Итали, Францын тансаг зэрэглэлийн загварын орднууд дэлхийн трэндийг тодорхойлдог байсан XX зууны төгсгөлд эргэлт хийсэн дизайнер бол Стелла Маккартни. 1990-ээд онд загварын акулууд түүнийг “Битлз”-ийн дуучны охин хэмээн үл итгэсэн харцаар угтан авсан. Өнөөдөр Стелла Маккартнийн эзэмшилд дээд зэрэглэлийн ба дэлхий даяар салбарласан брэндтэй загварын ордон, “ready-to-wear” урсгал, үнэртэн, дотуур хувцас, хүүхдийн болон спорт хувцас харьяалагдаж байна. Жирийн брэнд биш харин бүхэл бүтэн эзэнт гүрэн гэвэл онох болов уу. “Орчин үеийн харагдах биш харин байх ёстой” гэдэг зарчмыг номлодог Стелла дөрвөн хүүхдийн ээж, гэрийн сайн эзэгтэй, амьтны эрхийг хамгаалагч, цагаан хоолтон ба байгальд харш материалыг эсэргүүцэгч юм. Нэмж дурдахад, Стелла Маккартни 2020 оны нэгдүгээр сард “Vogue” сэтгүүлийн нүүрэнд гарсан анхны загвар зохион бүтээгч болжээ.
“Пол Маккартнийн охин” загварын орднуудыг байлдан дагуулав
Стелла “Ливерпүлийн дөрвөл” гэж алдаршсан “Битлз” хамтлагийг үндэслэгчдийн нэг Пол Маккартнийн гурав дахь охин болон 1971 онд мэндэлжээ. Пол Маккартни хүүхдүүдээ аль болох энгийн хэв маягаар өсгөхийг эрмэлздэг байсан бөгөөд орон нутагт амьдарч, улсын сургуульд сургадаг байв. Өсвөр насаа Английн Сассекс мужид өнгөрүүлсэн Стелла 15 настайдаа Кристиан Лакруйсын туслахаар ажилд оржээ. Түүнийг 18 настайд эцэг эх нь салав. Швейцарт дотуур байртай охидын коллежид сургах аавынхаа саналаас татгалзан Британийн дизайнер Бетти Жексон, Маргарет Хоуэлл нарын урланд ажиллаж, салбарынхаа талаар багагүй мэдлэг, туршлага хуримтлуулав. Бетти Жексон “Маккартнийн гэр бүл охидоо хүссэн зүйлдээ хүрэхийн тулд шаргуу хөдөлмөрлөх ёстойг багаас нь ойлгуулсан. Стелла кофе чанах, хэмжээ авах, даавуу худалдаж авах зэрэг энгийн ажилд түүртэж байгаагүй” гэжээ. Ингээд 21 насандаа Лондоны Гэгээн Мартинийн коллежид элсэв. Бусад оюутнаас ялгаатай нь модель,тайз, хөгжимчид хайж толгой гашилгах шаардлагагүй байлаа. Түүний төгсөлтийн цуглуулгыг супер модель Наоми Кэмпбелл, Кейт Мосс, Ясмин Ле Бон нар үзүүлэв. Охиныхоо төгсөлтийн загварт зориулж Пол Маккартни “Стеллагийн тавдугаар сар” дуугаа бичжээ. Энэ шоуны дараа эцгийнх нь нэр хүндийг ашиглах далд санаа өвөрлөсөн брэндүүд Стеллад хамтран ажиллах санал тавьжээ. Алдартай эцгийнхээ сүүдэрт бүгэлгүй, өөрийнхөөрөө байж, хэв маягаараа загварын ертөнцөд шинэчлэл хийжээ. Мэдээж Пол Маккартни охиныхоо карьерын түлхүүр болсон. Гэхдээ авьяас чадвар, мэдрэмжгүй байсан бол загварын олимпод байр сууриа хадгалахгүй байсан биз. Эх дэлхийгээ хайрлах, веганизмыг дэмжсэн бичээс түүний загварын нэрийн хуудас болсон. Парисын тансаг зэрэглэлийн загварын орднуудын нэг “Chloe”-ийн бүтээлч захирлаар 1997 онд томилогджээ. Түүнээс өмнө энэхүү ордныг Карл Лагерфельд удирдаж байв. Стелла франц загварын ордны уламжлалыг хадгалахын сацуу залуучуудыг татсан цуглуулгууд гаргажээ. “Chloe” түүнийг “Пол Маккартнийн охин” гэдэг титмээс салгаж, загвар зохион бүтээгчийн хувиар карьераа үргэлжлүүлэх замналыг нээсэн юм. Нөгөөтэйгүүр энэхүү брэндийн төлөө ажилласан дөрвөн жилийн хугацаанд компанийн ашгийг мэдэгдэхүйц өсгөжээ. Гурван жилийн дараа гэхэд дуучин Мадонна, жүжигчин Гвинет Пэлтроу, Жүд Лоу нарын хувцаслалтыг бүрэн хариуцдаг болжээ. Дуучин Мадонна 2000 онд Английн найруулагч Гай Ричитэй нижгэр хурим хийв. Стелла сүйт бүсгүйн даашинзыг урласнаас гадна хуримын гэрчийн үүрэг гүйцэтгэжээ. Стелла Аласдхайр Уиллистэй 2003 оны наймдугаар Исле арал дээр гэрлэжээ. Түүнийг загварын ертөнцөд хөл тавьж байхад эмэгтэй хүний эрхийг хязгаарлаагүй хувцас олох өвсөн дотроос зүү эрэхтэй адил байлаа. Мөн эмэгтэйчүүдэд зориулж хувцас урладаг эмэгтэй гэсэн зарчмыг брэнд эзэмшигчид таашаагддаггүй байсан. Тиймээс бүсгүйчүүдэд зориулсан өмсөж болохуйц хувцас урлахыг Стелла чиг шугамаа болгожээ. Цаг үе, үзэл бодлууд өөрчлөгдсөн нь ч загварын салбар уламжлалт хэв маягаа орхихыг хүсээгүй. Тэр үеийн томоохон брэндийн бүтээлч захирлууд эрчүүд байсан нь үүнд нөлөөлсөн. Парис хотод Карл Лагерфельд, Миланд Доменико Дольче, Стефано Габбана гэсэн “Их гурвал” ноёрхож байхад “Gucci” групп 2001 оны дөрөвдүгээр сард Стелла Маккартнийд брэндээ даатгалаа. Италийн нүүр царай болсон загварын ордныг түүнээс өмнө англи дизайнер бас эмэгтэй хүн удирдсан нь үгүй. Хамгийн алдартай, нэр хүндтэй брэндтэй тохиролцож чадсанаараа Стелла бахархдаг аж. Түүнд яг одоо амжилтын цаг ирсэн мэт санагдаж, “Загвар зохион бүтээгч боллоо” гэж өөрийгөө анх удаа тоожээ. Гэхдээ тэрхүү бардамнал нь хэдхэн сарын настай байлаа. Бизнесийн хүрээнийхэнтэй холбоо тогтоож, нэрийн брэндээ гаргах эхлэлийг тавьжээ.
Брэндийн философи
Загварын ордонтой болох 16 насныхаа мөрөөдлийг 2001 онд биелүүлэв. Стелла сорилтод бэлэн байлаа. 2001 оны намар Парисын загварын долоо хоногт анхны цуглуулгаа танилцуулжээ. Түүнийг жүжигчин Жүд Лоу, Сади Фрост, Дэмиен Хирст, Крисси Хайнд, Пол Маккартни нарын алдартан дэмжсэн нь карьераа өсгөх шат болсон юм. Стелла брэндийн нэрийн дэлгүүрээ Нью-Йоркт 2002 онд нээв. Түүний карьер ч гэрлийн хурдаар дээшилж, 2004 оны есдүгээр сард “Adidas” корпорацтай урт хугацааны хамтын ажиллагаагаа эхлүүлэв. Стелла Маккартнийн зохион бүтээсэн иог, теннис, гольф, фитнесийн хувцас оддын дунд трэнд болжээ. Тухайн үед хамгийн эрэлттэй байсан H&M брэнд 2005 онд Стеллатай хамтарсан цуглуулга гаргасан нь мөн л борлуулалтаараа тэргүүлэв. Мишель Обама 2009 онд тэргүүн хатагтай болсныхоо дараа олны өмнө гарахдаа “Стелла Маккартни”-аар гангарч, англи загвар зохион бүтээгчийг улс төрийн элитүүдийн хүрээлэлд танилцуулжээ. Стелла Маккартнийн карьерын нэгэн чухал үйл явдал 2011 онд тохиолоо. 2012 оны Лондоны зуны олимпод оролцох Их Британийн шигшээ багийн өмсгөлийг урлахаар болжээ. Загвар бизнестэй нэгдэж байж ашигтай ажиллана. Ханхүү Гарригийн сүйт бүсгүй Меган Марклын хуримын даашинзыг Стелла урлажээ. Ховор боломжийн ачаар брэндээ өргөн хүрээнд үнэгүй сурталчилж, дэлхий нийтийн анхаарлыг татсаныг нуух юун. Энэ бол загварын ордон гэлтгүй дизайнер бүрийн мөрөөдөл. “InfluencerDB” маркетингийн сүлжээ Стеллагийн олсон ашгийг хоёр сая ам.доллароор багцаалан тооцоолжээ. Мөн олон нийтийн сүлжээнд 9.5 сая лайк цуглуулж, 1840 удаа дурдагджээ. Хуримын үеэр “Стелла Маккартни”-ийн даашинзыгМеган Марклын ээж Дориа Регланд, Амаль Клуни ба Опра Уинфри нар сонгон гангарчээ. Өнгөрсөн зууны үдэшлэгийн нүсэр даашинзуудыг энгийншүүлснийг дурдах нь зүйтэй. Түүний загвар бүсгүйчүүдэд өөртөө итгэлтэй, дур булаам мэдрэмж төрүүлдэг. Ээжийгээ хөхний хорт хавдраар алдсан Стелла уг өвчинтэй тэмцэх хөтөлбөрүүдийг дэмждэг. Борлуулалтаас олсон орлогынхоо 10 хувийг эмэгтэйчүүдийн буяны сангуудад хандивладаг уламжлалтай. Мөн эмэгтэйчүүдийг зоригтой байж, хүчирхийллийг хүлцэхгүй байхыг уриалдаг. Тэрбээр “White Ribbon for Women” төслийг удирдахдаа 125 мянган ширхэг энгэрийн зүүлт хийжээ. Эдгээр зүүлтээ нэрийн брэндээсээ гадна “Gucci”, “Alexander McQueen”, “Brioni” брэндийн дэлгүүрээр худалдсан. Эмэгтэйчүүдэд зориулсан хувцас урлал загварын ертөнцийн хамгийн том талбар байсаар ирсэн. Брэндийнхээ 15 жилийн ойгоор эрэгтэй хувцасны цуглуулга гаргасан нь эсрэг хүйстнүүддээ барьсан бэлэг байлаа. Стелла 2010 онд хүүхдийн хувцасны цуглуулга гаргаснаас хойш ийм огцом алхам хийгээгүй юм. Жил бүрийн арванхоёрдугаар сард “Стелла Маккартни” дэлгүүрийн зул сарын чимэглэлийг асааснаар Парис, Лондон, Токио, Нью-Йоркийн худалдааны өргөн чөлөөнд баярын уур амьсгал ордог. Лондоны “Burton” гудамжид байрлах дэлгүүрийн гэрлэн чимэглэлийг алдартай бүсгүйчүүд асаасны дараа тусгай зочдын цэнгүүн эхэлдэг байна. Загварын ертөнцөд алхам тутам өрнөдөг зохиогчийн эрхийн маргааныг Стелла Маккартни тойроогүй. "Steve Madden" брэнд түүний оюуны өмчтэй “Falabella” цүнхийг хуулбарлажээ. Америкийн компанийг бүтээлийн хулгайн хэрэгт буруутгах гол шалтгаан үнийн хэт зөрүү байсан юм. Жинхэнэ “Falabella” цүнх 1200 ам.долларын үнэтэй байхад “Steve Madden”-ы цүнх 108 ам.доллароор худалдаанд гарчээ. Стелла шүүх хуралд ялж, хуульчид уг цүнхийг худалдаалахаа зогсоож, алдагдсан орлогыг нөхөн төлөхийг “Steve Madden” брэндээс шаарджээ.
Ухамсарт сонголтыг номлогч
Домогт Карл Лагерфельд “Стелла Маккартнийн гарт ирээдүй байгаа” гэсэн нь оргүй үг биш. Орчин цагт загварлаг гэдэг ойлголт хүмүүнлэг, байгальд ээлтэй аргаар гаргасан материал, технологи ашигласан хувцас сонгохоос эхэлнэ. Энэ хандлагыг түгээн дэлгэрүүлэгчдийн түрүүч нь Стелла Маккартни. Байгаль орчныг бохирдуулж, гоё харагдах өнгөц хүсэлдээ хөтлөгдөн амьтны амь хөнөөхийг эсэргүүцдэг түүний компани эко брэндүүдийн чансааг тэргүүлдэг. Тэрбээр брэндээ байгальд ээлтэй гэж тодорхойлсон. Дахин боловсруулсан полиэфир, ноолуураас гарган авсан “Econyl” утсаар хувцас урладаг. Хогийн цэг дээр зураг авалт хийсэн 2017 цуглуулгын сурталчилгааг дэлхийн хэвлэлүүд онцолсон. Гол санаа нь “Ухамсаргүй сонголт хог хаягдал болдог” гэсэн загвар зохион бүтээгчийн үзэл баримтлал байлаа. Стелла Маккартни хувцас, дагалдах хэрэгсэл үйлдвэрлэхдээ ангийн арьс, үслэг эдлэл, амьтны гаралтай материал ашигладаггүй. Шинэлэг материал, боловсруулалтын аргыг сонгодог зүсэлт, уламжлалт хэв маягтай өвөрмөц хослуулжээ. Ийм ухамсартай хэрэглээг дэмжсэн өвөрмөц загвар трэнд тодорхойлогчдын харааг булаахаас яахав. Тэд Стелла Маккартнийн даашинз, цүнх, нарны шилний хажуугаар нүдээ аниад өнгөрч чаддаггүй. Анни Леннокс, Мадонна, Гвинет Пэлтроу, Лив Тайлер, Камерон Диаз, Рианна, супер модель Кара Делевинь, Наталья Водианова, Кейт Хадсон, Жүд Лоу, Тэйлор Свифт нар түүний үнэнч үйлчлүүлэгч аж. Эх дэлхийдээ оруулсан хувь нэмрийг нь үнэлж, Британийн эзэнт гүрний одонгоор шагнажээ. Ингэхдээ хатан хаан II Элизабета түүнтэй тусгайлан уулзсан нь юугаар ч үнэлшгүй шагнал байлаа. Өнөөдөр Стелла Маккартни 77 улсад нэрийн дэлгүүр, 21 франчайзыг эзэмшиж байна. Түүнийг цаг үеийнхээ хамгийн хариуцлагатай загвар зохион бүтээгч гэж тодорхойлдог. Цар тахлын хөл хорионы үеэр загварын зах зээл хаашаа чиглэж байгааг нухацтай боджээ. 2021 оны хавар, зуны цуглуулгынхаа 65 хувийг байгаль болон нийгэмд ээлтэй материалаар урлаж “Маккартнийн А-с Z хүртэлх тунхаглал” хэмээн нэрлэсэн. Стелла “Дэлхий даяар тэг зогсолт хийхэд бид хаашаа яваагаа өөрсдөөсөө асуух боломж олгосон. Хэрхэн бүгдэд ээлтэй дэлхийг бүтээх талаар бодож нойргүй хоносон. Брэндээ дахин тодорхойлж, хариуцлагатай, ухамсартай загварын ордон болгохын төлөө ажиллана. Үүнд үлдсэн цаг хугацаа, эрч хүч, хөрөнгө оруулалтаа зарцуулна” хэмээжээ. Шинэ сорилт гэдэг 30 жилийн турш нэрийн брэндээ амжилттай удирдаж буй эмэгтэйд эрсдэлтэй сонголт. Харгислалгүй, ёс суртахууны хэм хэмжээг “Стелла Маккартни” брэндийн ДНХ-д гүн шингээжээ. Түүний загварын ордон, нэрийн дэлгүүрүүд ногоон жагсаалтын нэгдүгээрт бичигддэг. Их Британи дахь дэлгүүр, студиэ дахин боловсруулсан бүтээгдэхүүнээр тохижуулж, сэргээгдэх эрчим хүчийг ашигласан нь тогтвортой хөгжлийн жишиг болжээ. Биопластик материалаар хийсэн дэлхийн анхны эко манекенийг Стелла санаачилж салбартаа үлгэрлэж байна.
Х.Эрдэнэзаяа
Эх сурвалж: Монголын үнэн сонин №040/24571/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна