“Нээлттэй Хөвсгөл 2023” өдөрлөг энэ сарын 6, 7-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулагдав.
Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газар, Нутгийн зөвлөл хамтран зохион байгуулсан энэхүү өдөрлөгийн хүрээнд Сүхбаатарын талбайд аймгийн 21 сумын 200-гаад иргэн, аж ахуйн нэгж 250 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээгээр оролцож, Засгийн газраас хэрэгжүүлж байгаа Хөдөөгийн сэргэлтийн бодлогын хүрээнд Хөвсгөл нутагт ажиллаж амьдрах бүх талын дэмжлэг, боломжийг танилцуулав. “Нээлттэй Хөвсгөл” өдөрлөгөөр аймгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, бизнес эрхлэгчид, малчид тариаланчдын үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн үйлчилгээг орон даяар таниулан сурталчлах, борлуулах, бизнесийн түншлэлийг тогтоох, шинэ инновац туршлага судлах, дэвшилтэт технологи, тоног төхөөрөмж нэвтрүүлэх, төр хувийн хэвшлийн түншлэл, бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чиглэсэн юм.
Сүхбаатарын талбайд Хөвсгөлчүүдээр дайлуулж бас аялцгаав
Их жанжин Сүхбаатарын талбайд хоёр өдөр Хөвсгөлчүүд саатлаа. Халх, хотгойд, дархад, урианхай, буриад, цаатан зургаан ястны өв соёл, хувцас хэрэглэл нийслэлчүүдийн нүдийг хужирлаж байв. Цаатнуудын урц, Хөвсгөл нуур, Хорьдол сарьдаг, Ханх гээд хөвсгөлийн үзэсгэлт байгаль, баян бүрд бүхий уран зургуудыг сонирхон ажих, худалдан авах хүмүүс олон байлаа. Энэ өдрүүдэд “Хөвсгөлийн цуурай” зураач, урчуудын уран зургийн үзэсгэлэн Чингис хааны музейд нээгдсэн юм.
Сүхбаатарын талбайг зорин ирж уран зураг, урц, өвөрмөц хийцийн үндэстнүүдийн дээл, гар урлал, эмээл, сувинер зэрэг үндэсний өв соёлоо сонирхож, худалдан авав. Хөвсгөлийн цагаан загас, чацаргана, шар тос хайж, загасны шөл амтлах, Хөвсгөл далай, Сүхбаатар усан онгоцтой сувинер, Хөвсгөл далай, хорьдол сарьдагтай уран зураг сонирхох, сумынхаа асраар орж, нутгийн иргэдтэй мэнд усан мэдэлцэнгээ худалдан авалт хийх гээд нийслэлчүүдийн амралтын өдрүүдээ Хөвсгөлөөр амьсгалж өнгөрүүлэв.
Тэгээд ч Хөвсгөлийн цэнгэг усны цагаан загасаар хийсэн хоол, тайгын зэрлэг жимс бүхий амттан, цаа бугын сүүн бүтээгдэхүүн зэрэг цагаан идээ, хүнс зэрэг брэнд бүтээгдэхүүнийг эрэлттэй, худалдаж авч, мастер тогоочийн гарын хоол захиалга ихтэй байлаа.
“Хөвсгөлийн ирээдүй” хөрөнгө оруулалтын санг нээв
“Нээлттэй Хөвсгөл 2023”-ын хоёр дахь өдөр Улаанбаатар зочид буудалд “Хөвсгөлийн ирээдүй” уулзалт, хэлэлцүүлгээр үргэлжлэв.
Хөвсгөл аймгийн Засаг дарга П.Лхагважав Хөвсгөл аймгийн хөгжлийн өнөөгийн байдал, цаашдын хөгжлийн боломж сэдвээр тавьсан илтгэлдээ “Хөвсгөл аймгийн хөгжлийн гол гарц нь хөдөө аж ахуй, мал аж ахуй дээр суурилсан эко аялал жуулчлал. Аялал жуулчлалын салбарын хүрээнд өнөөгийн эдийн засгийн өсөлтийг тэлэх, хөрөнгө оруулалт татах, шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ нэвтрүүлэх боловсруулах үйлдвэрлэл олноор байгуулах боломжтой. Тухайлбал, аялал жуулчлалын салбарын хүрээнд дэд бүтцийг сайжруулах тухайд Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Мөрөнгийн нисэх онгоцны буудлыг олон улсын нисэх онгоцны буудал болгох шийдвэр гаргасан. Засгийн газраас Хөвсгөл-Архангай аймгийг холбосон хатуу хучилтай авто зам тавихаар болсон нь бидэнд том боломж” гэдгийг онцоллоо.
Хөвсгөл аймаг 2023 оныг “Хөвсгөлд зочлох жил” болгон зарлаж 12 эвэнт ажлыг зохион байгуулсан байна. Аялал жуулчлалыг цаашид жилийн туршид тогтвортой хөгжүүлэх боломж байгааг онцолж байна. Хөвсгөл аймагт 2023 нийт 74 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдээд явж байна. Авто зам, тээвэр логистекийн хүрээнд хийгдэх ажлууд үе шаттай хийгдснээр аймаг эдийн засгийн өсөлтийг тэлэхэд том түлхэц болжээ.
“Нээлттэй Хөвсгөл 2023” арга хэмжээг санаачлан зохион байгуулагч, Хөвсгөл аймгийн нутгийн зөвлөлийн дарга Ц.Цэцэнзоригоос тус аймгийн Нутгийн зөвлөлийн гүйцэтгэх үүрэг, ойрын хугацаанд Хөвсгөл аймгийн эдийн засаг, хөгжлийг хэрхэн төсөөлж байгаа талаар байр суурийг нь сонслоо. Тэрбээр “Нутгийн зөвлөлгэдэг нь иргэдийн нэгдэл гэж болно. Яагаад бид хөгжил ярьж байна. Иргэдийнх нь оролцоо идэвхтэй байдаг улс орон хөгжиж байна. Тиймээс манай аймгийн нутгийн зөвлөл Хөвсгөл аймгийнхаа хөгжлийн төлөө хөвсгөлийн иргэдийн оролцоог нэмэгдүүлж, хамтын ажиллагааг бэхжүүлж, сэргээхийн төлөө оролцож байна. Энэхүү арга хэмжээ амжилттай зохион байгуулагдаж байгаад баяртай байна. Хөдөөг хөгжүүлэхэд хөрөнгө оруулалт татах хэрэгтэй. Иргэдийн оролцоог нэмэгдүүлж, нэгдэж, нийлснээр Хөвсгөл нутгийнхаа хөгжилд нэмэр оруулна. Хөвсгөлчүүд нийлж, хөгжлөө загварчилсанаар бидний хүсэж байгаа хөгжил өртөөчлөн ирнэ гэж харж байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хөвсгөл аймагт ажиллахдаа “Хатгал-Ханхыг холбосон засмал зам тавина” гэдгээ илэрхийлсэн. Одоо хөвсгөлчүүд бид өөрсдөө хичээн ажиллах ёстой. Хөгжлийг бид хүлээн биш иргэний нийгэм, нутгийн зөвлөлөөрөө дамжиж идэвхтэй оролцох хэрэгтэй. Энэ зам бол хөгжлийн зам болсон. Бид хөгжлийн гарцын талаар ярих биш хөгжлийг бүтээж, харуулах ёстой” хэмээв.
Уулзалт, хэлэлцүүлгээр аялал жуулчлал, сэргээгэгдэх эрчим хүч, хөдөө аж ахуй салбар эко, органик бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн чиглэлээр өрнөж, оролцогчид байр сууриа илэрхийлж байна.
Энэ бизнес форумаар “Хөвсгөлийн ирээдүй” хөрөнгө оруулалтын сангийн нээлт болж, санамж бичиг байгуулсан нь цаашид Хөвсгөл аймгийн эдийн засгийг бэхжүүлж, аялал жуулчлалыг нэмэгдүүлж, аж ахуйн нэгж, иргэдийн үйл ажиллагааг тэлэх бодит дэвшил байлаа.
Санамж бичигт Хөвсгөл аймгийн Засаг дарга П.Лхагважав, Хөвсгөл аймгийн Нутгийн зөвлөлийн дарга Ц.Цэцэнзориг, Хөвсгөл аймгийн Засаг даргын орлогч М.Хуягбаатар, “Ашид Ассет менежмент” ХХК-ийн захирал Ц.Нацагдорж нар гарын үсэв зурлаа.
“Хөвсгөлийн ирээдүй” хөрөнгө оруулалтын сан байгуулснаар Хөвсгөл аймагт хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний судалгаа хөгжүүлэлт хийж, инновацын гаралтай бүтээгдэхүүнийг нутгийн иргэд, бизнес эрхлэгч, аж ахуйн нэгжүүдтэй хамтран нутагшуулж, бие даан хөгжих боломжийг бүрдүүлэх аж. Ингэснээр органик үйлдвэрлэлээс олсон орлогоо хөрөнгө оруулалтын сандаа төвлөрүүлж, өгөөж хүртэх, томоохон аялал жуулчлал болон органик үйлдвэрлэгч компанийн хувьцаа эзэмшигч болох нөхцөлийг нутгийн ард иргэдэд олгож байгаагаараа ач холбогдолтой юм.
Нийслэлийг зорьсон мянган километрийн аялал нээлттэй, амжилттай өндөрлөлөө
Хаалтын ажиллагааны үеэр Хөвсгөл аймгийн Улаанбаатар хот дахь Нутгийн зөвлөлөөс энэхүү арга хэмжээнд амжилттай оролцсон сум, компани, иргэнийг тус тус шалгаруулж, Өргөмжлөл олголоо.
Ийнхүү мянга гаруй километрийн цаанаас нийслэл Улаанбаатар хотыг зорин ирж, “Нээлттэй Хөвсгөл 2023” өдөрлөг зохион байгуулсан хөвсгөлчүүд 1.8 тэрбум төгрөгийн борлуулалт хийж, үйлдвэрлэл эрхлэгч аж ахуйн нэгж, иргэд хамтын ажиллагаагаа тэлж, хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлсэн, шинэ санаа, санал, ололт амжилтын богц дүүрэн өндөрлөлөө.
Н.Энх
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна