Их говийг сэрээж ган царил хангинана


Нэгэн цагт царцаан царгиа, голион жиргээнээс өөр чимээ аниргүй нам гүм нойрсож асан говь зүүрмэглэн долгилох зэрэглээн дундаасаа сэрж өндийжээ. Хараа цуцам их талыг туучиж одсон Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замаар түчигнэн одох таваарын галт тэрэгний чимээг анирдан сууна би. Энэ зам их говийн гүн рүү хөгжлийг түүчээлэх бөгөөд эх орны торгон хилийн багана тулаад зогсоно. Сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд Монгол Улсад хийсэн хамгийн том бүтээн байгуулалт бол энэ. Бид бүх хүч боломжоо дайчлан инженер, техникчидээ бэлтгэж, хөрөнгө хүчээ гарган бүтээн, босгож, барьж байгуулсан юм. Чаддагаа дэлхийд гайхуулан хашхирсан "Монгол бахархал". Энэ бол эхлэл.

“Тавантолгой-Гашуунсухайт” чиглэлийн 220 километр төмөр замыг барьж байгуулах төслийг “Бодь” групп удирдаж, үндэсний 500 гаруй компани гүйцэтгэв. Орчин үеийн чанарын стандарт, техникийн норматив гүйцэтгэлтэй эдгээр 500 гаруй компани Монголын түүхэнд алтан үсгээр тэмдэглэгдэн үлдэх гавьяатай хэмээн бодно. Тэрбум, их наядаар нь зооглогсдын хөлс энд дуслаагүй ч эдгээр эгэл жирийн бүтээлч залуусын хүч хөдөлмөр шингэсэн бүтээн байгуулалт учраас монголчууд бахархахгүй байх аргагүй юм. 

Цахим ертөнцөөр дүүрэн “эх орончид” хоол гуйсан ангаахай шиг шар жавьжит амаараа төр засгаас мөнгө нэхэн агсарч байхад жинхэнэ баялаг бүтээгчид, хөдөлмөрчид эх орныхоо хөгжил, цэцэглэлтэд итгэн үг дуугүй, чив чимээгүй ажил үүргээ гүйцэтгэн хөдөлмөрлөж бүтээсээр. Тэдний тавьсан зам Монгол Улсын эдийн засагт хувь нэмрээ оруулж эхлээд байна. Ямар вэ дээ.

 Монгол бахархлыг бүтээв

Хийе, бүтээе гэвэл бид чаддаг юм гэдгийг үлгэрлэн харуулсан эдгээр 500 гаруй компанийн нэг "Ганбүрд" ХХК-ийг “Монголын үнэн” сонин энэ удаагийнхаа "Монгол бахархал"-аар нэрлэж байна.  Тус компанийг онцлохоос ч аргагүй. Учир юу гэвэл монголчууд өөрс­дийн хүчээр тавьсан Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн төмөр замын аварга төсөлд “Ганбүрд” ХХК гүүрэн байгууламж, нүхэн гарц барьж, байгуулах гэрээтэй оролцжээ. Анх удаа монголчууд өөрсдөө технологийн шийдлээ гаргаж, техник, эдийн засгийн үзүүлэлтээ боловсруулж, монгол инженерүүдийнхээ ур ухаанд түшиглэн босгосон гүүрэн бай­гууламж, нүхэн гарцууд. Энэ утгаараа "Ганбүрд" ХХК салбартаа  анхдагчдын нэг болсон юм.

Хэдийгээр энэ төслөөр 200 гаруй метр нүхэн гарц, гүүрэн байгууламж барьж байгуулсан ч асар их туршлага, мэдлэг, өөрсдийн хүч чадалд итгэх итгэл олж авснаа "Ганбүрд" ХХК-ийн захирал Д.Доржнямбуу хүүрнэж сууна. Энэ туршлагаараа дараагийн ажил болох Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын ачиж буулгах терминалыг барих тендерт оролцож ялалт байгуулжээ.

Тэгээс нэг рүү

Олон улсын эрх зүйч мэргэжлээр "Отгонтэнгэр" дээд сургуулийг дүүргэсэн  Д.Доржнямбуу захи­рал "Ганбүрд" ХХК-ийг 2008 онд "Өндөрхайрхандулаан" нэртэйгээр анх байгуулжээ. Компьютер худалдааны чиглэлээр эхэлсэн бизнесээ хөгжүүлэх зуур эзэмшсэн мэргэжлээрээ ажиллаж байв. Ингээд 2010 онд ажлаасаа гарч компаниа хөл дээр нь бат зогсоохоор сэтгэл шулуудан ажиллаж эхэллээ. Юун түрүүнд дүүгийнхээ зөвлөснөөр барилга барих, засвар үйлчилгээ хийх тусгай зөвшөөрлийг 2011 онд авав. Д.Доржнямбуу захирлын хаалгачаас эхлээд захирлын алба хүртэл хийх цаг наргүй ажлын хуваарь ингэж гарчээ. Хөдөлмөрийн зах зээлд хөл тавиад удаагүй компани олдсон болгоныг л хийж явлаа. Голдуу л хөдөөгүүр барилгын дээвэр, дотоод засал зэрэг бусад компанийн хийгээгүй ажлыг бага гэж голохгүй чанарын өндөр түвшинд гүйцэтгэж явсан нь захиалагч нарын анхааралд өртөв.

Энэ хамт олны анхны бүтээн байгуулалт Д.Доржнямбуу захирлын төрсөн  нутаг Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын 35 сая төгрөгийн үнийн дүнтэй халуун усны барилга байлаа. Тендерт орж ялснаар хамт олны бүтээн байгуулалтын гараа эхэлжээ. "Бид дандаа л тендерт орж захиалга авч байлаа. Бизнесийн сайн түүхтэй болох нь бидний гол зорилго байсан юм" гэж Д.Доржнямбуу захирал тэр үеэ дурсаж байна. 

Аливаа ажлыг голохгүйгээр чин сэтгэлээсээ хийж сурна гэдэг хувь хүний соёл. Гэхдээ хувь хүний соёлоор компани удирдвал жижиг компани чигээрээ л үлдэнэ. Алсыг харж ирээдүйнхээ төлөвлөгөөг арав, арван жилээр төлөвлөж явдаг түүнд компанийнхаа соёлыг бий болгох том зорилго тавьсан нь тэгээс нэг рүү дэвших өндөр босго давлаа л гэсэн үг байж. Өөрөөр хэлбэл, оргүйгээс ирээдүйгээ цогцлоох эхлэл.

Нүүрс тээврээс олсон хамгийн том олз

"Өндөрхайрхандулаан" компа­нийн барилга, засал чимэглэлийн ажил урагшилж, хэд хэдэн ба­рилга ч сүндэрлүүлээд  авлаа. Ингээд бизнесээ өргөжүүлж, салбарлуулах, санхүүгийн чадамжаа сайжруулахаар 2015 онд нүүрс тээврийн салбарт оржээ. 

Монгол Улс Дорноговь аймгийн Ханги Мандалын боомтоор БНХАУ руу нүүрс тээвэрлэж эхлээд хөлтэй болгон хөлхөж байсан цаг. Анх арван хэдэн машинтай эхэлсэн тээвэр нь өргөжин хятад түншүүдтэй ч болж 20 гаруй машин явуулдаг жижгэвтэр баазтай  болжээ. "Тэр жил Ерөнхийлөгчийн сонгууль болж байлаа. Ерөнхийлөгчид нэр дэвшигчид ирж боомтын үйл ажиллагаатай танилцаад өргөжиж, хөгжих ёстой гэж ярьцгаасан. Түүний дагуу ч болсон уу боомтын үйл ажиллагаа сэргэж овоо болж ирснээ сонгуулийн дараа унтарч эхэлсэн дээ" гэж Д.Доржнямбуу захирал инээвхийлэн хүүрнээд “Боомтын үйл ажиллагаа саар­магжиж эхлэхэд “Би эндээс юу олов” гэж бодсон. “Миний олсон хамгийн том олз бол бизнес хийх соёлд суралцсан явдал байсан юм даа” хэмээж билээ.

 Бүтэн жил тээвэр хийсэн түүнээс үеэл ах нь нэг удаа “Чиний машин эндээс хил даваад эргэж ирэхдээ хэдэн литр түлш хэрэглэж байна, ковш хэдэн удаагийн хутгалтаар тэвшийг чинь дүүргэж байгааг чи мэдэх үү” гэж асуужээ. Үнэндээ түүнд хэлэх үг байгаагүй гэдэг. Гэхдээ бизнес хийнэ гэдэг санасан болгон барьж аваад хийдэг ажил биш юм байна гэдэг ухаарлыг авчээ. Ахынхаа компанид очиж үзээд цэгцтэй бодлого, эмх замбараатай төлөвлөлт, нягт нямбай, аж ахуйч соёлыг олж харав. 

Хүн болгон л нүүрс тээврээс мөнгө олж, амархан баяжих мөрөөдөлтэй тийшээ очиж байхад Д.Доржнямбуу захирал мөнгө олохоосоо өмнө бизнес хийх соёлд суралцах ёстой гэдэг маш том менталиттэй болоод иржээ. Мөнгөөр үнэлэхгүй ёс зүй.  Нягтлан бүртгэл, компанийн ёс зүй гэдэг юунд хэрэгтэй юм бэ гэдгийг ухаарсан, ойлгосон гэдэг.

Ченжийн сэтгэлгээгээр компани удирдахгүй

Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн төмөр замын төсөлд ажилласан туршлагадаа үндэслэн Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төсөлд орох саналаа хүргүүлж шалгарсан тухай дээр өгүүлсэн. Бизнесмэний хувьд өөртөө итгэх итгэл, компанийн соёлтой болж нутгийн хоёр хайрхныхаа нэрийг эрхэмлэн өгсөн компанийнхаа нэрийг сольж “Ганбүрд” ХХК болгов. Үндсэндээ бодлого, эрхэмлэх үнэт зүйл, ажлын зарчмууддаа бүрэн апдэйт хийжээ гэж ойлгогдохоор. Д.Доржнямбуу захиралтай ярилцаж суухад “Компани удирдахад зөвхөн мөнгө олох арга замыг эрэлхийлдэггүй юм. 

Хүнтэй ажиллах, ажилчдынхаа нийгмийн асуудлыг мэддэг, компанийн өмнө тулгарч буй асуудлыг шийдвэрлэж алсыг харж шийдвэр гаргах нь чухал юм билээ. Ченжийн сэтгэлгээгээр компани удирдвал бид хэзээ ч урагш ахихгүй" гэдэг түүний үг үнэхээр анхаарал татаж байлаа. “Ганбүрд” ХХК одоогоор Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төсөлд шилжүүлэн ачих терминалийг барих ажлаар оролцож байгаа юм.  Гашуунсухайт боомтын энэ терминал ашиглалтад орсноор эдийн засагт үзүүлэх тооцоо судалгааг нь би мэдэхгүй юм. Шилжүүлэн ачих терминалыг хариуцаж байгаа ажилтнуудын өгүүлснээр одоогийн таваар татан авалт хоёр дахин нэмэгдэнэ. 

Энэ төсөлд “Ганбүрд” ХХК орол­цохдоо мөн л шинийг эрэлхийлэн, санаачилж анх удаа говийн нөхцөлд бетон зуурмаг үйлдвэрлэх, говийн хэт халуун, хуурай цаг уурын нөхцөлд тохирсон бетон цутгалтын технологийг цоо шинээр бий болгон туршлагажиж байгааг онцлох нь зүйтэй.

 Шилжүүлэн ачих терминалын нийт талбайн хэмжээ нь 985; 64 метр бөгөөд 50 сантиметр зузаантай. Цементээр бэхжүүлсэн хөрсөн суурь нь 20 сантиметр зузаан. (Шахалтын бат бэхийн үзүүлэлт b 3=75 MPa) Үүний дээр хучилтын үе орж ирэх бөгөөд төмөр бетон талбай нь 30 сантиметр зузаан тавигджээ. (шахалтын бат бэх нь b=50MPa) Шилжүүлэн ачих терминалын гулзайлтын бат бэх чанар стандартаа хангасан үзүүлэлттэй ажил урагшилж байна. Одоогийн байдлаар тус терминалын ажлын гүйцэтгэл 70 хувьтай явж байна.

Хөгжилд итгэсэн залуус

Гашуунсухайт боомтын шилжүү­лэн ачих терминалын ажлыг “Ган­бүрд” ХХК-ийн менежер Ө.Баясгалан, М.Ганбат нар гардан удирдаж, Д.Батзаяа, Б.Мягмарнаран тэргүүтэй  инженерүүд барилга хариуцаж, замын инженерээр Б.Баяртогтох, гүүрийн инженерээр Б.Эрдэнэт-Од, геодез инженерээр Н.Амарбаясгалан, бетоны чанар стандартыг хангах ажиллагаанд Д.Амарбат, Э.Болд-Эрдэнэ нарын инженер хяналт тавин ажиллаж байгаа юм. “Ганбүрд” ХХК-д ажиллаж буй 120 гаруй ажилчин, оператор, инженер бүгд л 25-30-аад насны шижигнэсэн залуус байна. Залуусын хөдөлмөр хамгааллын аюулгүй байдлыг сахин хамгаалах заавар зөвлөгөөг Г.Сүхболд өгч ажиллана. 

Энд залуусын “Өндөр ээж” болсон нэг бүсгүй бий. Компанийн жасын нярваар ажилладаг Г.Энхжаргал бүсгүй үнэхээрийн “Өндөр ээж”-ийн сэтгэлээр залуусыг халамжлах аж. Гүүрийн инженер Б.Эрдэнэт-Одтой ярилцаж байхад "Манай Д.Доржнямбуу захирал залуустай ажиллах дуртай. Залуусыг удирдах албан тушаал, шийдвэр гаргах түвшинд ажиллуулахдаа огтхон ч эргэлздэггүй” хэмээв. Б.Эрдэнэт-Од гэргий, инженер Г.Ариунболортойгоо гэр бүлээрээ энд ажиллаж амьдралын гараагаа тавьж буй залуус. Гайхалтай байгаа биз. Дээр өгүүлсэнчлэн эх орныхоо хөгжил цэцэглэлтэд залуус итгэж, хувь нэмрээ оруулахаар хичээн зүтгэж байгааг “Ганбүрд” ХХК-ийн хамт олноор жишээ авч харуулахыг хүслээ.

Их говийн гүнд, эх орны торгон хилийг дэрлэн байшин барилга сүндэрлэн босож, хүчит техник, хүрз, царилын хангинаан үл тасарна. Энэ бол Монголын сэргэлт, ирээдүйг дуулан буй хөгжлийн дуу юм.

Монголд цор ганц байдаг терминал цутгуурын Comako аварга механизм



Трамп Төмөрөө

Эх сурвалж: Монголын үнэн сонин №036/24567/


0
angry
4
care
0
haha
9
liked
6
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.126.89.94
2023/10/02
0
0
Мундаг хамт олон шүү ❤️
Хариулах
Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 17 цагийн өмнө
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 20 цагийн өмнө
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 20 цагийн өмнө
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 20 цагийн өмнө
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 20 цагийн өмнө
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 21 цагийн өмнө
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 21 цагийн өмнө
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 21 цагийн өмнө
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 22 цагийн өмнө
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 22 цагийн өмнө
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 22 цагийн өмнө
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 22 цагийн өмнө
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 22 цагийн өмнө
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 22 цагийн өмнө
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 22 цагийн өмнө
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 22 цагийн өмнө
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 22 цагийн өмнө
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 22 цагийн өмнө
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 23 цагийн өмнө
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 23 цагийн өмнө