-Тэд Лондоны загварын долоо хоногт “Цагаан зүрх” коллекцоор оролцоод ирлээ-
Хүн бүр дахин давтагдашгүй. Бүтээж байгаа түүх бүхэн нь өөрийн гэсэн онцлогтой байдаг. Алганы хээ шиг тэдгээр цор ганц бүтээлүүдээс нэгийг нь онцлон бичиж буй нь ч шалтгаантай. Яагаад гэвэл тэр урлаач, хувцас загварын ертөнцөд содон мөрөө үлдээж байгаа бүтээгч нэгэн юм. Мөрөөдлөөрөө замчлан зорилгынхоо араас зоригтойгоор алхаж яваа уран бүтээлч бол дизайнер А.Түвшинзаяа. Өдгөө нэрийн брэндээ хөгжүүлж, олон улсын тайзан дээр загвараа хүргэсээр яваа түүний эхлэл тун энгийн. Өөдөсхөн даавуугаар хүүхэлдэйндээ хувцас оёж зүү, утас, хайч гуравтай анх нөхөрлөжээ. Магадгүй айлын охин хүүхэд бүхэн хүүхэлдэйнхээ үсийг самнаж гоёж гоодохдоо толины өмнө байгаа ээжийнхээ уруулын будгаар хүүхэлдэйнхээ уруулыг сэмээрхэн будаж орхидог. Бас хувцсыг нь хүссэнээрээ сольдог байх. Гэхдээ түүний хувьд хүүхэлдэйндээ хувцас оёсон нь сонирхол төдий байгаагүй. Арван жилийн сургуульд ч дизайнер болох хүсэл мөрөөдөл түүний сэтгэлд уяатай явсан гэлтэй. Хүүхдийн сониучхан зангаар олон зүйл хийж туршихдаа ундааны бөглөө, дэрс ашиглан загвар гаргаж явсан удаа түүнд бий. Зөвхөн зориг зүрхэндээ найдаж оргүйгээс эхлүүлсэн хүмүүс загварын салбарт цөөнгүй. Тоолдог хэдгүй бол цаасан дээрх загвараа бүтээл болгон хүнд өмсүүлнэ гэвэл бүр ч хэцүү. Гэхдээ энэ бүхэн түүнийг хүсэл мөрөөдлөөсөө буцахад хангалттай шалтгаан болж чадаагүй. Харин ч шинэ эхлэл, боломжийг өгсөн байх. Ирээдүйд хэн болох, хаашаа явах сонголт ирэхэд тэр эрсдэлээс эмээгээгүйг сүүлд түүнтэй ярилцахдаа олж мэдсэн юм.
Боломж үргэлж ирдэг
Үнэндээ хувцас загварын салбарт бусдаас ялгарч чадахгүй бол цаг хугацааны явцад элэгдэж хуучирна. Бусдаас илүү сэтгэж өөрийгөө хөгжүүлэхгүй бол хэн ч урагшлахгүй. Тиймээс үргэлж судалж, хайж, шинэчлэх ёстой. Энэ агуулгаар дүгнэвэл Түвшинзаяа сайн оюутан. СУИС-ийг хувцасны зураач, дизайнераар төгсөөд удаагүй хувцас загварын томоохон зах зээлд хөл тавьжээ. Хэмжээ хязгааргүй, массын үйлдвэрлэлд хөл алдалгүй өөрийн онцлогтой загварыг гаргадаг байсан нь түүнд хүрээллээ тэлэх боломжийг олгосон байх. Хятадад таван жил ажиллахдаа Түвшинзаяагийн гэсэн онцлогоо хэзээ ч алдаагүй. Харин ч өөрийгөө хөгжүүлсээр, дараагийн орон зайгаа тодорхойлсоор Хятадад таван жил дизайнераар ажиллажээ. Энэ хугацаанд тэр Монголын хувцас загварын шилдгийг тодорхойлдог “Гоёл” наадамд оролцож шилдэг залуу дизайнер болсон. Орос улсад зохион байгуулдаг “Этно-Эрато” олон улсын үндэсний хувцасны наадамд уран сэтгэмж, авьяас чадвараа сорьж дэд байрт шалгарсан удаатай. Хүн дадсан зүйлээсээ хагацаж зүрхэлдэггүй. Дассан газраасаа холдох зориггүй явсаар цаг хугацаа алддаг. Энэ хэмнэлээр явсан бол Монголын дизайнер Түвшинзаяа хэзээ ч олон улсад гарахгүй байсан биз. Цаг тухайд нь зоригтой алхам хийдэг байсан учраас тэр өнөөдрийн TUVZA брэндийг эхлүүлсэн. Учир юу гэвэл, тэр Хятадад таван жил ажиллаад зорилгоо биелүүлэхээр дэлхийн загварын хот Миланыг зорьжээ. Ямар ч зүйлийн эхний алхам хамгийн хэцүү байдаг. Гэхдээ нэгэнт сурахаар, загварыг ном сэтгүүлээс биш дэргэдээс нь харж сурахаар очсон хүнд бүх зүйл шинэ, содон байсан байх. Хүссэн сургуульд тодруулбал, Италийн “Accademia Bella arti di brera”-д загварын чиглэлээр суралцах хугацаандаа өөрийн нэрийн брэндийн эхлэлийг тавьжээ.
“Gianni Tolentino” –д ажилласан монгол дизайнер
Ажил, ажил бас дахин ажил. Хэн нэгний туслалцаагүйгээр сургалтын төлбөрөө хийхийн төлөө зүтгэсэн Түвшинзаяа хичээлийнхээ хажуугаар цагийн ажлууд хийнэ. Цаг гарвал загварын өлгий болсон хоттой танилцаж ирээдүйгээ төлөвлөнө. Энэ л хичээл зүтгэл нь түүний амьдралд онцгой нэгэн үйл явдлыг бэлэглэжээ. Түүнийг өөрийн урласан хувцастайгаа дэлгүүрт явахад нь “Bulgary” брэндийнхэн олж хараад нэгэн төсөлд хамтран ажиллах санал тавьсан гэдэг. Дэлхийд алдартай брэнд шинэ сүрчгийнхээ сурталчилгаанд өмсөх загварыг гаргахад Түвшинзаяагаар урлуулах хүсэлтэйгээ хэлсэн байна. Энэ нь түүний хувьд оюутан цагийн мартагдашгүй дурсамж бас ажил хэрэгт нь урам нэмсэн үйл явдал болжээ. Харин дизайнерын хувьд торгон материалыг дагнах болсон нь “Gianni Tolentino” брэндтэй салшгүй холбоотой. Өнгөрсөн зууны 80-аад онд нэр алдар нь олон улсад түгсэн энэхүү брэндийн загварын ордонд ажиллахдаа тэрбээр торгон материалд дурлажээ. Тэр цагаас хойш торгоор дагнасан хэвээр байлаа. Монголд эхлүүлсэн түүний нэрийн товчлолыг илтгэх TUVZA брэнд торгоор дагнан бүтээлээ хийсээр байна.
Монголд үйлдвэрлэв
Алдартай загварын ордонд ажиллахаасаа татгалзсан Түвшинзаяагийн мөрөөдөл олон улсын загварын бүтээлээс “Монголд үйлдвэрлэв” гэсэн шошгыг харах. “Яагаад монгол дизайнерын олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн бүтээл дээр “Монгол” гэсэн нэр байж болохгүй гэж” хэмээн бодсоор том зорилго тээн эх орондоо иржээ. Монгол үндэсний хувцсыг Европын хэв маягтай сүлж зөвхөн TUVZA-гаас гарах загварыг бүтээхэд түүнийг хүмүүс гайхалтайгаар хүлээж авсан байна. Түвшинзаяагийн нас насныханд зориулан гаргасан торгон загваруудыг хэн ч харсан танихаар болж. Ялангуяа тэдний урлангаас гаргадаг корсеттой дээлийг охид бүсгүйчүүд андахгүй. Монгол үндэсний хувцсанд европ хэв маягаар корсет хийвэл эмэгтэй хүний бэлхүүсийг тодотгож гоо сайхныг нь товойлгох санааг гаргасан анхдагч нь эднийх ажээ. Тэр тоонд бус чанарт анхаардаг. Бас эдний урланг зориод ирсэн хүмүүст зөвлөн тусалж, тухайн хүний биеийн онцлогт тохирсон цор ганц загварыг гаргаж өгч байна. Загвараа захиалагчийн хүссэнээр хийхийн тулд судалгаа хийнэ. Түүний дараа үндсэн эскизийг хар зургаар гаргаж үйлчлүүлэгчдэдээ танилцуулна. Тэгээд ямар загвар өөрт нь тохиромжтойг зөвлөнө. Гар ажиллагаа ихтэй, хүнд загварыг нэлээд нухаж сууна. Хийх явцдаа зарим зүйлийг засаад явах нь TUVZA-гийн технологи. Үүний дээр нэмээд материалд ихээхэн ач холбогдол өгдөг нь хувцасны ур хийц, насжилттай холбоотой. Энэ талаар Түвшинзаяа “Миний хувьд материалаа байшингийн суурьтай адилтган үздэг. Материал муу бол хэдий сайн оёхыг хичээсэн ч өөрчлөлт бага мэдрэгддэг. Заримдаа материалаас шалтгаалан загвараа хийхгүй байх тохиолдол гардаг. Чанартай материал олохын тулд цаг хугацаа их зарцуулдаг, хүлээдэг. Үүний үр дүнд чанартай, миний хүссэн загвар гардаг юм” гэж хэлсэн удаатай.
Хувирдаг хувцас
Загварын салбар хувьсан өөрчлөгдсөөр байна. Дизайнерууд байгальд ээлтэйгээр асуудлаа шийдвэрлэж эко, оновчтой сонголт хийхийг нэн тэргүүнд авч үздэг болоод багагүй хугацаа өнгөрчээ. Хятадад дорнын, Европод өрнийн соёлд суралцсан Түвшинзаяагийн бүтээлээс нь ч загварын цоо шинэ эргэлт харагдах аж. Үүнийг хамгийн сүүлийн бүтээл нь болох салдаг торгон дээлийн хийц, хэрэглээнээс харж болох юм. Уг дээлийн дээд тал нь цамц, доод тал нь корсеттой юбка. Хамтад нь өмсвөл дээл, салгавал өдөр тутам өмсөж болохоор загварчилсан байна. Хувцас сонголтдоо анхаарч шүүгээгээ цомхон байдлаар төлөвлөж худалдан авалт хийдэг болсон энэ цаг үед түүний бүтээсэн хувирдаг хувцас охид бүсгүйчүүдийн хувьд гайхалтай сонголт юм. Харин түүний танилцуулахаар зэхэж буй дараагийн бүтээл бол хагалбартай утсан дээл. “Дахин загварчлах боломжтой загварыг сүүлийн үед гаргаж байна. Зарим загвар маань олон нийтэд танилцуулахаас өмнө урлангаасаа дуусчихдаг тал бий. Тиймээс загвараа хүмүүст илүү хүргэе гэж боддог. Гэсэн ч хүчин чадал, баримталдаг зарчмаас маань хамаараад цөөн тооны загвар гаргаж байгаа” гэж дизайнер онцоллоо.
Энэ жилийн Лондоны загварын долоо хоног есдүгээр сарын 16-нд эхэлсэн. Нийт 30 орны дизайнеруудын бүтээл нэгэн тайзнаа гарсны нэг нь TUVZA. Загварын долоо хоногийн үеэр Түвшинзаяагийн олны нүдийг хужирласан коллекцын нэр нь “Цагаан зүрх”. Шүр, сувдаар чимэглэсэн, гар ажиллагаа ихтэй түүний цав цагаан загваруудыг онцолсон хүн олон байлаа. Хүнд эсгүүрээр дизайнерын чансааг тодорхойлдог. Тийм болохоор өөрийгөө сорьсон эсгүүрийг хийхийг хүсдэгээ дизайнер хэлж байв. Тиймээс оролдлогоо хэзээ ч зогсоодоггүй. Олон оролдлогын дараа хүссэн эсгүүрээ гаргаж авахаар шинэ хүнээ өлгийдөж авч байгаа юм шиг санагддаг тухайгаа ярьсан юм. Тэрбээр аливаа эсгүүрэндээ амь шигээ хайртай. Яагаад гэвэл эсгүүрийн нэг хэсэг алга болоход тэр загвар бүхэлдээ өөрчлөгддөг.
Хувцас эзнээ хүлээдэг
TUVZA брэндийн урлангаар ороод тэднийхэн ажлаа аз жаргалтайгаар хийдгийг мэдэрсэн юм. Ачаалал ихтэй үед хонон өнжин ажиллах энүүхэнд. Гэсэн ч тэд ажлаа хойш тавьж ачааллаас хойш суудаггүй. Брэндийг үүсгэн байгуулагч Түвшинзаяа “Ажил ихтэй үедээ ядарлаа гэж боддоггүй. Миний хувьд бүтэн нойртой хонож байгаагаа амарч байна гэж боддог. Гэхдээ олон жилийн турш илүү сайн бүтээл гаргахын тулд өөрийгөө хайрлах хэрэгтэй гэж бодох болсон. Тэгэхээр хэтэрхий их нойргүй ажиллаж байгаагаа удаан хугацаанд үргэлжлэхгүй байх гэж бодож байна” хэмээн ярилаа. TUVZA ойрын хугацаанд Хятадын зах зээлд онлайн, тик токоор бүтээлээ гаргахаар төлөвлөөд байгаа аж. Одоо тэд захиалгын ажилтай нэлээд завтай байна. Саяхан болоод өнгөрсөн “Miss Universe”-т “Монгол үнсгэлжин” нэртэй шинэ загвараа танилцуулсан. Харин одоо “Miss Europe Continental” наадамд оролцох бүсгүйн бүхэл шигтгээтэй даашинзыг урлаж байгаатай таарав. Түвшинзаяа хийсэн хувцасных нь эзэн ирдэг. Хувцас эзнээ хүлээдэг гэдэгт бат итгэдэг ажээ.
Б.Сэлэнгэ
Эх сурвалж: Монголын үнэн сонин №038/24569/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна