Урлаг, шоу бизнес, гоо сайхан, загварын ертөнцөд Рианнагаас илүү азтай, одтой бүсгүй үгүй биз. Өсвөр насандаа анхны цомгоо гаргасан Барбадосын гүнж өнөөдөр зорилгодоо хүрчээ. Гоо сайхны эзэнт гүрнийг захирахын сацуу байр сууриа хадгалсан мега од хоёр хүүгийн ээж болжээ. Өөрөөр хэлбэл, Рианнагийн шинэ эрин эхэллээ. Грэммийн есөн удаагийн шагналт, тэрбумтан, “Оскар”-т нэр дэвшсэн тэрбээр шинэ эриний төрхөө “Сонгодог Рири” гэж тодорхойлжээ. Робин Рианна Фенти 2017 онд дэлхийн тэрбумтнуудын эгнээнд багтсан. Тэрбээр 1.7 тэрбум ам.долларын хөрөнгийнхөө 1.4 тэрбумыг “Fenty Beauty” брэндээсээ бүрдүүлжээ.
Барбадосоос ассан мега од
Робин Рианна Фенти 1988 оны хоёрдугаар сарын 20-нд Барбадосын Сент Майкл хотод мэндэлжээ. Ажилчдын дүүрэгт амьдардаг, олон хүүхэдтэй Фентийн гэр бүл хоногийн хоолоо арайхийн залгуулна. Ирланд барбадосын эрлийз аав нь хар тамхинд донтож, эхнэрээ зодож, танхайрдаг байв. Шүүхийн шийдвэрээр эцэг эх нь салж, Рири ээжтэйгээ үлдэв. Түүний бага нас тэмцэл, өвдөлт, дээрэлхүүлэлт, хар тамхи, ядуурал, өвчин эмгэгээр дүүрэн байсан. Сургуулийн амьдрал нь гэрийн орчноос ялгаагүй гадуурхал дунд үргэлжилнэ. Цайвар арьстай, царайлаг гэж охид дээрэлхдэг тун ичимхий, бүрэг охин байжээ. Бүх асуудлаасаа зугтаж, эрх чөлөөтэй, аз жаргалтай байхыг хүссэн түүний цорын ганц гарц дуу хөгжим байлаа. Мэрайя Кэри, Уитни Хьюстон, Селин Дионыг сонсдог байсан охин 15 насандаа регги хөгжимд татагдаж, хоёр найзын хамт охидын хамтлаг байгуулсан нь дуу бичлэгийн продюсер Эван Рожерсын хараанд өртжээ. Эрдэнийн чулуу олсон мэт баярласан Рожерс ирээдүйд дэлхийн тайзыг эзэгнэх одыг Жэй Зитэй танилцуулахаар яарч байлаа. Жэй Зи түүний цомгийн эрхийг авахын тулд өмгөөлөгчтэй нь олон цагийн хэлэлцээр хийж тохиролцсон байдаг. Рианна ч түүний итгэлийг алдаагүй. Хожим Жэй Зигийн “ивээн тэтгэгч” гэгдтэлээ алдаршиж, дараалан зургаан цомог бичүүлсэн. Рианна АНУ-д ирээд анхны цомог дээрээ ажиллаж, тайзнаа дебют хийхэд тийм ч их цаг зарцуулсангүй. Тэр үнэхээр хөгжмийн ертөнцөд шинэ охин байж чадсан. 2005 онд "Pon De Replay" дуу нь 22 улсын чартад бичигдэж, “Billboard”-д хоёрдугаарт жагссан. Энэ дуу тухайн зуны тэсрэлт, анхны цомог нь намрын хит болов. “Music Of The Sun” цомог дэлхийн хэмжээнд нэг сая хувь борлогдсон юм. Анхны тоглолтоо 2005 оны арванхоёрдугаар сарын 11-нд хийж Америкийн хөгжмийн ертөнцийг байлдан дагуулав. Үүнээс дөрвөн сарын дараа "A Girl Like Me" хоёр дахь цомгоо гаргав. Цомогт багтаагүй ч “Umbrella” дуу Рианна гэдэг дуучныг дэлхийд танилцуулсан юм. АНУ-ын шилдэг продюсерууд түүнд санал тавьж, жинхэнэ оддын амьдралд 19 насандаа хөл тавилаа. Энэ дууг анх Бритни Спирст зориулан бичсэн ч дуучин бүсгүй хүлээж аваагүй нь Рианнад аз болсон гэлтэй. Жэй Зи дууны шүлгийг Рианнад зориулан өөрчилжээ. "Umbrella" дуу 2007 оны гуравдугаар сард цацагдсан даруй дэлхий даяар хит болж, тэр жилийн хамгийн амжилттай дуугаар шалгарчээ. Рианна энэ дуугаараа анхны Грэммийн шагналаа авсан билээ. Түүний гурав дахь цомог "Good Girl Gone Bad" 2007 онд гарч попоос RnB урсгал руу шилжжээ. Энэ цомог 12 сая гаруй хувь борлогдож, өөрийн гэсэн урсгалыг бий болгож, хөгжмийн ертөнцөд хэв маягаа тунхагласан юм. Дуучин бүсгүй дараагийн дөрвөн цомгоосоо илүү Крис Браунтай үерхэж шар хэвлэлийн баатар болсон. Үе үе зодолдож, олон нийтийн газар муудалцаж папарациудыг баярлуулна. Крис Браун буруугаа хүлээн зөвшөөрч, олон нийтийн өмнө уучлалт гуйснаар харилцаандаа цэг тавьжээ. Рианна “Анти” цомгоо 2016 онд гаргаснаас хойш шинэ цомог гаргасангүй. Шүтэн бишрэгчид, хэвлэлийнхэн шинэ цомог нэхэх бүрд өөрөөсөө “Чи “Анти”-ийг давах цомог гаргаж чадах уу” гэж асууна. “Анти” бол түүний уран бүтээлийн оргил үед гарсан хамгийн шилдэг цомог. Энэ хугацаанд дэлгэцийн урлагт хүч сорьж "Ocean's Eight", "Guava Island" кинонд дүр бүтээжээ.
Тэрбум долларын бүсгүй
“Форбс” сэтгүүлээс гаргасан Америкийн хамгийн баян, өөрийгөө бүтээсэн эмэгтэйчүүд, дэлхийн залуу тэрбумтнуудын жагсаалтад зүй ёсоор багтдаг. Тэрбээр 2014 онд “Puma” компанитай дөрвөн жилийн хамтын ажиллагаагаа эхлүүлж, бүтээлч захирлаар ажилласнаар загварын ертөнцөд хөл тавих итгэл үнэмшлийг олжээ. Улирлын трэнд тодорхойлогч бүсгүйчүүдийн тэргүүн эгнээнд алхдаг Рианна загвар, бизнесийн ертөнцийн гайхалтай дүр болсон. Моод тодорхойлдог байлаа гээд загварын ертөнцөд амжит олсон алдартан ховор. Тансаг зэрэглэлийн гутлын “Manolo Blahnik”, “Dior” брэндтэй хамтран ажилласан загварын ертөнцөд туршлагатай од байлаа. Ингээд Францын тансаг зэрэглэлийн LVMH конгломераттай хамтран “Fenty” компаниа 2017 онд байгуулжээ. Рианна хүүгийнхээ хувцсыг тусгай захиалгаар хийлгэдэг. Ирээдүйд түүний санаачилсан “Fenty” загварын ордон хүүхдийн хувцас үйлдвэрлэхийг үгүйсгэхгүй. Зөвхөн гоо сайхан, арьс арчилгааны брэнд нь 2.8 тэрбум ам.доллароор үнэлэгдэж байна. Ашгийн 50 хувийг Рианна дангаар эзэмшдэг. Таван жил гаруйн хугацаанд тэрбээр компаниа нүүр будалт, арьс арчилгаа, унтлагын, фитнес, дотуур хувцас зэргээр төрөлжүүлж хөгжүүлсэн. Гоо сайхны компаниудын дутуу үнэлдэг байсан өнгөт арьст эмэгтэйчүүдийн хүслийг Рианна биелүүлжээ. Өнгөт арьстнуудад зориулсан уруулын будаг, крем, энгэсэг, гэрэл сүүдэр хамгийн өргөн сонголтоор “Fenty Beauty” үйлдвэрлэж байна. Худалдаанд гарсан анхны жилдээ 550 сая гаруй ам.долларын орлого олжээ. “Хүртээмжтэй байх” зарчмаараа бусдаас ялгарч, худалдан авагчдаа "Fenty Beauty гэр бүл"-ийн гишүүн болгодог. Инстаграм дахь албан ёсны “Fenty Beauty” хуудаст янз бүрийн үндэстний эмэгтэйчүүдийн гэрэл зургийг нийтэлсэн нь тусгай моделиор гоёдог ижил төрлийн брэндээс онцгойрно. “Эмэгтэйчүүд хэн нэгэнд биш өөртөө зориулж дотуур хувцас өмсөх ёстой” гэсэн уриатай “Savage x Fenty” дотуур хувцасны брэндээ үүнтэй төстэй стратегиэр хөгжүүлжээ. Арьсны өнгө үл харгалзсан нь брэндийн гол үзэл баримтлал юм. “Форбс” сэтгүүл Рианнаг дэлхийн хөгжмийн салбарын хамгийн баян эмэгтэйгээр нэрлэсэн. Кардашиан-Женнерийн гэр бүлийн гол өрсөлдөгч Рианнагийн загварууд эмэгтэйчүүдэд этгээд хувцас өмсөхийг албадах биш харин хүчирхэгжүүлдгээрээ ялгаатай. Түүний багийн ихэнх нь эмэгтэйчүүд. Ялангуяа афро америк гаралтай, олон хүүхэдтэй ээжүүдээс бүрдсэн хүчирхэг армийг удирддаг. Компаниа өргөжүүлэх нь түүний зорилго. Шөнөжин үргэлжилсэн тоглолтоос ирээд ажлын ширээнийхээ ард шинэ санаагаа боловсруулж, үүр цайлгах дуртай болжээ. Шүтэн бишрэгчид нь “Рианна яаж дуулахыг мартаж” хэмээн гомдоллодог атлаа дотуур хувцас, уруулын будагны шинэ цуглуулгуудыг нь алга ташин хүлээн авч байна.
Харанхуйг гэрэлтүүлэгч
Беверли Хиллсийн хэзээ ч үнэ цэнээ алддаггүй байршилд буюу Лос-Анжелесыг алган дээрээ тавьсан мэт харах уулын бэлд тансаг байшинд Рианна амьдардаг. Барбадосын гүнж жилийн зайтай хүүхэд төрүүлж цахим сүлжээнээс хөндийрчээ. Магадгүй өсвөр насандаа од болсон цагаасаа хойш хамгийн удаан харилцаа холбоогүй амар жимэр амьдарсан үе нь болов уу. Гэхдээ уран бүтээл, бизнесээ орхисонгүй. Ууган хүү RZA Ательстон Майерсаа 2022 оны тавдугаар сард төрүүллээ. Хөл хүнд үеийн хувцаслалтаараа загварын түүх бичсэн Рианна төрсний дараах сэтгэл гутралыг даван туулж, шинэ эцэг эхийн хувь заяаг тэгшлэх гэж багагүй хугацаа зарцуулжээ. Загварын хатан хаан хувцаслалтдаа сэтгэл дундуур, нойргүйдэх болсныг гэрийнхэн нь анзаарав. Холливудын хамгийн алдартай сэтгэл судлаач, гэр бүлийн мэргэжилтнүүдийн зөвлөгөөнөөс илүү эх хүний хатуужил түүнийг хэвийн байдалдаа ороход нөлөөлжээ. Энэ тухайгаа “Эмнэлгээс гарсан долоо хоног хөлсний үнэр, юүдэнтэй цамцнаас өөр зүйл байсангүй. Дараа нь юу өмсөхөө мэдэхээ болив. Бүх зүйл хэтэрхий жижиг эсвэл хэтэрхий том санагдсан” гэж “Vogue” сэтгүүлд өнгөрсөн хоёрдугаар сард өгсөн ярилцлагадаа дурссан. Рианна, Роки нар “Vogue” сэтгүүлийн тэргүүн нүүрийг хүүгийн хамт чимжээ. Малибу дахь далайн эрэгт авахуулсан зураг авалтын үеийн дүрс бичлэгийг сэтгүүлийн албан ёсны инстаграм хуудаст нийтлэхэд 17 сая хүн үзжээ. Энэ бол Рианнагийн гэр бүлд ховор бас үр дүнтэй аялал байлаа. Удаан төлөвлөсний эцэст тэд хүүгээ дэлхийд танилцуулахад бэлэн болжээ. Домогт сэтгүүлийн стилистүүдийн бэлтгэсэн арван загвараас “Шанель”-ийн хар торгон даашинзыг сонгосон Рианна хүүгийнхээ живхийг сольж, далайн эргээр алхана. Үзэгчид түүнийг жаргалтай ээжийн дүрээр хүлээн авчээ. Тэр Роккиг хүүгийнхээ дэргэд байлгахыг хүснэ. Хүү ч ээж, аавынхаа харилцааг бэхжүүлснийг Рири хүлээн зөвшөөрдөг. Тэрбээр “Би хөвгүүдийн клубт орохыг хичээж, ээлжээ хүлээж байгаа охин шиг аав хүү хоёрыг ажиглана. Ээж хөвгүүдийн тухай яриа хоосон домог. Хүү аав руугаа зүтгэхэд “Би чамайг төрүүлээгүй гэж үү. Юу болоод байна аа” гэж боддог. Эцэг хүүгийн холболтыг үгүйсгэх аргагүй. Роки хүүтэйгээ харц тулгарах бүрдээ шатдаг. Төрөхөөс өмнө хүүтэй болсноо мэдсэн. Хүүхдийнхээ хүйсийг төрөх хүртэл гэнэтийн бэлэг байлгахыг хичээсэн ч Роки мэдэхийг хүссэн. Тэр хүүтэй болохыг хүсэж байсан. Энэ хүний хүслийг биелүүлсэн бурханд талархдаг” гэжээ. Хүндхэн өдрүүдийг туулж байхад нь аялан тоглолт, ес дэх цомгийн тухай цуу яриа тархав. Рианна тэр бүрд тайлбар хийлгүй чимээгүй л байлаа. Нялх биетэй ч Нью-Йоркт “Savage X Fenty” дотуур хувцасны шоугаа хийж, “Ваканда үүрд” киноны "Lift Me Up” дуугаа цацжээ. Энэ дуугаараа “Оскар 2023”-т өрсөлдсөн. “Super Bowl” шоуны үеэр дахин хөл хүнд болсноо зарлав. Алдартнууд жирэмсэн болсноо нуудаг бол тэр ил тод байдаг.
Рианна удаах хүүгээ өнгөрсөн наймдугаар сард төрүүлэв. Хүүдээ Райот Роуз Найерс гэх этгээд нэр өгчээ. Рири олон хүүхэдтэй өнөр гэр бүлтэй болохыг мөрөөддөг. “Харанхуйг очир алмааз шиг гэрэлтүүлэх дуртай” гэж өөрийгөө тодорхойлсон Рианнагийн урлагийн замнал найман цомгоор дуусахгүй. Барбадосын даруухан амьдралаас тодрон өсвөр насандаа шуугиан тарьж, бүх цаг үеийн хамгийн амжилттай мега од нэг л өдөр шинэ уран бүтээлээр тэсрэлт хийх нь гарцаагүй. Тэр бол Рианна. Бүсгүйчүүд мөрөөдөлдөө, зорилгодоо хүрэх хүчтэйг бодитоор үлгэрлэсэн юм.
Х.Эрдэнэзаяа
Эх сурвалж: Монголын үнэн сонин №037/24568/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна