Намрын чуулганаар хэлэлцэн батлах 2024 оны мөнгөний бодлого болон улсын төсвийн төсөл сонгуулийн жилийнх мөн иргэд, олон нийтийн саналыг тусган, хэлэлцүүлж буйгаараа онцлогтой. Энэ хүрээнд МУИС-ийн Бизнесийн сургуулийн захирал Н.Батнасантай ярилцлаа.
-Ирэх оны улсын төсвийн төслийг боловсруулж байна. Ингэхдээ иргэд, олон нийтийн саналыг авч, хэлэлцүүлэх гэж буйгаараа онцлогтой. Ингэснээр өмнөх жилүүдийнхээс илүү ил тод, нээлттэй төсөв болж чадах болов уу. Та юу гэж бодож байна вэ?
-Юуны өмнө төсвийг олон нийтээр хэлэлцүүлэх нь сайн, муу хоёр талтай гэдгийг хэлэх нь зүйтэй байх. Энэ зөвхөн төсвийн тухайд ч биш бодлогын бүхий л асуудалд хамааралтай. Төсөв эдийн засгийн ойлголт сайтай, мэргэжлийн хүмүүсийн мэдлэг ур чадвар шаарддаг ажил. Түүнийг олон нийтийн санал бодлыг авч, хэлэлцүүлэх байдлаар хийх нь мэргэжлийн байх зарчмыг нь алдагдуулж, бодлогын үр нөлөөг сулруулах эрсдэлтэй. Нөгөө талаас нь харвал иргэд, олон нийтийн санал бодлыг төсөвт ямар нэгэн хэмжээгээр тусгаж, оролцоог бий болгох ёстой. Ингэж төсвийг ил тод, нээлттэй болгосноор авлига, хээл хахуулийг бууруулах боломжтой.
Ер нь олон улсад төсөв боловсруулдаг хоёр арга бий. Нэг нь, дээрээс төлөвлөх, нөгөөх нь доороосоо боловсруулж, дээш нь өргөн барих. Улс орнуудад гол төлөв аль алиныг нь хамтатган төсвөө боловсруулдаг. Өөрөөр хэлбэл, тухайн хоёр аргыг хоёуланг нь ашигладаг гэсэн үг. Харин манай улсын хувьд дээрээс төлөвлөх аргыг голлон ашиглаж ирсэн. Үүний уршгаар орон нутгаас ирсэн төсвийн санал хэлэлцүүлгийн явцад царайгаа хувиргаж, танихын аргагүй болтол өөрчлөгдөхөд хүрдэг. Ийм л замаар өдийг хүртэл явж ирсэн.
-Ирэх жилийн улсын төсөв сонгуулийн жилийнх гэдгээрээ бас онцлогтой. Тиймээс хөрөнгө оруулалтыг үр ашиггүй зүйлд зарцуулахвий гэсэн болгоомжлол байна. Нийгэм, эдийн засагт үр өгөөжтэй байх зөв, оновчтой, чамбай төсөв боловсруулахын тулд юунд анхаарах ёстой вэ?
-Сонгуулийн жил байх эсэхээс үл хамаарч, жил бүрийн төсвийг эдийн засгийн хөгжлийн бодлогын хүрээнд боловсруулж, тавьсан зорилго зорилтоо хэрэгжүүлэхэд чиглүүлэн, үр ашигтай байхаар зарцуулалтыг төлөвлөх нь чухал. Сонгуулийн жилийн төсөв гээд иргэд, олон нийтээс оноо авах, нэр хүнд олох зорилгоор түүнийг боловсруулах асуудалд хайхрамжгүй хандаж болохгүй. Төсвийг хэрхэн боловсруулах, ямар зарчмаар боловсруулах, олон нийтийн санаа бодлыг тусгах, мэргэжлийн хүмүүсийн өргөн оролцоог бий болгох гэх мэтийн асуудлыг маш нарийн, тодорхой байдлаар тусгаж дүрэм журмаа хатуу тогтоочихвол сонгуулийн жил байх эсэхээс үл хамаарч Монгол Улсын төсвийн бодлого зөв зарчмаараа явна.
Нөгөөтэйгүүр макро эдийн засгийн бодлого зохицуулалтын хоёр том арга хэрэгсэл болох мөнгөний болон төсвийн бодлогууд өөр хоорондоо уялдах ёстой. Гэтэл 2000-аад оноос хойших төсвийн нөхцөл байдлыг харахад төсвийн болон мөнгөний бодлого хоёр хоорондоо уялдаа холбоо сул явж ирлээ.
-Таны бодлоор төсвийн болон мөнгөний бодлогыг хооронд нь уялдуулах гарц шийдэл нь юу байж болох вэ. Ямар зарчим баримтлах ёстой гэж харж байна?
-Манай улсын эдийн засаг ямар нөхцөл байдалд байгааг бүгд ойлгож байгаа. Тиймээс төсвийн зарлагыг аль болох бага хэмжээнд барих хэрэгтэй. Төсөв бол нийтийн мөнгө. Энэ утгаараа аль ч улс оронд төсвийн мөнгөнд үр ашигтай хандах хандлага тааруухан байдаг. Төр болон хувийн хэвшилд байгаа мөнгө хөрөнгөдөө хандах хандлага маш их ялгаатай. Өөрөөр хэлбэл, нэг нь үр ашигтай байдлаар зарцуулдаг бол нөгөөх нь нийтийнх гэдэг утгаараа үр ашиг муутай зарцуулагддаг. Хаана ч, аль ч улс оронд иймэрхүү байдаг. Төсвийг тэлснээр хувийн хэвшилд үлдэх орлого буурна. Хувийн компани, аж ахуйн нэгжүүдийн орлого, ашиг буурахын хэрээр хөрөнгө оруулалт буурдаг. Тэгэхээр улсын эдийн засаг зогсолтгүй урагшлахын тулд мөнгө зардаг бус олдог хэсэг нь арай том байх ёстой. Өөрөөр хэлбэл, хувийн секторт үлдэж буй хэсэг нь том байснаар улс орон хөгждөг. Тэгэхээр бид төсвийг их тэлж болохгүй. Тодорхой хязгаарт оруулж барих хэрэгтэй.
Нөгөө талаас Төв банк сүүлийн жилүүдэд нэлээд мөнгөний хатуу бодлого баримталж байгаа. Төв банкны бодлогын хүү, арилжааны зээлийн хүүгийн аль аль нь өндөр байна. Төсвийг хэт тэлбэл мөнгөний нийлүүлэлт өсөж, мөнгөний бодлогыг үр дүнгүй болгоно. Засгийн газрын төсвийн бодлого, Төв банкны мөнгөний бодлого хоёр хоорондоо хүчээ үзэж болохгүй, нэг чиглэлд байх ёстой.
-Монгол Улс аль салбартаа хөрөнгө оруулалт их хэмжээгээр хийж байж эргээд түүний үр ашиг нь хүнд, нийгэм, эдийн засагтаа нөлөөлөх вэ?
-Манай улс урт хугацааны хөгжлийн бодлоготой шүү дээ. Үүнд тусгасан зорилго зорилтоо хэрэгжүүлэхийн тулд шаардлагатай хөрөнгө оруулалтаа жил жилийн улсын төсөвтөө суулгах хэрэгтэй. Хөгжлийн бодлогод тусгаагүй зориулалтын бус зүйлд төсвөө битгий зарцуулаасай л гэж хүсэх байна. Улсын төсвийн орлогыг харахаар аж ахуйн нэгж, хүн амын орлогын албан татвар, нэмэгдсэн өртгийн албан татвар, гаалийн татвар гэх мэт олон эх үүсвэрээс бүрддэг. Ерөнхийдөө төсвийн орлогын дийлэнх хэсгийг уул уурхайгаас олох орлого эзэлдэг гэдгийг бүгдээрээ л мэдэж байгаа.
Миний бодлоор манай улсын эдийн засгийн нөхцөл байдал хүндхэн, гадаад дотоодын өр ширнээсээ бүрэн салж чадахгүй байдалтай олон жил явж байгаагийн цаад үндсэн гол шалтгаан нь түрүүнд хэлсэнчлэн мөнгө олдог, зардаг хэсгийн тэнцвэрт харьцааг алагдуулсантай холбоотой. Жишээлбэл, манай улс сүүлийн 15 жилийн хугацаанд 4000 км автозам барьсан, олон мянган өрх орон сууцтай болсон. Эдгээр бүтээн байгуулалт нь урт хугацаандаа ашиглалтын зардал шаардаж, элэгдэхээс бус оруулах орлогын хэмжээ нь харьцангуй бага. Харин нөгөө тал буюу орлого олдог хэсэг болох аж үйлдвэрийн салбар, хөдөө аж ахуйн салбарт оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээ бага байна. Манай улсын эдийн засагт олж буй хэсэг нь бага, зарж байгаа хэсэг нь их хувийг эзэлж байгаа учраас дотоодын нөөц боломжоо шавхаж улмаар гаднаас зээл авч явсаар өдий хүрч ирсэн. Тийм учраас энэ бодлого, арга барил, системээ өөрчлөх ёстой. Өөрөөр хэлбэл, ажлын байр шинээр бий болгох, нэмэгдүүлэх салбар руу хөрөнгө оруулалтаа чиглүүлэх хэрэгтэй. Ингэснээр эргээд нийгэм, эдийн засагт хуримтлагдсан олон асуудлыг шийднэ. Хот хөдөөд хөрөнгө оруулалт ялгаатай байгаагаас хот хэт тэлэх, хөдөө эзгүйрэх үйл явц өрнөж байна. Төр зах зээлийн иймэрхүү гажуудлыг засах ёстой.
-Тухайлбал, ямар асуудлыг засах ёстой гэж үзэж байна вэ?
-Жишээлбэл, сүүлийн 30 жилд орон нутагт хийсэн хөрөнгө оруулалт маш бага. Орон нутгийн хөгжлийг хэрхэн яаж дэмжих вэ гэдэгт бодлогоор анхаарахгүй бол Улаанбаатар хотод төвлөрөл бий болж, бүгдээрээ хотод амьдарч, орон нутаг эзгүйрэхэд ойрхон байна. Жишээ нь, ямаа амьжиргааных нь гол эх үүсвэр болж байдаг Баянхонгорын ноолуурыг Улаанбаатар хот руу зөөгөөд байвал тэнд байгаа хүмүүс юу хийж, яаж амьдрах билээ? Тэгэхээр орон нутагт аль салбарыг, ямар чиглэлийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх вэ гэдэгтээ анхаарч, түүнийгээ татвараас чөлөөлөх гэх мэтээр дэмжих хэрэгтэй. Ингэж бодлогоор дэмжиж чадвал хөрөнгө оруулалт орон нутаг руу чиглэх магадлал өндөр шүү дээ. Энэ мэт хөрөнгө оруулалт татах, ажлын байр нэмэгдэх шинэ шийдэл, арга барилыг эрэлхийлэхгүй бол хуучин аргаараа мугуйдлан зүтгээд байж болохооргүй цаг үе тулж ирээд байна.
-Манай улсын зээлийн хүү хэтэрхий өндөр байхад гол нөлөөлж буй хүчин зүйл, шалтгааныг хэрхэн харж байна вэ?
-Сүүлийн жилүүдэд инфляцын түвшин нэлээд өндөр хэмжээнд байна. Энэ нь юунаас болоод байна вэ гэхээр мөнгөний нийлүүлэлт нэмэгдэж, валютын нөөц хомстож буйтай зарим талаараа холбоотой. Зээлийн хүү өндөр байгаагаас хөрөнгө оруулалтын хэмжээ бага байгаа, зах зээл дэх барааны нийлүүлэлт өсөхгүй байна. Арилжааны банкнаас олгож буй зээлийн хүү нь инфляц, банкны үйл ажиллагааны зардал, ашиг гэсэн гурван үндсэн хэсгээс бүрддэг. Өөрөөр хэлбэл, тэдгээрийг харгалзан үзэж байж хүүг тогтоодог гэсэн үг. Одоо хүү бол дунджаар 13 хувьтай байгаа. Үүний найм орчим хувь нь инфляц, дөрвөн хувь нь банкны үйл ажиллагааны зардал, нэг хувь нь банкны салбарын ашиг. 13 хувийн хүү гэдэг бол нэлээд өндөр хүү шүү дээ. Хүү ийм өндөр байхад хөрөнгө оруулалт хийгээд ашиг олж чадахгүй. Хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж, эдийн засгаа хөгжүүлж, зах зээл дэх бараа үйлчилгээний нийлүүлэлтийг нэмэгдүүлбээс инфляц буурч, түүнийг дагаж зээлийн хүү буурна. Зээлийн хүү буурч байж зээлийн эрэлт нэмэгдэнэ. Иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд бага хүүтэй зээл авч байж үр ашигтай хөрөнгө оруулалт хийж чадна. Харин өндөр хүүтэй зээл авсан аж ахуйн нэгж ашигтай ажиллах боломж хомс, буцаагаад зээлээ төлөх магадлал бага байдаг.
Засгийн газраас төсвөө хэт тэлж, зардлаа нэмэгдүүлснээр зах зээл дэх худалдан авах эрэлтийг нэмэгдүүлж, үнийн хөөсрөлийг бий болгох эрсдэлтэй. Төрийн албан хаагчдын цалин хөлс, нийгмийн халамжид зарцуулах мөнгийг нэмэгдүүлээд байвал үүнийг дагаж зах зээл дэх мөнгөний нийлүүлэлт өснө.
Сүүлийн жилүүдэд манайд төсвийн бодлого, мөнгөний бодлого хоёр хоорондоо хүчээ үзсэн байдалтай явж байна. Тиймээс энэ хоёр бодлогын зөрчлийг багасгаж, хооронд нь уялдуулах арга хэмжээ авах ёстой. Мөнгөний бодлого нь аль болох зах зээл дэх мөнгөний нийлүүлэлтийг хумих хатуу зарчим руу явж, нөгөө талдаа төсвийн бодлого нь тэлэх байдалтай байж болохгүй.
-Инфляцыг тогтворжуулахын тулд яах ёстой вэ?
-Мөнгөний нийлүүлэлтийг тодорхой хэмжээнд хязгаарлах. Зах зээл дээрх мөнгийг банкны сектор руу татаж оруулбал инфляц тогтворжино. Жишээлбэл, 13 хувьтай байгаа бодлогын хүүг өсгөж байж инфляцыг сааруулах боломжтой. Үүнийг дагаж гарах эрсдэл нь хэтэрхий өндөр хүүгээр хадгаламж татвал нөгөө талд гарах зээлүүд мөн тийм хэмжээний хүүтэй болно гэсэн үг. Зах зээл дэх мөнгөний эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэрийг зүй зохистой хэмжээнд барих нь чухал. Түүнчлэн валютын эх үүсвэрийг нэмэгдүүлэх нь чухал шийдэл байж болно. Үүний тулд экспортоо тэлэх бодлого хэрэгжүүлэх аль эсвэл гаднын банк оруулж ирэх. Ийм л хувилбарууд байна.
-Сүүлийн жилүүдэд нэлээд ярьж буй гаднаас банк оруулж ирэх асуудал хэр зөв шийдэл вэ. Манай улсын нийгэм, эдийн засагт ямар ач холбогдолтой байх бол?
-Манай улсын хувьд зээлийн хүүг бууруулах, хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх, эдийн засгийн өсөлтийг бий болгох зэрэг нь аминд тулсан чухал асуудал. Гаднаас зээл авах гэхээр өрийн тааз нэлээд өндөр байгаа. Үүнээс гадна гаднаас авсан томоохон зээлийн эргэн төлөлтийг хийж эхэлсэн. Ирэх 2024 болон 2025 онд өндөр хэмжээний төлбөр тооцоо хийхээр байгаа шүү дээ. Авууштай нь, манай улсын гол орлогыг бүрдүүлдэг уул уурхайн бүтээгдэхүүний үнэ ханш олон улсын зах зээл дээр өндөр, борлуулалт сайтай байна. Гэхдээ ирэх жил тухайн бүтээгдэхүүний үнэ ханш ямар байхыг хэн ч хэлж мэдэхгүй. Нөхцөл байдал яаж ч эргэж магадгүй. Хятад улсын эдийн засгийн өсөлт удаашрах хандлага ажиглагдаж байна. Үүнийг дагаад нүүрсний борлуулалт ч буурч магадгүй. Гэхдээ энэ бол ердөө таамаг төдий зүйл. Энэ жилийнхээс ч илүү үнэд хүрч, эрэлт ихтэй байхыг ч үгүйсгэхгүй.
Эдийн засгийг жингийн туухайтай зүйрлэе. Туухайн нэг талд нь төгрөг, нөгөө талд төгрөгөөр худалдаж авдаг бараа болон валют байдаг гэж төсөөлье. Туухайн нэг талд зах зээлд нийлүүлж мөнгөний нийлүүлэлт их байгаа учраас инфляц өндөр хэмжээнд байна. Тэгэхээр жингийн туухайг тэнцвэржүүлэхийн тулд туухайн нөгөө талд байдаг зүйлсийг нэмэгдүүлэх ёстой. Барааны нийлүүлэлтийг шууд нэмэгдүүлэхэд төвөгтэй тул мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлж болох юм. Үүний тулд зээл авах эсвэл гаднын банк оруулж ирэх хоёр хувилбарын аль нэгийг ашиглахаас өөр аргагүй. Манай улсын хувьд энэхүү асуудлыг шийдэх хамгийн боломжит хувилбар бол гаднын банк оруулж ирэх гэж харж байна.
-Гаднын банк оруулж ирэхэд ямар эрсдэл үүсэх магадлалтай вэ. Үүсэж болзошгүй эрсдэлээс урьдчилах сэргийлэх тухайд ямар тооцоолол байна вэ?
-Болгоомжлох асуудал нь эдийн засгийн аюулгүй байдал. Үүнд тусгай, нарийн зохицуулалт хэрэгтэй. Ялангуяа том улс орнуудын төрийн банк орж ирвэл яах вэ гэдэг асуудал бий. Энэ бол хамгийн том болгоомжлох зүйл. Миний хувьд гаднын банк оруулж ирэхийг дэмждэг. Яагаад гэвэл, Монгол Улс хөрөнгө оруулалтын орчин нөхцөлөө сайжруулах хэрэгтэй. Хувийн хэвшил, аж ахуйн нэгжүүд тодорхой хэмжээний санхүүжилтийн хямд эх үүсвэртэй болох ёстой. Гэхдээ үүнд тусгай шалгуур тавих хэрэгтэй. Монголын арилжааны банкуудтай өрсөлдөж, жижиглэнгийн зах зээл дээр хүч үзээд байвал манай улсын банк, санхүүгийн байгууллагад эрсдэлтэй. Хуучин Зүүн Европын социалист орнуудын дийлэнх нь өөрийн гэсэн банкгүй болсон. Ямар ч хяналт, зохицуулалтгүйгээр гаднын банк оруулж ирснээс болж ийм асуудал үүссэн. Тиймээс улсын эсвэл хувийнх гээд ямар төрлийн банк байх вэ? Хэмжээ нь том, жижиг байх уу? Ямар хэлбэрээр үйл ажиллагаа явуулах вэ? Монголын банкуудын хувьцааг худалдаж авах байдлаар оруулах уу эсвэл шинэ банк байгуулах замаар оруулах уу? гэх мэт олон асуудал бий. Шинэ банк байгуулах хэлбэрээр оруулж ирвэл түүнд хэрэглээний зээл олгох асуудалд нь тодорхой хязгаарлалт хийж, зохицуулж болох юм. Бусад улс орны туршлага бий. Тухайлбал, Хятад улс гаднын банкийг хэдхэн жилийн өмнөөс оруулсан. Ингэхдээ эхний ээлжид арван хотод туршиж үзээд үр өгөөжтэй байсан тул дахиад 100 хотод гадаадын банк байгуулах зам руу явж байна.
-Манай улсын хувьд ямар төрлийн зээл олгодог банкийг оруулж ирэх нь ашигтай гэж харж байна вэ?
-Монгол Улсад хөрөнгө оруулалтын зээлийн эх үүсвэр дутмаг байгаа тул энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулах банкийг оруулж ирэх нь ашигтай байх болов уу.
С.Юмсүрэн
Эх сурвалж: Монголын үнэн сонин №035/24566/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна