-Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоог бэхжүүлэх хүрээнд мэргэшсэн үнэлгээчдийг бэлтгэж байна-
Монгол Улсад мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоог бэхжүүлэхэд ямар ахиц дэвшил гарч байгаа талаар Монголбанкнаас өнгөрсөн лхагва гарагт сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Олон улсын санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-аас манай улсад 2017 онд харилцан үнэлгээ хийсэн байдаг. Уг үнэлгээний дүнгээс шалтгаалан 2019 онд Монгол Улсыг “Саарал жагсаалт”-д оруулсан билээ. Тухайн улсын мөнгө угаахтай тэмцэх тогтолцоо хангалтгүй байх нь эдийн засаг, санхүүгийн салбарт сөргөөр нөлөөлдөг. Ингэснээр гадаад төлбөр тооцоо, олон улсын шилжүүлэг удааширч, зардал нэмэгдэхээс гадна макро эдийн засгийн үзүүлэлтүүдэд сөргөөр нөлөөлдөг. Мөн гадаадын хөрөнгө оруулалтыг сааруулдаг.
Харин манай холбогдох төрийн байгууллагуудын хамтарсан үндэсний зөвлөл, хамтын ажиллагааны зөвлөл ажиллаж, зөвлөмжийн дагуу тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлсний үр дүнд Монгол Улс ФАТФ-ын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийн дутагдалтай улс орнуудын жагсаалт буюу “Саарал жагсаалт”-аас 2020 онд гарсан. Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэхтэй тэмцэх олон улсын стандарт болох ФАТФ-аас гаргасан 40 зөвлөмжийг хэрэгжүүлж ажиллах үүрэг хүлээдэг. Улмаар Ази, Номхон далайн мөнгө угаахтай тэмцэх бүлгээс өнгөрсөн долдугаар сард Монгол Улсыг ФАТФ-ын 40 зөвлөмжийг бүрэн биелүүлснийг мэдэгджээ.
Ингэснээр Монгол Улс ФАТФ-ын 40 зөвлөмжийг бүрэн биелүүлсэн Азидаа анхны, дэлхийн тав дахь орон болж байгаа аж.
Энэ талаар Монголбанкны Санхүүгийн мэдээллийн албаны дарга Б.Батбаатартай ярилцлаа.
-Манай улс ФАТФ-ын 40 зөвлөмжийг бүрэн биелүүлсний давуу тал юу вэ?
-ФАТФ-ын 40 зөвлөмжийг бүрэн хангасан үнэлгээ авсан нь Монгол Улсын эрх зүйн орчныг бий болгон холбогдох шаардлагыг хууль тогтоомжид тусгаж, зохицуулалтыг боловсронгуй болгосныг олон улсаас баталгаажуулж байгаа юм.
Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх нь улс орнуудын эдийн засаг, санхүүгийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлж буй дэлхий нийтийг хамарсан асуудал. Үүнтэй тэмцэх зорилгоор ФАТФ-аас гаргасан 40 зөвлөмжийг мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэхтэй тэмцэх олон улсын стандарт гэж ойлгож болно. Энэхүү стандартын техник хэрэгжилт буюу аливаа улс орны хууль эрх зүйн орчин, үр дүнтэй байдал буюу эдгээр хууль журам бодит амьдрал дээр хэрхэн хэрэгжиж байгааг ФАТФ болон бүс нутгийн байгууллагууд тогтмол үнэлдэг.
-Манай улс ФАТФ-ын шаардлагын үнэлгээг ахиулсан гэдгийг тодруулна уу?
-Ази, Номхон далайн мөнгө угаахтай тэмцэх бүлгийн хурал Канад улсын Ванкувер хотод болсон. Энэ хурлаар ФАТФ-ын 40 зөвлөмжийн ашгийн бус байгууллагатай холбоотой “зөвлөмж 8”-ын техник хэрэгжилттэй холбоотой Монгол Улсын явцын тайланг хэлэлцэж баталсан. ФАТФ-ын “зөвлөмж 8”-д заасны дагуу ашгийн бус байгууллагыг терроризмыг санхүүжүүлэхэд ашиглах эрсдэлээс урьдчилан сэргийлж, холбогдох шаардлагыг хангаж ажиллах үүргийг гишүүн орнууд хүлээдэг.
Нэг ёсондоо үүний өмнө Монгол Улс ФАТФ-ын 40 зөвлөмжийн 39-ийг нь биелүүлээд байсан гэсэн үг. Дутуу байсан нь мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэхтэй холбоотойгоор ашгийн бус байгууллагуудын (ТББ-уудын) үйл ажиллагааны зохицуулалт байлаа. Энэ талаар ХЗДХ-ийн сайдаар ахлуулсан ажлын хэсгийг байгуулан дээрх үйл ажиллагааг сайжруулсан. Монгол Улсад ашгийн бус байгууллагууд терроризмыг санхүүжүүлэх эрсдэл бага, ийм төрлийн эрсдэл гарлаа гэхэд ажиллах механизмтай гэдгээ харуулсан.
-Өнөөдөр нүүрсний хэрэг гээд ярьж байна. Энэ нь ФАТФ-ын үнэлгээнд сөргөөр нөлөөлдөг үү?
-ФАТФ мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхийг илрүүлдэг систем, тогтолцоотой байхыг шаарддаг. Тухайлсан нэг хэрэг, аж ахуйн нэгж, иргэдийн талаарх асуудал биш тогтолцооны асуудал ярьдаг гэсэн үг. Хэрэгжүүлж байгаа хууль эрх зүйн орчин нь ФАТФ-ын стандарт шаардлагад нийцсэн эсэх, тэр хууль журмынхаа дагуу бодит байдал дээр хэрхэн хэрэгжүүлж байгаа талаарх үнэлгээнд суурилж үр дүнгээ гаргадаг гэсэн үг.
-Манай олон улсын мэргэшсэн үнэлгээчдийг бэлтгэх боломжтой юу?
-Бид өмнө нь гаднын улс орнуудаар үнэлгээ хийлгүүлж, шалгуулдаг байлаа. Энэ тогтолцоогоо бид өөрчилж, олон улсын мэргэшсэн үнэлгээчдийг бэлтгэж эхэлсэн. Гаднын бусад орноор шалгуулдаг байсан бол одоо манай орны үнэлгээчид бусад орныг шалгадаг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн мэргэшсэн үнэлгээчидтэй болж байна. Өнгөрсөн жилээс эхлээд Лаос улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх тогтолцоог манай мэргэшсэн үнэлгээчин үнэлсэн.
-Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн хууль хэр хэрэгжиж байна вэ?
-2021 оноос идэвхитэйгээр дотоодын зах зээл дээр койн, токен, крипто шинээр гаргаж, хөрөнгө татах үйл ажиллагаа явагдаж эхэлсэн. Үүнд зохицуулалт шаардлагатай болсон. Дээр нь ФАТФ-ын зөвлөмжийн 15-д “Улс орнууд шинэ технологи буюу виртуал хөрөнгийн талаар хуулийн зохицуулалт хийх ёстой” гэсэн зүйл байсан. Тиймээс бид Виртаул хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн хуулийн төслийг боловсруулан өргөн барьж, 2022 оны нэгдүгээр сард УИХ-аар баталсан. Ингэснээр ФАТФ-ын гишүүн бус улс орнуудаас виртуал зохицуулалт хийсэн анхны орон боллоо.
Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн хуулийн дагуу биржүүдийг Санхүүгийн зохицуулах хороо хянадаг. Холбогдох журмуудаа боловсруулаад, хяналт шалгалтаа хийж байна.
-Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэхэд хамтын ажиллагаагаа хэр бэхжүүлж байна вэ?
-Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх Үндэсний зөвлөл болон хамтын ажиллагааны зөвлөл ажилладаг. Үндэсний зөвлөлийг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар ахалдаг. Тус зөвлөл төр, хувийн хэвшлийн байгууллагуудын хамтын ажиллагаа, харилцан уялдааг хангаж ажилладаг.
Байгууллагууд тодорхой сэдвээр хамтарч ажиллаж, тогтмол хугацаанд хуралддаг. Мөн шаардлагатай үед хамтарч ажиллах, ажлын хэсгүүд бий. Дотооддоо төдийгүй гадаад орны ижил төрлийн байгууллагуудтай хамтын ажиллагаа тогтоож байна.
-Монголбанк энэ ажилд ямар оролцоотой байдаг вэ?
-Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд заасны дагуу Монголбанкны Санхүүгийн мэдээллийн алба нь Үндэсний зөвлөл болон Хамтын ажиллагааны зөвлөлийн ажлын албаны үүрэг гүйцэтгэдэг. Энэхүү чиг үүргийн хүрээнд бид ФАТФ-ын 40 зөвлөмжийн хэрэгжилтийг хангах зорилгоор мөнгө угаах, терроризмтэй тэмцэх чиглэлийн төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын уялдаа холбоо, хамтын ажиллагаа, зохион байгуулалтын ажлыг тогтмол хийн ажилласан. Түүнчлэн ФАТФ, Дэлхийн банк болон бусад олон улсын донор байгууллагуудтай хамтран ажиллаж, техник туслалцаа авах, сургалт, соён гэгээрүүлэх ажлыг төрийн болон хувийн хэвшил, мэдээлэх үүрэгтэй этгээдэд зохион байгуулах зэргээр гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр олон ажлыг зохион байгууллаа. Эдгээрээс гадна Монголбанкны Хяналт шалгалтын газар, Санхүүгийн мэдээллийн албанд хамаарах ФАТФ-ын зөвлөмж, шууд хэрэгжилтийн шаардлагууд бий. Тухайлбал банкууд, санхүүгийн бус бизнес мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгч зэрэг мэдээлэх үүрэгтэй этгээдүүдийн мөнгө угаах, терроризмтэй тэмцэх урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны хэрэгжилтийг хангуулах, эрсдэлд суурилсан хяналт шалгалт хийх, сэжигтэй гүйлгээний тайлан хүлээн авч, дүн шинжилгээ хийн, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй холбоотой байж болзошгүй тохиолдолд хууль сахиулах байгууллага руу шилжүүлэх зэрэг үйл ажиллагааг олон улсын зөвлөмж шаардлагын дагуу явуулах, хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлагатай байдаг. Энэ чиглэлээр өнгөрсөн хугацаанд Монголбанкнаас хууль журамд холбогдох нэмэлт өөрчлөлт оруулж, эрх зүйн орчныг бэхжүүлэх, байгууллагын дотоод бүтэц зохион байгуулалтыг шинэчлэн олон улсын шаардлагад нийцүүлж, тогтолцоог бүрдүүлэх чиглэлээр шаардлагатай арга хэмжээг авч ажилласны үр дүнд техник хэрэгжилтийн үнэлгээнүүдийг тогтмол ахиулан ажилласан.
-ФАТФ-аас дахин үнэлгээ хийх үү. Цаашид мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр ямар ажлууд хийх вэ?
-Монгол Улсын дараагийн харилцан үнэлгээ 2027 онд хийгдэнэ. Иймд одооноос энэхүү харилцан үнэлгээнд бэлтгэн, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцооны үр дүнтэй байдалд гол анхаарлаа хандуулан ажиллах шаардлагатай байна. Бид 2021 онд Монгол Улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх үндэсний эрсдэлийн үнэлгээг хийж, түүний үр дүнд суурилан “Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хөтөлбөр” буюу 2030 он хүртэлх хугацаанд баримтлах үндэсний бодлогоо боловсруулан Засгийн газраар батлуулсан. Энэхүү бодлого хөтөлбөрийг мөрдөн ажиллаж, үүнтэй уялдуулан гаргасан төлөвлөгөөний хэрэгжилтийг холбогдох төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд хангаснаар манай улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоо чанаржиж, дараагийн харилцан үнэлгээгээр хангалттай үр дүн үзүүлэх боломжтой болох юм.
Өөрөөр хэлбэл мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэн ажиллах чиг үүрэгтэй төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд, мэргэжлийн холбоод хуулиар хүлээсэн чиг үүргээ үр дүнтэй хэрэгжүүлж, эрсдэлийг үнэлэх, хяналт шалгалт хийх, энэ төрлийн гэмт хэргийг мөрдөн шалгах, яллах, шүүн таслах ажиллагаа болон урьдчилан сэргийлэх арга хэмжээг олон улсын стандартын дагуу явуулах нь бидний анхаарах асуудал юм.
Мөн мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй холбоотой олон нийтийн мэдлэг ойлголтыг дээшлүүлж, соён гэгээрүүлэх нь энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд чухал ач холбогдолтой тул Монголбанкнаас бусад төрийн байгууллагуудтай хамтран ажиллаж энэ чиглэлийн мэдээлэл, сургалт, гарын авлага зэргийг тогтмол гаргахаар төлөвлөж байна.
Аливаа улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоо үр дүнтэй ажиллахын үндэс нь энэ чиглэлээр ажиллаж буй төр, хувийн хэвшлийн байгууллагуудын хамтын ажиллагаа, мэдээлэл солилцоо байдаг. Манай улсын хувьд ч ялгаагүй мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх бодлогыг тодорхойлж, энэхүү үйл ажиллагааг үндэсний хэмжээнд зохицуулж уялдуулах чиг үүрэг бүхий Үндэсний зөвлөл болон Хамтын ажиллагааны зөвлөл байгуулагдан үйл ажиллагаа явуулж байна.
Н.Энхлэн
Эх сурвалж: Монголын үнэн сонин №036/24567/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна