Эрдоганы улс төрийн цэвэрлэгээ


Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганы гол өрсөлдөгч Экрем Имамоглуг авлига авсан, террорист бүлэглэлд тусалсан хэргээр баривчилсны дараа Турк даяар эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөлөө.  Тус улсад 2013 оноос хойш өргөн хүрээг хамарсан жагсаал болоогүй. Дотоод хэргийн яамны мэдээлснээр өнгөрсөн ням гаргаас хойш мянга гаруй хүнийг саатуулсан байна. Имамоглу 2028 оны Ерөнхийлөгчийн  сонгуульд сөрөг хүчин Бүгд найрамдах Ардын намаас нэр дэвших, хүчтэй өрсөлдөгч гэгдэж байв. Иймд өөрийг нь буруутгасныг улс төрийн зорилготой гэж мэдэгдсэн.  Тэрбээр цагдан хоригдохоосоо өмнө олон нийтийн сүлжээнд “Хэзээ ч бууж өгөхгүй” гэж бичжээ. Туркийн Засгийн газраас жагсагчдыг эвлэлдэн нэгдэх, жагсаал  хийх эрхээ урвуулан ашиглаж, терроризмд хүрсэн хэмээн буруутгасан. Төрийн далбаа, уриа лоозон барьсан иргэд Истанбул хотын захиргааны гадаа цугларчээ.  Экрем Имамоглугийн эхнэр хотын захиргааны гадаа цугласан олонд хандан хэлсэн үгэндээ шударга бус байдалтай нүүр тулснаа дурдсан. “Франс пресс” агентлагийн мэдээлснээр 81 мужийн 55-д нь жагсаал болж, нийт нутаг дэвсгэрийн гуравны хоёроос илүү хувийг хамарлаа. Истанбул хотын дарга Экрем Имамоглуг “Гэмт хэргийн байгууллага удирдсан, хээл хахууль авсан, сүрдүүлсэн, хувийн мэдээллийг хууль бусаар бүртгэсэн, тендер будилаантуулсан" хэргээр өнгөрсөн ням гарагт албан ёсоор баривчилжээ. Албан тушаалаас нь чөлөөлж, шүүх хурал хүртэл цагдан хорих шийдвэр гаргасан. Тэрбээр олон нийтийн мэдээллийн хэрэгслээр  улс төрийн зорилготой баривчилгааг орон даяар эсэргүүцэхийг уриалсан юм. Түүнтэй хамт хотын захиргааны хэд хэдэн  албан тушаалтныг баривчилжээ.  Авлигын хэрэгт холбогдсон 90 гаруй хүн давж заалдах эрхтэй. Сөрөг хүчнийхэн шүүхийн хараат бус байдлыг шаардаж байна.

 

“Истанбулд ялбал Туркт ялна”

 

Имамоглу 2009 онд Истанбул хотын Бейликдузу дүүргийн хорооны даргаар улс төрийн замналаа эхлүүлсэн. Дөрвөн жилийн дараа  хотын сонгуульд ялалт байгуулж дүүргийн Засаг дарга болжээ.  2019 онд Истанбул хотын даргын сонгууль хүртэл тэрбээр олонд танигдаагүй улстөрч байв. Туркийн хамгийн том хотын захирагчаар сонгогджээ. Оршин суугчид түүнийг зөөлөн хандлагатай, хошин шогийн мэдрэмжтэй гэж магтдаг. Энэ нь Туркийн туйлширсан улс төрийн тавцанд өрсөлдөгчөөсөө ялгарах тактик байв. Ингээд 2024 оны орон нутгийн сонгуульд дахин ялж, Режеп Тайип  Эрдоганыг цочирдуулсан. Учир нь “Истанбулд ялбал Туркт ялна” гэсэн улс төрийн хэллэг бий. Улсынхаа худалдаа, аялал жуулчлал, санхүү, эдийн засгийн төв,  85 сая орчим хүн амтай. Мөн Эрдоганы төрж өссөн хот. Эндээс  улс төрийн карьераа эхлүүлж, хотын даргаас Ерөнхий сайд, Ерөнхийлөгч болон дэвшсэн. Тэрбээр эсэргүүцлийн жагсаалын үеэр сөрөг хүчнийхэнд хандан  ард түмнийг талцуулахгүй байхыг хүссэн. Энэ хэргээр халхавчлан 2028 оны Ерөнхийлөгчийн сонгуулийг хугацаанаас нь өмнө товлож магадгүй. Хэрэв парламент  шийдвэр гаргавал Эрдоган гурав дахь удаагаа нэр дэвших эрх үүснэ.

Туркийн ард түмний санал асуулгаар 2017 онд Ерөнхийлөгчийн Бүгд Найрамдах улс болсон. Одоогийн Үндсэн хуульд зааснаар төрийн тэргүүн хоёроос илүүгүй удаа дараалан албан тушаал хаших боломжтой. Эрдоган 2023 онд хоёр дахь таван жилийн хугацаагаа эхлүүлсэн юм. Тухайн үед бүрэн эрхийн хугацаагаа дуусгаад улс төрийг орхино гэж мэдэгдэж байсан. Харин өнөөдрийн нөхцөлд улстөрчийн замналаа үргэлжлүүлэх олон шалтгаан бий. Турк улс эдийн засгийн хямралаас аажмаар гарч эхэлсэн бөгөөд Эрдоганы гадаад бодлогын байр суурь ч ахилаа.  Европын орнууд болон АНУ-тай харилцах харилцаа, ялангуяа Дональд Трамп Цагаан ордонд эргэн ирсний дараа сайжирсан. Бүс нутгийн байдал ч нааштай хөгжиж байна. Сири улсад Ассадын дэглэмийг түлхэн унагаж, Анкарагийн нөлөөг өргөжүүлэх Эрдоганы мөрөөдөл эцэстээ биеллээ. Дотоодын хамгийн ноцтой асуудлын нэг болох террорист халдлага үйлдсэн Курдистаны Ажилчдын намтай эвлэрэлд хүрэх боломж бүрджээ. Тиймээс Эрдоган дахин нэр дэвшихийн тулд хугацаанаас нь өмнө сонгууль зарлах эсвэл Үндсэн хуулиа шинэчлэх шаардлагатай. Ажиглагчид түүнийг 2025 оны намрын чуулганаар Үндсэн хуулийн шинэчлэлийн төслийг парламентад өргөн мэдүүлж, дараа нь бүх нийтийн санал асуулга зохион байгуулна гэж ажиглагчид таамаглаж байсан. Тэгвэл Эрдоган одоо улс төрийн талбараа цэвэрлэхээр шийджээ.  Боломжит сонгогчдын дөрөвний нэг нь Имамоглуг дэмжиж байгаа нийгмийн судалгаагаар тодорхой болсон.

 

АНУ, Европын холбооны орнууд яаран дүгнэсэнгүй

 

Зарим шинжээч Дональд Трамп Цагаан ордонд эргэн ирсэн нь гадаад бодлогын нааштай нөхцөл байдал үүсгэж,  Имамоглуг баривчлах шийдвэр гаргахад нөлөөлсөн үзэж байна. АНУ, Европын холбооны орнууд Эрдоганы үйлдлийг буруушаах гэж яараагүй. Ямартай ч барууны орнууд Туркийг тогтвортой байлгахыг эрмэлздэг. Трамп Евро-Атлантын аюулгүй байдлын талаарх  Вашингтоны амлалтыг эргэн харсан.  Европын холбоо болон НАТО-д Турк улс хэрэгтэй байгаа. Үүнээс гадна Эрдоган ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй хэрхэн ойлголцохоо мэддэг. Сирийн асуудлаар Анкарагийн нөлөө нэмэгдэж байгааг дурдах хэрэгтэй. Эрдоганы АНУ-д хийх айлчлалын тов хараахан зарлагдаагүй ч хэлэлцэх асуудлын жагсаалт гарсан. Анкаратай хамтран ажиллах ашиглах сонирхол Вашингтонд бий. Трамп анхны бүрэн эрхийнхээ хугацаанд Туркийн эсрэг тавьсан хориг арга хэмжээгээ цуцлах, “F-16” сөнөөгч онгоц, “F-35” онгоц худалдах ажлыг хурдасгахаар хэлэлцэж эхлэв.  Агаарын довтолгооноос хамгаалах ОХУ-ын “S-400” системийг худалдан авсан хэмээн АНУ Туркийг “F-35” онгоцны хөтөлбөрөөсөө хассан билээ. Туркийн тал хариу арга хэмжээ авч, АНУ-ын экспортын бүх лиценз, нэвтрэх визийг хориглосон юм. Одоо Вашингтон шийдвэрээсээ буцахыг завдаж байна. Түүнчлэн Анкара, Москва, Бээжингийн цэрэг-техникийн хамтын ажиллагааны  хэтийн төлөв АНУ-ын шүдний өвчин.

Х.Эрдэнэзаяа

Эх сурвалж: Монголын үнэн сонин №012/24639/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Монгол Улсыг хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэл, Засгийн газрын үйл ажил… 13 цагийн өмнө
Дуурийн хатан хаан 17 цагийн өмнө
Доктор Л.Түдэвийн долоон үг... 17 цагийн өмнө
Түүхэн хожлын эзэн “Бишрэлт Металл” 17 цагийн өмнө
​ Ким Жэ Бумаар удирдуулсан БНСУ-ын шигшээ багийн тамирчид Монголд ир… 17 цагийн өмнө
Нийтийн эзэмшлийн талбайг хашаалсан автомашины зогсоолыг чөлөөлөх, ТҮЦ… 17 цагийн өмнө
УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, Г.Тэмүүлэн нар Ерөнхий сайдад асуулга тавила… 17 цагийн өмнө
"Амьдрахуй" постдрамын жүжгийн хаалтын 4-хөн тоглолт үлдлээ 17 цагийн өмнө
Эрх чөлөө хаана байгааг мэдэрсэн хойно л бид жинхэнэ “Хүн” болдог 19 цагийн өмнө
М.Өлзийчимэг: “Өнөр бүл” асрамжийн газарт ирээдүй байх ёсгүй 19 цагийн өмнө
Арена: Серена Уильямс 19 цагийн өмнө
Есөн-Эрдэнийн аялгуу 19 цагийн өмнө
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй 19 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан 19 цагийн өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг хөгжүүлэх үндсэн чиглэл, Засги… 2025/03/28
Цэцийн шийдвэр бүдэрч, түүхэн гэрээ батлагдав 2025/03/28
​ Н.Эрдэнэ: Дэлхийн циркийн №1 алиалагчаас эхлээд гимнастик, акробат… 2025/03/28
Ж.Чинбүрэн: Эмч, өвчтөн хоёрын итгэлцэлд том ан цав үүсгэлээ 2025/03/28
Д.Мөнхтөр: “ХӨГЖИЛ” телевиз Монголын бизнес эрхлэгчдийн найдвартай тү… 2025/03/28
Зүрх, тархи гижигдсэн амтлаг ховс “Самсара” 2025/03/28