Холливудын Ромео



"Титаник", "Цуст алмаз", "Нисгэгч", "Эхлэл", "Уолл Стритийн чоно", “Амилсан чөтгөр”, "Жи Эдгар Гувер", "Хараагдсан арал" зэрэг  бүх цаг үеийн хамгийн нөлөө бүхий киног Леонардо Ди Каприогүйгээр төсөөлөх аргагүй. Леонардо Ди Каприо 1974 оны арваннэгдүгээр сарын 11-нд Лос-Анжелес хотноо  Ирмелин, Жорж нарын цорын ганц хүү болон мэндэлжээ. Леонардо Да Винчийн бүтээлүүдийг биширдэг ээж нь хүүдээ Леонардо Вильгельм нэрийг өгсөн гэдэг. Ирмелиний аав Вильгельм Инденбиркен Герман, ээж Елена Смирнова Оросын цагаач байлаа. Харин Жоржийн аав Сальвадор Ди Каприо итали, ээж Ольга нь орос гаралтай аж. Жорж Ди Каприо АНУ-ын баруун эрэгт чамгүй алдартай комик номын зохиолч байв. Тэрбээр зохиолч Чарльз Буковски, яруу найрагч Алан Гинсберг, Тимоти Лири нартай нөхөрлөж явжээ.  Утга зохиол, урлагийн хүрээлэл Леог жүжигчин болох эхлэлийг тавьж, зургаан настайдаа телевизийн сурталчилгаанд тоглов. Эцэг эх нь салахад Леонардо хатуу чанга ээжтэйгээ үлдсэн юм.

“Титаник”-аас эхэлсэн амжилт

Лос-Анжелес хотын Жон Маршаллын ахлах сургуульд суралцахаас залхсан өсвөр насны хүү жүжигчний шалгалтад анхаарлаа төвлөрүүлжээ. Хэд хэдэн агентлагт шалгалт өгөөд тэнцээгүй Леог аав нь дэмжиж, мөрөөдлөө биелүүлэх итгэл бэлэглэв. Хэрэв тухайн үед аав нь дэмжээгүй бол Леонардо Ди Каприо амьтан судлаач болох байсан гэдэг.  Леогийн анхны бүрэн хэмжээний уран сайхны кино 1992 онд гарсан  “Хүүгийн амьдрал” байлаа. Хамтран тоглосон Роберт Ди Ниро “Энэ шаргал үст хүү хол явна шүү” гэж зөгнөн хэлсэн байдаг. Дараа жил нь  Жонни Депптэй хамтран  оюуны хомстолтой хүүгийн дүрээр кино сонирхогчдын хараанд өртөв.  Дүрээ гаргахын тулд сэтгэцийн өвчтэй өсвөр насныхныг ажиглаж, ааш араншинг судалсан нь шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авчээ.  Үзэгчдэд гүн сэтгэгдэл төрүүлсэн царайлаг хөвгүүн 19 насандаа  Академийн шагналд анх удаа нэр дэвшжээ. Ди Каприо сонирхолтой, олон талт кинонд дүр бүтээхийг хүсэж байв. Тэрбээр 1995 онд “Түргэн бас үхэл” кинонд Шэрон Стоун, Жен Хэкман, Рассел Кроу нартай хамтран ажиллажээ.  “Сони пикчерс” шаргал үстэй царайлаг залууг сонгон шалгаруулалтаар авах дургүй байсан ч Шэрон Стоун хувиасаа цалинжуулах гэрээгээр кино компанитай тохиролцжээ. Түүнийг  1996 онд “Ромео  Жульетта” жүжгийн орчин үеийн шинэчилсэн найруулгад гол дүр бүтээсний дараа Мерил Стрип  “Гайхалтай, Холливудад  суут жүжигчин иржээ” гэж уулга алдсан гэдэг. Лео  бариу өмд өмсөж, сэлэм эргүүлж гүйхийг хүсээгүй ч  аавынхаа ятгалгаар Ромеод тоглохыг зөвшөөрчээ. Энэ бүтээл түүнийг Холливудын гол дүрийн жүжигчин болох эхлэлийг тавьсан юм. Мерил Стрип энэ үеэс л “Леонардо бол төрмөл жүжигчин” гэж урам хайрлаж, дэмжиж ирсэн.  Холливудад хөл тавихад төлөөлөгч нь нэрээ америк маягаар Ленни Уильямс болгон өөрчлөхийг санал болгоход Лео татгалзжээ. Ерөөс Леог эмгэнэлт хайрын түүхүүд алдаршуулсан. Шаргал үст Ромеогийн ээлжит хайрын түүх “Титаник” байлаа. Пол Томас Андерсоны шинэ  кинонд тоглох урилгатай учир найруулагч Жеймс Камероны анхны саналд татгалзжээ. Жеймс Камерон 22 настай залууг шинэ бүтээлдээ тоглуулахын тулд уйгагүй ятгажээ. Жекийн  дүрд эргэлзэж байсан ч Лео зөвшөөрөв.  Ингээд 1997 онд "Титаник" киногоороо дэлхийг байлдан дагуулсан Леонардо Ди Каприо 12 сая ам.долларын ашиг олжээ. Энэ кино “Оскар”-ын  14 төрөлд  өрсөлдөж 11-д нь шалгарахад Лео улаан хивсний ёслолд оролцохгүйгээ мэдэгдэв. Учир нь түүнээс бусад кино багийн гишүүд “Оскар”-т нэр дэвшсэн байлаа.  Найруулагч Жеймс Камерон "Толгой нь эргэсэн панк шиг харагдаж байсан” гэж зэмлэсэн удаатай. Үнэхээр тэр үед Лео карьераа ид эхлүүлсэн Тоби Магуайр, Дэвид Блэйн, Хармони Корин нартай нийлж, Холливудын үдэшлэгүүдийг алгасалгүй цэнгэж байв. “Титаник”-ийн дараа “Төмөр багтай хүн” (1998 он), “Наран шарлагын газар” (2000 он) кинонд тоглосон ч Ди Каприогийн карьер унажээ. Тиймээс анхаарал татахуйц дүрээр жүжигчний ур чадвараа харуулахыг зорьж,  2002 онд Стивен Спилбергийн “Чадвал намайг бариарай”, Мартин Скорсезегийн “Нью-Йоркийн бүлэглэл” киногоор дебют хийв. Лео найруулагч Мартин Скорсезегийн “Нью-Йоркийн бүлэглэл”, “Нисгэгч”, “Амилсан чөтгөр”, “Хараагдсан арал”, “Уолл Стритийн чоно” киногоор карьераа ахиулсан.   “Уолл Стритийн чоно” киногоороо “Алтан бөмбөрцөг” наадмын  шилдэг дүрийн шагнал хүртсэн юм. Ди Каприо мөн Квентин Тарантиногийн "Жанго эрх чөлөөгөө олсон нь", “Холливудэд нэг удаа” кинонд дүр бүтээжээ.

“Оскар”-ын ялалт

Тоглосон кинонууд нь Академийн шагналыг түүж, ашиг орлогоороо дээд амжилтуудыг эвдсэн Ди Каприог “Оскар”-ын тэнгэргүй жүжигчин гэж бичиж байсан цаг саяхан. Шилдэг эрэгтэй жүжигчний шагналын эзэн тодруулах номинац хамгийн өрсөлдөөнтэй байдаг. Холливудэд ноёлж, хамгийн өндөр ханшаар гэрээ хийж, А ангилалд багтдаг атлаа алтан баримлыг өргөж амжаагүй эрчүүд кино урлагт олон бий. Тэдний тэргүүн эгнээнд Жонни Депп, Том Круз, Брэдли Купер, Киану Ривз, Райан Гослинг нар жагсдаг.  Домогт Аль Пачино найм дахь оролдлогоороо 1993 онд, Пол Нюман 67 насандаа буюу 1986 онд анхны “Оскар”-аа хүртсэн. Леонардо Ди Каприо Академийн удирдах  зөвлөлийг гуйж биш гуядаж авчээ.  Тэрбээр “Оскар”-т дөрвөн удаа нэр дэвшээд бүтэлгүйтсэн намтартаа 2016 онд цэг тавьсан. Алехандро Гонсалес Иньярритугийн найруулсан “Амилсан чөтгөр” киногоор Академийн анхны шагналаа авсан юм. Бодит түүхээс сэдэвлэсэн уг кинонд Леонардо Ди Каприо зэрлэг байгальд амьд үлдэхийн тулд үхэл, сэхлийн дундуур амь сөрөн гарч чадсан Хью Глассын дүрийг бүтээдэг. Энэ бол жүжигчний карьер дахь хамгийн хэцүү дүр байсныг Лео  хүлээн зөвшөөрсөн. Эл уран бүтээлд Леонардогийн хийж байгаа бүхэн цаг уурын өөрчлөлтийн эсрэг, байгаль, ан амьтадтай хэрхэн харилцах тухай үйл явдал гардаг.  Лео бүтээж буй дүрдээ үнэнч ханддаг учраас кино сонирхогчдын хүндэтгэлийг хүлээсэн. Тэр дүрдээ бүрэн шингэж, уусаж  чаддаг. “Нисгэгч” киногоор Америкийн хамгийн алдартай бизнесменүүдийн нэг болох хачирхалтай, ганцаардмал Ховард Хьюзийг дэлгэцнээ амьдруулах сорилтыг даван туулсан. Ди Каприо жилийн турш дүрээ судалж, Хьюзийн тухай ном уншиж, бичлэгийг нь үзжээ. Энэ дүрээрээ “Алтан бөмбөрцөг” наадмаас анхны шагналаа хүртэж, “Оскар”-т нэр дэвшсэн.  Тэдний ээлжит бүтээл “Цэцэгт сарны алуурчид” кино ирэх сарын 20-нд нээлтээ хийнэ. Индианы Сиу овгийнхны отогт 1920-оод онд гарсан цуврал аллагын бодит түүхийг өгүүлэх энэ кинонд Роберт Ди Ниротой хамтран тогложээ.  “Цуст  алмаз” кинонд дайны хөлд нэрвэгдсэн Сьерра-Леонд алмаз  хууль бусаар борлуулдаг  наймаачны дүрийг бүтээсэн. Ди Каприо Өмнөд Африкт хэдэн сар амьрахдаа жирийн иргэдтэй уулзаж, хэл аялгууг нь судалжээ. Мөн Өмнөд Африкийн цэргийнхнээс өөрийгөө өнгөлөн далдлах аргад суралцсан байна. Алмазны наймаачны дүр Ди Каприод “Оскар”-ын шилдэг эрэгтэй гол дүрийн шагналд нэр дэвшүүлсэн юм. Холливудын царайлаг залуусын нэг Ди Каприо шар хэвлэлийн баатар байсаар ирсэн.  Албан ёсоор 23 бүсгүйтэй  үерхсэн гэдэг. Түүнтэй  Наоми Кэмпелл, Жизель Бюндхен, Бар Рафаэли, Блейк Лайвли, Рианна, Миранда Керр, Камила Морроне, Жижи Хадид нарын олны танил эмэгтэйчүүд нэр холбогдсон. Үүнээс супер модель Жизель Бюндхентэй хамгийн удаан буюу таван жил үерхжээ.

Энэ цагийн экологич

Леонардо Ди Каприо 300 сая гаруй ам.долларын хөрөнгөтэй гэсэн тооцоо бий. “Холливуд репортер” сэтгүүлд  бичсэнээр  уран бүтээлийн ханш 20 сая ам.доллароос эхэлдэг. Тэрбээр экологийн тэнцвэрийг хадгалах зорилгоор “Леонардо Ди Каприо” сангаа 1998 онд үүсгэн байгуулжээ. Тэр цагаас эхлэн дэлхийн удирдагчдыг уур амьсгалын өөрчлөлт, цэвэр усны хүртээмж, биологийн олон янз байдал, далай тэнгисийг хамгаалах, гамшигт үзэгдлээс сэргийлэх үйл хэрэгт уриалах болсон. Лео 2000 онд дэлхийн дулаарлын талаар Ерөнхийлөгч асан Билл Клинтонтой ярилцлага хийснээр экологийн сүйрлийн тэмцэлд залуусыг идэвхжүүлжээ.  Мөн өнгөрсөн хугацаанд “Үерийн өмнө”, "Глобал сэрэмжлүүлэг" богино хэмжээний кино, "11 дэх цаг" баримтат бүтээл, байгаль орчны мэдээ, контент бэлтгэжээ. Тэрбээр 2010 онд аймшигт газар хөдлөлтөд өртсөн Гаити улсын иргэдэд туслахаар нэг сая ам.доллар, Непалын бар хамгаалах санд  гурван сая ам.доллар хандивласан байна. Лео Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF),  Байгалийн нөөцийг хамгаалах зөвлөл (NRDC), АНУ-ын “Глобал” сан, Олон улсын мал амьтныг хамгаалах сангийн (IFAW) удирдах зөвлөлд багтдаг аж.  

Х.Эрдэнэзаяа




0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 4 цагийн өмнө
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 7 цагийн өмнө
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 7 цагийн өмнө
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 7 цагийн өмнө
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 7 цагийн өмнө
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 8 цагийн өмнө
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 8 цагийн өмнө
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 8 цагийн өмнө
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 9 цагийн өмнө
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 9 цагийн өмнө
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 9 цагийн өмнө
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 9 цагийн өмнө
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 9 цагийн өмнө
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 9 цагийн өмнө
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 9 цагийн өмнө
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 9 цагийн өмнө
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 9 цагийн өмнө
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 9 цагийн өмнө
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 10 цагийн өмнө
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 10 цагийн өмнө