөтлөлцөөд зүтгэе гэж байгаа юм. Товчхондоо, бид хамтын үнэ цэнийг бүтээхийн төлөө ажиллаж байна. Уншигч залуучууддаа хандаж хэлэхэд, SDY таныг нөхөрлөлд дуудаж байна, SDY таныг оролцоонд дуудаж байна, SDY таныг нийгэмдээ хувь нэмрээ оруулахыг хүсэж, дуудаж байна.
М.Өнөржаргал
Эх сурвалж: Монголын үнэн сонин №012/24639/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна