Б.Галсан: Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг Ази, Номхон далайн социал демократ залуучууд нэгдэнэ


Үндэсний хэмжээний тодотголтой, түүндээ хүрч ажиллах зорилго тээн урагш тэмүүлж буй залуучуудын нэгдэл болох Социал демократ Монголын залуучуудын холбоо (СДМЗХ)-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.ГАЛСАНТАЙ ярилцлаа.

-Танай холбоо энэ сард олон улсын томоохон хэмжээний хурал зохион байгуулах гэж буй тухай мэдээлэл байна. Энэ талаар тодорхой мэдээлэл өгнө үү?

-СоцИнтерн буюу Социалист Интернационал (Socialist International) байгууллагын дэргэдэх Олон улсын социал демократ залуучуудын холбоо “IUSY” Ази, Номхон далайн бүсийн хурлыг энэ сарын 26-29-нд Монголд зохион байгуулах гэж байна. Одоогоор энэхүү хуралд 30 орчим улс орны 40 гаруй төлөөлөгч оролцох хүсэлтэй байгаагаа албан ёсоор илэрхийлсэн.

Үндсэн хуралдаанаас гадна соёлын болон танилцах, туршлага хуваалцах өдөрлөг зэргийг мөн зохион байгуулна. Түүнчлэн хуралд оролцогчид Монгол Улсын Ерөнхий­лөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжин олон улсын хурлыг төлөөлөн 300 гаруй залуус мод тарих арга хэмжээнд оролцоно. 

-Тухайн арга хэмжээний үндсэн хуралдаанаар ямар асуудлыг хөндөн хэлэлцэх вэ. Ямар үр дүнд хүрнэ гэсэн хүлээлттэй байна вэ? 

-Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг нэгдэцгээе гэсэн уриан дор хуралдаж, бүс нутгийн хэмжээнд уур амьсгалын өөрчлөлт ямар түвшинд байна, түүний эсрэг социал демократ үзэл баримтлалтай залуучууд хэрхэн яаж хувь нэмрээ оруулах вэ гэдэгт санал солилцож, улмаар “Улаанбаатарын тунхаг” гэсэн баримт бичгийг гаргана. Энэхүү бичиг тогтвортой хөгжлийн зорилтын нэг болсон уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг социал демократ залуучуудын авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө байх юм. 

-Та бүхний 2023 оны төлөв­лөгөөт ажлын жагсаалтад багтсан ойрын хугацаанд хийж, хэрэгжүүлэх ямар ажил, арга хэмжээ багтаж байгаа бол? 

-Социал демократ үзэл баримт­лалын нэг үнэт зүйл бол аливаа арга хэмжээ, үйл ажиллагаа хүртээмжтэй байх ёстой гэдэг зарчим байдаг. Энэ утгаараа бид хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан технологийн үзэсгэлэнг танхим болон виртуал хэлбэрээр ирэх сарын 18-нд зохион байгуулах гэж байна. Тэд тухайн үзэсгэлэнгээс шаардлагатай хэрэгслээ хөнгөлөлттэй нөхцөлөөр худалдан авах боломжтой. Мөн үзэсгэлэнгийн үеэр хөгжлийн бэрхшээлтэй иргэд ашиглах бо­ломжтой, тэдэнд тусгайлан зориул­сан хэд хэдэн аппликейшны нээлт болно. Энэ арга хэмжээнд ирэх боломжгүй, мөн орон нут­гийн иргэд маань виртуалаар орол­цох бүрэн боломжтой. Тухайн үзэсгэлэнг ЦХХХЯ, НҮБ, “Ротари” олон улсын байгууллага, “Microsoft” компани зэрэг олон байгууллага хамтран зохион байгуулж байгаа юм. 

-Ер нь СДМЗХ-ны гадаад ха­рил­­цаа, хамтын ажиллагааны түншлэл ямар түвшинд өргөжиж байна вэ? 

-Бид гадаад харилцаагаа бүх түвшинд өргөжүүлж байна. Тухайлбал, өнгөрсөн тавдугаар сард БНСУ-ын Ардчилсан намын дэргэдэх Залуучуудын холбоотой хамтарч ажиллах санамж бичиг байгуулсан. Энэ хүрээнд буюу манай холбооны урилгаар тус улсын Үндэсний ассамблейн гишүүн тэргүү­тэй төлөөлөл өнгөрсөн зургадугаар сард Монголд зочилж, бид хамтарсан олон улсын сургалтаа амжилттай зохион байгуулсан. Аймаг, дүүрэг, баг, хорооны гишүүдийн төлөөллөөс бүрдсэн баг бүрэлдэхүүнтэйгээр БНСУ-ыг оны сүүлчээр зорьж, дараагийн олон улсын сургалтаа зохион байгуулахаар төлөвлөж байна. Мөн манай холбоо БНХАУ-ын Коммунист намын дэргэдэх Залуучуудын байгууллагатай харилцаа, хамтын ажиллагаатай байдаг. Талууд энэхүү харилцаагаа идэвхжүүлэх зорилгоор 2024 оны нэгдүгээр сард хамтарсан сургалт, уулзалт арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөж байна. Эдгээрээс гадна өнгөрсөн наймдугаар сард Зүүн өмнөд Азийн улс төрийн намуудын эмэгтэйчүүд, залуучуудын ICAPP хуралдаан Монголд болсон. Энэ үеэр СДМЗХ-ны Н.Учрал Ерөнхийлөгч маань Ази, Номхон далайн Залуучуудын байгууллагын тэргүүнээр сон­гогдсон. Ингэснээр тухайн бүс нутгийн бүх нам, түүний дэргэдэх залуучуудын байгууллагуудтай хамтарч ажиллах боломж нээгдсэн гэж болно. 

-СДМЗХ ямар чиг үүрэгтэй, юу хийдэг байгууллага болохыг сонирхож буй залуучуудад хол­бооныхоо үзэл баримтлал, алсын харааг ойлгуулж, таниулах ажлыг хэрхэн зохион байгуулж байна вэ? 

-Манай холбоо 1997 онд байгуулагдсанаас хойш өдгөө 26 дахь жилдээ тасралтгүй, идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. СДМЗХ бол социал демократ үзэл баримтлалыг дэмжигч залуусын нэгдэл. Энэ хүрээнд холбооны үе үеийн удирдлагууд гишүүд, дэмжигчдийнхээ хүрээг өргөжүүлж, бэхжүүлэхэд анхааран ажиллаж ирсэн. Тиймээс төв холбооноос социал демократ үзэл баримтлалтай залуучуудын идэвх, санаачилгыг дэмжиж SDY Experience буюу туршлага солилцох хөтөлбөрийг 21 аймаг, есөн дүүргийн хэмжээнд зохион байгуулж байна. Хөтөлбөрийг бүсчилсэн байдлаар хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзээд үүний дагуу төлөвлөгөө гарган ажиллаж байна. Харин шинэ гишүүд, дэмжигчдийн хүрээг өргөжүүлэх, нэмэгдүүлэх зорилгоор “Why SD” арга хэмжээг уламжлал болгон 14 хоногт нэг удаа зохион байгуулдаг болсон. Энэ бол манай холбоонд элсэх хүсэлтийг Монгол Улсын төдийгүй дэлхийн өнцөг булан бүрээс ирүүлж буй залуучуудад зориулсан арга хэмжээ. Тиймээс бид энэ арга хэмжээгээр дамжуулан тэдэнд социал демократ үзэл баримтлал, үүнийг дэмжигч байгууллагын зорилго, алсын хараа болон бусад бодлого чиглэлийн талаар ойлголт мэдээлэл өгдөг. 

-Хоёр жилийн өмнө танай холбоо дэргэдээ Нийгмийн ард­чилал залуучуудын академийг бай­гуулж байсан. Энэхүү ака­демийн цар хүрээ, үйл ажиллагаа хэрхэн өргөжин тэлж байна вэ? 

-Бид энэхүү академиараа дамжуулан давтан, мөн ахисан түвшний сургалт зохион байгуулж, холбооныхоо гишүүд болон шинээр элссэн залуучуудыг сургалтад хамруулдаг. Одоогоор 85 сургагч багшийг бэлтгэсэн байна. Мөн холбооны дэргэдэх Тогтвортой хөгжлийн зөвлөл болон “SDY Institute” гэсэн хоёр байгууллага маань цаашид залуучуудын дунд ямар хөтөлбөр хэрэгжүүлэх, ямар арга хэмжээ зохион байгуулах вэ гэх мэт судалгааг хийдэг. Энэ хүрээнд өнгөрсөн дөрөв болон долдугаар сард гишүүд, дэмжигчдийнхээ дунд судалгаа явуулсан. Судалгаанаас гарсан үр дүнд тулгуурлан үндсэн болон бага хурлын гишүүдэд, мөн холбоонд элсэх хүсэл сонирхолтой, дэмжигч гишүүдэд ямар хэрэгцээ шаардлага байна вэ, тэд юу хүсэж байгааг тодорхойлж, түүнд нь тулгуурлан цаашдын бодлого зарчмаа тогтоож, хийж хэрэгжүүлэх ажил, хөтөлбөрөө боловсруулдаг. 

-Танай холбоо үндэсний хэм­жээний тодотголтойгоор үйл ажиллагаа явуулдаг байгууллага. Энэ утгаараа та бүхэн залууст улс төрийн зөв мэдлэг, мэдээлэл олгох хүрээнд томоохон ямар ажлыг санаачлан хийж байна вэ? 

-Манай холбоо үндэсний хэм­жээнд үйл ажиллагаа явуулж буй залуу­чуудын нэгдэл болохын хувьд үндсэн чиг үүргээ мөн давхар биелүүлэх ёстой. Энэ утгаараа бид залуучуудад улс төрийн боловсрол олгох зорилгоор МАН-ын дэргэдэх Стратеги академитай хамтарч Reel хэлбэрээр контент хийж эхэлсэн. Тухайлбал, улс төр гэж юу вэ, улс төрийн нам болон түүний дэргэдэх байгууллагууд ямар зорилго, эрх үүрэгтэй байдаг, социал демократ, либерал, консерватив зэрэг үзэл баримтлалын ялгаа, онцлог, давуу тал, олон улсын хэмжээнд төрийн эрхийг барьж буй намуудын хэд нь ямар үзэл баримтлалтай байна вэ гэх мэт ойлголт мэдээллийг олон нийт, залуучууд, улмаар ахлах ангийн сурагчдад товч бөгөөд тодорхой, энгийн байдлаар өгөхийг зорьж байгаа. 

Энэ төрлийн ойлголт буюу улс төрийн боловсролыг 2000 оноос өмнө уулзалт хэлбэрээр, түүнээс хойш арай шат ахиж аргаа өөрчлөх байдлаар олгож, гишүүд, дэмжигчдийнхээ цар хүрээг тэлж, өргөжүүлж байсан бол сүүлийн арван жилийн хугацаанд технологийн дэвшлийг ашигладаг болсон. Ингэж арга барил өөрчлөгдсөөр одоо бүр Reel-ийн түвшинд хүрлээ. Одоогийн байдлаар бид 30 орчим сэдвийг багцалж, эхний ээлжид фэйсбүүк, инстаграм хэрэглэгчдэд зо­риул­сан контент хийж байна. Дараагийн удаад телевизийн богино хэмжээний нэвтрүүлэг, ярилцлага, видео контент бэлтгэх төлөвлөгөөтэй байна.

 С.ЮМСҮРЭН

Эх сурвалж: Монголын үнэн сонин №039/24570/

*************************

 

Социал демократ залуучууд хүрээгээ тэлсээр байна

Социал демократ Монголын залуучуудын холбоо Социал демократ үзэл баримтлалыг дэмжигч залуучуудад зориулан “WHY-SDY” арга хэмжээг зохион байгууллаа.

“WHY-SDY” арга хэмжээнд оролцсон 17-35 насны залууст “Өөрийгөө бүтээх нь”, 

“Хамтын ажиллагаа”, 

“Хувь хүний брэндинг”,

“Улс төрийн үзэл баримтлал ба  социал демократ залуучууд”,

“Тэмүүлэл хүнийг хаашаа хөтөлдөг вэ” сэдвээр сургалт, уулзалтуудыг зохион байгууллаа. 

Арга хэмжээнд 12 аймаг, есөн дүүргийн 500 гаруй залуучууд хамрагдаад байна.   




0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 2024/11/22
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 2024/11/22
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 2024/11/22
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 2024/11/22
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 2024/11/22
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 2024/11/22
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 2024/11/22
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 2024/11/22
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 2024/11/22
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 2024/11/22
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 2024/11/22